Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Хохирогч: Р.Э-, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа,

Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005011980795 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, ...., 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны орцонд 4 давхарт иргэн Р.Э-ыг таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар гаран тус газарт хутгалж, түүнд “зүүн шууны зүсэгдсэн шарх, богтосны мэдрэлийн тасрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Намайг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 64 дүгээр байранд манай нэг найз дуудаад би очсон. Тэнд очоод 1 шил архи уусан. Тэгээд орой 23 цагийн үед найзынхаасаа гарч байхад байрны орцонд Э-, О-, хохирогч нартай таарсан. Э- шууд над руу зааснаа энэ нөгөө хүүхэдтэй залуу шүү дээ гэж Э-т хэлсэн. Гэтэл Э- би чамайг сонссон шүү гээд намайг заамдаад мөргөсөн. Би халааснаасаа хутга гаргаж ирээд хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдэг нь үнэн” гэв.

Хохирогч Р.Э- шүүх хуралдаанд: “...Би 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын үед гэртээ хоол идээд амарч байхад эхнэрийн найз Э- утасдаад би дүүгийнхээ гэрт очих гэсэн юм аа чи хамт яваад өгөөч, би айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад өгөөч гэсэн чинь цагдаа дуудсан байгаа дүүгийнхээ гэр рүү явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид хамт яваад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр байрны орцоор ороод Б-тэй таарсан. Э-, Б-г заагаад архи уугаад, миний үгийг огт авдаггүй хүн энэ шүү дээ гэж хэлсэн. Би Б-д хандан чи ингэж болохгүй, ээж нь нас бараад 49 хоног нь өнгөрөөгүй байхад гэрт нь хүн цуглуулж архи ууж, айл эзгүйчилж болохгүй гэж хэлсэн. Б-г анзаараад байхад ер нь хүний үг авахааргүй, нилээн согтуу байсан. Б-г бага зэрэг түлхээд чи харж хандах хүнгүй гээд эмэгтэй хүнийг дээрэлхээд байна уу, тийм юм байхгүй шүү, архи уусан бол уусан чигээрээ яв гэж хэлтэл Б- баруун халааснаасаа хутга гаргаж ирээд намайг хутгалах гээд над руу далайгаад дайрсан. Хутгатай гарыг нь хоёр гараараа бариад авсан. Хэрэв би тухайн үед Б-гийн гарыг нь барьж аваагүй бол яг миний зүрхэнд хутгалах байсан. Тэгээд хутгатай гарыг нь би, Б-гийн найзтай хамт бариад гарыг нь доош буулгахад найзынхаа хурууг зүссэн. Тэгээд хутгатай гарыг доош болгоход баруун гарт байсан хутгаа зүүн гартаа аваад миний гар руу хутгалаад дээш нь татсан. Тэгээд би чи яаж байна аа намайг хутгалчихлаа шүү дээ гээд түүнээс бултаад хойшоо болтол хутгаа над руу чиглүүлээд 2, 3 удаа савлаад байсан. О- бид 2 байрнаас гарахаар шатны уруу гүйсэн. Тэгээд машинд байсан хадам дүүгээ дуудсан. Тэгээд байрнаас гараад цагдаа иртэл орцны хаалгыг гаднаас нь хаасан. Гэтэл орцны шилэн хаалганы цаанаас над руу хандаж чамайг би харсан шүү, ална аа гэж намайг заналхийлээд байсан. Б-тэй маргалдах зүйл огт болоогүй. Би түүнийг заамдаагүй, цохиогүй. Тэгээд би Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд 01 цагийн үед эмнэлэгт очоод үзүүлэхэд гарны судас гэмтсэн цус их алдаж байсан. Тэгээд дараа нь гараа эмнэлэгт үзүүлэхэд та хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлсэн тул би 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон. 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлгээс гарч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дахин хувийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэсэн. Намун-Эрдэнэ эмнэлэгт эмчлүүлэхэд шаардагдсан эмчилгээний зардлын талыг нь урьдчилж төлсөн байсан. Өнөөдөр шүүх хуралдаанаас өмнө хүнээс мөнгө авч үлдсэн төлбөрөө төлөөд баримтаа авчирсан. Б-гийн зүгээс надад хохиролд 1.200.000 төгрөг төлсөн. Миний ажил энэ хугацаанд зогссон. Тиймээс өвчтэй байсан хугацааны ажлын цалин болон Намун-Эрдэнэ эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлыг Б-гээс нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Р.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид 3 явган хүний шатаар дээшээ алхаад явж байтал гурван давхрын шатан дээр 2 залуу дээрээс бууж ирж таарсан. Тэр 2 хажуугаар өнгөрөх гэж байхад Э- тухайн хоёр эрэгтэй рүү заагаад энэ байна гэж О- бид хоёрт хэлсэн. Э- тэр хоёрт хандаж та нар ээж маань өнгөрөөд 49 хоног нь дуусаагүй байхад айл гэр эзгүйчилж архи уулаа гэх зэргээр хоорондоо маргалдаж эхэлсэн. ...би Б-д хандаж Э-ийн найз нь байна, та нарыг явуулах гэж ирлээ гэж хэлтэл Б- бага зэрэг хойшоо зай аваад өмсөж явсан өмднийхөө баруун талын халааснаас эвхэдэг хутга гаргаж ирээд тэр дороо хутгаа дэлгээд хутгатай гараараа миний зүрхэн тус газар руу чиглүүлээд хутгалах гэж байхад нь амжиж би болон О-, Б-тэй хамт явсан залуу бид 3 хутгатай гарнаас нь барьж аваад хутгыг нь доошлуулсан. Тэр үед миний өмсөж явсан куртикны зүрхэн тус газарт урагдаж гэмтэл үүссэн ...Б- баруун гартаа байсан хутгыг зүүн гараараа аваад миний зүүн гарын шууны хойд хэсгээс зоогоод дээш нь татсан ...зүүн гартаа барьж байсан хутгаараа хоёр, гурван удаа над руу далайсан ...хутга гаргаж ирж 2 дахь үйлдлээрээ миний зүүн гарын шууны ар хэсэгт тухайн гартаа барьсан хутгаараа зоогоод зоосон чигээрээ дээш нь татсан. Миний зүүн гарын шууны ар хэсэгт 11 см орчим гүн зүсэгдсэн. Үүний улмаас зүүн гарын тохойн шөрмөс болон 4, 5 дугаар хуруунуудын судас тасарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-36/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э- чи болиоч ээ, чамайг сонссон шүү гэсэн чинь Б-, Э- руу чи хэн бэ, май гээд салаавч гаргасан. Тэгсэн чинь Э- чи энэ хүмүүсийг хойноо харж хандах хүнгүй гэж бодоод байна уу, дээрэлхээд байна уу гэсэн чинь нөгөө залуу урдаас нь дайраад байхаар нь Э- мөргөх шиг болсон. Тэгсэн Б- хутга гаргаж ирээд шууд дайрсан. Хамт байсан залуу нь хажуунаас нь гарыг нь бариад болиулах гэж байгаад гараа зүсүүлсэн. ...Б- хутга гаргаж ирээд Э-ын цээж рүү дүрэх гэж байсныг харсан. Э-ын гарыг зүсэхийг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн Э- салаавч өгсөн залууг түлхсэн чинь нөгөө залуу өөдөөс нь түлхээд тэгээд халааснаасаа хутга гаргаад ирсэн. Тэгсэн Э- гарыг нь бариад авсан. Бас хамт явсан нөгөө залуу нь гарыг нь бариад авсан. Тэгсэн Э- чи яаж байгаа юм бэ миний гарыг зүсчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-ыг барьж байгаарай гээд доошоо гүйж гараад цагдаа руу дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Шинжээчийн 622 тоот дүгнэлтэд: “...Р.Э-ын биед зүүн шууны зүсэгдсэн шарх, богтосны мэдрэлийн тасрал /n.ulnaris/ гэмтэл, богтосны мэдрэл залгах мэс засал /2020.04.03/-н дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт /хх-н 68-69/,

Яллагдагчаар Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар надад сонсгосон ялыг ойлгож мэдсэн. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан Э-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна. ...Би учруулсан. ...Э-т гарыг чинь зүслээ шүү гэхэд чаддаг юм бол зүс гэж надад хэлэхээр нь би зүүн гарынхаа бугуйн дээр нь байрлуулсан байсан хутгаараа бугуйг нь зүссэн. Намайг түүний гарыг зүссэний дараа надтай хамт явж байсан Мөндөө миний хутгатай гарыг бариад намайг Э-аас салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 134-135/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-14/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-20/, хохирлын баримтууд /хх-н 23-28/, хохирогч Р.Э-ын өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 29-31/, шинжээчийн 2258, 2255, 2563, 1886 тоот дүгнэлтүүд /хх-н 75-103/, хохирогчийн өвчний түүх /хх-н 105-126/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 140-145, 148-158/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны орцонд 4 давхарт иргэн Р.Э-ыг таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар гаран тус газарт хутгалж түүнд “зүүн шууны зүсэгдсэн шарх, богтосны мэдрэлийн тасрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.Э-ын м: “...Б- бага зэрэг хойшоо зай аваад өмсөж явсан өмднийхөө баруун талын халааснаас эвхэдэг хутга гаргаж ирээд тэр дороо хутгаа дэлгээд хутгатай гараараа миний зүрхэн тус газар руу чиглүүлээд хутгалах гэж байхад нь амжиж би болон О-, Б-тэй хамт явсан залуу бид 3 хутгатай гарнаас нь барьж аваад хутгыг нь доошлуулсан. Тэр үед миний өмсөж явсан куртикны зүрхэн тус газарт урагдаж гэмтэл үүссэн ...Б- баруун гартаа байсан хутгыг зүүн гараараа аваад миний зүүн гарын шууны хойд хэсгээс зоогоод дээш нь татсан ...зүүн гартаа барьж байсан хутгаараа хоёр, гурван удаа над руу далайсан ...хутга гаргаж ирж 2 дахь үйлдлээрээ миний зүүн гарын шууны ар хэсэгт тухайн гартаа барьсан хутгаараа зоогоод зоосон чигээрээ дээш нь татсан. Миний зүүн гарын шууны ар хэсэгт 11 см орчим гүн зүсэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 34-36/, гэрч Э.Э-ийн: “...Б- хутга гаргаж ирээд шууд дайрсан. Хамт байсан залуу нь хажуунаас нь гарыг нь бариад болиулах гэж байгаад гараа зүсүүлсэн. ...Б- хутга гаргаж ирээд Э-ын цээж рүү дүрэх гэж байсныг харсан. Э-ын гарыг зүсэхийг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/, гэрч Ц.О-ын: “...Тэгсэн Э- салаавч өгсөн залууг түлхсэн чинь нөгөө залуу өөдөөс нь түлхээд тэгээд халааснаасаа хутга гаргаад ирсэн. Тэгсэн Э- гарыг нь бариад авсан. Бас хамт явсан нөгөө залуу нь гарыг нь бариад авсан. Тэгсэн Э- чи яаж байгаа юм бэ миний гарыг зүсчихлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/, шинжээчийн 622, 2258, 2255, 2563, 1886 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бархүү нь хохирогчтой маргалдаж улмаар түүнийг гарыг зүсэж онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өвчний түүх, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн улмаас өвтгөн шаналгасан, зовж зүдэрхээр байдал бий болгосон байх  тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу “онц харгис хэрцгийгээр” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь хууль үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт нийт хохирлын 757.865 төгрөгийн баримт авагдсан, хохирогч шүүх хуралдаанд 948.950 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд, нийт 1.706.815 төгрөгийн хохирол учирсанаас шүүгдэгч нь 1.200.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 506.815 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Р.Э-т олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас 25.000 төгрөгийн баримт давхардсан, хоол хүнс авсан 18.867 төгрөг, нийт 43.867 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй тул хассан болно.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 1.145.486 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд Эрхэм Уянга ХХК-д сарын 1.800.000 төгрөгийн цалинтай Ерөнхий захирлаар ажилладаг гэсэн тодорхойлолт шүүхэд шинээр гаргаж өгсөн байх боловч тухайн байгууллагаас авсан цалингийн хүснэгт, хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгал төлсөн гэх баримт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 02 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал буюу урд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдэж байсан, хохирлыг бүрэн барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Б-гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2015 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн Б.Гүнбилэгт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис, хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г 08 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 08 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Б-гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2015 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн Б.Гүнбилэгт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 506.815 төгрөг гаргуулж хохирогч Р.Э-т олгосугай.

8. Хохирогч Р.Э- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР