Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 510

 

  

 

 

 

 

 

   2020           5             20                                   2020/ШЦТ/510 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л- Хэд холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, Б овогт Л- Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Х нь 2020 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-2-138 тоотод иргэн О.Б-ий зүүн гуяны дотор хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х мэдүүлэхдээ:

“...Би тухайн үед согтуу байсан. Охин намайг архи уусан болохоор ууралж бид маргалдсан. Тэгээд хүргэн биднийг маргахгүй хэрэггүй гээд маргааныг салгахыг оролдсон. Би хүргэн Б-ий зүүн гуя руу хутгаар хатгасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Хийн өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 28-нд БГД-н 23-р хороо Зүүн ард аюуш 25-2-138 тоотод охин Л-той хамт байхад нөхөр нь Б- хөдөөнөөс ирсэн тэгээд бид нар нэг шил 0,75 литрийн архи нэг том 2,5 литрийн пиво уусан. Л- надтай маргалдаад байсан тэгэхэд Б- голоор ороод салгах гэхэд би хажууд байсан хутга аваад гуя хэсэгт нэг удаа зоосон...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Б-ий өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө БГД-н 23-р хороо зүүн ард аюуш 25-2-138 тоотод хадам аавын гэрт эхнэр хүүхэд байсан болохоор би хөдөөнөөс 22 цагийн үед ирээд нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи, 2,5 литрийн пиво авсан. Хадам аав бид хоёр архиа уугаад эхнэр уг авсан пиво уусан. Эхнэр хадам аав хоёр маргасан би маргах шаардлагагүй гээд салгах гэж хадам аавыг орлуу татаж унагаагаад тог унтраад утасны гэрэл асаахад хадам аав миний зүүн хөлний гуя хэсэг рүү хутгаар хатгасан байсан. Тэгээд миний хөлийг тэврээд сууж байсан. Хөлөө татах гэхэд миний хөлнөөс цус гарсан тэгээд цагдаа дуудаад эмнэлэг дуудсан цагдаа нар хадам аав Хийг эрүүлжүүлж намайг эмч нар Гэмтлийн эмнэлэгт аваачиж өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 18-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Л-ын өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 28-нд би аав Хийн гэрт байсан манай нөхөр Б- хөдөөнөөс ирсэн тэгээд орой болчихлоо хоноод явъя гээд хамт архи пиво уусан. Тухайн үед би аавтай маргасан. Хажуунаас манай нөхөр намайг өмөөрөөд аавтай маргасан. Гэрэл унтраад асаах гэхэд манай нөхөр ёоё хутгалчихлаа гэсэн. Гэрлээ тусгаад харахад манай нөхрийн гуя руу аав хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. О.Б--н биед зүүн гуяны дотор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 29-30/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 47/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Х нь 2020 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-2-138 тоотод иргэн О.Б-ий зүүн гуяны дотор хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Хийн “...Б- голоор ороод салгах гэхэд би хажууд байсан хутга аваад гуя хэсэгт нэг удаа зоосон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Б-ий “...хадам аавыг орлуу татаж унагаагаад тог унтраад утасны гэрэл асаахад хадам аав миний зүүн хөлний гуя хэсэг рүү хутгаар хатгасан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Л-ын “...2020 оны 3 дугаар сарын 28-нд би аав Хийн гэрт байсан. ...Гэрлээ тусгаад харахад манай нөхрийн гуя руу аав хутгалсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4169 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Хэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Б-ий өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 18-20/-д үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Хэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Л.Хийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Л- Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг ахуйн хэрэглээний тонгорог хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ