Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 16

 

                      

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь суманд байрлах, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь сумын төсөвт байгууллагуудын хоол хүнсний материал нийлүүлэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдох,

Өмнөговь сумын үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дугаартай сонгон шалгаруулалтын тухай шийдвэрийн Өмнөговь сумын 1-р ахлах сургуулийн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 7 дугаар багц буюу “Үдийн цай” хөтөлбөр багцад “С” ХХК-ийг сонгон шалгаруулсан хэсгийг хүчингүй болгож, 7-р багцад дахин сонгон шалгаруулалт явуулахыг Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хороонд даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Б.Т,түүний өмгөөлөгч Ө.Н, хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хороог төлөөлөн дарга Ш.Л,гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ө,түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Д” ХХК-ийг төлөөлөн захирал Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай "Д" ХХК-нь Увс аймгийн Өмнөговь сумын тендерийн хорооноос 2018 оны 3 сарын 29-ний өдөр зарласан тус сумын 1-р ахлах сургуулийн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 5, 7 дугаар багцад тендерийн материал өгч оролцсон бөгөөд Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хороо 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, тендерийг сонгон шалгаруулсан юм.

Уг тендерийн 7 дугаар багц буюу Ахлах сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт манай компани, "С" ХХК хоёр оролцсон бөгөөд Өмнөговь сумын Үнэлгээний хорооноос "С" ХХК-ийг  сонгон шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Өмнөговь сумын "С" ХХК-нь талх, нарийн боов, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, сүүлийн 2 жилийн хугацаанд Өмнөговь суманд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг сумын ард иргэд сайн мэддэг. Гэтэл уг тендерийн 7 дугаар багцыг шалгаруулахдаа талх, нарийн боов, хүнсний чиглэлээр сумандаа олон жил тогтмол үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээрээ сумын ард иргэддээ танигдсан манай компанид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, тэр дундаа 10.1.3, 10.1.4-д заасан давуу эрх олгоогүй, Сааль шим ХХК-нь үдийн цай хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй, талх, нарийн боов үйлдвэрлэх ажлын байргүй, бүтээгдэхүүн нийлүүлэх эх үүсвэргүй компанийг шалгаруулсан нь хууль бус гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.1-д "Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тендерт оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан үзүүлэлтүүдээр хянаж магадлана" гэж заасан бөгөөд "С" компанийн ерөнхий, санхүүгийн техникийн чадавх болон туршлагыг мөн хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан үзүүлэлтүүдээр магадлахгүйгээр шалгаруулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Өмнөговь сумын Үнэлгээний хороон нь Төрийн болон орорн нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 52 зүйлийн 52.1.12 болон 52.2 хэсгийг үндэслэн гаргасан. Сангийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 19 ны 84-р тушаалыг зөрчсөн. Учир нь тенлер сонгон шалгаруулалтыг цахим системэр зарлаагүй байсан..  тендер сонгон шалгаруулатын зарыг Орон нутгийн facebook хаяг дээр тавьсан байсан. Би уг мэдээлэлийг мэдээгүй бөгөөд хугацаа тендерийн материалаа 2 хонгийн өмнө бүрдүүлж өгсөн байгаа. Тухайн тендер зарлагдаж байхад би Улаанбаатар хотод яваад ирсэн. Намайг ирэхэд хүмүүсийн ам дамжсан яриагаар сургуулийн үдийн цайны тендерийг З.Ө-д өгөхөөр болсон  гэж ярьж байсан.  Өмнөговь сумын Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд 7 гишүүн байдаг ба эдгээрээс гурван гишүүн нь худалдан авах ажиллагааны чиглэлээр А-3 сертификаттай бусад гишүүн нь худалдан авах ажиллагааны чиглэлээр үнэлгээний хороонд ажиллах эрхгүй хүмүүс байсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар үнэлгээний хорооны ажилчид худалдан авах чиглэлээр мэргэшсэн байна гэдэг заалыг зөрчисөн. Мөн хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн. Үүнд тендерт оролцогчдын санхүүгийн тайлан, мөнгөн гүйлгээ, үйлчилгээ явуулах ажлын байрыг авч үзээгүй. Тендерт оролцогч “Сааль шим” ХХК д  санхүүгийн тайлангаас үзэхэд үйл ажиллагаа явуулдаггүй, хүнсний чиглэлээр үйлдвэрлэл явуулах ажлын байр гэж байхгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.3.2-д заасныг зөрчсөн. Тендерийн гишүүд болон тендерт оролцогчид хоорондоо ах дүү хамаатан садан байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас Өмнөговь сумын Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн”Сааль шим” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, 7 дугаар багцад дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарсан. Мөн Үнэлгээний хорооны 2018 оны 4 сарын 5-ны өдрийн “С” ХХК-тай гэрээ байгуулах тухай 01 тоот шийдвэрийн багц-7д хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү”гэв.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                         “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Өмнөговь сумын Үнэлгээний хорооны гишүүд хоорондоо ах дүү хамаатан садангийн хүмүүс байсан. Миний үйлчлүүлэгч “Д" ХХК нь орон нутагтаа олон жил хүнсний чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан туршлагтай аж ахуйн нэгж юм. Нэхэмжлэгч нь 5 дугаар багцад өрсөлдөгчгүй оролцож шалгарсан. “Д” ХХК-нь урд өмнө нь сургуулийн үдийн цайг нийлүүлж байсан ба бүтээгдэхүүн нийлүүлж байх үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Мөн тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй хүмүүс байсан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү”гэв.

Хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хороог төлөөлөн дарга Ш.Л шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо нь үнийн санал авах урилга дээр дотоодын давуу эрх тооцохгүй гэж заасан учраас орон нутагт нарийн боовны үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-д давуу эрх олгоогүй. “С” ХХК-нь үдийн цай хөтөлбөрт нийлүүлэх талх, нарийн боовыг Увс хүнс ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ ирүүлсэн байсан.

“Д” ХХК-ийн харилцагч банкны тодорхойлолт нь он, сар, өдөргүй, түүний шинжилгээний бичиг нь он, сар, өдөр нь тодорхойгүй, чацаргана нийлүүлэхээр хийсэн иргэн Л.Р-ийн чацарганы шинжилгээний бичиг нь 2015 оныхоор байсан. Харин “С” ХХК нь тараг, сүү, чацарганы цэвэр шүүсийг 2018 оны 04 сарын 03-ны өдрийн шинжилгээний бичигтэй ирүүлсэн байсан. “Д” ХХК нь Ахлах сургуультай ажил гүйцэтгэсэн гэрээ ирүүлсэн боловч он, сар, šдšргœй, байгууллагын даргын гарын œсэг, тамга тэмдэггœй байсан. Үнэлгээний хорооны гишœœд бœгд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл хуудсыг бөглөж тендерт оролцохдоо ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн. Тендерт оролцогч ААН-үүд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 32 минутаас 09 цаг 52 минутын хооронд материалаа Санхүү албаны даргын өрөөнд ирүүлсэн. Уг тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутанд нээсэн болно. Үнэлгээний хороо үдийн цай багцад материал ирүүлсэн 2 аж ахуйн нэгжийн материалыг харьцуулахдаа үдийн цайны цэсийг шалгаруулах нэг үндэслэл болгосон. “Д ХХК нь байнгын өгөх 2 долоо хоногийн цэсэнд тараг байхгүй, боломжит буюу улирал харгалзан олгох цэсэндээ тараг оруулсан “С” ХХК нь байнгын 2 долоо хоногийн цэснийхээ 1 долоо хоногт нь тараг тогтмол оруулсан байсан. Өмнөговь сумын үнэлгээний хороо нь түр байгуулагддаг, цалин хөлс байхгүй манай үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн сертификаттай 3 хүн байгаа. Зарим гишүүд сургалтанд хамрагдсан боловч сертификатаа авч чадаагүй байсан. Үнэлгээний хороо тендер сонгон сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийлүүлэх бүтээгдэхүүний чанар, орцыг илүү анхаарсан. “Д” ХХК нь Өмнөговь суманд зарлагдсан тендерүүдэд бүгдэд нь оролцдог гэж хэлэхэд болно. Үнэлгээний хороо “Д” ХХК-ийг зарим тендерүүдэд сонгон шалгуулж байсан тохиолдол бий,мөн зарим сонгон шалгаруулалтад тэнцэхгүй гэдгийг хэлээд гаргаж байсан тохиолдол ч байгаа. Үнэлгээний хороо сургуулийн үдийн цай хөтөлбөрийг сонгон шалгаруулахдаа хүүхдүүдийн төлөө гэж сонголтоо хийсэн. Өмнө нь зарим хүүхдийн эцэг эхийн төлөөллөөс сургуулийн үдийн цайны боовыг хүүхэд идэхгүй байна гэх мэдээллийг өгч байсан. Үнэлгээний хорооны гишүүдийг сумын Засаг дарга томилдог ба үнэлгээний хорооны гишүүд хуралдаж хамтын шийдвэр гаргасан. Иймд нэхмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ө шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь юуны өмнө "С" компанийг талх, нарийн боов, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, сүүлийн 2 жилийн хугацаанд Өмнөговь суманд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэжээ. "С" компани нь үйл ажиллагаа явуулаад 18 жил, аж ахуйн нэгжийн зохион байгуулалтанд ороод 10 жил болж байгаа бөгөөд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа болно.

"С" компаний хувьд сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнийг өөрөө үйлдвэрлэдэг бөгөөд жимс, жимсгэнэ тариалалтын 5 га газартай, сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүнсэнд хэрэглэж болох тусгай зөвшөөрөлтэй, шинжилгээнд тогтмол хамруулж нийтэд худалдаалдаг.Өмнөговь сумынхаа хэмжээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог ба медальт байранд шалгарч байсан туршлагатай компани юм. Хэдийгээр "Д" ХХК нь сумандаа талх, нарийн боов үйлдвэрлэдэг энэ нь бидний давуу тал гэж маргаж байгаа боловч "Үдийн цай" хөтөлбөр нь зөвхөн гурилан бүтээгдэхүүнээр үйлчлэх биш хүүхдийн өдөр тутмын нэг удаагийн өгөгдөх хүнсний бүтээгдэхүүний илчлэг, тэжээллэг чанарыг харгалзсан байх шаардлагатай байдаг. Бид энэ байдалд түлхүү анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь зүйтэй юм байна гэдэг үүднээс үдийн цайны цэсээ боловсруулсан. Бидний хувьд сүү, сүүн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг, жимс, жимсгэнээ өөрсдөө тариалж боловсруулж байгаа нь "Д" ХХК-иас давуу юм. Гурилан бүтээгдэхүүний хувьд өөрсдөө үйлдвэрлэдэггүй ч гэсэн илүү чанартай гэдэг үүднээс Увс аймагтаа төдийгүй Монгол улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ танигдсан үндэсний үйлдвэрлэгч, тэргүүлэгч компани болох "Увс Хүнс" компанийг сонгож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ нь мөн бидний давуу тал юм. Манай компани "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш сурагчид болон эцэг, эхийн зүгээс гурилан бүтээгдэхүүний амт, чанар сайжирсан гэсэн талархлыг хүлээгээд байна. Өмнөговь сумын Үнэлгээний хороо нь тендер сонгон шалгаруулахдаа хууль, журмын дагуу ажилласан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дараагийн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-д заасан давуу эрхийг олгоогүй гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараах этгээдэд давуу эрх олгож болно" гэсэн байх бөгөөд энэ нь тухайн давуу эрхийг заавал олгох ёстой гэсэн ойлголт биш юм. Түүнчлэн хариуцагчийн зүгээс "Үнийн санал авах урилга" дээрээ дотоодын давуу эрх тооцох эсэх гэсэн хэсэгт "үгүй" гэсэн байх ба "Дулаахан намир" ХХК нь тендерт оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажиг үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-д заасан давуу эрхийг эдлэхгүй гэдгээ мэдсэн байна. Тэгсэн атлаа манай компани дээрх үндэслэлээр давуу эрх эдлэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үнийн санал авах урилга дээр дотоодын давуу эрх тооцохгүй гэсэн байсан учир "С" ХХК нь "Увс хүнс" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж тендерт оролцсон болно. Нэхэмжлэгчийн зүгээс намайг Үнэлгээний хорооны дарга, гишүүдтэй хувийн ашиг сонирхолтой мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Манай эхнэр Ц нь Үнэлгээний хорооны гишүүн А-тай садан төрлийн холбоотой, Гэхдээ А “С” ХХК-ийн захирал П-тэй хамаатан садан гэж бодохгүй байна. Тендерийн хувьд энэ жил “Сааль шим” ХХК-ийн нэр дээр тендерт оролцохоор хамтран ажиллан,бие төлөөлөгчөөр ажиллах болж материалаа өгсөн. Би үүнээс өмнө 2012 нд “Б” гэдэг ХХК –тай байхдаа сургуулийн үдийн цай хөтөлбөрийг авч хэрэгжүүлэн нэхэмжлэгч Б.Т-тэй хамтран ажиллаж байсан.

Дараагийн тендер болоход Т нь өөрийн биеэр гуйж байсан. Эгч нь өртэй байна, үдийн цай хөтөлбөрийг надад өгөөч гэж хэлж байсан учир манай компани оролцоогүй.Түүнээс хойш хоёр гурван жил тендерт оролцоогүй.Компани маань үйл ажиллагаа явуулахгүй, би мал маллаж байсан учраас компанийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болж компаниа татан буулгасан.Манай эхнэр тогооч мэргэжилтэй бөгөөд ажилгүй гэрт байхаар үдийн цайны тендерт оролцох тухай бодож байтал Солонгосоос ирээд 2-3 хонож байсан П ах тааралдсан.Би үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцох гэтэл заавал аж ахуйн нэгжтэй байх шаардлагатай болсон байна.Би компаниа татан буулгасан байгаа гэсэн чинь Пүрэвсүрэн ах намайг манай компаний бие төлөөлөгч болоод манай компаний нэр дээр үйл ажиллагаа явуулж болно гэсэн.Тэгээд материалаа бүрдүүлээд тендерт орсон юм. Би тендерийн хорооны дарга нартай яриад би энэ тендерийг авна шүү гэээд урьдчилж ярьсан ямарваа нэг зүйл огт байхгүй.Тендерийн хороонд ямар хүмүүс ордогийг ч би мэдэхгүй.Тендер хууль журмынхаа дагуу явагдсан гэж үзэж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Гуавадагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байр суурийг дэмжиж орорлцож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 1-р ахлах сургуулийн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 7 дугаар багц буюу "Үдийн цай" хөтөлбөр багцад Өмнөговь сумын "С" ХХК-ийг сонгон шалгаруулсан Өмнөговь сумын үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 05 ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, 7-р багцад дахин сонгон шалгаруулалт явуулаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад Өмнөговь сумын Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ямар шийдвэрийг хүчингүй болгуулах нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж мэтгэлцэх ёстой байсан. нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа тодорхой үндэслэл гаргаж чадаагүй. “Сааль шим” ХХК-ийг  сонгон шалгаруулсан нь үндэслэлгүй, Д ХХК-д давуу эрх олгох ёстой байсан гэж тайлбарлан маргаж байгаа. Өмнөговь сумын Үнэлгээний хорооноос зарласан тендерийн урилга дээр давуу эрх олгохгүй гэдгийг дурдсан байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн давуу эрх олгоогүй гэж тайлбарласан нь буруу байна. Нэхэмжлэгчийн зүгээс Үнэлгээний хороо нь зөв шийдвэр гаргасангүй гэж маргаж байгаа. Тэгвэл үнэлгээний хорооноос 1-р ахлах сургуулийн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 5 дугаар багцад шалгарсан нь хууль ёсны шийдвэр гэж хүлээн зөвшөөрч байна гээд байж болохгүй. “С ХХК”, “Д ХХК” тендерийн 7-р багцад өрсөлдөхдөө цэс гаргаж өрсөлдсөн байгаа. “С” ХХК-ийн давуу тал нь Сүү, сүүн бүтээгдэхүүнээ өөрөө боловсруулдаг, Жимс жимсгэнээ өөрсдөө тариалдаг. Иймд “С” ХХК”давуу талтай юм. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Монгол улсын хэмжээнд үйл ажиллгаа явуулдаг “Сааль шим” ХХК-ийн бас нэг давуу тал нь UFC групптэй хамтран гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа. Тендер сонгон шалгаруулалтын  ажиллагаанд тэгш эрхийн зарчим зөрчигдөөгүй байна. Үнэлгээний хорооны гишүүдийн дотоод итгэлээрээ үнэлж дүгнэсэн сонгон шалгаруулалтад манай компанийг шалгаруулсангүй гэж маргах боломжгүй.Энэ нь хуулиараа эрх нь олгогдсон үнэлгээний хорооны эрх хэмжээний асуудал байгаа.Шалгаруулалтыг ингэж үнэлэх ёстой байсан гэсэн байдлаар шүүх хянах боломжгүй.Харин тендер сонгон шалгаруулалтын ажиллагааны журам зөрчигдсэн юм уу,эсвэл яг ижил нөхцөлд тэгш бус хандаад байгаа юм уу гэдгийг шийдэх ёстой.

Үнэлгээний хорооны гишүүн Амгалан яг тендерт оролцогч” Сааль шим” ХХК-ийн захирал Пүрэвсүрэн, төлөөлөгч Цэцэгээ нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2-т заасан хязгаарлалт хамааралгүй хүмүүс байна.Хуулиар нэрлэгдсэн нэр томьёо байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмын дагуу тендер сонгон шалгаруулалт явагдсан.

Нэхэмжлэгч үнэлгээний хороог мэргэшээгүй байна гэсэн.Үнэхээр мэргэшээгүй үнэлгээний хороо ажилласан юм бол яагаад зөвхөн 7-р багцыг хүчингүй болгуулах гээд бай гаа юм бэ,энэ хороо 1-7 дугаар багцад үнэлгээ хийж ажилласан байгаа.Яагаад өөрийнх нь ялсан тендерийн хувьд тэр хүмүүс боломжтай байгаад байдаг юм бэ.

Нэхэмжлэгч тендерийн урилгыг цахим сүлжээнд байршуулаагүй гэж маргадаг.Цахим сүлжээнд байршуулаагүйгээс  болж нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй.

Иймд нэхэмжлэлийг хэргэсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв”гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Дулаахан намир“ ХХК-иас Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хороонд холбогдуулан Өмнөговь сумын үнэлгээний хорооны Өмнөговь сумын 1-р ахлах сургуулийн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тендер шалгаруулалтын 7-р багцад “Сааль шим” ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр,  үнэлгээний хорооны  2018 оны 4 дүгээр сарын 5-ны 01 дугаартай тендерийн 7 дугаар багц буюу “Үдийн цай” хөтөлбөр багцад “Сааль шим” ХХК-тай гэрээ байгуулах тухай шийдвэрийг  хүчингүй болгож, 7-р багцад дахин сонгон шалгаруулалт явуулахыг Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Өмнөговь сумын үнэлгээний хорооны Өмнөговь сумын 1-р ахлах сургуулийн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тендер шалгаруулалтын 7-р багцад “Сааль шим” ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулсан бөгөөд 7-р багцын сонгон шалгаруулалт болон ,  үнэлгээний хорооны тендерийн 7 дугаар багц буюу “Үдийн цай” хөтөлбөр багцад “Сааль шим” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон  2018 оны 4 дүгээр сарын 5-ны 01 дугаартай шийдвэрийг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн болно.

            Гуравдагч этгээд “С” ХХК нь захиалагчтай гэрээ байгуулсан,нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч,түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд,түүний өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг         “тендерийн 7-р багцыг шалгаруулахдаа манай компанид давуу эрх олгоогүй,бүтээгдэхүүн нийлүүлэх эх үүсвэргүй компанийг шалгаруулсан,”С” ХХК-ийн ерөнхий,санхүүгийн техникийн чадавх болон туршлагыг магадлаагүй,үнэлгээний хорооны гишүүн Амгалан ашиг сонирхлын зөрчилтэй байхад гишүүнээр ажилласан,үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагаагаар мэргэшээгүй,тендерийг цахим системээр зарлаагүй” гэж тодорхойлжээ.

            Хариуцагчийн зүгээс” бид тендерийн бичиг баримтандаа давуу эрх олгоогүй,дулаахан намир ХХК-ийн шинжилгээний бичиг баримт зөрчилтэй байсан,үнэлгээний хорооны гишүүд бүгд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээд,түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцсон болно.

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн А/04 дугаартай захирамжаар сумын төсөвт байгууллагуудын хоол хүнсний материал нийлүүлэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж,сонгон шалгаруулалтыг холбогдох хууль журмын дагуу бэлтгэл зохион байгуулалт сайтайгаар чанартай явуулахыг үнэлгээний хороонд даалгажээ.

Үнэлгээний хороо 2018 оны 03 сарын 28-ны өдөр тендерийн бичиг баримтыг боловруулж сумын ахлах сургуулийн хүүхдийн хоол,хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг 7 багцаар зарлажээ.

 Зарлагдсан тендерт 2018 оны 4 сарын 5-ны өдөр нийт 8 тендерийн материалыг үнэлгээний хороо хүлээн авч,тендерийн нээлтийг хийсэн байна.

Тендерийн 7-р багцад “С” ХХК болон “Д” ХХК-ууд материал ирүүлсэн байх ба хэрэгт баримтаар авагджээ.

Өмнөговь сумын үнэлгээний хороо тендерт ирүүлсэн материалуудыг хянан үзээд      багц-7 буюу сургуулийн сурагчдын үдийн цайны тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан нь үнэлгээний хорооны 2018 оны 4 сарын 5-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх ба  2018 оны 4 сарын 5-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр 7-р багцад” С” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож,гэрээ байгуулахыг сумын ахлах сургуулийн захиралд даалган,2014 оны 4 сарын 12-ны өдрийн дотор хариуг мэдэгдэхийг хүссэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14-16 дугаар зүйлүүдэд заасан журмыг зөрчсөн” гэж үзсэн үндэслэлийн талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж,шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий,санхүүгийн,техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана” гэж 14 дүгээр зүйлд ерөнхий нөхцлийг магадлах,15 дугаар зүйлд санхүүгийн чадавхийг үнэлэх,16 дугаар зүйлд техникийн болон туршлагыг үнэлэх талаар зохицуулжээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:

27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;

27.1.2.техникийн тодорхойлолт;

27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага

гэж заасан ба хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус зохицуулсан байна.

Өмнөговь сумын үнэлгээний хорооны тендерийн баримт бичигт тусгагдсан тендерт оролцогсдод өгөх зааварчилгааны 1.1-д “тендерт оролцогч нь “ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл буюу тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна гэжээ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1.1-д арван хоёр төрлийн баримтыг ирүүлэхийг шаардсан ба үүний дотор аж ахуйн нэгжийн 2017 оны санхүүгийн тайлан,сүүлийн 1 жилийн туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн бол гэрээний дүгнэлт, хуулбарын хамт/, нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолтыг ирүүлэх /аж ахуйн нэгжийн нэр дээр 1 буюу түүнээс дээш хүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх/ шаардлагыг тавьжээ.

       Гуравдагч этгээд “С” ХХК-ийн  тендерт ирүүлсэн баримтаас үзэхэд тус компанийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулаагүй,санхүүгийн жил тодорхойгүй байх ба санхүүгийн тайлангийн эцсийн үлдэгдэл дэх тоон дүнг үзэхэд борлуулалтын орлого 0,мөнгөн гүйлгээний тайлангийн мөнгөн орлого,зарлагын дүн 0,нийгмийн даатгалын байгууллагад төлсөн зардал 0 байна.

       Үүнээс үзэхэд “С” ХХК нь сүүлийн 1 жилд үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байх ба “Сааль шим” ХХК-ийн нэр дээр ажилтан ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байна.

Мөн “С” ХХК-ийн баримтанд З.Ө, Д.Ц нар нь сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх холбогдох байгууллагын тодорхойлолт авагджээ.

“С” ХХК-ийн ирүүлсэн баримтын танилцуулга хэсэгт 2013 онд сургуулийн дотуур байрны хүүхдийн “Хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлж байсан, 2008 онд сумын сургуулийн үдийн цай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан талаар дурдсан боловч 2013-2014 онд ахлах сургуулийн “Үдийн цай”  хөтөлбөрийг БАТӨСҮ ХХК нь /захирал Д.Ц хэрэгжүүлсэн талаарх Өмнөговь сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 2018 оны 16 дугаартай тодорхойлолт хавсаргасан байна.

Иймд “С” ХХК-ийн ирүүлсэн баримт нь  тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

       Хариуцагч Өмнөговь сумын үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичигт багц-7 буюу сургуулийн сурагчдын ”Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад баримтлах техникийн тодорхойлолтыг боловсруулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д үнэлгээний хороо техникийн тодорхойлолтыг бэлтгэх чиг үүрэгтэй байхаар заасныг, мөн хуулийн 11 дүгээр зүйлд техникийн тодорхойлолт ямар шаардлага хангасан байх талаар хуульчилсныг зөрчсөн байна.

      Техникийн тодорхойлолт байхгүйгээс захиалагч “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүн нийлүүлэлтийг захиалсан эсэх, эсвэл тендерт шалгарсан аж ахуйн нэгж өөрийн үйлдвэрлэлийн байранд “Үдийн цай” –г бэлтгэж боловсруулан сурагчдад шууд үйлчлэх эсэх нь тодорхойгүйн дээр ямар төрлийн бүтээгдэхүүнийг ямар стандартаар хэдий хэмжээний санхүүжилтийн хүрээнд худалдан авах нь тодорхой биш байна.

         Өөрөөр хэлбэл, үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзэх боломжгүй болсон байхад сонгон шалгаруулалтад баримт,материалаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тендерийг  “шаардлагад нийцсэн тендер “ гэж үзсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “тендерийг цахим хуудсаар зарлан мэдээлээгүй, тендерийн зарыг тендер нээхээс 2 хоногийн өмнө мэдсэн ” гэх үндэслэлийн талаар:

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин,хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж мөн хуулийн 21.4-д тендерийн урилгыг энэ хуулийн 52.1.12-т заасан веб хуудсанд байрлуулахаар заажээ.

         Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 4 сарын 19-ний өдрийн 84 дугаартай тушаалаар “Цахим хуудаст худалдан авах ажиллагааны төлөвлөгөө,тендерийн урилга,үр дүнг зарлан мэдээлэх журам”-ыг баталсан байх бөгөөд захиалагч байгууллага журмын дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөө,тендер шалгаруулалтын урилга,үр дүнг мэдээлэхээр заасан байна.

         Өмнөговь сумын үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг 2018.03.28-ны өдөр боловсруулсан байх ба тендерийг урилгад тендерийн баримт бичгийг tender.gov.mn tender.gov.mn сайтаас авч болохыг заажээ.

      Тендерийн урилгыг 2018.03.29-ний өдөр сумын Facebook группт байршуулсан мөн орон нутгийн телевизээр мэдээлсэн талаар үнэлгээний хорооны гишүүн Амгалан мэдүүлсэн ба хариуцагч мөн адил тайлбарыг гаргасан бөгөөд урилгыг tender.gov.mn цахим системээр зарлаагүй талаар Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас тодорхойлжээ.

       Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д нээлттэй сонгон шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Үнэлгээний хорооны гишүүн Н.А ашиг сонирхлын зөрчилтэй буюу “С” ХХК-ийн захирал Д.Пүр, гүйцэтгэгч Д.Ц нартай ах дүүгийн холбоотой байхад үнэлгээний хороонд ажилласан” гэх үндэслэлийн талаар:

       Өмнөговь сумын Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Н.А нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ Д.Ц бид 2 төрсөн ах дүү нарын хүүхдүүд юм.Д.П-ийн аав манай аав 2 ах дүү нар боловч П-ийн аав Д нь Б гэдэг айлд үрчлэгдсэн байдаг тул ах дүүгийн холбоогүй явдаг.Д.Ц “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан биш юм” гэсэн мэдүүлгийг өгчээ.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2-д үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх,хадам эцэг,эх,эхнэр,нөхөр,ах,эгч,дүү,хүүхэд биш байх шаардлагыг хангасан байхаар заасан ба Н.А хувьд хуульд заасан энэхүү хязгаарлалтад хамаарахгүй байна.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийн талаар:

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэж заасан байх ба Сангийн сайдын 2014 оны 9 сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалын 2-р хавсралтаар “ Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх,гэрчилгээ олгох журам”-ыг баталсан байна.

    Өмнөговь сумын Үнэлгээний хороны гишүүдийн хувьд үнэлгээний хорооны дарга Ш.Л, Ц.Л, Б.Б нар худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байна.

      Хариуцагчийн зүгээс Өмнөговь суманд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан хүн цөөн,зарим хүний гэрчилгээний хугацаа дууссан,зарим нэгнийх нь гэрчилгээ ирээгүй байгаа зэрэг нөхцөл б айдал байгаа талаар тайлбар гаргасан болно.

         Хэдийгээр үнэлгээний хорооны гишүүд нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байхаар хуульд заасан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг дарга захирамжаараа үнэлгээний хороог байгуулсан, уг захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул үнэлгээний хорооны гишүүд мэргэшээгүй тул тендер хүчингүй болно гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

      Түүнчлэн үнэлгээний хорооноос баталсан үнийн санал авах урилгад дотоодын давуу эрх тооцохгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн “ олон жил талх нарийн боовны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулсан манай компанид давуу эрх олгоогүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.

        Дээр дурдсан дүгнэлт,үндэслэлүүдээр хариуцагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хуульд заасан журмыг зөрчиж  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагааны ил тод,өрсөлдөх тэгш боломжтой,хариуцлагатай байх зарчмуудыг алдагдуулсан байна.

       Хэдийгээр үнэлгээний хороо өөрийн эрх хэмжээний хүрээнд тендерийг хянан үзэж сонгон шалгаруулах эрхтэй боловч шүүхийн зүгээс маргааныг хянан үзэхдээ үнэлгээний хороо нь тендер шалгаруулах ажиллагааны журмыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэв.

        Иймд нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1,27.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хорооны 2018 оны 04 сарын 05-ны өдрийн сумын ахлах сургуулийн хүүхдийн хоол,хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер шалгаруулалтын багц-7 буюу Үдийн цай хөтөлбөрт “С” ХХК-ийг сонгон шалгаруулсан тендер шалгаруулалт болон Өмнөговь сумын үнэлгээний хорооны 2018 оны 4 сарын 05-ны өдрийн 01 дугаартай албан бичгийн багц-7 буюу Үдийн цай хөтөлбөрт “Сааль шим” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай хэсгийг тус тус хүчингүй болгож,Багц-7 буюу Үдийн цай хөтөлбөрийн тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хороонд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дулаахан намир” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Үнэлгээний хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ