| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00284/И |
| Дугаар | 5 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 5
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөөнд холбогдох 667.345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20202375 тоот гэрээ байгуулан 99074590 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung E5 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 667.345 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 51 дүгээр байрны 12 тоотод оршин суух ХГ81031310 регистрийн дугаартай, Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөөны дарга Боорж овогт Нямхүүгийн Чингис шүүхэд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөр өртөөний багцад бүртгэлтэй 99074590 дугаар дээр нэхэмжилсэн 667.345 төгрөгийг 2017 оны 2 дугаар сард багтаан 2 хуваан төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Онончимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлд хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөөнөөс гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч төлбөрийг 2017 оны 2 сард багтааж хувааж төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөөнөөс 20202375 тоот гэрээтэй 99074590 дугаарын төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийн хамт 667.345 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөө нь 99074590 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Samsung Е5 маркын гар утасыг зээлээр худалдан авсан болох нь “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан 20202375 тоот гэрээнүүд, УБТЗ-ын Бор-Өндөр өртөөнөөс “Мобиком корпораци” ХХК-нд гаргасан хүсэлт, харилцагчийн гүйлгээ, хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөө нь нэхэмжлэлийн шаардлага 667.345 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Улаанбаатар Төмөр замын Бор-Өндөр өртөө нь нэхэмжлэлийн шаардлага 667.345 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ын нэхэмжилсэн 667.345 /зургаан зуун жаран долоон мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөө нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20566 төгрөгийн тавин хувь 10283 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 10283 төгрөгийг хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөөнөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Бор-Өндөр өртөө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР