Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00841

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00014 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалтай

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутгаж авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг, ажилтан н.Урьханы авсан түлшний үнэ 2 614 400 төгрөг, нийт 312 119 789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.Борхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл, Г.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Буянтогтох, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага нь 2011 онд “М” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нийт 8 ширхэг тээврийн хэрэгсэл авсан. Үүнтэй холбоотой 2011 оны 6 дугаар сараас эхлэн “М” ХХК-ийн харьяа Алтайн хүдэр ХХК-ийн ажлыг авч тээвэрлэлтийн ажиллагааг явуулсан байгаа. Анх уг тээврийн хэрэгслийг авахад 2 ширхэг нь 2010 оны машин байсан. Энэ 2010 оны машин нэг жил зогссон байсан. Ингэж зогссон учраас ачаа ачихад дугуй нь хагараад явахгүй байсан. Ингээд “М” ХХК-иас дугуйг нь сольж өгөхийг хүсэхэд хоёр машины 44 ширхэг дугуйг өгсөн. Ингээд 44 ширхэг дугуйг аваад машинд тавьсан. Тухайн үед дугуйг хэдэн төгрөг болсон талаар ямар нэгэн баримт үйлдээгүй. Нэхэмжлэгч талаас ойлгохдоо 44 ширхэг дугуйг зүгээр сольж өгч байна гэж ойлгосон. Гэтэл 39 892 000 төгрөгийг 44 ширхэг дугуйны мөнгө хэмээн тооцоо нийлэхэд хассан байгаа. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж уг дугуйны үнийн дүнг тогтоохоор шинжээч томилуулсан. Мөн уг дугуйг худалдаж авсан талаар ямар нэгэн баримт, гэрээ үйлдээгүй учраас ингэж мөнгө суутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн “Алтайн хүдэр” ХХК-д ажил хийж байхад түлшний зардал гэж гарсан байгаа. Гэтэл тооцоо нийлээд бодоод үзэхээр 5 892 000 төгрөгийг буруу бодож суутгаж авсан байдаг. Таван толгой ХХК-д ажил хийсэн боловч санхүүжилт нь “М” ХХК-д шилждэг байсан учраас 21 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба энэ шаардлагаа дахин өөрчилсөн. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байгуулсан гэрээгээр автомашин худалдаж авсан. Ингэхэд тохиролцсон мөнгөн дүнгээс 1 686 223 юанийг шилжүүлэн 339 577 юань үлдсэн байсан. Энэ өглөгийн дагуу “М” ХХК нь нэхэмжлэгч талд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч талаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр гэх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн байдаг. Эндээс бид хариуцагч талыг “Н” ХХК-ийн эзэмшлийн хоёр автомашиныг бусдад шилжүүлснийг мэдсэн. Ийм учраас энэ гэрээний 2 машинтай холбоотой хэсгээс татгалзан, гэрээгээр урьдчилан төлсөн 243 289 494 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Тооцоо хэрхэн гарч байгаа вэ гэхээр худалдах, худалдан авах гэрээний үүргээс нийт 1 683 283 юанийг төлсөн ба энэ дүнг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн юанийн ханшаар бодоход  243 289 493 төгрөг болсон. Энэ бүх шаардлагын нийлүүлэн нийт 312 225 789 төгрөгийг хариуцагчаас талаас нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ХХК нь “М” ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Авто машин зээлээр худалдах, худалдан авах МЛ 11/03 тоот гэрээг байгуулан 4 ширхэг автомашиныг 4 ширхэг чиргүүлийн хамт 6 сарын хугацаатай зээлээр худалдан авсан боловч 442 511 863 төгрөгөөс 360 222 015 төгрөгийг төлж үлдэгдэл 82 289 848 төгрөгийг төлөхгүй байсан тул алданги 41 444 924 төгрөгийг нэмж 123 434 722 төгрөг нэхэмжлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр  шүүхэд хандсан. Шүүх хуралдаан дээр “М” ХХК нь нэхэмжилж байсан 123 434 722 төгрөгөө хариуцагчийн хүсэлтээр 20 344 692 төгрөгөөр багасган ба шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны 2678/с дугаартай шийдвэрээр 103 091 080 төгрөгийг “Н” ХХК-аас гаргуулан “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хянан 2014 оны 8 дугаар сарын 27-ны 835 дугаартай магадлалаар “Н” ХХК нь 103 091 080 төгрөгийг “М” ХХК-д төлсөн тохиолдолд машины өмчлөх эрхийг шилжүүлэхийг “М” ХХК-д үүрэг болгон шийдвэрлэсэн. “Н” ХХК нь шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар  шүүхэд хандсан ба шүүх хүлээн аваагүй. Эдгээр шийдвэр, магадлал, гарсны дараа “Н” ХХК нь Ордос Минкай ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн хөлс 88 595 302 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар 25-ны 03511 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. “М” ХХК-д төлсөн гэх 360 222 015 төгрөгт “Ордос минкай” ХХК-ийн нэр дээр Алтайн хүдэр ХХК-д төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс болох 144 801 216 төгрөгөөс шатахууны зардал 54 983 249 төгрөг, хоолны зардал 1 222 665 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардал 43 341 970 төгрөгийг хасаж үлдсэн 45 253 331 төгрөгийг манай компанид төлөх зээлээр авсан машиныхаа төлбөрт шилжүүлэхээр “Н” ХХК-иас хүсэлт гаргасан тул төлбөрт тооцсон.  ”М” ХХК нь “Н” ХХК-д шинэ машинуудыг чиргүүлийн хамт зээлээр худалдсан тул хуучин 2 ширхэг машиндаа 44 ширхэг дугуй авсны үнэд 39 292 000 төгрөг суутган авсан гэдэг нь огт худал үндэслэлгүй шаардлага байна. Манай компани “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ хийж ажил гүйцэтгэсэн асуудал байхгүй. Нэхэмжлэгч талын төлбөр манай дансанд орж ирсэн зүйл ч байхгүй. “Алтайн хүдэр” ХХК-тай хамтраад нэхэмжлэгчийн машинуудыг ажилд явуулсан. Ингэхдээ өөр байгууллагын машинуудтай хамт явуулсан байгаа. Н.Цэвгээгийн зүгээс нэг автомашиныг 100 000 000 төгрөгөөр өөр хүнд шилжүүлэн өгсөн байдаг. Манай байгууллагын нэр дээр байгаа машиныг бусдад яаж шилжүүлснийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00014 дугаар шийдвэрээр: ”Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 сая төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг, ажилтан Урьханы авсан түлшний үнэд 2 614 400 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 946 710 төгрөгөөс 346 234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 1 600 476 төгрөгийг улсын орлогоос гарган нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөгийг, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилтан Урьханы авсан түлшний үнэд 2 614 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдуулан шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” дэх заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвгээгийн төлсөн 1 582 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... шийдвэр, магадлалын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

“Н” ХХК нь тус шүүхэд хандан 2017 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 66 215 895 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан хоёр авто машиныг бусад этгээдэд худалдсан тул авто машины урьдчилгаанд өгсөн 245 903 894 төгрөгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Гэтэл дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байна, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь буруу байна.

Нэгдүгээрт: “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд.

“Н” ХХК-ийн худалдан авсан гэх авто машины өмчлөх эрх нь “М” ХХК-д байдаг бөгөөд ямар нэг компани, хуулийн этгээдтэй тухайн авто машинаараа ажил хийх гэрээ хэлцэл байгуулахад “М” ХХК-д дамжуулан хийдэг бөгөөд 2012 онд “М” ХХК нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед “Н” ХХК-ийн худалдаж авсан гэх 4 авто машин ажилд явсан уг ажлын мөнгийг тооцож өгөөгүй, тооцооноос хасна гэсэн тохиролцоотой байсан боловч хасаагүй, “М” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ Шанд Хурхай гэдэг хаана ямар үйл ажиллагаа явуулдаг, эзэн нь хэн болох нь тодорхойгүй компанийн нэрийг ашиглан ажил хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын хөлсийг тооцон өгөөгүй нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй, Шанд хурхай гэдэг компанийн мэдээллээ ч өгөхгүй, мэдэхгүй, гэж хэлж ярьж байгаа нь зориуд залилах шинжийг агуулж байна гэж үзэхээр байгаа, иймд нэхэмжлэгч компани өөрийн худалдан авсан гэх авто машинаараа ажил хийсэн хөлсөө олж авах зорилготой шүүхэд хандсан байтал шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй асуудал боллоо.

Гэтэл нэхэмжлэгчийг худалдан авсан гэх авто машинуудын улсын дугаарыг нь бичсэн албан тоот хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид хандан албан тоот өгч байсан уг албан тоотод бүх зүйл тодорхой байдаг боловч, хариуцагч андуурч бичигдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй үйлдэл юм. Өмгөөлөгч миний зүгээс энэ асуудал нь энгийн асуудал бөгөөд тодорхой ажил хийж гүйцэтгэх, түүнтэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүх энэ асуудлыг Иргэний хуулийн 359, 380 заасан гэрээний эрх зүйн харилцаанд тулгуурлан шийдвэрлэх ёстой байсан гэж бодож байгаа тул хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломгүй байна.

Хоёр: Талуудын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан авто машин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн 243 289 494 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнөх ИХШХШТХ-ийн 65.1.6 дугаар зүйлд заасан үндэслэл би болсон гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг яагаад гаргах болсон асуудлыг шүүх агуулгын хувьд, бодит нөхцөл байдлыг авч үзээгүй, нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа уг асуудлыг нэхэмжлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад “М” ХХК ийн зүгээс нотлох баримт гаргаж өгөхдөө нэхэмжлэгчийн худалдан авсан хоёр авто машиныг өмчлөх эрхийн хамт өөр этгээдэд шилжүүлэн, худалдсан тухай баримт ил болсон бөгөөд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан болно.

Хоёр компанийн хооронд байгуулагдсан авто машин зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үүрэгтэй холбоотой асуудлаар “М” ХХК нь шүүхэд өгч үүний дагуу шүүхийн шийдвэр гаргасан, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, төлбөр төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шүүх даалгасан. Өөрөөр хэлбэл шүүхийн үндэслэл болоод байгаа 2014 оны 05 сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэр, тус шүүх хуралдаанаар авто машин худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу, тодруулбал тус гэрээний төлбөрийн үүрэгтэй холбоотой, төлбөрийг төлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн 2014 оны 05 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч хариуцагч нар нь авто машин худалдан авсан, худалдан аваагүй, талаар маргаан гараагүй, зөвхөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй гэсэн маргаан гарч түүнийг шүүх шийдвэрлэж, дээрх маргаантай холбоотой үйл баримтууд шүүхийн шийдвэрт туссан.

Үндсэндээ тухайн шүүхийн шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг бүрэн шийдвэрлээгүй, зөвхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч компани олох “М” ХХК нь нэхэмжлэгчийн төлбөрийг нь урьдчилан төлсөн, авто төлбөр нь дутуу байсан хоёр авто машиныг 2016 оны 10 сарын 26-ны өдөр Б.Мөнхсоёлтой гэрээ байгуулан, 95 сая төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгчийн худалдан авсан авто машиныг бусдад худалдаж. нэхэмжлэгчийг хохироосон, мөн хариуцагч 2017 оны 07 сарын 26-ны өдөр холбогдох эрх бүхий хүмүүс нь оролцож хурал хийж манай хоёр авто машиныг худалдсан үйлдлээ баталгаажуулж тооцоо дууссан гэж гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарсан.

Энэ нь нэхэмжлэгийн зүгээс маш их хохирол хүлээсэн үйл явдал болсон бөгөөд, авто машиныг бусдад худалдах энэ үйл явцыг нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, санал аваагүй, нэхэмжлэгчийн саналыг авалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан ноцтой хохирол учруулсан, хууль бус үйлдэл болсон.

Үүнийг хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа Б.Мөнхсоёл нь танай компанийн жолооч биз дээ, танай компани шүүхийн шийдвэр дээр төлбөрийг Б.Мөнхсоёл төлж машиныг авна гэж тохирсон биз дээ гэж тайлбарлан, энэ асуудлыг өмнө шүүх шийдвэрлэсэн, одоо дахин шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлан, нэхэмжлэгчийг ноцтой хохироож байна.

Өөрөөр хэлбэл өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дурдагдсан гэх үндэслэл нь тус гэрээний нэр, байгуулсан он, сар, өдөр, гэрээний зүйл, түүний төлбөрийн асуудал дурдагдсан. Шүүхээр шийдвэрлэсэн асуудал нь худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үүрэг байсан, харин одоо гаргаж байгаа нэхэмжлэл нь тухайн гэрээний дагуу худалдан авсан авто машиныг бусдад давхар худалдаж худалдан авагчийг хохироосон учраас авто машин худалдан авахдаа төлсөн төлбөрөө буцааж авах тухай нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу ойлгож, нэхэмжлэлийг агуулгыг буруу тайлбарлаж, гол асуудлыг олж харалгүй, шаардлагатай нотлох баримтуудыг үнэлэлгүй үлдээж шийдвэр гаргасан явдал нь алдаатай шийдвэр, магадлал гарах үндэслэл болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт худалдан авсан гэх авто машин нь өөрийнх нь эзэмшилд байхгүй, тухайн авто машиныг нь өөр этгээдэд худалдсан, өмчлөх болон эзэмших эрхийг нь шилжүүлэн өгсөн учраас уг хоёр авто машиныг худалдан авахдаа төлсөн мөнгөө буцааж авах эрхтэй гэж үзнэ.

Иймд Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00014 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалд, авто машин худалдан авахад урьдчилан төлсөн 243 289 494 төгрөг, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д тээвэр хийсэн ажлын хөлс 21 000 000 төгрөг, нийт 264 289 494 төгрөгийн хүрээнд хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан тайлбарт: Нэг. Гомдолд “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээ УДШ-д гаргасан гомдолдоо дахин дурдаж “М”ХХК нь 2012 онд “Эрдэнэс таван толгой” ХК-д нүүрс тээвэрлэлт хийж гүйцэтгэсэн бөгөөд Шанд хурай гэдэг хаана ямар үйл ажиллагаа явуулдаг эзэн нь хэн болох нь тодорхойгүй компанийн нэрийг ашиглан ажил хийхдээ нэхэмжлэгчийн ажлын хөлсийг тооцон өгөөгүй нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй. Шанд хурай компанийн мэдээллийг өгөхгүй мэдэхгүй гэж байгаа нь залилах шинжийг агуулж байна гэж үзэхээр байгаа, нэхэмжлэгч өөрийн худалдан авсан машинаараа хийсэн ажлын хөлсөө авахаар Шүүхэд хандсан байхад Иргэний Хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй асуудал боллоо энэ асуудлыг Иргэний Хуулийн 359, 380 заасан гэрээний эрх зүйн харилцаанд тулгуурлан шийдвэрлэх ёстой байсан гэж бодож байгаа тул хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй.

1. Манай компани нь “Эрдэнэс Таван толгой” ХК-тай нүүрс тээвэрлэх гэрээг огт хийж байгаагүй бөгөөд “Шанд Хурай” ХХК-ийн талаар мэдэхгүй. Уг компанийн нэрийг ашиглан тээвэрлэлт гүйцэтгэсэн удаагүй болно.

2. “М” ХХК нь машин борлуулдаг компани бөгөөд тээвэрлэлт гүйцэтгэж байсан удаагүй.

3. “Ордос Минкай” ХХК нь Алтайн хүдэр ХХК-д тээвэрлэлт хийхэд “Н" ХХК нь ашиглаж эзэмшиж байсан автомашинуудаа явуулан тээвэрлэлт гүйцэтгэн ажлын хөлснөөс холбогдох зардлаа суутгуулан “Н” ХХК-д олгогдвол зохих дүн нь 45 253 331 төгрөг болохыг зөвшөөрч гарын үсэг зурж, уг 45 253 331 төгрөгийг “М” ХХК-д зээлээр авсан машиныхаа үлдэгдэл төлбөрт шилжүүлэн өгсөн нь баримтаар нотлогддог /и/х-9, 67-68 тал/

4. “М” ХХК нь “Н” ХХК-ийн зээлээр худалдан авсан 4 ширхэг авто чирэгч, 4 ширхэг чиргүүлийн үнэнд төлөгдсөн 360 222 015 төгрөгт Алтайн Хүдэр ХХК-д хүдэр зөөвөрлөсний хөлсний үлдэгдэл 45 253 331 төгрөгийг оруулан тооцон хасаад төлөгдөөгүй үлдсэн 82 289 848 төгрөгт алданги 41 444 924 төгрөгийг нэмж нийт 123 434 722 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандан хариуцагчийн өмгөөлөгч нарын тавьсан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийн үнийн дүнг 20 344 692 төгрөгөөр багасган Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны Нэгдүгээр Шүүхийн 2014.05.30-ны өдрийн 2678/с дугаартай Шийдвэрээр 103 091 080 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны 10 дугаар Шүүхийн 2014.08.27-ны 835 дугаар Магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

5. Дээрх Шийдвэр Магадлал гарсны дараа “Н” ХХК нь “Ордос Минкай ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн хөлс 88 595 302 төгрөг нэхэмжлэн Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандсаныг хянан хэлэлцээд 2015.05.27-ны 0351 дугаартай Шийдвэрээр “Хариуцагч “Ордос Минкай” ХХК-ийн гаргасан тайлбарт “М” ХХК-д төлөх төлбөрөөсөө “Алтайн Хүдэр” ХХК-д хүдэр тээвэрлэсний хөлс 45 253 331 төгрөгийг хасуулж тооцуулсан гэх тайлбар татгалзал нь үндэслэлтэй” гэж дүгнэн “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. /и/х-16-17 тал/

Дээр дурдсан баримтуудаар “Н” ХХК-ийн машинуудыг “М” ХХК нь ямар нэг компанид түрээслэн ажиллуулж байгаагүй нь батлагддаг бөгөөд “Нвювояж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу нотолж чадаагүй, “Н” ХХК-тай холбогдох Шүүхийн Шийдвэр, Магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэн зөв, бодитой үнэлж Иргэний Хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан шаардах эрх үүссэн гэх үндэсгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн.

Хоёр. Гомдолд “Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт худалдан авсан автомашин нь өөрийнх нь эзэмшилд байхгүй, тухайн автомашиныг өөр этгээдэд худалдсан өмчлөх болон эзэмших эрхийг нь шилжүүлэн өгсөн учраас уг хоёр автомашиныг худалдан авахдаа төлсөн мөнгөө буюу 2011.11.10-ны автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 243 289 494 төгрөгөө буцаан авах эрхтэй гэж үзнэ” гэснийг зөвшөөрөхгүй.

1. Нэхэмжлэгч нь “М” ХХК-тай 2011.11.10-нд байгуулсан МЛ 13/03 тоот гэрээгээр зээлээр худалдан авсан 4 ширхэг чирэгч толгой, 4 ширхэг чиргүүлийн үнийг 6 сарын хугацаанд төлж дуусгах үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гарган Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014.05.30-ны 2678/с дугаар шийдвэрээр Н ХХК-иас 103 091 080 төгрөг гаргуулах шийдвэрийг Нийслэлийн Давж Заалдах Шатны 10 дугаар шүүх хэвээр батлан 103 091 080 төгрөгийг төлсөн тохиолдолд автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг “М” ХХК-д даалган шийдсэн. /и/х 47-51, 52-59 тал/

2. Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны 1-р Шүүхийн 2014.10.24 -ны 2216 дугаартай Гүйцэтгэх Хуудсаар Шийдвэр, Магадлалыг албадан биелүүлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж хариуцан ажилласан.

3. Шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж ажиллахдаа 4ш автомашин, чиргүүлийг танай компанийн нэрээр хайгаад олохгүй байна гэсний дагуу “М” ХХК нь албан томилолтоор Өмнөговь аймагт ажилтнаа ажиллуулсны үр дүнд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Н.Цэвгээ нь манай компанийн бланк, тамга тэмдэг. захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн 4 ширхэг автомашин, 4 ширхэг чиргүүлийг “Ноён Богд уул” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн иргэн Б.Мөнхсоёл болон Б.Мөнхчулуун гэх залууст тус бүрийг нь 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгөөр худалдахаар тохирч Б.Мөнхчулуун гэх залуугаас 115 000 000 /нэг зуун арван таван сая/ төгрөгийг Н.Цэвэгээ авч тооцоогоо дуусгасан байдаг бөгөөд Б.Мөнхсоёлоос 2014.06.24-нд байгуулсан Түрээсийн гэрээний дагуу сар бүр 5 000 000 /таван сая/ авахаар тогтсон нь нотлогддог.

4. Шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн 2016.07.23-нд Н.Цэвгээгээс авсан "Манай жолооч Б.Мөнхсоёл Шонхорын Хүлэг Транс ХХК-иас 85 282 290 төгрөгийн авлагатай байгааг аваад “Н” ХХК-ийн өрийг барагдуулж өгнө үү” гэх Н.Цэвгээгийн гарын үсэгтэй тэмдэглэл, Н.Цэвгээтэй хийсэн 2017.01,02-ны өдрийн тэмдэглэлд “Би нөгөө мөнгө авдаг Мөнхсоёлтой уулзаж гэрээ хийж тохиролцоонд хүрсэн Мөнхсоёл надад өгөх мөнгөө шууд “М” ХХК-д өгч байгаа нийт 50 гаран сая төгрөг өгсөн удахгүй 12 сая төгрөг Алтайн Хүдэр ХХК-иас авч “М” ХХК-д өгөхөөр болсон. Удахгүй 2016.02.01-ны дотор төлөхөөр гэрээг Мөнхсоёл “М” ХХК-тай хийсэн байгаа төлбөр мөнгөө НШГА-ны дансанд цаашид тушаах болно” гэсэн Б.Даваадорж болон Н.Цэвгээгийн гарын үсэгтэй баримтаар “Н” ХХК-ийн захирал Н.Цэвгээ нь “М" ХХК-д төлөх мөнгөө 2 ширхэг машин чиргүүлээ өгсөн жолооч Б.Мөнхсоёлоор төлүүлж дуусгахаар хэлэлцэн тохирч, жолоочоо “М” ХХК-тай төлбөр барагдуулах гэрээ хийлгүүлэх ажлыг зөвшөөрч зохион байгуулсан нь баримтаар нотлогддог байтал өмгөөлөгч нь мэдээгүй, зөвшөөрөл аваагүй тул гэрээний зарим хэсгээс татгалзан 4 машин, чиргүүлийн урьдчилгаанд төлсөн мөнгөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байхад нэхэмжилж байна гэж буй нь үндэслэлгүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүйгээр хэт өндөр үнээр бодож суутгаж авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөг, “Эрдэнэс таван толгой” ХК-д тээвэр хийсэн хөлс 21 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөг, мөн “М” ХХК-ийн ажилтан н.Урьханы авсан түлшний мөнгө 2 614 400 төгрөг, нийт 312 119 789 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргасан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн зарим шаардлагад дурдсан үйл баримтын талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг нотлогдоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.6. дахь заалтад нийцсэн байх боловч хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг шийдвэрт бичилгүй орхигдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох хуулийн заалт нэмж, найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтад нийцсэн байх боловч хэрэглэх ёстой заалтыг дутуу бичсэн байх тул магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5 923 895 төгрөг, үндэслэлгүйгээр хэт өндөр үнээр бодож суутгаж авсан 44 ширхэг дугуйн үнэ 39 292 000 төгрөгийг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “М” ХХК-ийн ажилтан н.Урьдханы түлшний үнэд авсан 2 614 400 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргаагүй байна.

Харин 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний зарим хэсгээс татгалзаж, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243 289 494 төгрөгийг буцаан гаргуулах, “Эрдэнэс таван толгой” ХК-д тээвэр хийсэн ажлын хөлс 21 000 000 төгрөг гаргуулах  шаардлагыг үндэслэл бүхий шийдвэрлээгүй тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

1.    2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний зарим хэсгээс татгалзаж, 2 авто чирэгч, чиргүүлийн үнэд урьдчилан төлсөн 243 289 494 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №МЛ11/03 дугаартай Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр худалдагч “М” ХХК нь БНХАУ-ын Бейбен үйлдвэрт 2010 онд үйлдвэрлэсэн, гэрээнд заасан үзүүлэлт бүхий 4 ширхэг Бейбен трак маркийн чирэгч толгойг, чиргүүлийн хамт худалдах-худалдан авагч “Н” ХХК нь гэрээнд заасан хугацаанд үнийг төлөхөөр, үнийг бүрэн төлснөөр авто чирэгч, чиргүүлүүд худалдан авагчийн өмчлөлд шилжихээр талууд харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу авто чирэгч толгой, чиргүүлүүдийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөр 103 091 080 төгрөгийг худалдан авагчаас гаргуулахаар худалдагч “М” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахад худалдан авсан авто чирэгч, чиргүүлүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлүүлэхээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2678/С дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаартай магадлалаар “...”Н” ХХК-иас 103 091 080 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгуулах, дээрх төлбөрийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг “М” ХХК-д үүрэг болгож...” шийдвэрлэсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан “Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г дуусгавар болгож, үр дагаврыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэгч нь нэгэнт дуусгавар болсон гэрээнээс татгалзах эрхгүй, энэ үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх явцад “Н” ХХК өөрийн эзэмшилд байсан 14-82 УНУ, 14-62 УНУ улсын дугаар бүхий 2 авто чирэгч, чиргүүлийг  Б.Мөнхсоёлд түрээсийн гэрээгээр эзэмшүүлж байсан, талуудын байгуулсан гэрээнд зааснаар түрээслэгч нь машины үнэ 50 000 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн байгаагаас үзэхэд төлбөрийг төлж дуусгаснаар авто машин Б.Мөнхсоёлын өмчлөлд шилжихээр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулсан гэрээ хэдийгээр түрээсийн гэрээ нэртэй боловч худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Мөн “Н” ХХК-ийн захирал Н.Цэвгээ нь “М” ХХК-д өгөх төлбөрийг Б.Мөнхсоёл төлөхөөр талууд тохиролцсон талаар шийдвэр гүйцэтгэгчид тайлбарлаж байсан байна.

Иймд төлбөр авагч “М” ХХК нь түрээслэгч Б.Мөнхсоёлтой харилцан тохиролцсоны үндсэн дээр “Н” ХХК-иас авах 103 091 080 төгрөгийн төлбөрийг  Б.Мөнхсоёлоос авч, гомдолд дурдсан авто чирэгч, чиргүүлийг Б.Мөнхсоёлын өмчлөлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэстэй, хууль зөрчөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон дээрх үйл баримт нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь дуусгавар болсон гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтыг шүүх өмнө шийдвэрлэсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагад хамаарах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

2.    “Эрдэнэс таван толгой” ХК-д тээвэр хийсэн ажлын хөлс 21 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй манай машинуудыг 2014 онд “Шанд хурай” ХХК-д түрээслүүлэн, “Эрдэнэс таван толгой” ХК-д нүүрс тээвэрлэх ажил хийсэн бөгөөд ажлын хөлсний тооцоо “М” ХХК-иар дамжин орж ирдэг, манайх шууд тооцоо авах эрхгүй, ажлын хөлс  21 000 000 төгрөгийг манай компанид өгөөгүй тул уг мөнгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/190 тоотыг нотлох баримтаар хавсаргажээ.

Тус албан тоотод “Шанд хурай ХХК-ийн 1462 УНУ, 1465 УНУ, 1467 УНУ, 1482 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд манай компанийн 2012 оны нүүрс тээвэрлэлтэд тодорхой үүрэг гүйцэтгэж байсан. 2012 оны 03 дугаар сараас 2013 он хүртэл нүүрсний тээвэрлэлт зогссон нь үнэн болно” гэж бичигдсэн байх бөгөөд тус бичвэр нь “М” ХХК авто чирэгч, чиргүүлүүдийг түрээслэсэн гэдгийг нотлохгүй байна.

Мөн хэргийн 20, 21 дүгээр талд авагдсан жолоочийн замын хуудас гэх хүснэгтэд “Н” ХХК-ийн захирал Н.Цэвгээ гарын үсгээ зурж, компанийн тамга дарагдсан, ажил гүйцэтгүүлсэн байгууллагын тэмдэг, тэмдэглээ байхгүй, тухайн хүснэгт нь эх баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо “...хариуцагч “М” ХХК нь эдгээр машиныг ажиллуулсан ажлын хөлсийг, худалдаж авсан 4 авто машины үнийн тооцооноос хасна гэсэн тохиролцоотой байсан боловч хасаагүй...” гэж тайлбарлах боловч худалдсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн тухай хэрэгт энэ талаар ямар нэгэн байдлаар тайлбар гаргагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн худалдан авсан автомашинаар ажил гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг өгөөгүй тул ажлын хөлсөө нэхэмжилж байна гэх боловч тухайн шаардлагын агуулга нь бусдын ажлын хөлсийг төлөлгүй, өөртөө үлдээж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгатай байх тул хоёр шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу биш, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйийн 117.1. дэх заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан байх тул магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...65.1.6.-д заасныг баримтлан...” гэснийг “...65.1.6.-д заасан үндэслэл тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч Н.Цэвгээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 479 400 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН     

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД