Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0670

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

  “МБГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын Ө.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу “МБГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар, мөн газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Ө.Г, С.З нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “МБГ” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч Ө.З, С.Г нарт холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005.89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төлбөрийн дүнг 230545166 төгрөгөөр тогтоож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч 17/42 дугаар актын дүнг 35189938 төгрөгөөр бууруулсныг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар Гаалийн байгууллагын Цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

4 дэх заалтаар: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13, Татварын ерөнхий хууль (2019 он)-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.3, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2 /2017оны/-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “МБГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий 44/17 дугаар актын төлбөрийн хэмжээг багасгаж 10,652,448,256 төгрөгийн зөрчилд оногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож, актын үлдэх хэсгийг хэвээр үлдээж, 44/17 дугаар актын төлбөрийн хэмжээг 3,265,626,504.66 төгрөгөөр тогтоож,

5 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдаж,

6 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүйг дурдаж,

7 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,2000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,

8 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “МБГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газар болон нэр бүхий гаалийн улсын байцаагч нарт холбогдох нэхэмжлэлийн талаар гарсан 2021 оын 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0577 дугаар шийдвэрийн талаар гарсан шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын гаалийн хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Гаалийн Ерөнхий газрын үйлдлийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан хугацаа хамаарахгүй юм. “МБГ” ХХК-аас Гаалийн ерөнхий газарт хандаж гомдол гаргаж байгаагүй. Харин Цементийн үйлдвэр барихад зориулагдсан техник тоног төхөөрөмж, түүхий эдийг Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Дор дурдсан тохиолдолд импортлогдсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэл хувь, хэмжээгээр ногдуулж болно”, 11.2.1-д “Барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж, мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараанд 38.1.13-т “хууль, олон улсын гэрээнд заасан бараа”, 38.3-т “Гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу шийдвэрлэж өгөх тухай амаар болон бичгээр тавьсан хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, татвар ногдуулж төлүүлсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх гомдол, хүсэлт хоёрыг адилтган үзжээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэсэн заалтыг Гаалийн ерөнхий газраас биелүүлэхгүй байгаа юм. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэсэн заалтын дагуу Гаалийн байгууллагад хүсэлтүүдийг гаргасан. Тэдгээр хүсэлтийг Гаалийн ерөнхий газар шийдвэрлээгүй. Тухайлбал 2013 оноос үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж оруулж ирж байхад эрх бүхий хүмүүст хандан хүсэлтээ амаар тавихад цементийн үйлдвэрийг барьж дууссаны дараа албан ёсоор хүсэлтээ тавиарай гэсэн хариуг өгч байсан атлаа үйлдвэрийг барьж улсын комисс хүлээж аваагүй байхад 2017 оны 05 дугаар сард Гаалийн ерөнхий газраас бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх нэрээр акт бичиж бодит болон хуулийн үндэслэлгүй асар хэмжээний төлбөр ногдуулсан.

“МБГ” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2013-2019 оны хооронд 250.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн үйлдвэр гаднын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан ба үйл ажиллагаа нь жигдэрч, цементийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн. “МБГ” ХХК нь цементийн үйлдвэрийг Засгийн газрын нэгдсэн төсөв, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд баригдаагүй. “МБГ” ХХК-ийг цементийн үйлдвэр барихад хүргэсэн гол хүчин зүйл нь барилгын материалын үйлдвэр барихад зориулан оруулж байгаа хөрөнгөд гаалийн татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх тухай Хөрөнгө оруулалтын тухай 2013 онд батлагдсан хууль юм. Хууль нь Цементийн үйлдвэр барьсан тохиолдолд татварын хөнгөлөлт авах эрхийг олгосон бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг компанийн удирдлагад бодитой төрүүлсэн байна.

“МБГ” ХХК нь татвар төлөгчийн хувьд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан “Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх” эрхтэй бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 “албан татварын хөнгөлөлт үзүүлэх” заалтыг Гаалийн байгууллага хэрэгжүүлэхгүй, татвар ногдуулан төлүүлсэн нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийн “хуульд үндэслэсэн байх”, 4.2.2-ын “шуурхай тасралтгүй байх”, 4.2.4-ийн “үр нөлөөтэй байх”, 4.2.8-ын “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмуудыг Гаалийн ерөнхий газар, гаалийн улсын байцаагч нар хэрэгжүүлэхгүй байгаа юм. Хуулиар гаалийн татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвар 0%-тай байх тухай заасан байхад гаалийн байгууллага, улсын байцаагч нараас татвар ногдуулсан акт бичиж, төлбөр төлүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 мөн зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” илт хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

“МБГ” ХХК нь цементийн үйлдвэр барих техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэхдээ гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 11.4 тэрбум төгрөгийг төлсөн байна. Түүгээр зогсохгүй компанийн хүсэлтийг хүлээн авахаа хойшлуулж байгаад гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах нэрээр Гаалийн улсын байцаагчийн 17/44 дүгээр акт бичиж асар их хэмжээний буюу 5.4 тэрбум төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна. Иймд Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны 44/17 дүгээр акт нь бүхэлдээ хууль бус юм.

Анхан шатны шүүхийн 44/17 дугаар актын техник тоног төхөөрөмжтэй холбоотой хэсгийн талаар хийсэн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй.

Гаалийн улсын байцаагчийн 44/17 дугаар актад “МБГ” ХХК нь “импортолсон барааны тоо, хэмжээ, нэр, төрлийг худал мэдүүлсэн” гэж бичсэн байна. Анхан шатны шүүх хурал дээр ямар барааны тоо, хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлсэн гэж үзсэн тухай Гаалийн улсын байцаагч нараас асуухад тэд тодорхой хариу хэлээгүй. Харин ч “МБГ” ХХК-ийн гаалиар оруулсан барааны нэр төрөл, тоо, хэмжээний талаар маргаан байхгүй гэдгээ хэлсэн. Хэрэв худал мэдүүлсэн бол түүнийг нотлох гаалийн мэдүүлэг болон бүрдүүлэлтийн бичиг баримтыг тэд үзүүлэх ёстой боловч, ямар ч баримт үзүүлээгүй. “МБГ” ХХК-д хуурамчаар бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг бичиж, бүрдүүлэлт хийсэн тохиолдол байхгүй юм. 

Гаалийн байгууллага нь хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг аж ахуй нэгжид олгохгүй, татвар төлөгчийг эдийн засаг, ажил хэргийн хувьд дарамтад оруулж, хохироож байна. 

2. Шүүх “2014 онд 23,137,776,080 төгрөгийн урьдчилсан төлбөр хийгдэж, 2015 онд 6,931,192,930 төгрөгийн худалдан авалт хийснээр үлдэгдэл 16,206,583,149 төгрөг, 2015, 2016 оны санхүүгийн тайланд өглөг авлагаар бүртгээгүй байгаа нь санхүүгийн зөрчил гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн, компанийн зүгээс шалгалтын явцад дээрх төлбөртэй холбоотой дансны хуулга, санхүүгийн бүртгэл, анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй, санхүүгийн баримтын дагуу шилжүүлсэн төлбөрийн дүнгээр барааг хүлээн аваагүй талаар хангалттай нотлоогүй байхад хариуцагчийн 3,265,626,504 төгрөгийн татвар ногдуулсныг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй” гэжээ. 

“МБГ” ХХК нь Ж Цемент компанитай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 200,000 тонн цементийн клинкер худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу 23.1 тэрбум төгрөг буюу 74.2 сая юаны урьдчилгаа төлсөн. 6.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 83,978 тонн клинкерийг Монгол Улсын хилээр оруулж, татваруудыг төлсөн. Улсын Их Хурал, Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу клинкерийн гаалийн татвар 5 хувь байсныг 25 хувь болгон нэмсэн бөгөөд импортын клинкерээр цемент үйлдвэрлэх нь алдагдалтай болсон тул талууд 2016 оны 08 дугаар сарын 25-ны /1хх-89-103/ өдөр гэрээнд өөрчлөлт оруулж клинкерийн худалдааг зогсоосон. Урьдчилгаанаас 16.2 тэрбум төгрөг клинкер нийлүүлэгдээгүй. 

Энэ авлагыг дараах байдлаар харилцан тооцсон. “МБГ” ХХК-аac М цемент компанид өгөх өглөгт 34.1 сая юань буюу 12,750,270,073.73 төгрөгийг, 3.5 тэрбум төгрөгийг нь 83,978 тонн клинкерийг Эрээн хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “МБГ” ХХК-ийн талбайд /агуулахад/ буулгах тээврийн хөлсөнд тооцсон. Энэ тээврийн хөлс нь дотоодын тээвэр учраас гаалийн татвар ногдуулахгүй. 

Гаалийн улсын байцаагч нарын “МБГ” ХХК-ийг Монгол Улсын хилээр оруулаагүй 16.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий клинкерийг оруулсан гэж гүтгэж 3,265,626,504 төгрөгийн төлбөр ногдуулсныг шүүх гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэлгүй юм. 

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифийн дагуу ногдуулах, хураах, төлөх албан татвар” гэж, 35 дугаар зүйлийн 35.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарагдана” гэсэн заалтыг гаалийн улсын байцаагчид зөрчиж импортоор оруулаагүй бараанд татвар, төлбөр ногдуулж татвар төлөгчийн эрхийг хохироож байна. 

“МБГ” ХХК-ийг 16,206,583,149 төгрөгийн клинкерийг гаалийн хилээр оруулсан гэсэн бодит үндэслэлгүй, шалгалтаар тогтоогдоогүй. Шүүх хурал дээр энэ асуудал маш тодорхой яригдсан бөгөөд гаалийн улсын байцаагч нар 16.2 тэрбум төгрөгийн клинкерийг хэзээ, хаагуур яаж гаальд мэдүүлэлгүй гаалийн хилээр оруулсан гэж үзсэн тухай нь асуухад хариулт хэлээгүй, ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин дансны хуулга, санхүүгийн бүртгэл, анхан шатны баримт гаргаж өгөөгүй гэсэн худлаа, үндэслэлгүй тайлбар хийсэн. 

Бодит байдал дээр худалдаж аваагүй, оруулж ирээгүй бараанд дансны хуулга, санхүүгийн бүртгэл хийгдэхгүй, анхан шатны баримт байх ёсгүй. Тэдний яриад байгаа баримтууд байхгүй нь клинкер оруулж ирээгүйн нотолгоо болно. Байх ёсгүй баримт нэхэж, байхгүй гэхээр акт бичсэн нь Гаалийн улсын байцаагч нарын илт хууль бус ажиллагаа юм. 

Гэтэл шүүх “... санхүүгийн баримтын дагуу шилжүүлсэн төлбөрийн дүнгээр барааг хүлээж аваагүй талаараа санхүүгийн баримтаар хангалттай нотлоогүй” гэсэн дүгнэлт хийжээ. Гаалийн хилээр нэвтрүүлээгүй, хүлээж аваагүй бараанд санхүүгийн ямар нэг баримт хөтлөгдөхгүй. 16.2 тэрбум төгрөгийн клинкер нь хэмжээний хувьд 100 гаруй вагон ачаа болно. Ийм их хэмжээний клинкерийг гаалийн хилээр Гаалийн тариф, татварын тухай хуулийн 2931.1-ийн Гаалийн үнэ, барааны тоо, хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөх төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74,75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 2931.2-т “Энэ хуулийн 2931.2-т “Энэ зүйлийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын Ерөнхий хуулийн 74, 75-д заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм. 100 гаруй вагоныг болгоомжгүйгээр гааль, хил, мэргэжлийн хяналтын албаны дэргэдүүр нэвтрүүлэх боломжгүй, хэн ч чадахгүй үйлдэл. Гаалийн улсын байцаагч нар 16.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 115.0 тонн клинкерийг гаалийн хилээр нэвтрүүлсэн гэсэн нь гүтгэлэг юм.

“МБГ” ХХК нь гаалийн хилээр нэвтрүүлсэн 83,978 тонн цементийнхээ гааль, Нэмэгдсэн өртгийн албан татварыг гаалийн байгууллагын тогтоосон үнээр тооцож бүрэн төлсөн. Хятад улс дотор хийгдсэн тээврийн хөлсөнд гаалийн татвар төлөгдөөгүй 230.5 сая төгрөг байсныг Гаалийн улсын байцаагчийн актын дагуу хүлээн зөвшөөрч талууд маргаанаа дуусгавар болгосон байгаа. 

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн клинкертэй холбоотой дүгнэлт хуулийн болон бодит үндэслэлгүй байна. 

“МБГ” ХХК-ийг нь Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актад “МБГ” ХХК нь 2014-2015 онд Бүгд Найрамдах Хятад ард улсаас импортолсон барааны тоо, хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил илэрсэн” бичсэн шиг “импортолсон барааныхаа тоо, хэмжээ, нэр, төрлийг худал мэдүүлсэн” зөрчил гаргаагүй. Гаалийн хилээр импортолсон барааныхаа тоо, нэр, хэмжээ, төрөл бүрийг үнэн зөв мэдүүлэн, бүрдүүлэлтийг хийж холбогдох татваруудыг төлсөн нь холбогдох баримтуудаар батлагдсан. Энэ талаар Гаалийн улсын байцаагч нар маргадаггүй. Гэтэл Гаалийн улсын байцаагч нар шилжүүлсэн мөнгөний үлдэгдлээр гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Мөнгөн гүйлгээ нь Хятад улсын дотоодод хийгдсэн бөгөөд Энэ тухай шүүхийн шийдвэр бичигдсэн байна. 

Шүүх харилцан тооцоо нийлсэн нотлох баримтыг үнэлэлгүй орхисон. Мөн санхүүгийн зөрчил мөн эсэхийг гаалийн улсын байцаагч тогтоодоггүй. Гаалийн улсын байцаагч нар энэхүү яриа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл юм. Харин Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч шалгалт хийж санхүүгийн зөрчил мөн эсэхийг тогтооно. Санхүүгийн зөрчил гэж үзэж гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй. Гаалийн улсын байцаагч нар гаалиар ямар нэр, тоо, хэмжээний бараа оруулсан, гаргасан тохиолдолд гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэдэгтэй хэн ч маргахгүй.

“МБГ” ХХК-ийн дансны хуулга, анхан шатны баримтууд бүгд байгаа. Хавтас хэргийн /1-р хавтас 89-92-р талд 200,000 тонн клинкер худалдан авах гэрээ, 93-98-р тал 74.2 сая юань буюу 23.3 тэрбум төгрөгийг голомт банкаар дамжуулан төлсөн баримт, 99-106-р талд гэрээнд өөрчлөлт оруулсан, 91-171-р талд 16.1 тэрбум төгрөг авлагаар тусгасан дансны хуулга, 2016 оны 03 дугаар сарын 24, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Гаалийн улсын байцаагчид гаргаж өгсөн, хүлээж авсан баримтууд/-аас үзэхэд анхан шатны шүүхийн санхүүгийн баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй гэсэн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Эцэст нь хэлэхэд Гаалийн байцаагч нар “МБГ” ХХК-ийг дараах байдлаар гүтгэж дарамталсан. 

1. Хөрөнгө оруулалтаар оруулж ирсэн техник тоног төхөөрөмжийг сэлбэг хэрэгсэл оруулсан гэж 

2. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 16.2 тэрбум төгрөгийг импортоор клинкер нууцаар авсан гэж /гэмт хэрэгт/ 

3. Аккруэл сууриар хөтлөгдсөн монгол тайлан, хөрөнгө оруулагчид гарган өгөхдөө ашигладаг мөнгөн сууриар гаргасан тайлангуудыг хооронд зориуд адилтган хоёр баланс тайлан хөтөлсөн гэж 

4. Санхүү, бүртгэл, татварын тайлангууд, анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй, өглөг, авлагаа тайландаа тусгаагүй гэж 

5. Импортолсон барааны тоо, хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж гаалийн бусад татвараас зайлсхийсэн гэж

6. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар олгогдсон “МБГ” ХХК-ийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт авах эрхийг хохироон гааль, Нэмэгдсэн өртгийн албан татварт 2013-2015 онуудад 11.4 тэрбум төгрөгийг төлүүлсэн бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт олгохоос үндэслэлгүйгээр зайлсхийж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0577 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, Гаалийн ерөнхий газрын “МБГ” ХХК-ийн гаалийн татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварыг 0%-иар ногдуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан үйлдлийг хууль бусад тооцож өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Зоригт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “МБГ” ХХК-ийн 44/17 дугаартай төлбөрийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдааны шийдвэрээр 44/17 дугаартай төлбөрийн актын 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хэвээр үлдээж, 10,652,448,256 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгосон. 

44/17 дугаартай төлбөрийн актын хүчингүй болгосон 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийн тухайд: Дараах нотлох баримтын дагуу “МБГ” ХХК нь 10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмжийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвараас зайлсхийсэн нь нотлогдож байна. 

1. 2014 онд “МБГ” ХХК нь 3 удаагийн шилжүүлгээр 53,935,894,669 төгрөгийн тоног төхөөрөмжийн төлбөрийг Бүгд Найрамдах Хятад ард улсын “Ч т и” компанид шилжүүлсэн нь Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, Ерөнхий журналын товчоо тайлан зэрэг санхүү бүртгэлээр нотлогдож байгаа юм. /1хх-81,82/

2. Тоног төхөөрөмж нийлүүлэх гадаад худалдааны гэрээнд зааснаар 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор барааны жагсаалтын дагуу нийлүүлэх хуваарьтай байсан. /Нотлох баримт 1-ийн 11-17/

3. Тус компани нь гадаад худалдааны гэрээний дагуу санхүү бүртгэлийг хийж, тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниас авах 53,935,894,669 төгрөгийн авлагын дансны бүртгэлийг хааж тайлагнасан байсан. Тус онд нийт 43,283,446,413 төгрөгийн тоног төхөөрөмжийг импортолж, гаалийн байгууллагад мэдүүлсэн нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байна. 

Гэвч шүүх хуралдааны явцад “МБГ” ХХК нь 10,652,448,256 төгрөгийн зөрчил буюу зөрүү дүнг 2015, 2016 онуудад импортолсон 19,227,556,277 төгрөгийн эд анги, тоног төхөөрөмжид хамруулан тайлбарлаж байгаа нь нотлох баримт болох санхүү бүртгэл, гадаад худалдааны гэрээ, гаалийн мэдүүлэгтэй таарахгүй, нотлогдохгүй байна. 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0577 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр хэсгийн “нэхэмжлэгч “МБГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий 44/17 дугаартай актын төлбөрийн хэмжээг багасгаж, 10,652,448,256 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож, актын үлдэх хэсгийг хэвээр үлдээж, 44/17 дугаартай актын төлбөрийн хэмжээг 3,265,626,504.66 төгрөгөөр тогтоосугай” гэснийг “нэхэмжлэгч “МБГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 44/17 дугаартай төлбөрийн актыг хэвээр үлдээх” гэж өөрчлөн найруулж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч “МБГ” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005.89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж, 230,545,166 төгрөг болгон тогтоолгох, Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах, гаалийн улсын байцаагчийн нөхөн татвар, торгуульд нийт 5,412,094,828,25 төгрөг ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-аар эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ “МБГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий 44/17 дугаар актын төлбөрийн хэмжээг багасгаж, 10,652,448,256 төгрөгийн зөрчилд оногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож, 44/17 дугаар актын төлбөрийн хэмжээг 3,265,626,504.66 төгрөгөөр тогтоосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өрийн “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх” 11/17 дугаар удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нар “МБГ” ХХК-ийн 2013-2016 оны санхүү, нягтлан бодох бүртгэл болон холбогдох бусад бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актаар “МБГ” ХХК-ийг 2014-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн гэж Гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 26,859,031,405.69 төгрөгт ногдох гаалийн татварт 1,342,951,570.28 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 2,820,198,297.60 төгрөг, торгуульд 1,248,944,960.36 төгрөг, нийт 5,412,094,828.25 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулахаар “... “Ч т и” ХХК-д төлсөн 55,114,406,040 төгрөгийн гадаад төлбөр тооцоог зөвхөн 2014 онд гаалийн хилээр оруулж ирсэн 43,283,446,413 төгрөгтэй харьцуулж 10,652,448,256 төгрөгийг гаальд мэдүүлээгүй гэж дүгнэн нөхөн татвар торгуульд нийт 2,146,468,323.58 төгрөгийн төлбөрийн акт ногдуулсан нь буруу ... 2013-2016 оныг дуусталх гаалийн мэдүүлэг болон гаалийн статистик мэдээг бүрэн шалгаагүй ... 2014, 2015, 2016 онуудад “Ч т и” ХХК-д төлсөн 55,114,406,040 төгрөгийн барааг бид гаальд нийтдээ 63,370,387,216.71 төгрөгөөр мэдүүлсэн ... 2015 онд “Ж цемент” ХХК-аас 200,000 тонн цементийн клинкер авахаар ... гэрээний үнийн дүнгийн 67 хувь болох 4,216,000 юань буюу тухайн үеийн ханшаар 23,137,7776,000 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд уг гэрээний дагуу ... 5,948,116,337.68 төгрөгийн 83,978 тонн клинкерийн татан авалт хийж хилээр нэвтрүүлсэн бөгөөд уг барааг тээврийн зардал шингэсэн дүнгээр 6,931,192,931 төгрөгөөр мэдүүлж тус дүнгээс татвар нийт 1,325,941,936.89 төгрөг төлсөн ... цементийн клинкерийн гаалийн татвар ... өссөн тул ... цементийн түүхий эд авах нь алдагдалтай байсан тул ... гэрээг цуцалж ... урьдчилгаа болгон төлсөн 23,117,776,000 төгрөгөөс татан авалт хийгдээгүй 115 тонн клинкерийн төлбөр болох 34,017,955.96 юанийг манай толгой компанид төлөхөөр харилцан тохиролцож уг тохиролцооны дагуу 2018 оны 01-р сард төлбөрийг буцаан төлсөн ...” гэж маргасан нь үндэслэлгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна” гэж зааснаар “гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт” нь мэдүүлэгч гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгахад чиглэгддэг бөгөөд үүний зорилго нь мэдүүлэгч төлөх ёстой татварыг төлсөн эсэх, төлөөгүй бол түүнийг нөхөн төлүүлэхэд чиглэгдэнэ.

Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд, эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.13-д “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах”, Татварын ерөнхий хууль (2019 он)-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-д “татварын хяналт, шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах”, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 2931.2-т “Энэ зүйлийн 2931.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75-д заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь татварын тайланг үнэн зөв гаргаж, татварын хяналт шалгалтад хамрагдах, эрх бүхий этгээдийн шаардсанаар холбогдох баримтыг гарган шалгуулах, импортолсон бараанд гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ хэрхэн биелүүлж буйд эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж, гаалийн болон бусад татвар төлөөгүй нь тогтоогдсон тохиолдолд хураан авах эрхтэй байхаар зохицуулсан.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан “МБГ” ХХК болон “БНХАУ-ын барилгын материал олон улсын инженеринг грүпп” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулагдсан “Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ”, “МБГ” ХХК-ийн 2014 оны Ерөнхий журналын  дэлгэрэнгүй бүртгэл-1, Ерөнхий журналын товчоо, санхүүгийн бүртгэл, гаалийн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд “МБГ” ХХК нь цементийн үйлдвэр барих зорилгоор 2014 онд БНХАУ-ын барилгын материал олон улсын инженеринг грүпп ХХК-тай 203,130,300 юаний үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ /Цемент тээрэмдэгч, индүү болон ялгагч, тоос цуглуулагч, ... сэнс, өндөр хүчдэлийн мотор, бусад нэмэлт тоног төхөөрөмж” зэрэг 20 төрлийн тоног төхөөрөмжийг 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх/-г байгуулж, гэрээний дагуу 2014 онд “тоног төхөөрөмжийн урьдчилгаа” гүйлгээний утга бүхий 3 удаагийн гүйлгээгээр нийт 53,935,894,669 төгрөгийг, “барилгын ажлын урьдчилгаа” гүйлгээний утга бүхий 1,175,637,001.85 төгрөгийг, нийт 55,112,770,026.44 төгрөгийг БНХАУ-ын “Ч т и” ХХК-д шилжүүлж, урьдчилж төлсөн зардал данс үүсгэсэн байх боловч мөн ондоо уг данс нь үлдэгдэлгүй хаагдсан байхаас гадна уг гэрээний дагуу 2014 онд 43,283,446,413 төгрөгийн тоног төхөөрөмжийг импортолсон болох нь тогтоогджээ.

Маргаан бүхий 44/17 дугаар актаар ногдуулсан 10,652,448,256 төгрөгийн зөрчилд 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар ногдуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч “... зөвхөн 2014 онд гаалийн хилээр оруулж ирсэн 43,283,446,413 төгрөгтэй харьцуулж 10,652,448,256 төгрөгийг гаальд мэдүүлээгүй гэж дүгнэн нөхөн татвар торгуульд нийт 2,146,468,323.58 төгрөгийн төлбөрийн акт ногдуулсан ... 2013-2016 оныг дуусталх гаалийн мэдүүлэг болон гаалийн статистик мэдээг бүрэн шалгаагүй ... 2014, 2015, 2016 онуудад “Ч т и” ХХК-д төлсөн 55,114,406,040 төгрөгийн барааг бид гаальд нийтдээ 63,370,387,216.71 төгрөгөөр мэдүүлсэн ... өмнөх онд хийсэн төлбөрийн барааг дараа онд татан авалт хийсэн байсныг гаалийн үнийг тооцохдоо оруулаагүйгээс 2015, 2016 онд татан авалт хийж гааль болон НӨАТ-ыг төлсөн бараанд дахин давхар татвар ногдуулсан ...” гэсэн үндэслэлээр маргах боловч тус компанийн 2015-2016 онд “Ч т и” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээнээс үзэхэд “Төмөр хийц, компрессор хийн, суултуур, дамжуулагч гинжит, дүүжин кран ...” импортлохоор гаалийн бүрдүүлэлт хийсэн, эдгээр эд юмс нь “Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ”-нд заагдсан тоног төхөөрөмжүүд биш байхаас гадна 2015, 2016 онд “Ч т и” ХХК-аас импортын барааг хүлээн авч, орлогод авсан санхүүгийн бүртгэл, анхан шатны баримт байхгүй, нэхэмжлэгч “өөрсдийн гаргаж, баталгаажуулсан санхүүгийн тайлан болон журналын бүртгэлүүд нь импортоор гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн өдөр тутмын гаалийн мэдүүлгүүдээс ихээхэн зөрүүтэй байдал илэрсэн” гэж татварын хяналт, шалгалтын хугацаанд хамрагдаж байх хугацаандаа татварын тайлангаа засварлуулахаар, мөн хяналт, шалгалтын хугацааг сунгуулахаар Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хүсэлт гаргаж байсан, нэхэмжлэгчийн татварын тайландаа засвар оруулахаар өгсөн баримтууд нь хяналт, шалгалтын хугацаанд хамаарахгүй баримтууд байсан болох нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/749 /1хх-127/, “МБГ” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 81/1 /1хх-125/, Ирсэн бичгийн бүртгэлийн картууд, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03/3514 /1хх-18/, “МБГ” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын даргад гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 236/1 /1хх-28/, “МБГ” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/182 /1хх-19/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт “Мөнхий баян гал” ХХК-ийн 2012-2016 оны санхүүгийн баримт зэргийг судлан, дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “... “МБГ” ХХК нь ... тоног төхөөрөмж нийлүүлэх ... гэрээ байгуулсан ... үүнээс тоног төхөөрөмж худалдан авах зардал 176,934,200 юань, тээврийн зардал 26,196,100 юань байна. /1-р ээлж: тоног төхөөрөмжийн зардал 123,147,600 юань, тээврийн зардал 17,027,500 юань/ дээрх гэрээний дагуу “МБГ” ХХК нь 2014 онд “Ч т и” ХХК-д 55,111,631,672.19 төгрөг ... шилжүүлж 43,283,475,452.35 төгрөгийн тоног төхөөрөмж оруулсан байна ... статистик мэдээгээр 2015-2016 онуудад 19,277,556,289.92 төгрөг, нийт 62,511,031,742.28 төгрөгийн төхөөрөмжийг оруулж ирсэн байна. “МБГ” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлээр 2016 оны байдлаар “Ч т и” ХХК-д 8,496,223,600.32 төгрөгийн өглөгтэй гэж бүртгэсэн байна ...” гэх 91 дүгээр дүгнэлт авагдсан байх боловч уг шинжээчийн дүгнэлтийг аудит хийгдээгүй, татварын тайлангаар баталгаажаагүй, хяналт, шалгалт явагдсан тухайн цаг үед гаргаж өгөөгүй анхан шатны баримтад үндэслэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч “Ч т и” ХХК-аас  2015, 2016 онуудад “Төмөр хийц, компрессор хийн, суултуур, дамжуулагч гинжит, дүүжин кран ...” импортлохоор гаалийн бүрдүүлэлт хийсэн нь хэрэгт авагдсан гаалийн бүрдүүлэлтийн мэдээгээр тогтоогдож байх боловч ийнхүү тус онуудад импортолсон бараа нь “Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ”-нд заагдаагүй, эдгээр бараануудыг хүлээн авч, орлогод авсантай холбоотой санхүүгийн бүртгэл, анхан шатны баримтууд хяналт шалгалт явуулах тухайн цаг хугацаанд байгаагүй, нэхэмжлэгчээс байсан гэдгийг нотлох баримт, нотолгоо гарган мэтгэлцээгүй, нэхэмжлэгч өөрсдийн гарган өгсөн санхүүгийн тайланг засварлуулахаар эрх бүхий байгууллагуудад хандаж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлээгүй, гаалийн болон бусад татвараас зайлсхийгээгүй гэж үзэх, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Зоригт, С.Ганцоож нар 2017 оны 44/17 дугаар актаар нэхэмжлэгч компанийг 2014-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн гэж, 10,652,448,256 төгрөгийн зөрчилд 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсныг хуульд нийцээгүй, уг актын холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, шүүх “... нэхэмжлэгч ... 2014-2016 онуудад ... импортолсон нийт 63,370,387,216.71 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалиар үнэн зөв мэдүүлж, татвараа төлсөн нь нотлогдсон ...” гэсэн дүгнэлт хийж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Харин шүүхийн хариуцагчийн 2014 оны маргаан бүхий 44/17 дугаар актын 3,265,626,504 төгрөгийн татвар ногдуулсантай холбоотойгоор буюу “Ж цемент” ХХК-д нэхэмжлэгч компанийн толгой компани болох “Улаан цав Мёнжун цемент” ХХК-ийн төлсөн 23,137,776,080 төгрөгөөс гаалиар орж мэдүүлсэн үнийн дүн болох 6,931,192,930 төгрөгийг хасаж  зөрүү бараа татан авалт хийгээгүй үнийн дүн болох 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд албан татвар, торгууль алданги ногдуулсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн талаарх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, “МБГ” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “У Зүнлэн цемент” /Ж цемент/ ХХК-тай 200,000 тонн цементийн клинкер худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 23,1 тэрбум төгрөгийг “W*** zhongliancement-д шилжүүлсэн, улмаар уг гэрээний дагуу 83,978 тонн клинкерийг импортлон 6,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “Улсын Их Хурал, Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу клинкерийн гаалийн татвар нэмсэнтэй холбоотой гэрээ цуцлагдаж, үлдэх 115,000 тонн клинкерийг аваагүй,  урьдчилан төлсөн илүү төлбөрийг нийлүүлэгчээс манай толгой компанид буюу “Улаанцав Мёнжун цемент” ХХК-д буцаан төлөхөөр болж бараа татан авалт зогссон ...” гэж тайлбарлан маргасан, хэрэгт “Улаанцав хотын Ж цемент” ХХК болон “МБГ” ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Цемент клинкер худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт”, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Цементийн чулуунцарын буцаалт” гэх, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “зээлийн буцаалт” гэх орлогын баримтууд авагдсан байх хэдий ч хяналт, шалгалт хийсэн тухайн цаг хугацаанд цементийн клинкерийн урьдчилгаа 23 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан эсэх нь тодорхойгүй, санхүүгийн баримтын дагуу шилжүүлсэн төлбөрийн дүнгээр барааг хүлээн аваагүй талаар баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй зэргээс үзэхэд хариуцагч 2014 оны маргаан бүхий 44/17 дугаар актаар “Ж цемент” ХХК-д нэхэмжлэгч компанийн толгой компани болох “Улаан цав М цемент” ХХК-ийн төлсөн 23,137,776,080 төгрөгөөс гаалиар орж мэдүүлсэн үнийн дүн болох 6,931,192,930 төгрөгийг хасаж  зөрүү бараа татан авалт хийгээгүй үнийн дүн болох 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд 3,265,626,504 төгрөгийн татвар ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... Монгол улсын хилээр оруулаагүй 16.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий клинкерийг оруулсан гэж гүтгэж ... төлбөр ногдуулсныг шүүх гаалийн татвар, НӨАТ ногдуулах үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн “гаалийн улсын байцаагчийн нөхөн татвар, торгуульд нийт 5,412,094,828,25 төгрөг ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” хуульд заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон тохиолдолд тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус хуульчилсан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах” шаардлагыг “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 жил гаруй  явуулснаас даруй 2 жилийн дараа уг захиргааны актыг гаргасан ажиллагааг хууль бусад тооцуулах үндэслэлээр маргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно ...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай тус тус нийцсэн байна.

Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар “МБГ” ХХК-ийг 2013-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчилд гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 1,318,784,148.34 төгрөгт ногдох гаалийн татварт 65,939,207.42 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 138,472,335.58 төгрөг, торгуульд 61,323,462.90 төгрөг, нийт 265,735,005.89 төгрөгийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг актаар тогтоосон төлбөрийг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгохоор маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 230,545,166 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, хариуцагч уг актаар тогтоосон дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж, 230,545,166 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх “МБГ” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч Ө.Зоригт, С.Ганцоож нарт холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005.89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төлбөрийн дүнг 230,545,166 төгрөгөөр тогтоож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасантай тус тус нийцсэн байх бөгөөд энэ хэсгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдэлд хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Татварын ерөнхий хууль(2008 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13, Татварын ерөнхий хууль(2019 он)-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.3, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2 /2017 оны/-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “МБГ” ХХК-ийн “гаалийн улсын байцаагчийн нөхөн татвар, торгуульд нийт 5,412,094,828,25 төгрөг ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ө.З-ын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ