Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 103

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-36 айлын орон сууцны 27 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ71060171, Нүсэр овогтой Чойжоогийн Ганбаатарын,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1971 онд төрсөн, 45 настай. Би 1989 онд ерөнхий боловсролын 10-н жилийн сургууль төгсөөд 1990 оны 10 дугаар сард Дотоодын цэргийн 0230-р ангид татагдаж, 1991 оны 3 дугаар сард улирч хасагдаад, 1991 оны 10 дугаар сарын 17-нд Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар орж ажилласан бөгөөд энэ хугацаанд Цагдан хорих байрны жижүүрээр ажиллаж байгаад 1997 оны 9 дүгээр сард Цагдаагийн дээд сургуулийн өдрийн ангид элсэн суралцсан юм. Иймд 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Цагдан хорих байрны жижүүр цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Харин 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагагүй болсон тул энэ хэсгийг нэхэмжлэлээсээ хасч байна гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Ганбаатар нь 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн Цагдан хорих байрны жижүүр цагдаагаар, мөн 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл мэдээлэл хүлээн авагч цагдаагаар тус тус ажиилаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны явцад 2012-2013 оны хоорондох ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг дурдах нь зүйтэй.

           Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/2818 тоот лавлагаанд: Ч.Ганбаатар нь Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалаар түүнийг 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс тус хэлтэст цагдаагаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 202 тоот тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн хуулийн дээд мэргэжлийн өдрийн ангид сонсогчоор томилсон байна. ... гэжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн 1991 оны 10 дугаар сараас 1997 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтэст ажиллаж, авч байсан цалингийн картууд авагдсан байна.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн К.Бат-Эрдэнэ, Н.Цогтбаатар нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч К.Бат-Эрдэнэ: Миний бие нь 1990 оноос Увс аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст 1991 он хүртэл, 1991 оноос 2002 он хүртэл Увс аймгийн Цагдаагийн хэсэгт, 2002 оноос 2012 он хүртэл Увс аймгийн Цагдаагийн газарт Цагдаа, Хэсгийн байцаагч, Ахлах байцаагч, Тасгийн дарга гэх ажилуудыг тус тус хийж байсан. Ч.Ганбаатар нь 1991 оноос 1997 оныг хүртэл Цагдан хорих байрны жижүүр цагдаагаар, 2012 оноос 2013 оныг хүртэл мэдээлэл хүлээн авагч цагдаагаар тус тус ажиллаж байсан. Ч.Ганбаатар бид хамтдаа цагдан хорих байрны жижүүр цагдаагаар ажиллаж байгаад тэрээр 1997 оноос 2001 онд Цагдаагийн дээд сургуульд суралцан төгссөн. Ч.Ганбаатар нь одоог хүртэл Увс аймгийн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. 1991 оноос одоог хүртэл цагдан хорих байрны жижүүр цагдаа, мэдээлэл хүлээн авач цагдаа, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, жижүүрийн офицер, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга гэх ажлуудыг хийдэг байсан. Увс аймгийн Цагдаагийн хэлтэс, газрын даргаар н.Менгельс, Ц.Батчулуун, Б.Батсайхан, Ц.Намсрайжав гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Н.Цогтбаатар: Миний бие нь 1991 оноос 2013 оныг хүртэл Увс аймгийн Цагдаагийн байгууллагад цагдаагаар ажилласан. Ч.Ганбаатар нь 1991 оноос 1997 оныг хүртэл Цагдан хорих байрны жижүүр цагдаагаар, 2012 оноос 2013 оныг хүртэл мэдээлэл хүлээн авагч цагдаагаар тус тус ажиллаж байсан. Ч.Ганбаатар бид хамтдаа цагдан хорих байрны жижүүр цагдаагаар ажиллаж байгаад Ч.Ганбаатар 1997 оноос 2001 онд Цагдаагийн дээд сургуульд суралцан төгссөн. Тэрээр одоог хүртэл Увс аймгийн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. 1991 оноос одоог хүртэл цагдан хорих байрны жижүүр цагдаа, мэдээлэл хүлээн авач цагдаа, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, жижүүрийн офицероор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга гэх ажлуудыг хийдэг байсан. Увс аймгийн Цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газрын даргаар н.Менгельс, Ц.Батчулуун, Б.Батсайхан, Ц.Намсрайжав, Д.Бадамрагчаа, Ч.Лхагвадорж гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний 1991 оноос 1997 оныг дуустал хугацаанд авч байсан цалингийн картууд авагджээ.

          Мөн нэхэмжлэгч Ч.Ганбаатарын 1992 онд ажлын байран дээрээ авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт эх хувиараа авагдсан байна.

            Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ганбаатарын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтсийн Цагдан хорих байрны жижүүр цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Нүсэр овогтой Чойжоогийн Ганбаатарын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтсийн Цагдан хорих байрны жижүүр цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА