Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 515

 

 

 

 

 

 

 

   2020          5            21                                      2020/ШЦТ/515

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

  шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цэдэнгийн От холбогдох эрүүгийн .... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Б овогт Цэдэнгийн О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.О нь үргэлжилсэн үйлдлээр зээл гаргахдаа хамт өгнө, дүү аваарт ороод хүн алчихлаа, мөнгөний хэрэгтэй байна, тогны мөнгө гарчихаж, найзыг явуулах гэсэн юм” гэх зэргээр хуурч, ХАС банкинд эдийн засагчаар ажилладаггүй атлаа ажилладаг мэтээр бодит байдлыг нуух замаар иргэн Э.Х-ыг зээл гаргаж өгнө гэж зээлийн судалгаа хийж байгаа мэт үйлдэл гаргаж төөрөгдөлд оруулж, улмаар Э.Х-аас Төв аймгийн Баян сумын нутагт 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 200,000 төгрөгийг, Төв аймгийн Зуунмод сумын төвд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2,400,000 төгрөгийг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ... дугаарын дансандаа тус тус шилжүүлэн авч, 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ:

“...2019 оны 9 дүгээр сард мөнгө авч залилсан. Тэр үед би гар утсаа хаясан байсан. Утсан дээр хохирогчийн дугаар нь хадгалсан байсан. Надад шуудангаар дуудах бичиг ирсэн гэж байсан. Би  мэдээгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Оийн өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сарын эхээр Э.Х- гэх нэг жил гаран найзласан найзаасаа дансаар 3.600.000 төгрөг зээлж авсан. Зээл авахдаа мөнгөний хэрэг гарлаа удаахгүй өгнө гэж хэлээд авсан. Мөнгөө хугацаандаа өгч чадахгүй, мөнгөний бололцоогүй байсан болохоор өгч чадаагүй юм. Э.Х-тай холбогдох гэсэн боловч би гар утсаа гээгээд хадгалсан дугаарыг нь мэдэхгүй холбогдож чадахгүй 2 сар гаран болоод холбогдож чадаагүй тэгээд Э.Х- намайг цагдаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Х-ын өгсөн:

“...Миний хувьд өөрийн жолооддог машиндаа чиргүүл авах гээд зээл хөөцөлдөөд 2019 оны 9 дүгээр сарын эхээр явж байхад манай нэг найз И гэх залуу банкинд ажилладаг банкны эдийн засагч байгаа зээл асуувал болох байх гэхээр нь дамжуулаад асуулгасан чинь болно гэж хэлсэн тэгээд хэд хоногийн дараа над руу утсаар яриад машины чинь зургийг харна гээд Улаанбаатар хотод 5-н шарын автобусны буудал дээр О гэдэг хүүхэнтэй уулзаад Төв аймгийн Баян сум руу дагуулж яван машины зургаа авахуулаад буцаад хот руу явсан. Явахдаа хөдөө айлаар ороод нэг хонь хийж өгөөд явуулсан. Тэгээд Улаанбаатар хот орж миний бичиг баримтыг канондаж аваад үлдсэн. Маргааш нь байх аймгийн төв дээр явж байхад дансны чинь хуулга хэрэгтэй байна гээд аймагт ирээд миний дансны хуулгыг аваад надаас 2,400,000 төгрөг өгчих би маргааш өгнө гэж хэлээд авсан түүнээс хэд хоногийн дараа дарга байхгүй байгаа дарга ирээд гарын үсэг зурна тэгээд болно гэж байсан. Тэгэхээр нь би зээлсэн мөнгөө авна гэж хэлсэн чинь би зээлтэй чинь хамт мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлж байсан тэгээд хүлээгээд байж байхад манай дүү хүн дайраад алчихлаа чи надад 1 сая төгрөг шилжүүлчих гээд утасдаад байхаар нь шилжүүлж өгсөн юмаа. Мөн Баян сум орчихоод ирж байхдаа тогны мөнгө нэхэгдээд байна гэж хэлээд 200,000 төгрөг авсан. Сүүлдээ мөнгө өгөхгүй байсан бөгөөд машин барьцаанд тавина, газар барьцаанд тавьж өгнө гэх зэргээр худлаа ярьсаар байгаад л өнгөрсөн. Тэгээд ээжид нь утсаар хүүхэд чинь мөнгө төгрөг авсан гэсэн чинь удахгүй өгнө гэж байсан сүүлдээ хүнд аваад өгчихсөн юм байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Э-гийн өгсөн:

“...Х- ах намайг нэг өдөр зээл авах гэж байгаа Улаанбаатар хотод очоод зээл олгох банкны хүнтэй уулзах хэрэгтэй байна гээд намайг машин бариулаад явсан. Улаанбаатар хотод 5-н шар дээр ирээд нөгөө хүнийг буюу Оийг аваад эргээд Төв аймгийн Баян сум руу явсан. Уг Баян сум руу явах замдаа О гэдэг хүн хүмүүстэй утсаар яриад Хас банкнаас ярьж байна манайхан юмаа хураагаад авчихлаа танайхан ирж битүүмжлээрэй гэх зэргээр утсаар яриад л яваад байсан. Тэгээд сум орж ирээд Х- ахын машины зургийг нь аваад хөдөө яваад тухайн От Х- ах нэг хонь хийж өгсөн юм. Тэгээд Улаанбаатар хотод хүргэж өгсөн бөгөөд замдаа тогны мөнгө гарчихсан байна гэж хэлээд Х- ахаас 200,000 төгрөг авч байсан. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байсан байх Х- ах руу О утсаар яриад дансны чинь хуулгыг авна гэж хэлээд Төв аймгийн төв дээр ирсэн байсан тэгээд Х- ах дансныхаа хуулгыг авч өгөөд миний машинд сууж байгаад утсаар яриад нэг хүнтэй нисэх гэж байгаа юмуу гээд мөнгө хэрэгтэй байна гээд Х- ахаас 2,400,000 төгрөг дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 28/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 90/,  

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалга хуудас /хх-н 92/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.О нь үргэлжилсэн үйлдлээр Хас банкинд эдийн засагчаар ажилладаг мэтээр хуурч бодит байдлыг нуух замаар иргэн Э.Х-ыг зээл гаргаж өгнө гэж зээлийн судалгаа хийж байгаа мэт үйлдэл гаргаж төөрөгдөлд оруулж, улмаар Э.Х-аас Төв аймгийн Баян сумын нутагт 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 200,000 төгрөгийг, Төв аймгийн Зуунмод сумын төвд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2,400,000 төгрөгийг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 1,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ... дугаарын дансандаа тус тус шилжүүлэн авч, 3,600,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Оийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын эхээр Э.Х- гэх нэг жил гаран найзласан найзаасаа дансаар 3.600.000 төгрөг зээлж авсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Э.Х-ын “...О гэдэг хүүхэнтэй уулзаад ...2,400,000 төгрөг өгчих би маргааш өгнө гэж хэлээд авсан түүнээс хэд хоногийн дараа дарга байхгүй байгаа дарга ирээд гарын үсэг зурна тэгээд болно гэж байсан. Тэгэхээр нь би зээлсэн мөнгөө авна гэж хэлсэн чинь би зээлтэй чинь хамт мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлж байсан тэгээд хүлээгээд байж байхад манай дүү хүн дайраад алчихлаа чи надад 1 сая төгрөг шилжүүлчих гээд утасдаад байхаар нь шилжүүлж өгсөн юмаа. Мөн Баян сум орчихоод ирж байхдаа тогны мөнгө нэхэгдээд байна гэж хэлээд 200,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Э-гийн “...От Х- ах нэг хонь хийж өгсөн юм. Тэгээд Улаанбаатар хотод хүргэж өгсөн бөгөөд замдаа тогны мөнгө гарчихсан байна гэж хэлээд Х- ахаас 200,000 төгрөг авч байсан. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байсан байх Х- ах руу О утсаар яриад дансны чинь хуулгыг авна гэж хэлээд Төв аймгийн төв дээр ирсэн байсан тэгээд Х- ах дансныхаа хуулгыг авч өгөөд миний машинд сууж байгаад утсаар яриад нэг хүнтэй нисэх гэж байгаа юмуу гээд мөнгө хэрэгтэй байна гээд Х- ахаас 2,400,000 төгрөг дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Оийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсоноор 3,600,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Оээс гаргуулж хохирогч Э.Х-ад олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон шүүгдэгчийн шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Оийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Оийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Цэдэнгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Оийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 3,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Х-ад олгосугай.

 

   5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ