Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Энхболд,

            Шүүгдэгч: Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.С-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805012680982 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.С-, 1993 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эх, ах, эгч нарын хамт .... тоот регистртэй,

  Шүүгдэгч Г.С- нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “NRJ” пабын хажууд хохирогч Г.У-өмчлөлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар халааснаас нь хулгайлан авч 2.205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.С- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.У-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр ...модны 2-ын автобусны буудлын хажууд байрлах NRJ пабын хажууд явж байтал миний куртикний баруун халаас хүндрээд их сонин болохоор нь гараа хийгээд үзэхэд гар утас байхгүй байсан. Тэгээд эргээд харахад миний ард 3 залуу явж байсан. Тэгээд би нэгжээд үзэхэд миний гар утас гарч ирээгүй. Тэгээд цаашаа нь харахад нэг залуу гүйгээд явж байсан. Тухайн үед миний ард явж байсан 4 залуугийн цаад талд нэг залуу цаашаа гүйж байхдаа байн, байн эргэж хараад гүйж байсан болохоор тэр үед би царайг нь харсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 17-21/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...миний ард явж байсан 4 залуугийн цаад талд эргэн, эргэн хараад гүйж байсан залуу энэ хүн мөн байна гэж Ганхуяг овогтой Санчирын зургийг зааж цаашаа гүйж байхдаа эргэж харж байсан болохоор арьсны өнгө, царайг санаж, таньж байна” гэжээ. /хх-н 55-61/,

Сэжигтнээр Г.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-т ганцаараа хороолол явах гээд явж байсан. Тэгэхэд миний урд талд нэг эмэгтэй хүн явж байсан тэр эмэгтэйгийн баруун куртикний халаасанд нь гар утас нь харагдсан. Тэгэхээр нь би уг гар утсыг нь аваад буцаж эргээд явсан. ...Би гар утсыг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29, 45-47/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 13/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 35-36/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 35-36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-64, 71-107, 117-126/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.С- нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “NRJ” пабын хажууд хохирогч Г.У-өмчлөлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар халааснаас нь хулгайлан авч 2.205.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Г.У-: “...миний куртикний баруун халаас хүндрээд их сонин болохоор нь гараа хийгээд үзэхэд гар утас байхгүй байсан. Тэгээд эргээд харахад миний ард 3 залуу явж байсан. Тэгээд би нэгжээд үзэхэд миний гар утас гарч ирээгүй. Тэгээд цаашаа нь харахад нэг залуу гүйгээд явж байсан. Тухайн үед миний ард явж байсан 4 залуугийн цаад талд нэг залуу цаашаа гүйж байхдаа байн, байн эргэж хараад гүйж байсан болохоор тэр үед би царайг нь харсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 17-21/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С- нь хохирогчийн халааснаас түүний гар утсыг хулгайлан 2.205.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С-т ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Г.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ын цагдан хоригдсон 33 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.С-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ын урд цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР