| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0731/Э |
| Дугаар | 0774 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 0774
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
Улсын яллагч Ж.Отгончимэг,
Шүүгдэгч О...., түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Барган овогт ...ийн ...д холбогдох 2008000000988 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2001 оны 09 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хстод төрсөн 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, ээж, эгч, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Барган овогт ...ийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
О.... нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хилчин” хотхоны автобусны буудал дээр иргэн Б....ийн гар руу хумсний хуурайгаар хатгаж, нүүр лүү нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Б....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад найз ...гийн приус 20 маркийн машинтай нь 23 цагийн орчим явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны автобусны буудал дээр манай найз ... найзтайгаа уулзахаар тохирсон ба ... бид хоёр ...гийн найзыг хүлээгээд приус 20 маркийн машинд 21 дүгээр хороолол явдаг талын автобусны буудал дээр хүлээгээд байж байсан. Тэгтэл ... бас нэг танихгүй залуугийн хамт бид хоёр дээр ирээд юу байна гээд асуухаар нь бид хоёр юу байна гээд яриа үүсгэсэн. Тэггэл ... машинаас буугаад ...тэй юм яриад маргалдаад байсан. Би яг юу яриад маргалдаад байсныг мэдэхгүй байна. Тэгээд би машинаас буугаад чи одоо яагаад байгаа юм бэ? гээд ... дээр очтол ... гартаа барьсан хутга шиг жижиг зүйлээр миний зүүн гарыг хатгачихсан. Тгэээд ... миний нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгтэл хажуу талаас ..., ... бид хоёрыг салгасан. Тэгээд би ...гийн хамт машинд нь суугаад эхлээд гэр рүүгээ яваад гэртээ ороод хартал миний гарнаас цус гарч байсан тэгэхээр нь би гараа хүйтэн усаар угаагаад буцаад гэмтлийн эмнэлэг орж зүүн гарын гадна талд 2 дотор талд 6 оёдол тавиулсан. ...Би ...тэй эвлэрчихсэн. Надад ...эс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 7 х/,
2.Шүүгдэгч О....ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг 2020 оны 05 дугаар сарын 21-ний оройн 23 цагийн үөд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хилчин” хотхоны автобусны буудал дээр иргэн Б....ийн гар луу хумсны хуурайгаар хатгаж, нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авах гэж байгааг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна аа. Би 2020 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед би найз ...гийн хамт 7 дугаар хорооны автобусны буудлаас Хилчин хотхон руу алхаад явж байтал хохирогч болох ... гэх хүн миний өмнө нь найзлаж байсан залуу өөрийн найз ... гэх залуугийн саарал өнгийн приус 20 маркийн машин дотроо цонхоо онгойлгосон байдалтай Хилчин хотхон 21 дүгээр хороолол явдаг автобусны буудлын харалдаа зогсож байсан. Тэгэхээр нь ... бид хоёр тэр хоёр дээр очоод юу байна гэж ... бид хоёр ..., ... нараас асуусан. Тэгтэл ... машинаас бууж ирээд “хөөе чи яагаад байгаа юм бэ?” гээд над руу алхаад ирэхээр нь би ... намайг зодох нь гэж бодоод би тухайн үед барьж байсан хусны хуурайгаар ...ийн зүүн гар руу нь хатгачихсан. Тэгээд би ...ийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл ... намайг боль боль гээд татсан чинь ...ийг ... боль гээд салгасан. Тэгээд би салаад ...ийг хартал гарнаас нь цус гарч байсан. Тэгээд би заа уучлаарай гээд салаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч О....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 21-ний өглөө унтаж байгаад ажилдаа яваад ажилаа тараад 23 цагийн үед ...ийн хамт харих гээд явж байгаад ... бид 2 миний машины мп тоглуулагчыг очиж үзүүлэх гээд явж байсан. Тэгээд очиж үзүүлчихээд ... бид хоёр Хилчин хотхоны 21 дүгээр хороолол явдаг автобусны буудал дээр машин дотроо байж байтал ... ба нэг танихгүй залуугийн хамт хүрч ирээд юу байна гээд яриа өдсөн. Тэгээд байж байтал би машинаас бууж ирээд ... намайг тодорхой шалтгаангүй надтай маргалдаад байсан. Тэгтэл ... машинаас бууж ирээд хөөе яагаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь ... маргалдаад байхаар нь би ...гийн хамт ..., ... нарыг салгаад ...ийг холдуултал ...ийн зүүн гарын алганы дотор тал нь цус болчихсон байхаар нь би өөрийнхөө машины элгэн алчуураар ...ийн гарыг боож өгөөд гэр рүү нь явсан. Тэгээд очиж зүүн гар дээр нь хүйтэн ус гоожуулаад цусыг нь цэвэрлэх гэтэл мах нь гараад ирсэн байхаар нь би ...ийг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х /,
4.Гэрч Б....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 21-ний оройн 23 цагийн үед ...тэй хамт Хилчин хотхоны призир дээр хүнтэй уулзахаар явж байтал замд буюу Хилчин хотхоны 21 дүгээр хороолол явдаг автобусны буудал дээр ... бас нэг найзын хамт машин дотор сууж байсан. Тэгтэл ... очоод ... бууж ирээд тэр хоёр юм яриад маргалдаад байсан. Тэгтэл ... ...г нэг удаа гар руу цохих шиг болсон би тэрийг сайн хараагүй ээ. Тэгтэл машинаас нь нэг найз нь гээд танихгүй хүүхэд бууж ирээд хөө чи яагаад байгаа юм бэ? ална шүү гээд ... рүү орилоод очсон. Тэгтэл ... тэр танихгүй хүүхэдтэй маргалдаад байсан. Тухайн үед намайг харахад ... тэр танихгүй залуугийн нүүр рүү нь ямар ч байсан нэг цохиж байсан. Тэгээд би ...гийн хамт очоод салгасан чинь ... тэр танихгүй хүүхдийг наад гарнаас чинь цус гараад байна гээд хэлэхээр нь би тэр танихгүй залуугийн гар руу нь хартал цус гарч байсан. Тэгтэл ... машинаасаа элгэн алчуур авчираад тэр танихгүй хүүхдийн гарыг боож өгөөд машиндаа суугаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 13 х /,
5.Шинжээчийн 6181 тоот дүгнэлт
1.Б....ийн биед зүүн сарвуунд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир үзүүртэй бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаална.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 18 х/,
6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 24 х/
7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21 х/
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 27 х/
9.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 28 х/
10.Хохирогчийн гомдол саналгүй, хохирлоо авсан тухай бичгээр гаргасан баримт /хх 53 х/ зэрэг болно.
Шүүгдэгч О.... нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хилчин” хотхоны автобусны буудал дээр иргэн Б....ийн найзтай маргалдан улмаа Б.... найзыгаа өмөөрч түүн рүү дайрах үед гар руу нь хумсний хуурайгаар хатгаж, нүүр лүү нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б....ийн “... би машинаас буугаад чи одоо яагаад байгаа юм бэ? гээд ... дээр очтол ... гартаа барьсан хутга шиг жижиг зүйлээр миний зүүн гарыг хатгачихсан. Тэгээд ... миний нүүр рүү гараараа цохиод авсан. ...” гэх мэдүүлэг /хх 7 х/,
Шүүгдэгч О....ийн “... ... намайг зодох нь гэж бодоод би тухайн үед барьж байсан хумсны хуурайгаар ...ийн зүүн гар руу нь хатгачихсан. Тэгээд би ...ийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч О....гийн “... ..., ... нарыг салгаад ...ийг холдуултал ...ийн зүүн гарын алганы дотор тал нь цус болчихсон байхаар нь би өөрийнхөө машины элгэн алчуураар ...ийн гарыг боож өгөөд гэр рүү нь явсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х /,
Гэрч Б....гийн “...Тухайн үед намайг харахад ... тэр танихгүй залуугийн нүүр рүү нь ямар ч байсан нэг цохиж байсан. Тэгээд би ...гийн хамт очоод салгасан чинь ... тэр танихгүй хүүхдийг наад гарнаас чинь цус гараад байна гээд хэлэхээр нь би тэр танихгүй залуугийн гар руу нь хартал цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13 х /,
Шинжээчийн 6181 тоот дүгнэлт
1.Б....ийн биед зүүн сарвуунд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир үзүүртэй бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаална.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 18 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Шүүгдэгч О.... нь хохирогч Б....ийн биед зүүн сарвуунд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч О.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Б.... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 53 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: О....дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.
О....ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэхэд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Барган овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....ийг 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин ... болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг О....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О....д мэдэгдсүгэй.
5.О....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ... болтол О....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ