Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Батнасан,

Хохирогч: Х.Э-,

Шүүгдэгч: Б.А-, түүний өмгөөлөгч Н.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005018661082 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А-, 1998 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ..., ам бүл 3, эцэг, эхийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... /.../ сургалтын төвд хохирогч Х.Э-тай маргалдсаны улмаас аяга авч шидэн зүүн нүд тус газарт нь онож, Х.Э-ын эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний хүүхэн харааны цагариг булчингийн гэмтэл, хүүхэн харааны өргөсөл, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан байдал, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Х.Э- шүүх хуралдаанд: “....Би ажлынхаа хүмүүстэй хөзөр тоглож байгаад А-тай муудалцсан. Би уур хүрээд маркер шидсэн боловч А-г оноогүй. А- над руу аяга авч шиднэ гэж бодоогүй болохоор А-гийн над руу шидсэн аяганд цохигдсон. А- над руу аяга шидсэнээс болж миний нүдний хүүхэн хараа гэмтсэн. Миний нүдийг дахиж хэвийн болохгүй гэж эмч хэлсэн. Би нүдэндээ байнга линзтэй байх шаардлагатай болсон. Би линзний төлбөр 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би сар бүр эмчийн хяналтанд байж нүдээ үзүүлж байх шаардлагатай болсон. Мөн 1 сар 10 хоног ажилгүй, өвчтэй байсан үеийнхээ ажлын цалин 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг нийт 2.070.000 төгрөг нэхэмжилж байна. Би цаашид гарах зардлыг А-гаас гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Х.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлын цаг дуусаад 18 цаг 30 минутын үед бүгдээрээ хөзөрдөх үү гээд манай сургалтын төвийн багш нар болох Б-, Б-, Н-, Б-, М-, Б-, Э-, А- нар 5 давхрын 501 тоотод тоглохоор болсон. Хөзөрдөж байх явцад А- “чи тоо тоолж чаддаггүй юм уу, тэнэг юм уу” гээд янз бүрээр намайг хэлээд байсан. Би тоглолт дуусахын өмнө би болилоо гээд хөзрөө хаяад босоод гадуур хувцсаа өмсөөд гарах гээд өрөөний үүдний хэсэгт зогсож байсан. Тэгсэн А- “тоглож чаддаггүй юм бол яах гэж тоглодог юм” гэхээр нь би “чи зайл, одоо болиоч” гэсэн. Тэгсэн А- сонин юм яриад над руу дайраад байсан. Тэгэхээр нь би уур хүрээд ширээн дээр маркер байхаар аваад шидсэн. Гэхдээ би А- руу чиглүүлж шидээгүй, дуугүй болгох гэж шидсэн. Тэр маркер А-г оноогүй, хажуугаар нь өнгөрөөд шалан дээр унасан. Тэгсэн А- халуун барьдаг төмөр аягаа миний толгой руу чиглүүлж шидээд зовхины хэсгээс маш их цус гарч язарсан. Тэгсэн Эрдэнэтуяа, Н- багш хоёр намайг аваад машинаар гэмтлийн эмнэлэг рүү очсон. Миний зовхины хэсгээс маш их цус гарсан. Тэр дор нь оёдол тавьж өгсөн. Оёдол тавьж өгсөн эмч “гүн зүсэгдсэн байна, нүдний эмч нарт нарийн шинжилгээ өг” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч Д.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Э-, А- хоёр эсрэг баг болсон. Тоглож байх явцад А-, Э-ыг “тоо мэддэггүй юм уу” гэж хэлсэн... Хэн нь хожих эсэхийг шийдэх гээд тоглож байтал Э- багш хөзрөө ширээ рүү шидээд босоод явсан. Тэгээд бид нар юу болсон бэ гэхэд Э- “А-тай би тоглохгүй, бүхнийг захирах ёстой юм уу” гэхэд А- “тоглож сурчихаад тоглоорой” гээд Э-д хандаж хэлсэн. Э- багш ажиллаад удаж байгаа, А- ажиллаад удаагүй байгаа учраас Э- багш “чи энэ байгууллагаас зайлаарай” гэж хэлсэн... Тэгсэн Э- миний ширээн дээр байсан маркер аваад А- руу шидсэн. Гэхдээ оноогүй, тэгсэн А- гартаа барьж байсан шар өнгийн төмөр аяга Э- руу шидсэн. Тэгээд би эргээд харсан чинь Э- зүүн талын нүдний хэсгээ гараараа дарчихсан, цус гарч байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан нойлын цаас аваад цусыг нь тогтоох гээд дарсан чинь зүүн нүдний зовхи нь ангайгаад зүсэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тоглолт дуусах үед Э-, А-д уурлаад тоглож байсан хөзрөө ширээ рүү шидчихээд өөрийнхөө ширээ рүү явсан. Тэгээд бид нар сууж байхад тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Гэхдээ харааллын үг сонсоогүй. Би өөрөө ахлах багш хийдэг, миний харж байгаагаар тэр хоёр бие биенийхээ дээр гарах гээд хэрэлдээд байсан. Тэгсэн Э- ширээн дээр байсан жижиг зүйл аваад А- руу шидсэн. Юу авч шидсэнийг нь хараагүй. А- цайны хэсгийн орчим зогсчихсон, Б- бид хоёр Э-, А- хоёрын голд зогсчихсон байсан. Ширээн дээрээс аваад юм шидэхээр нь би өөрийгөө оногдох байх гэж айгаад бултсан. Шидсэн зүйл нь хэнийг ч оноогүй шалан дээр унасан. Тэгсэн шууд зөрүүлээд А- гартаа барьж байсан Том энд Томс кофе шопын халуунаа барьдаг шар өнгийн төмөр аяга Э- руу шидсэн. Тэр аяга нь Э-ын зүүн нүдний зовхины орчим оносон” гэсэн мэдүүлэг /хх+н 37-38/,

Шинжээчийн 6066 тоот дүгнэлтэд: “...Х.Э-ын биед зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний хүүхэн харааны цагариг булчингийн гэмтэл, хүүхэн харааны өргөсөл, баруун нүдний хүүхэн хараа 0.2, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан байдал, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 45-46/,

Шинжээчийн эмч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баруун нүдний хүүхэн хараа 0.2 болж буурсан байдал гэмтэл нь хуучин өөрчлөлт. Зүүн нүдний зовхины шарх, зүүн нүдний хүүхэн харааны цагираг булчингийн гэмтэл, хүүхэн харааны өргөсөл, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан байдал, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Яллагдагчаар Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э- над руу маркер аваад шидсэн. Тэгэхээр нь би хариу үйлдлээрээ барьж байсан аягаа шидчихсэн. Тэгээд Э-ын зүүн хөмсөгний орчмоос цус гараад Э- уйлаад эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6/, хохирлын баримтууд /хх-н 7-11/, компьютер томографийн шинжилгээ /хх-н 12-14/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18/, хохирогчийн эмчилгээний картын хуулбар /хх-н 21-25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-69/, хохирлын мөнгө данс руу шилжүүлсэн баримт, дансны хуулга /хх-н 75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... /.../ сургалтын төвд хохирогч Х.Э-тай хөзөр тоглох явцдаа маргалдсаны улмаас аяга авч шидэн зүүн нүд тус газарт нь онож, Х.Э-ын эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний хүүхэн харааны цагариг булчингийн гэмтэл, хүүхэн харааны өргөсөл, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан байдал, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Э-ын: “...А- сонин юм яриад над руу дайраад байсан. Тэгэхээр нь би уур хүрээд ширээн дээр маркер байхаар аваад шидсэн. Гэхдээ би А- руу чиглүүлж шидээгүй, дуугүй болгох гэж шидсэн. Тэр маркер А-г оноогүй, хажуугаар нь өнгөрөөд шалан дээр унасан. Тэгсэн А- халуун барьдаг төмөр аягаа миний толгой руу чиглүүлж шидээд зовхины хэсгээс маш их цус гарч язарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, гэрч Д.Б-ий: “...Э- миний ширээн дээр байсан маркер аваад А- руу шидсэн. Гэхдээ оноогүй, тэгсэн А- гартаа барьж байсан шар өнгийн төмөр аяга Э- руу шидсэн. Тэгээд би эргээд харсан чинь Э- зүүн талын нүдний хэсгээ гараараа дарчихсан, цус гарч байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан нойлын цаас аваад цусыг нь тогтоох гээд дарсан чинь зүүн нүдний зовхи нь ангайгаад зүсэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/, гэрч Б.Б-гийн: “...Ширээн дээрээс аваад юм шидэхээр нь би өөрийгөө оногдох байх гэж айгаад бултсан. Шидсэн зүйл нь хэнийг ч оноогүй шалан дээр унасан. Тэгсэн шууд зөрүүлээд А- гартаа барьж байсан Том энд Томс кофе шопын халуунаа барьдаг шар өнгийн төмөр аяга Э- руу шидсэн. Тэр аяга нь Э-ын зүүн нүдний зовхины орчим оносон” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/, шинжээчийн 6066 тоот дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А- нь хохирогчтой хөзөр тоглох явцдаа маргалдаж улмаар  өөр рүү нь маркер шидлээ гэх шалтгаанаар түүн рүү төмөр аяга шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлыг буюу 630.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн бөгөөд хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн линз авсан 53.500 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 15.000 төгрөг нийт 68.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.Э-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Х.Э- нь ажилгүй байсан үеийн цалин 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд тухайн байгууллагад англи хэлний багшаар сарын 1.500.000 төгрөгөөр ажилладаг гэх тодорхойлолт шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгал төлсөн гэх баримт байхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хохирогчид буцаан олгож, Tom`n Toms coffee гэсэн бичигтэй аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эн хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гаас 68.500 төгрөг гаргуулж хохирогч Х.Э-д олгосугай.

6. Хохирогч Х.Э- нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, Tom`n Toms coffee гэсэ бичигтэй аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР