Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 529

 

 

 

 

 

 

 

   2020          5            25                                      2020/ШЦТ/529

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч С.Цэрэндорж,

  шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч В.Ганболд,

  хохирогч Н.Т, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ийн Дт холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Х овогт Г-ийн Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Д нь Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.Тгээс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 45-72 тоотоос 10,000,000 /арван сая/ төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны орчимоос 10,000,000 /арван сая/ төгрөг буюу нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

мөн Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Доос 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шонхор плаза төвд 6,800,000 /зургаан сая найман зуун мянган/ төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хермис худалдааны төвийн орчим 3,200,000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөг буюу нийт 10,000,000 /арван сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д мэдүүлэхдээ:

“...Манай хадам Нямхишигийн Б 2019 оны 9 дүгээр сард Буянт-Ухаа хороололд 3 өрөө хямдхан байранд хамрагдах боломжтой гэж байна гэж хэлсэн тул би Дын утсыг нь авч түүнтэй холбогдсон. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дтай уулзаад 6.800.000 төгрөг өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.200.000 төгрөг төлсөн. Д хэлэхдээ 10 дугаар сарын сарын сүүлчээр эсвэл 11 дүгээр сарын эхээр байранд оруулчихна. Хүмүүсийг хэд хэдээр нь хэсэгчлээд оруулж байгаа. Танайх сүүлийн ээлжинд орох байх гэж надад хэлсэн. Тэгээд 10, 11 сард байрандаа ороогүй. 11 дүгээр сараас Дын утаснууд холбогдох боломжгүй болсон. Facebook хаяг нь өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн facebook хаяг руу нь чат бичсэн боловч хариу ирээгүй. Тэгээд он гарснаас хойш би байранд орохоо больж мөнгөө буцааж авъя гэж facebook хаяг руу нь чат бичсэн боловч хариу ирээгүй тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Даас 10 сая төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т мэдүүлэхдээ:

“...Би Дтай нагац эгчийн нөхөр хүргэн ах Н.Б-аар дамжуулж танилцаж байсан. Дын аавыг амьд байх үед хөдөө аялалаар явж байхдаа гэрт нь очиж байсан. Түүнээс хойш огт холбоогүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын сүүлээр эхнэр жирэмсэн байхад бид байр хайгаад явж байхад Д хүргэн ах Б-а руу Нисэхэд 3 өрөө байр хямд аваад өгч чадна гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд хүргэн ах Б-а Нисэхэд 3 өрөө хямд байр байна сонирхох уу гэж утсаар ярьсан. 2019 оны 6 дугаар сарын 25, 26-ны үеэр би Дтай Home plaza-гийн урд түүний машинд уулзсан. Тухайн үед Д 1 хуудас баримт бөглөөд Нисэхийн Буянт-Ухаа цогцолборт 3 өрөө хямд байр олгоно гэж хэлсэн. Тэгээд гэр бүлийн хүмүүстэйгээ ярилцаж байгаад шийдье гээд салаад явсан. Дараа нь уулзаагүй хүргэн ах холбож яриад эхлээд 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь наадмын дараа хүнээс мөнгө зээлээд 10 сая төгрөг шилжүүлсэн. Таны өөрийн чинь данс руу мөнгөө шилжүүлье гэтэл одоохондоо миний данс болохгүй байгаа гэж хэлсэн. Мөн тэрээр Өмнөговьд Хас банкинд ажиллаж байгаад амралтаа авсан. Бага охины бие тааруу байгаа гэж байсан. Энхбаясгалан гэж манай охины данс руу мөнгөө шилжүүлчих гэсэн тул би мөнгөө 2 хувааж төлсөн. Д нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байранд оруулна гэсэн хэдий боловч бүтсэнгүй гэж хэлсэн. Тэгээд би та ямар байранд оруулах гэж байна вэ байраа үзье гэтэл одоохондоо байр үзүүлэх боломжгүй байна. Шууд байранд чинь оруулна гэж хэлсэн. 8 дугаар сарын дундуур мөнгөө авъя гэтэл түүнээс хойш холбоо тасарсан. 2019 оны 9 дүгээр сард 99004569 дугаар нь холбогдох боломжгүй болсон. Мөн facebook хаяг руу нь чат бичиж залгадаг байсан боловч facebook хаягаа хаасан байсан. Би 20 сая төгрөгөөс 2.500.000 төгрөг өгсөн. Би Даас 17.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Дын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын эхээр танил Б-а ахтай фэйсбүүк чатаар холбогдоод 20,000,000 төгрөг байвал Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн орон сууцанд 3 өрөө байранд оруулж өгч чадна шүү гэж хэлсэн юм. Тэгсэн маргааш нь билүү нөгөөдөр нь Б-а ах Т гэх залууг дагуулж ирж надтай уулзахаар нь би 20,000,000 төгрөгийг урьдчилгаа өгчих юм бол надад Буянт-Ухаа хорооллын түрээсийн орон сууцанд оруулаад өгөх таньдаг хүн байгаа гэж хэлсэн чинь эргээд холбогдъё гэсэн юм. Тэгээд хоёр хоногийн дараа Т над руу утсаар яриад би наад байранд чинь оръё гээд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг миний 4 настай охин Мгийн Хаан банкны 5154097635 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Би авсан мөнгөө ууж идээд дуусгачихсан.

Би Дийн дүү Э-ыг таньдаг байсан юм. 2019 оны 9 дүгээр сард Э-ад Б-а ахад хэлдэг шигээ би Буянт-Ухаа хорооллын түрээсийн 3 өрөө байранд урьдчилгаа 10,000,000 төгрөг өгчих юм бол оруулж өгч чадна гэж хэлсэн юм. Тэгсэн Э-ын ах нь гээд Д гэх хүн надтай утсаар холбогдож ирж уулзаад түрээсийн байранд ормоор байна гэхээр би 10,000,000 төгрөг надад өгчих юм бол, 5,000,000 төгрөгийг нь байрны урьдчилгаанд өгөөд, 5,000,000 төгрөгийг нь авилга болгож өгөөд түрээсийн 3 өрөө байранд оруулж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд Д 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 6,800,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны 3,200,000 төгрөгийг мөн миний охин Мгийн Хаан банкны 5154097635 дугаарын данс руу шилжүүлсэн юм.

Надад бусдын Буянт-Ухаа-2 хорооллын түрээсийн байранд оруулж өгөх боломж байхгүй. Би урд нь спорт зааланд тоглож байгаад нэг эмэгтэйтэй танилцаж байсан юм. Нэрийг нь Л гэж байсан байх яг хэлж мэдэхгүй байна тэр эмэгтэй Төрийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа надад 10,000,000 төгрөг өгчих юм бол оруулж өгч чадна гэж ярьж байсныг нь сонсоод сэдэл авсан байсан юм. Тэр Лхагва гэх эмэгтэйтэй зааланд таараад л тэгж ярьж байсныг нь сонссон одоо тэр Л гэх эмэгтэйг танихгүй тэрнээс хойш таараагүй, тухайн үед утасных нь дугаарыг авч байсан боловч утсаа хаяад холбогдоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Тгийн өгсөн:

“...Миний бие Т нь хүргэн ах болох Б-ын найз Г-ийн хүү болох Дтай Нисэхэд 3 өрөө байр авахаар тохиролцоод урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 сая төгрөгийг Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах гэрээсээ интернет банкаар ... дугаарын данс руу, 7 дугаар сарын 16-ны өдөр 10 сая төгрөгийг тус данс руу Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төвд өөрийн 5068206418 тоот данснаас интернет банкаар шилжүүлсэн. Тэгээд би очиж үзье гэхэд одоогоор очиж үзэх боломжгүй гэж хэлээд байсан. 8 дугаар сарын 01-ний өдөр байранд оруулж өгнө хүн амьдраагүй байр гэж хэлсэн. Хүлээгээд байсан чинь хариу өгөхгүй байсан. Манай хүргэн ах залгаад яриад манай дүү авахаа больчихлоо гадаад явахаар больчихлоо гэж хэлээд мөнгөө авах гэтэл хүнтэй яриад мөнгө зохицуулаад аваад өгье гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 99006542 дугаарын утас нь холбогдохоо больсон фэйсбүүк хаягтаа бас орж ирэхээ болиод 9 дүгээр сарын дундуур фэйсбүүк хаягаа хаачихсан. Тэгээд цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Дийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сард хадам дүү Э-аас найз Г.Д  нь хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж байна гэж сонсоод түүнтэй уулзаж асуусан. Тэгтэл Д нь Нийслэлийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд 3 өрөө байранд оруулж өгөх боломжтой, та урьдчилгаа мөнгө болгож 10 сая төгрөг л өгчихвөл би бүтээж чадна, хэрэв мөнгөө шилжүүлэхээр бол М гэх хүний дансаар шилжүүлээрэй гэж хэлсэн. Энэ 10 сая төгрөгийн 5 саяыг нь хахууланд өгнө, харин 5 саяыг нь байрны урьдчилгаа мөнгө болгож өгнө гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Дт итгээд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Шонхор плазагийн нотариатын газарт Дтай зээлийн гэрээ байгуулж 6.800.000 төгрөгийг өөрийн 5041007207 дугаартай Хаан банкны данснаас 5154097635 дугаартай М гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Удалгүй 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрмэс төвийн гадаа зогсож байхдаа Дтай утсаар яриад мөн өөрийн данснаас дээрх М гэх нэртэй данс руу 3.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Д надад хэлэхдээ урьдчилгаа мөнгөө шилжүүлсний дараагаар түрээсийн орон сууцанд орохын тулд ойролцоогоор 2 сар хүлээнэ шүү гэсэн. Түүнээс хойш Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн фэйсбүүк группд байнга орж мэдээлэл авдаг байсан бөгөөд бүртгүүлсэн иргэд нь 2019 оны 12 дугаар сарын сүүл гэхэд байрандаа орж дууссан байсан. 2019 оны 11 дүгээр сараас хойш Д нь гар утсаа огт авахгүй байсан ба сүүлдээ гар утсаа салгаад таг чиг алга болсон. Эхнэр бид 2 Дыг ярихыг хүлээгээд л байсан. Д нь өнөөдрийг хүртэл огт холбоо барихгүй, гар утас нь холбогдохгүй, Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худал хэлээд сураг чимээгүй, ор сураггүй алга болсон учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Манай талийгаач найз Г- гэж байсны хүү Д над руу утсаар залгаад би ХУД- ийн Буянт-Ухаа 2 хороололд хямд үнээр 3 өрөө түрээсийн байр олж өгч чадна, сонирхох хүн байна уу гэж надаас асууж ярьсан. Тухайн үед манай хадам дүү Т байр хайж байсан болохоор энэ талаар Тд хэлээд Т бид хоёр Дтай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хоом плаза дэлгүүрийн гадна Дын машинд нь сууж байгаад уулзахад, Д Төрийн орон сууц корпорацийн түрээсийн Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд урьдчилгаа 20 сая төгрөг өгөх юм бол, ямар ч асуудалгүй 7 дугаар сарын 20-д гаргаад оруулж өгч чадна, баталгаатай найдвартай гэж хэлэхээр нь Т бид хоёр за найдвартай юм бол эргээд холбогдъё гэж хэлээд салсан юм.

Тэгээд Т гэрийнхэнтэй нилээд зөвлөлдөж ярилцаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 7 дугаар сарын 16-ны 10,000,000 төгрөгийг Дт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

- Хаан банк шилжүүлгийн мэдээлэл /хх-н 8-9/,

- Зээлийн гэрээ /хх-н 12,/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Д нь Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.Тгээс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 45-72 тоотоос 10,000,000 /арван сая/ төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны орчимоос 10,000,000 /арван сая/ төгрөг буюу нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

мөн Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Доос 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шонхор плаза төвд 6,800,000 /зургаан сая найман зуун мянган/ төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хермис худалдааны төвийн орчим 3,200,000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөг буюу нийт 10,000,000 /арван сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Дын “...Т над руу утсаар яриад би наад байранд чинь оръё гээд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг миний 4 настай охин Мгийн Хаан банкны 5154097635 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Би авсан мөнгөө ууж идээд дуусгачихсан.

...Д 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 6,800,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны 3,200,000 төгрөгийг мөн миний охин Мгийн Хаан банкны 5154097635 дугаарын данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Тгийн “...2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 сая төгрөгийг Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах гэрээсээ интернет банкаар 5154097635 дугаарын данс руу, 7 дугаар сарын 16-ны өдөр 10 сая төгрөгийг тус данс руу Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төвд өөрийн 5068206418 тоот данснаас интернет банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Дийн “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Шонхор плазагийн нотариатын газарт Дтай зээлийн гэрээ байгуулж 6.800.000 төгрөгийг өөрийн 5041007207 дугаартай Хаан банкны данснаас 5154097635 дугаартай М гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Удалгүй 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрмэс төвийн гадаа зогсож байхдаа Дтай утсаар яриад мөн өөрийн данснаас дээрх М гэх нэртэй данс руу 3.200.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Б-ын “...Т гэрийнхэнтэй нилээд зөвлөлдөж ярилцаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 7 дугаар сарын 16-ны 10,000,000 төгрөгийг Дт өгсөн...” гэх мэдүүлэг, Хаан банк шилжүүлгийн мэдээлэл, Зээлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Дыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Г.Дын үйлдлийн улмаас хохирогч Н.Тд 20,000,000 төгрөгийн, хохирогч Г.Дид 10,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Н.Т 2,500,000 төгрөг авсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс 27,500,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Тд 17,500,000 төгрөгийг, хохирогч Г.Дид 10,000,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.     

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Дыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 51 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 408 цагтай дүйцүүлэн хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 312 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даас 27,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Тд 17,500,000 төгрөгийг, хохирогч Г.Дид 10,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

   6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Шүүгдэгч Г.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ