Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 663

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч: С.Ж-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Ж-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906036470360 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Ж-, ...., эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

 Шүүгдэгч З.Х- нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Чандмань төвийн зочид буудлын өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.М-ийн эзэмшлийн Самсунг Нөт 4, загварын гар утсыг хулгайлж 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энгельсийн гудамжны нийтийн байрны 00 тоотод байрлах иргэн Б.Б-ийн эзэмшлийн байранд хууль бусаар нэвтрэн орж 1 ширхэг MNBC төхөөрөмж, 1 ширхэг Желф брэндийн барьсан түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 246.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ж- шүүх хуралдаанд: “...Би Нарантуул зах дээр М-ийн эд зүйлийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин Б-ийн эд зүйлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Ч.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хөдөө амьдардаг юм. Тэгээд хотод ирээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул захад байдаг Чандмань төвийн зочид буудалд өрөө авч амарсан. 2019 оны 6 дугаар сарын 08-нд буудлынхаа өрөөнөөс түр гараад ороод ирсэн чинь ширээн дээр байсан миний Самсунг Нөт-4 загварын гар утас маань алга болсон байсан. ...би хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 08 цагийн орчимд өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энгелсийн гудамж 00 тоотод байх гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Ингээд тэр өдрөө ажилтай байж байгаад 21 цагийн орчимд ирсэн бөгөөд намайг гэрт ирэхэд манай гэрийн хаалга эвдэрсэн, гэрт хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...манай гэрээс цүнхтэй хуучин хувцас байсан бөгөөд эдгээр хувцаснуудыг үнэлэхгүй. Харин 24 инчийн хуучин зурагт байсан. ...Тесо брэндийн халаагч тенн байсан, мөн MNBC нэртэй кабелийн төхөөрөмж байсан. ...хүрэн өнгийн хоосон түрүүвч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 77/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед өдрийн эргүүлийн үүргийг цагдаагийн ахлагч М.Б-ий хамтаар Нарантуул худалдааны төвийн гадуур үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед иргэн Ч.М- нь Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд байрлалтай “Чандмань” гэх нэртэй зочид буудалд нэг өрөө аваад өрөөндөө Самсунг Нөт-4 загварын гар утсаа ширээн дээр тавьсан байсан алдчихлаа гэсэн дуудлага ирсэн. Би тухайн дуудлагыг хүлээн авч хамт эргүүлд явж байсан цагдаа, цагдаагийн ахлагч Билгүүний хамтаар Чандмань зочид буудалд очоод буудлын хяналтын камерыг шалгахад “Чандмань” зочид буудлын 2 давхарт ногоон өнгийн цамцтай, хар өнгийн өмд, гуталтай 35-40 орчим насны эрэгтэй хүн Ч.М-ийн авсан өрөөнд ороод 1 минут бололгүй буцаад гараад явсан байсан. Ингээд би М.Б-ий хамтаар сэжигтэй этгээдийг Нарантуул зах дээгүүр хайж байгаад олон нийтийн нэрлэж заншсан мангасын ам гэх Нарантуул худалдааны төвөөс хойд чиглэлд гардаг цагаан хаалганы дэргэд зогсож байхад нь барьж авсан. Тэгээд бид хоёр биед нь үзлэг хийхэд Ч.М-ийн гар утас байхгүй ба өөрөөс нь асуухад танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Ингээд бид хоёр Жанузахыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Шинжээчийн 01/409 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцэх “3” гэж дугаарласан гарын мөр нь санд MN000310031451, MN0000ШШГ02671 гэсэн дугаараар бүртгэгдсэн “Саменет овогтой Жанузахын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна” гэжээ. /хх-н 118-119/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6, 105/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 22-23, 126/, ялтан шилжүүлэн авах тухай прокурорын санал /хх-н 45/, яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-н 46/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-53, 68-98/, ялын тооцоо /хх-н 66/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 99-100/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 106-109/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Ж- нь Б.Б-ийн гэрээс эд зүйл хулгайлаагүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогч Б.Банзарагчийн гэрээс эд зүйл хулгайлаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 01/409 тоот дүгнэлтээр тухайн хэрэг болсон газраас бэхжүүлж авсан хурууны хээ нь шүүгдэгч З.Х-ын хурууны хээтэй тохирч байх тул хохирогч Б.Б-ийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ж- нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Шүүгдэгч С.Ж- нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Чандмань төвийн зочид буудлын өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.М-ийн эзэмшлийн Самсунг Нөт 4, загварын гар утсыг хулгайлж 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энгельсийн гудамжны нийтийн байрны 00 тоотод байрлах иргэн Б.Б-ийн эзэмшлийн байранд хууль бусаар нэвтрэн орж 1 ширхэг MNBC төхөөрөмж, 1 ширхэг Желф брэндийн барьсан түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 246.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогч Ч.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 08-нд буудлынхаа өрөөнөөс түр гараад ороод ирсэн чинь ширээн дээр байсан миний Самсунг Нөт-4 загварын гар утас маань алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, хохирогч А.Б-гийн: “...21 цагийн орчимд ирсэн бөгөөд намайг гэрт ирэхэд манай гэрийн хаалга эвдэрсэн, гэрт хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...манай гэрээс цүнхтэй хуучин хувцас байсан бөгөөд эдгээр хувцаснуудыг үнэлэхгүй. Харин 24 инчийн хуучин зурагт байсан. ...Тесо брэндийн халаагч тенн байсан, мөн MNBC нэртэй кабелийн төхөөрөмж байсан. ...хүрэн өнгийн хоосон түрүүвч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 77/, гэрч Ц.Б-ын: “...Чандмань зочид буудалд очоод буудлын хяналтын камерыг шалгахад “Чандмань” зочид буудлын 2 давхарт ногоон өнгийн цамцтай, хар өнгийн өмд, гуталтай 35-40 орчим насны эрэгтэй хүн Ч.М-ийн авсан өрөөнд ороод 1 минут бололгүй буцаад гараад явсан байсан. Ингээд би М.Б-ий хамтаар сэжигтэй этгээдийг Нарантуул зах дээгүүр хайж байгаад олон нийтийн нэрлэж заншсан мангасын ам гэх Нарантуул худалдааны төвөөс хойд чиглэлд гардаг цагаан хаалганы дэргэд зогсож байхад нь барьж авсан. Тэгээд бид хоёр биед нь үзлэг хийхэд Ч.М-ийн гар утас байхгүй ба өөрөөс нь асуухад танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, шинжээчийн 01/409 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ж- нь хохирогч Ч.М-ийн байрлаж байсан буудлын өрөөнд орж түүний гар утсыг хулгайлан 140.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч А.Б-гийн гэрт нэвтрэн орж 246.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр шүүгдэгч С.Ж-аас нийт 386.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.М-т 140.000 төгрөг, хохирогч Б.Б-ид 246.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Ж-ыг буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч С.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, хувийн байдал урьд хулгайлах гэмт хэргээр удаа дараа шийтгүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ж- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 217 дугаар шийтгэх тогтоолоор 01 жил, 8 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 184ш дүгээр шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 3 сар 24 хоногийн хорих ял эдэлж 8 сар 13 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх-н 66/ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ын урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 217 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 8 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 14 хоног хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар цагдан хоригдсон боловч ялын тооцоог 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тул цагдан хоригдсон хоногийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тоолсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1906036470360 тоот хэргийг нэгтгэсэн, уг хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Ж-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ж-ыг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 217 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 8 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 8 сар 14 хоногийн хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ад оногдуулсан 02 жил 8 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ын урьд цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 1906036470360 тоот хэргийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жанузахаас нийт 386.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.М-т 140.000 төгрөг, хохирогч Б.Б-ид 246.000 төгрөг тус тус олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР