| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 143/2016/0001/и/ |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 08
“Говийн мөөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2016/00550 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Мэнд констракшн” ХХК хариуцагдах,
“14.560.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн оролцов.
Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн захирал Г.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “Мэнд констракшн” ХХК, “Говийн мөөг” ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барилгын 347.88м2 цонхыг 1м2 тутмыг 80000 төгрөг, 308 м2 тагтны хаалт 1м2 –ийг 70000 төгрөгийн үнэтэйгээр “Говийн мөөг” ХХК үйлдвэрлэж захиалагч “Мэнд констракшн” ХХК-нд нийлүүлэхээр гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч дуусахад 49.390.400 төгрөгийг захиалагчаас “Говийн мөөг” ХХК-д шилжүүлэх ёстой байсан. Үүний дагуу “Говийн мөөг” ХХК-ийн капитал банк дахь 2032004882 дугаартай дансанд одоогийн байдлаар 34.830.400 төгрөг “Мэнд констракшн” ХХК-с оруулсан.
Манай компаний зүгээс гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч захиалагч “Мэнд констракшн” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл болох 14.560.000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. Иймд хуулийн дагуу захиалагч “Мэнд констракшн” ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн дээрх үлдэгдэлийг шаардаж байна гэжээ.
Хариуцагч “Мэнд констракшн” ХХК-ийн захирал Ц.Мөнхтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Говийн мөөг” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд нийт 49.390.400 төгрөгийн төлбөр тооцоог бүрэн дуусгасан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Мэнд констракшн” ХХК-нь ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 49.390.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч тал болох “Говийн мөөг” ХХК-д шилжүүлсэн гэх бөгөөд энэ талаар тооцоо нийлсэн акт, “Говийн мөөг” ХХК-руу төлбөр шилжүүлсэн тухай санхүүгийн баримтуудаа шүүхэд ирүүлсэн байна. Үүгээрээ ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа юм байна. Гэвч тэдний ирүүлсэн “Тооцоо нийлсэн тухай акт”-д зөвхөн “Мэнд констракшн” буюу захиалагч талын төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа нь тухайн актыг төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн тухай хүчин төгөлдөр нотлох баримт болно гэж үзэхгүй байна. Мөн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн санхүүгийн баримтуудыг “Говийн мөөг” ХХК-н дансны хуулгатай тулгаж үзэхэд бичгээр ирүүлсэн тайлбартай дүнгийн хувьд зөрж байна.
“Мэнд констракшн” ХХК-н ирүүлсэн төлбөрийн баримтуудаас үзэхэд нийт 45.140.400 төгрөгийн гүйлгээ хийсэн гэж үзэхээр байна. Гэтэл тухайн баримтуудыг “Говийн мөөг” ХХК-ийн Капитал банк дахь 2032011093 тоот хадгаламжийн дансны гүйлгээний хуулгатай тулгаж баталгаажуулахад хүснэгтийн 5 болон 8 дугаар мөрөнд байрлах нийт 10.310.000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй болох нь тогтоогдож байна. Иймд 10.310.000 төгрөгийг “Говийн мөөг” ХХК-д төлсөн тухай нотлох баримтаа “Мэнд констракшн” ХХК-с шүүхэд ирүүлж энэ талаарх ойлголтын зөрүүг арилгах нь зүйтэй болов уу. Хэрвээ дээрх 10.310.000 төгрөгийг “Говийн мөөг” ХХК-д төлсөн гэж үзсэн ч гэрээний нийт үнийн дүн 49.390.400 төгрөг. Үүнээс 45.140.400 төгрөгийг хасч үзвэл 4.250.000 төгрөгийн зөрүү үүсч байна.
Одоогоор шүүхэд ирүүлээд байгаа төлбөрийн баримтуудын хуулбарыг “Говийн мөөг” ХХК-ийн дансны хуулгатай тулгаж үзээд баталгаажиж байгаа нь 34.830.400 төгрөг болж байна. 49.390.400 төгрөгөөс уг дүнг хасч үзвэл 14.560.000 болж байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Мэнд констракшн” ХХК-иас 14.560.000 төгрөгийг гаргуулж “Говийн мөөг” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “Мэнд констракшн” ХХК-иас 233.000 төгрөг гаргуулан “Говийн мөөг” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “Мэнд констракшн” ХХК-ийн захирал Ц.Мөнхтунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Мэнд констракшн” ХХК нь 2011 онд байгуулагдсан. Өмнөговь аймгийнхаа өнгө төрхөд нөлөөлөхүйц барилга, орон сууцыг бүтээн байгуулж ард иргэдийнхээ талархлыг хүлээн ажиллаж байгаа билээ. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд “Амуухай сан”-г үүсгэн байгуулж, бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийн ирээдүйн боловсролд анхаарч, сэтгэл санааны болоод эд материал, мөнгөн хөрөнгийн тусламж үзүүлж мөн “Амуу” эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон амьжиргааны
түвшин доогуур өндөр настангуудыг эмчилгээний зарлыг дааж эмчлүүлэх зэргээр ажиллаж байна. Барилгын салбарт их бүтээн байгуулалт хийх, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үүднээс шинэ залуу компани, залуу мэргэжилтнүүдийг дэмжин хамтран ажиллаж ирсэн. Энэ утгаараа шинэхэн байгуулагдсан, туршлагагүй “Говийн мөөг” ХХК-ийн захирал Г.Мөнх-Эрдэнэтэй 44-н айлын орон сууцны төсөлд дээр хамтран ажиллахаар болж, албан ёсоор гэрээ байгуулсан. 44-н айлын орон сууцны төслийн “Говийн мөөг” ХХК-тай байгуулсан гэрээ хэрэгжин 2015 оны 01 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгснөөр албан ёсоор дуусгавар болсон. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд манай компанийг гэрээний төлбөрөө гүйцэд хийгээгүй хэмээн хариуцагчаар дуудаж нэхэмжлэл гаргасан байсан. Хуулийн дагуу “Мэнд констракшн” ХХК нотлох баримт гаргаж өгсөн. Үүнд: Санхүүгийн баримт. Тус баримтаар гэрээний үнийн дүн болох нийт 49.390.400 төгрөгийг “Говийн мөөг” ХХК-ийн капитал банкны дансанд 34.830.400 төгрөгийг шилжүулж, 14.560.000 төгрөгийг тухайн үед “Говийн мөөг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Булганчимэгт гаргаж өгсөн нь баримтаар нотлогддог. Манай компани нь тооцоогоо бүрэн дуусгавар болгочихоод байхад Г.Мөнх-Эрдэнэ нь эхнэр М.Булганчимэгтэйгээ гэр бүлийн маргаанаас болж үүссэн хоорондын үл ойлголцолдоо манай компанийг татан оролцуулж нэр хүнд, сэтгэл санаагаар хохироож байгаад бидний хувьд гомдолтой байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2016/00550 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж, хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн захирал Г.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: “...Г.Мөнх-Эрдэнэ миний бие “Мэнд констракшн” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд хандсан гомдлыг үнэнд нийцэхгүй байна гэж бодож байна. М.Булганчимэгийн тооцоо нийлсэн актыг шүүхийн шинжилгээний дүгнэлтээр худал гэдэг нь батлагдсан. М.Булганчимэг нь Г.Мөнх-Эрдэнэ надтай амьдарч байх хугацаанд эгч Ц.Мөнхтунгалагийнхаа гарын үсгийг дуурайлган зурдаг байсан ноорог цаас нь хүртэл надад байдаг. Тиймээс энэ давж заалдах шатны гомдлын баримтад Ц.Мөнхтунгалагын гарын үсэг нь байгаа ч, тамга байхгүйд эргэлзээтэй байна.
Г.Мөнх-Эрдэнэ миний хувьд “Мэнд констракшн” ХХК-тай өөрөө гэрээ хийсэн тул өөр хэн нэгэнтэй ямар ч гэрээ, тооцоо хийх үндэслэлгүй М.Булганчимэгтэй тооцоо нийлсэн гэдэг худал гэж үзэж байна. М.Булганчимэг болон Ц.Мөнхтунгалаг нарын хувьд ах дүүс нийлж миний хохиролыг барагдуулахгүйн тулд ийм худал үйлдэл хийж байна гэж үзэж байна. Г.Мөнх-Эрдэнэ миний хувьд “Мэнд констракшн” ХХК-аар хохирлоо төлүүлнэ гомдолтой байна. Тодруулан дурьдахад М.Булганчимэг бид хоёр энэ мөнгийг “Мэнд констракшн” ХХК-аас аваагүй нь үнэн учир гэр бүлийн маргаан үүссэн. “Говийн мөөг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Булганчимэг нь байсан боловч "Мэнд констракшн” ХХК-тай гэрээ хийж гарын үсэг зураагүй учир энэ гэрээнд ямар ч хамааралгүй гэж үзэж байна.
Иймээс Г.Мөнх-Эрдэнэ миний гомдол тайлбарын дагуу “Мэнд констракшн” ХХК-аас 14.560.000 төгрөгийг гаргуулж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт өгч Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК нь хариуцагч “Мэнд констракшн”ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 14,560,000.0 төгрөг нэхэмжилж, шаардлагаа 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”- нд үндэслэсэн байна.
Хариуцагч “Мэнд констракшн”ХХК-ий төлөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын хөлсний үнийн дүн зэрэгт маргаагүй, харин шаардаж буй 14,560,000.0 төгрөгийг 2 удаа нийт 13,100,000.0 төгрөгийг бэлнээр гүйцэтгэх захирал М.Булганчимэгт хүлээлгэн өгсөн, 1 удаа 4000,000.0 төгрөгийн эд зүйл бараа өгсөн, 250000 төгрөгийг шилний үнэнд суутгаж, төлбөр тооцоо дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх маргаж буй үнийн дүнгийн төлбөрийг ажил гүйцэтгэгч хүлээн авсан авсан нь гэрч М.Булганчимэгийн мэдүүлгээр нотлогдох боловч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг М.Булганчимэгт зөвшөөрсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэдэгт маргаагүй цонх худалдан авахаар тохиролцсон хэдий ч захиалсан цонхыг суулгаж өгөх талаар тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай нийцсэн байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Ажлын чанар, үр дүн, хугацаа буюу ажлын гүйцэтгэлийн талаар зохигчид мөн маргаагүй байна.
Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК нь 347 м2 вакум цонхыг 1 м2 –ыг 80000 төгрөгөөр, 308 м2 тагтны хаалга, хаалтыг 1 м2 –ыг 70000 төгрөгөөр “Мэнд констракшн”ХХК-д хийж өгөхөөр тохиролцож, 2014 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. /хэргийн 35-36 дугаар тал/ Уг гэрээний агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээнд тавигдах шаардлага, нөхцлийг хангаж байх тул тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Гэрээний 3.4, 3.5-д ажлын гүйцэтгэлийг үндэслэн ажлын хөлсийг дансаар болон бэлнээр олгохоор, гэрээний 6.3-т гэрээнд оролцогч аль ч тал гэрээгээр олгогдсон эрх, үүргээ гуравдагч этгээдэд дамжуулах эрхгүй, ийм шаардлага гарвал нөгөө талаас бичгээр зөвшөөрөл авсан байна гэж тохиролцсон ба гэрээг ажил гүйцэтгэгч “Говийн мөөг” ХХК-ийг төлөөлж Г.Мөнх-Эрдэнэ байгуулж, гарын үсгээ зурсан байх тул түүнийг гэрээний 6.3-т заасан гэрээнд оролцогч тал гэж ойлгоно. Иймээс ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын хөлсийг Г.Мөнх-Эрдэнэ хүлээн авах эрхтэй байна.
Харин гэрээний 6.3-т заасанчлан гэрээгээр олгогдсон эрх, үүргээ гурвадагч этгээдэд шилжүүлэх шаардлага гарсан байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй , энэ талаар бичгээр зөвшөөрсөн баримт мөн авагдаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг М.Булганчимэгт зөвшөөрсөн нь нотлогдоогүй гэж “Мэнд констракшн”ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 14,560,000.0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй байна.
Хэдийгээр гэрээнд төлбөрийг бэлнээр хийж болохоор тохирсон байгаа боловч 42 дугаар хуудсанд авагдсан 10,000,000.0 төгрөгийг, урьдчилгаа гэж бэлнээр “Говийн мөөг” ХХК-д олгосон тухай “Мэнд констракшн” ХХК-ийн зарлагын баримтад бичигдсэн мөнгө хүлээн авсан хүний нэр нь уншигдах боломжгүй байх тул уг баримт нь хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотолж чадахгүй байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийн 46 дугаар хуудсан авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ц.Мөнхтунгалаг нь хариуцагч “Мэнд констракшн” ХХК-ий захирал болох нь нотлогдож байна. Ц.Мөнхтунгалагийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 62 тоот албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Болдмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан итгэмжлэлийн 3 сарын хугацаа 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдөр дууссан байна. Иймээс Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-т заасан бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болсон өдрөөс төлөөлөл дуусгавар болох зохицуулалтын дагуу О.Болдмаагийн төлөөлөх эрх дуусаж, хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар “Мэнд констракшн” ХХК-ий захирал Ц.Мөнхтунгалагт байх тул түүний давж заалдах гомдлоор хэргийг хянав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2016/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230750 төгрөгийг Хаан банкны Өмнөговь Татварын хэлтсийн 5585042119 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БЯМБАЖАВ ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.НАСАНЖАРГАЛ