Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                          

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

           Шүүгдэгч: Ц.Б-, Д.Э-, Б.Х-, Б.А-нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-, Б.А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э-, Б.Х- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905041790888 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б-, 1999 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А-, 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ..... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э-, 1981 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .... тоот регистртэй,

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Х-, 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А-нь Ц.Б-тай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай карт болохыг мэдсэн атлаа уг картыг ашиглан АТМ-ээс бэлнээр 485.000 төгрөгийг авч завшсан,

Шүүгдэгч Ц.Б- нь Б.А-той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 ц агийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай карт болохыг мэдсэн атлаа уг картыг ашиглан АТМ-ээс бэлнээр 485.000 төгрөгийг авч завшсан,

Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай картыг ашиглан Б.А-, Ц.Б- нар нь 485.000 төгрөгийг авсан болохыг мэдсээр байж буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон мөнгө болохыг мэдсээр байж 100.000 төгрөгийг авч хувьдаа ашиглан мөнгө угаасан,

Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 ц агийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай картыг ашиглан Б.А-, Ц.Б- нар нь 485.000 төгрөгийг авсан болохыг мэдсээр байж буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон мөнгө болохыг мэдсээр байж 100.000 төгрөгийг авч хувьдаа ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.А-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Х- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Э- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар байрны хажуу талын Евро караокед үйлчлүүлж байгаад 3, 4 номерийн өрөөнд 10 жилийн ангийн Ариунцэцэг, Баярмаа, Бат-Өлзий нартай хамт сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад их согтсон байсан. Тэгээд караокений гадаа гараад сэргээд гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө гэртээ картаа шалгаад үзтэл Хаан банкны карт байхгүй байсан. Тэгэхээр нь дансаа шалгаад үзтэл дансанд 485.000 төгрөг 04 цаг 46 минутын үед буюу гэртээ ирсэн байсан цагт мөнгө гарсан байсан. ...Би ангийхаа хүүхдүүдтэй уулзаад караокед ороход Хаан банкны карт байсан. Тэгээд архи согтууруулах ундаа хэрэглээд юу болсон талаар санахгүй байна. Караокед ямар ч байсан би 130.000 төгрөгийн тооцоо хийсэн баримт минь байсан. ...Би өөрөө бол тухайн үед архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаараа сайн санахгүй байна...Би картнаас мөнгө гарсанаас хойш 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж үйлчлэгч Энхээ нэртэй эгчтэй очиж уулзаад караокед ажиллаж байсан Батука, А-, Хаш-Эрдэнэ нар миний үйлчлүүлж байсан өрөөнөөс миний хаан банкны карт олж аваад миний мөнгийг авсан гэдгийг мэдсэн. Тэгээд би өөрийн хохирол болох 600.000 төгрөг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Яллагдагчаар Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокед Б-ын ажилд нь туслаад байж байтал Б- нь манай караокений 3 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүсийн нэг нь нилээн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай, надад картны код хэлээд санаж байгаарай мартана шүү гэж хэлээд намайг дагуулаад автобусны буудлын АТМ-рүү орчихоод буцаад караокенээс гарахдаа өрөөний ширээний доор картаа үлдээчихсэн байна гэж хэлээд намайг амралтын өрөөнд ороод ир гэж дуудсан. Тэгээд текэн дээр тавьчихаад буцаад амралтын өрөөнд Хаш-Эрдэнэ, Б-, Энхжаргал бид 4 уулзалдаад Б- картны кодыг мэдэж байсан учраас картан дотор байгаа мөнгийг аваад хуваая гэж тохиролцоод би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансар АТМ рүү такси барьж очиж мөнгө авчихаад тэндээсээ буцаж ирээд караокед ороод хүн тус бүрийн 100.000 төгрөгийг аваад хоол авч идээд салцгаасан. ...Үйлчлүүлж байсан хүний картыг Б- олоод кодыг нь мэдэж байсан учраас тэнд байсан хүмүүс бүгдээрээ ярилцаад харин би картыг нь авч гараад АТМ-ээс мөнгө авчирж өгсөн бөгөөд түүнийг нь бид нар дөрвүүлээ байсан учраас хуваагаад авсан юм. Ерөнхийдөө хүний мөнгө гэдгийг нь бол мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 53-56/,

Яллагдагчаар Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр манай караокений 3 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүсийн нэг нь нилээн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай, надад картны код хэлээд санаж байгаарай мартчихна шүү гэж хэлээд намайг дагуулаад автобусны буудлын АТМ рүү орсон юм. Тэгээд тэр хүн өөрөө мөнгөө аваад буцаад караокед ирсэн. Тэгээд тэр хүмүүс гарсаны дараа ороод ширээг нь цэвэрлэхэд ширээний доор тухайн хүний карт байсан. Тэгээд картыг нь текэн дээр тавьчихсан байсан юм. Тэгээд ажлаа дуусчихаад амралтын өрөөнд ороход А-той уулзалдаад байж байтал Энхжаргал гаднаас ороод ирсэн. Тэгэхээр нь би тоглоомоор энэ картны кодыг мэднэ гэж хэлтэл гараад явчихсан. Тэгээд бүх ажил дууссаны дараа эргэж цуглаад ярилцаж байгаад А-ыг банкнаас мөнгө аваад хүрээд ир гэж хэлээд картны нууц дугаарыг хэлээд явуулсан. Тэгтэл удалгүй А- гаднаас мөнгө бариад орж ирсэн бөгөөд хүн тус бүр 100.000 төгрөг аваад түүнээс илүү гарсан мөнгийг нь  бол бүгдээрээ нийлээд хоол захиалж идээд үрсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 62-65/,

Яллагдагчаар Б.Х-мөрдөн байцаалтад өгсөн: “...хоосон өрөөнд сууж байхад Б-, А- нар орж ирээд караокед үйлчлүүлж байсан хүмүүсийн картыг оллоо Б- кодыг нь мэдэж байгаа дотроос нь мөнгийг нь авчих уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тухайн үедээ дэмий юм болно гэж хэлээд хэсэг хугацааны дараа Энхжаргал гаднаас орж ирээд бид 4 нийлж сууж байгаад ярилцаад өөр газраас мөнгийг нь авчих юм бол асуудалгүй байх гэж бодоод А-од картыг нь өгөөд дотроос нь мөнгө авахуулахаар явуулсан. Харин А- картыг аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансар орчим руу такси барьж очоод дотроос нь 440.000 төгрөг авчихлаа гэж хэлсээр орж ирсэн юм. Тэгээд тус 440.000 төгрөгнөөс хүн тус бүр 100.000 төгрөгийг аваад үлдэгдэл 40.000 төгрөгийг хоол аваад идчихсэн. ...үйлчлүүлж байсан хүний картыг Б- олоод кодыг нь А-од хэлээд А- гараад АТМ-ээс мөнгө авчирж өгсөн бөгөөд түүнийг нь бид нар хуваагаад авчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-37/,

Яллагдагчаар Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа дуусчихаад цэвэрлэгээ хийгээд байж байгаад амралтын өрөөнд ороход А-, Б- нар хоорондоо шивнэлдээд юм яриад байхаар нь шалгаасаар байгаад юу болсон талаар мэдэхэд Б- тус караокед үйлчлүүлж байсан хүмүүсийн 3 тоот өрөөнд ороод Хаан банкны карт олсон гэхээр нь чи кодыг нь мэдэхгүй байж наад картаа хаяач гэж хэлтэл Б- кодыг нь мэдэж байгаа гэж хэлэхээр нь би гарч яваад цэвэрлэгээгээ дуусгачихаад амралтын өрөөнд буцаад ороод иртэл Хаш-Эрдэнэ, Б- нар зогсож байсан бөгөөд А-ыг банкнаас мөнгө аваад ир гэж хэлсэн. Тэгтэл удалгүй гаднаас А- мөнгө бариад ороод ирсэн бөгөөд хүн тус бүр 100.000 төгрөг авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 44-47/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хохирогчийн өргөдөл /хх-н 9/, хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 10/, шүүгдэгч Б.Х-хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 82-88, 131/, шүүгдэгч Д.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 91-105, 133/, шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 112-117, 134/, шүүгдэгч Б.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 123-125, 132/, хохирогчийн хүсэлт /хх-н 135/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А-нь Ц.Б-тай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай карт болохыг мэдсэн атлаа уг картыг ашиглан АТМ-ээс бэлнээр 485.000 төгрөгийг авч завшсан,

Шүүгдэгч Ц.Б- нь Б.А-той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 ц агийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай карт болохыг мэдсэн атлаа уг картыг ашиглан АТМ-ээс бэлнээр 485.000 төгрөгийг авч завшсан,

Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай картыг ашиглан Б.А-, Ц.Б- нар нь 485.000 төгрөгийг авсан болохыг мэдсээр байж буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон мөнгө болохыг мэдсээр байж 100.000 төгрөгийг авч хувьдаа ашиглан мөнгө угаасан,

Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 4-5 ц агийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Евро караокений 3 тоот өрөөнд гээгдүүлсэн хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5024640845 дугаартай картыг ашиглан Б.А-, Ц.Б- нар нь 485.000 төгрөгийг авсан болохыг мэдсээр байж буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон мөнгө болохыг мэдсээр байж 100.000 төгрөгийг авч хувьдаа ашиглан мөнгө угаасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Г-гийн: “...өглөө гэртээ картаа шалгаад үзтэл Хаан банкны карт байхгүй байсан. Тэгэхээр нь дансаа шалгаад үзтэл дансанд 485.000 төгрөг 04 цаг 46 минутын үед буюу гэртээ ирсэн байсан цагт мөнгө гарсан байсан. ...Караокед ямар ч байсан би 130.000 төгрөгийн тооцоо хийсэн баримт минь байсан. ...Батука, А-, Хаш-Эрдэнэ нар миний үйлчлүүлж байсан өрөөнөөс миний хаан банкны карт олж аваад миний мөнгийг авсан гэдгийг мэдсэн. Тэгээд би өөрийн хохирол болох 600.000 төгрөг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б- Б.А-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”,

шүүгдэгч Б.Х-, Д.Э- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” нь дээрх гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б- Б.А-нар нь бүлэглэн хохирогчийн гээгдүүлсэн картны нууц кодыг цээжилж, улмаар картнаас нь бэлэн мөнгө авсан, шүүгдэгч Б.Х-, Д.Э- нар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 135/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б-, Д.Э-, Б.Х-, Б.А-нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б-, Д.Э-, Б.Х-, Б.А-нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-, Б.А-нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Э- Б.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгч Д.Э-, Б.Х- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Б.А-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Э-, Б.Х- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А-, Ц.Б- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-, Б.А- нарыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

              - шүүгдэгч Д.Э-, Б.Х- нарыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргал, Б.А-нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-, Д.Э- нарт хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Баяржаргал, Б.А-нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-, Д.Э- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Х-, Д.Э- нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, Б.А-, Б.Х-, Д.Э- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР