Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0673

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж

байсан уурхайчин нэр бүхий 112 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ц.Б, Д.Г, Т.Н, Д.О, Л.Б, Т.Ц, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн давж заалдах гомдлын дагуу Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байсан уурхайчин нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 598 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 4, 30 дугаар зүйлийн 4, 6, 8, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 100 дугаар зүйлийн 100.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас агуулгын хувьд зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлийн XV.5-ын 1-д заасан “1999-2004 оны хооронд Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, тэтгэмж тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягталж үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг даалгасан” үүргийг хэрэгжүүлээгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлж Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, нэхэмжлэлийн “1. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 “г”-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй эрх, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, 2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговоор олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас Бэрхийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан хохиролд 3,181,747,988 төгрөг /гурван тэрбум нэг зуун наян нэгэн сая долоон зуун дөчин найм/-ийг Засгийн газраас гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

2  дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэргийг үндэслэн миний бие шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Д.А надад Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин /цаашид ҮОМШӨ гэх/-ий улмаас нас барсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан /ХЧА гэх/ нэр бүхий 184 уурхайчид тус бүрээс олгосон итгэмжлэлийн дагуу миний бие анх 2020 оны 02 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Монгол улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3 “г” заалтыг хэрэгжүүлээгүй болон Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас 07 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй зэрэг төрийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас дээрх нэр бүхий иргэдэд учирсан хохирлыг барагдуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3 “г”-д Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “М” ХХК-ийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаар тушаалаар Бэрхийн уурхайчдад сар бүр 4000 төгрөг олгож байхаар нийт 13,1 сая төгрөг өгч шийдвэрлэсэн, харин Засгийн газрын 07 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг нь дээд шатны байгууллагаас доод шатны байгууллагадаа өгсөн үүрэг даалгавар учраас дотогш чиглэсэн асуудал бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр холбогдох байгууллагуудад хандсан ба Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэгт орох боломжгүй гэж хариу ирүүлсэн нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүй бус, ...” гэсэн байх бөгөөд хариуцагч байгууллагын уг тайлбараас үүдэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасныг үндэслэн “Монгол улсын Засгийн газрын 74 дүгээр тогтоолыг 3 “г” заалтыг бус, “Бэрхийн уурхайчдад 4000 төгрөг олгуулж” хэрэгжүүлсэн төрийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас нэр бүхий иргэдэд шууд учруулсан бодит хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу эдгээр иргэдийн итгэлийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 болон 101 дүгээр зүйлийн 101.1-ийг, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газраас гаргуулан барагдуулж, манай иргэдийн зөрчигдсөн эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.1-д заасан ёсоор сэргээн эдлүүлж өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа залруулан зөвтгөж, тодруулга хийсэн.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэр бүхий 184 уурхайчдын надад олгосон итгэмжлэлийн 3 жилийн хугацаа нь 2020 оны 09 дүгээр сард дууссан тул эдгээр иргэдээс шинээр итгэмжлэлийг сунгах шаардлагатай учир шүүхэд хүсэлт гарган, яаралтай хугацаанд нийт 112 иргэд итгэмжлэлээ дахин шинэчлэн олгосон учраас нэхэмжлэгчдийн тоо болон хохирлын хэмжээнд өөрчлөлт гарсан учраас хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дахин тодруулга хийсэн.

Нийтэд илэрхий үйл баримт буюу ковидын улмаас хөл хорио тогтоосны дараа 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааны товын дагуу хуралдах үед шинээр дахин нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай хэмээн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2021/0788 дугаар захирамжид “... Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-д олгогдсон итгэмжлэлийг тодруулж, нас барсан нэхэмжлэгчдийн шаардах эрх, өв залгамжлалаар итгэмжлэл олгосон этгээдэд хуульд заасан журмаар шилжиж, эрх үүссэн талаарх баримт шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй, шүүх хурлыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны 10 цагт хийхээр товлон, ...” гэв.

Шүүгчийн захирамж гарах үед хөдөө орон нутагт хөл хорио тогтоосон байсан тул миний бие хотод буй 10-аад иргэдээс “Өв залгамжлалын эрхийн гэрчилгээ” бүрдүүлэх явцад сар шинийн баяртай холбогдуулж, Улсын онцгой комиссоос 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл улс даяар дахин хатуу хорио тогтоосон учраас шүүгчийн захирамжийг орон нутагт биелүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгчидтэй хэлэлцэн тохирч, нотлох баримтууд нь бүрдсэн 49 иргэдийн хохиролтой холбоотой маргааныг эхний ээлжид шийдвэрлүүлэх, харин нотлох баримт бүрдүүлэх асуудал нь гамшгийн нөхцөл байдал арилах хүртэл цаг хугацаа нэлээд шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн төрийн захиргааны байгууллагын нэг үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан, ижил нөхцөлтэй, нэг нэхэмжлэлтэй 63 нэр бүхий иргэдийн хэргийг тусгаарлах хүсэлтээ шүүхэд гаргасан.

Гэвч шүүх хүсэлтийг хянаад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2098 дугаар шүүгчийн захирамж гаргасан ба уг захирамжид “... нас барсан нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлийг хуульд нийцүүлэх буюу эрх залгамжлах эрхтэй этгээдээс шинэчлэн гаргах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд ... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нас барсан иргэдийг цаашид төлөөлөх эрхтэй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ээс гаргасан хэргийг тусгаарлах хүсэлт нь тухайн захиргааны хэрэгт хамааралгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хэргийг тусгаарлах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” хэмээх шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг шүүхээс бидний гомдлыг хангасан.

Хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцын тухайд: Энэ хугацаанд энэхүү хэргийг хянаж байсан шүүгч Н.Н чөлөө авсны улмаас шүүгч Н.Х-д шилжиж, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан хийсэн бөгөөд уг шүүх хуралдаанаас шүүгч Д.Х-ийн бидний нэхэмжлэлтэй холбоотой тайлбар, шүүгч хэргийн талаар урьдчилан дүгнэлт өгч, өөрийн итгэл үнэмшлээ бататган, нэхэмжлэгчдийг 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын тайлбарыг үндэслэн зарим нь нэхэмжлэл гаргах эрхгүй, энэ бол хувийн эрх зүйн маргаан, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Захиргааны хэргийн шүүхэд шууд хамаатуулсан нь буруу, Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд сонгох боломжоо хэрэгжүүлж, нөхөн олговор олгосон байна гэх зэргийг сонсоод, миний бие шүүгчийн тайлбарыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын 2-т заасныг нэмж, тодруулсан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд ... гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, мөн зүйлийн 32.4-т “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... түүнчлэн нотлох баримт цуглуулахыг шаардах эрхтэй”, 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, … болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж тус тус заасныг үндэслэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамаарал бүхий, маш их ач холбогдолтой хэмээн үзэж, 6 дугаар сарын 14, 21, 24-ний өдрүүдэд буюу шинээр нотлох баримтуудыг цуглуулах тухай 3 удаа хүсэлтээ гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2021/5236 дугаар захирамж гаргасан ба шүүгчийн уг захирамжид гомдол гаргасан ч гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдлыг буцаасан.

Шүүх бидний 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар баталгаажуулсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын 1-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасныг үндэслэн “Монгол улсын Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3 “г” заалтыг бус, ...” хэмээн тодорхой дурдсан байхад уг “эс үйлдэхүй”-г үл тоосноос гадна хариуцагч нараас “Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3 “г” заалтыг” хэрхэн ойлгож буй тухай тайлбар болон уг даалгасан үүргийг Төрийн өмчийн хороо нь хэрхэн биелүүлсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар нотлох баримтгүй учраас тодруулж лавлах гэхэд эдгээр асуултуудыг эхнээс нь зогсоосон бөгөөд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүй, шүүгч шууд нотлох баримтуудыг уншиж эхэлсэн.

Шүүгч хуралдааныг даргалах давуу эрхээ ашиглан өөрт таалагдах өнцгөөс харж, хэт нэг талыг барьж, иргэд бидний итгэлийг хөсөрдүүлсэн. Шүүгч бие даасан, хөндлөнгийн байх, “гагцхүү хуульд захирагдана” гэх зарчмаа уландаа гишгэсэн.

Мөн хариуцагчид бидний 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбараа 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 45 минутад буюу шүүх хуралдааны урд өдөр, их үдэд шүүхэд өгсөн байсан ба энэ тухай би огт мэдээгүйгээс гадна шүүх хуралдааны явцад хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А-ийн тайлбарт “... 4000 төгрөгийн нөхөн олговор олгосон тухайн цаг хугацаанд М нэгдэл Бэрхийн уурхайг хариуцан ажиллаж байсан бөгөөд 2001 оны шийдвэрээр М нэгдлийн харьяа Бэрхийн уурхайн 274 хүнд нөхөн олговор олгох жагсаалт гаргаж, нөхөн олговор олгосон нь хууль болон Засгийн газрын шийдвэрийг зөрчөөгүй, 3 дахь шаардлагын тухайд Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэдээс иргэн Д.А-д олгосон итгэмжлэл хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна, эдгээр иргэдэд 3,181,748,988 төгрөгийн хохирол учирсан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг сонсоод анх гаргасан тайлбараа өөрчилсөнд ихэд цочирдсон. Учир нь би хариуцагч нарын тайлбарыг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагаа залруулан, зөвтгөж тодруулга хийсэн байхад, энэ тайлбарыг сонсоод, би тэднээс “та нар энэ тайлбараа шүүхэд өгсөн юм уу?” гэхэд Ариунаа “тийм ээ, цахимаар явуулсан” гээд, би түүнээс “алив надад наад уншсан тайлбараа өгөөч” гэхэд тэрээр “одоо үүнийг шүүхэд өгнө, хурдан уншаад, буцааж өгөөрэй” гэв. Энэ үед Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дэлгэрмаагийн тайлбарыг сонсоогүй бөгөөд шинээр хариу тайлбарын агуулгыг эрс өөрчилснийг сонсоод, машид гайхсан.

Энэ бүгдийг нуршихын учир миний бие шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө хавтаст хэрэгтэй танилцсан бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй байв. Шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчдад хариу тайлбар ирүүлэхийг шаардсан байсан бөгөөд хариу тайлбар ирүүлэх хугацаа нь аль хэдийнээ 40 гаран хоног өнгөрсөн болохоор өмнөх тайлбараа хэвээр дэмжиж байгаа юм байна гэж ойлгож хүлээж авсан ба тайлбарын агуулгыг эрс өөрчилсөн тохиолдолд 112 иргэдийн зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулах гэж яваа итгэмжлэгдсэн төлөөлөгч миний мэдэх эрхэд ноцтой халдсан, ёс зүйн маш бүдүүлэг явдал болсон.

Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэдээс иргэн Д.А-д олгосон итгэмжлэл хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна, эдгээр иргэдэд 3,181,748,988 төгрөгийн хохирол учирсан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарууд нь шүүх мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэдгийг баталж байна.

Захиргааны хэргийн шүүх мөрдөн шалгах зарчим нь бодит үнэнийг илрүүлэн тогтоох явдал бөгөөд тус шүүхийн хамгийн чухал ажиллагаа юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш бус талууд оролцдог бөгөөд захиргааны хэргийн шүүхийн зорилго нь иргэний “эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, сэргээн тогтооход оршдог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хүсэлтүүдийг хангах, тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах, маргаж буй асуудлыг үндэслэх, эсвэл няцаах баримтыг заах, гаргах, тайлбарлах, нотлох баримтуудад талуудыг татан оролцуулан олж, таниулах ажиллагаа хийгдэх, хэргийн материалтай танилцах, үзлэг хийх, захиргааны хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх, үнэн зөвийг шүүх нотлох зарчмаар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн нь гарах шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэгч нараас гаргасан “Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3/г заалтад “Бэрх уулын үйлдвэрт ажиллах хугацаанд мөн үйлдвэрийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг ... урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу “М” нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн ээлжит хуралдаанд тавьж шийдвэрлүүлж, ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.

Гэвч “... урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу “М” нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн ээлжит хуралдаанд тавьж шийдвэрлүүлж, ажиллахыг үүрэг өгч, даалгасан байхад, тогтоолд заасан уг үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх талаар нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтүүдийг хангаагүй ба харин энэ хүсэлтийг гол асуудлаас холдуулан, зориудаар мушгиж, энэхүү тогтоолыг гаргах үндэслэл болсон “Монгол-Оросын хамтарсан М нэгдлийн Зөвлөлийн ээлжит бус XXVI хурлын протокол”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан нотолгооны ямар ч ач холбогдолгүй баримтыг, ач холбогдолтой нотлох баримт гэж хавтаст хэрэгт авсан, мөн хариуцагч нар хариу тайлбарын агуулгыг эрс өөрчилсөн тухай тайлбарыг ч надад мэдэгдээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг маргаанд хамаарах үйл баримтыг дүгнэхдээ:

1. Монгол улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3/г заалтад “Бэрх уулын үйлдвэрт ажиллах хугацаанд мөн үйлдвэрийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг … урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу “М” нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн ээлжит хуралдаанд тавьж шийдвэрлүүлж, ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгасан” гэжээ.

Гэвч шүүгч одоо ч хүчин төгөлдөр буй энэхүү тогтоолоор Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг биелүүлсэн эсэх тухай дүгнэлтдээ огт дурдаагүй бөгөөд дараах гол гол үндэслэл бүхий шалтгаант нөхцөлүүдийг дүгнэлтдээ тодорхой бичээгүй байна.

  • 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 74 дүгээр тогтоол батлагдсан.
  • 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл шинээр нэмэлтээр батлагдсан.
  • М нэгдлийн харьяа үйлдвэрүүдэд 2001 он, 2007 онуудад 2 удаагийн нөхөн төлбөр олгосон.

Хэрвээ Төрийн өмчийн хороо нь дээрх тогтоолын 3/г заалтаар даалгасан үүргийг биелүүлсэн бол 2 удаагийн нөхөн төлбөрт хамрагдах байсан боловч М нэгдлийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1975 дугаар албан бичигт “... Бэрхийн уурхайг 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс М нэгдлийн бүрэлдэхүүнээс гарснаар 2001, 2007 онуудад олгосон нөхөн төлбөрийг Бэрхийн уурхайчдад олгоогүй болно” хэмээн дурдсан байдаг.

Мөн манай нэр бүхий иргэдийг 1999-2004 оны хугацаанд хамаарах иргэдийн асуудлыг 2011, 2012, 2013 онуудын 3 удаагийн ажлын хэсэг судлан дүгнэлт гаргасан мэтээр худал тайлбар бичжээ. Анхнаас нь М нэгдэл үүсгэн байгуулагдсанаас хойш дээрх нөхцөл байдалд орсон иргэдийг бүгдийг нь хамааруулан, судалж дүгнэлт гаргасан.

Учир нь Төрийн өмчийн хорооны албан хаагчид Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г заалтад даалгасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй орхигдуулсан учраас эдгээр иргэдийн эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж, М нэгдэл 2 удаагийн нөхөн төлбөр олгосон нь нэр бүхий иргэдийн эрх зүйн байдлыг улам дордуулсан гээд зөрчигдсөн эрхийг нь сэргээж, нөхөн төлбөрийг нь олгуулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасан.

2. Шүүгч Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал, хуулийг дагаж биелүүлнэ” гэжээ.

Шүүгч Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд “Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16.1 “Амьд явах эрхтэй”, 16.2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах ... хамгаалуулах эрхтэй” гэж хүний салшгүй эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулж, хамгаалсан бөгөөд энэ эрхүүдийг Эрүүгийн хууль болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан хамгаалагдсан эрхийг зөрчсөн нөхцөлд гэм хор учруулсан гэж үзнэ. Үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.

Мөн Иргэний эрх зүйн харилцааны объектод субъектээсээ салшгүй амин хувийн шинжтэй зарим эдийн бус баялагт мөнгөөр үнэлэгдэшгүй, үнэт, эрхэм оршихуй болох хүний амь бие, эрүүл мэнд багтдаг. Эдийн бус баялагт хэн нэгэн гэм хор учруулсны төлөө мөнгөн хэлбэрээр гэм хорыг арилгах хуулийн зохицуулалттай бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус баялагт хамаарахгүй” гэж тус тус заасан байдаг.

Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуульд дээрх 1999 оны 07 дугаар сарын 01 гэж хуульчлаагүй ба Иргэний хуулийн 5 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх”-ийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу 2 талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэж заасан.

Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний салшгүй эрх нь эдийн бус баялагт хамаарахаас гадна хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй бөгөөд мөн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.1-д “Монгол улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, нас, хүйс, нийгмийн гарал, байдлаар ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны тайлбар нь “... нас,.. нийгмийн байдал”-аар нь 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, хойно хэмээн өөрөөс шалтгаалаагүй, үйлдвэрлэлийн давагдашгүй хүчин зүйлд өртөж, нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд нэг хариуцагчтай, ижил бэрхшээлтэй иргэдийг ялгаварлах нь угаас Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй учраас Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 25-д “... заасан хугацаа нь” Үндсэн хуулийн зөрчил учраас шүүх Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 50.4-д заасныг үндэслэн хуульд захирагдах ёстой атал хуулийг буруу тайлбарласан.

3. Захиргааны хэргийн шүүх нь Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г заалтад даалгасан үүргийг биелүүлээгүй орхигдуулсан нь “эс үйлдэхүй” мөн эсэхийг тогтоох ёстой.

Yүний улмаас Бэрхийн уурхайн нэр бүхий 112 нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн үү гэдгийг бодит үнэнийг илрүүлэн тогтоох, тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн чухал зорилт юм.

Энэ нь Төрийн өмчийн хорооны “эс үйлдэхүй”-г баталж буй хэрэг мөн. Иймээс бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “Хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд Захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэдэгт нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт “Монгол улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3/г-д даалгасан заалтыг бус, өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэтрүүлэн хэрэгжүүлж, Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г-д “хариуцагчид тодорхой үүргийг даалгасан боловч ТӨХ нь уг үүргээ биелүүлэлгүй орхигдуулсан, “эс үйлдэхүй”-н улмаас М нэгдлийн бүрэлдэхүүнээс гарсан гэх шалтгаанаар 2 удаагийн нөхөн төлбөрөө авч чадаагүй бөгөөд үүнээс үүдэн манай нэр бүхий 112 нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн бөгөөд эдгээр иргэдийн эрх зүйн байдлыг нь дордуулан хохироосон.

4. Шүүгч манай нэхэмжлэгчдэд учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд хамаатай, төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлдлээс болоогүй хэмээн хариуцагч нарын өмнөөс бидэнтэй мэтгэлцэх болсон бөгөөд энэ ч утгаараа мугуйдлан зүтгэж, Засгийн газрын дээрх тогтоолд даалгасан үүргээ биелүүлсэн эсэхэд хайнга хандаж, эс тоосон ... Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

5. Мөн энэ маргаан нь хувийн эрх зүйд хамаатай, Захиргааны хэргийн шүүхийн маргаан биш гэж тайлбарладаг. Захиргааны шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь “Нийтийн эрх зүйн хүрээний маргаан байна” Маргааныг ялгах нэг үндэслэл нь “хэм хэмжээгээр тодорхойлох” арга бөгөөд тухайн маргаан нь төр, түүний засаглалыг хэрэгжүүлэгч нийтийн эрх зүйн этгээдэд хамаатай эрх зүйн хэм хэмжээнээс үүдэлтэй бол нийтийн эрх зүйн хүрээний маргаан байх бөгөөд хариуцагч нь захиргааны байгууллага болно.

Иймд манай нөхцөлд Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г заалтаас үүдэлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр буй тогтоолтой нь бус, харин хариуцагч Төрийн өмчийн хорооны “эс үйлдэхүй”-н улмаас манай 112 нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, эрх зүйн байдлыг нь дордуулсан учраас бие даасан нэхэмжлэл гаргасан юм.

Хохирол барагдуулахтай холбоотой асуудал дээр Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим дээр тулгуурлах ёстой. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх болсон үндэслэл нь нийтийн эрх ашигт суурилдаг бөгөөд даалгасан үүргээ биелүүлээгүйн улмаас иргэнд учирсан хохирлыг дагнасан шүүх буюу тухайн шүүх шийдвэрлэх ёстой.

Хэргийн харьяаллыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд тулгуурлан тогтоох ёстой. Иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх зарчим нь шүүх хөндлөнгийн байх бөгөөд Иргэний хэргийн шүүх нь тэгш эрхийн зарчим дээр үүссэн маргааныг хянадаг ба талууд өөрсдөө нотлох баримтуудаа гаргаж, шүүхэд өгч, шүүх уг нотлох баримтуудыг дэнсэлж, хууль хэрэглэн шийдвэрээ гаргадаг.

Харин Захиргааны хэргийн шүүх нь тэгш бус талуудын хооронд явагддаг учраас шүүх санаачлагаараа мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлж, нотлох баримтуудыг цуглуулах, захиргааны байгууллагын гүйцэтгэх үйл ажиллагаа нийтийн эрх ашгийг хөндсөн эсэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг магадлан хянаж, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг.

Иймд манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Засгийн газрын 74 дүгээр тогтоолоос үүдэлтэй “эс үйлдэхүй”-тэй холбоотой маргаан бөгөөд Монгол, Оросын хамтарсан үйлдвэр Бэрхийн уурхайг Монгол улсын талд иж бүрнээр шилжүүлсэнтэй холбогдуулан, Бэрхийн уурхайд ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, группд орсон 286 иргэдийн асуудал учраас нийтийн эрх зүйн хүрээнд бөгөөд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн учраас Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг маргаан мөн юм.

Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэн хувийн эрх зүйд хамааруулах нь хуульд нийцэхгүй бөгөөд улмаар Захиргааны хэргийн шүүх нь төрийн албан хаагчдын үндэслэлгүйгээр ажлаас халсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/0598 дугаар шийдвэрийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн шийдвэр нь хуульд нийцэхгүй бөгөөд үүнд бид гомдолтой учир шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тухайд: 1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлийн XV.5-ын 1-д заасан “1999-2004 оны хооронд Бэрхийн уурхайд ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, тэтгэмж тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, УМХЕГ бусад төрийн байгууллагатай хамтран, дахин нягталж, үзэн саналаа Засгийн газарт танилцуулахыг даалгасан үүргийг хэрэгжүүлээгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “эс үйлдэхүй” хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлж, Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж ...” гэсэн шийдвэр нь “үндэслэл бүхий байх” гэдэгтэй нийцэхгүй байна. Учир нь, бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариуцагчийн тайлбар, нотлох баримтууд нь “эс үйлдэхүй” бус болохыг миний бие хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хассан бөгөөд хариуцагчийн нотлох баримтын хүрээнд үнэлүүлэхээр хавтаст хэрэгт өгсөн нотолгооны ач холбогдолтой баримт байсан ба тэдгээр баримтууд нь бусад холбогдох газруудад хандсан, ирсэн албан бичгүүд байсан тул энэ нь “эс үйлдэхүй” бус, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн, ажлын хэсэг байгуулагдах тухай асуудал нь тэдний буруутай үйл ажиллагаа биш байв. Шүүхийн энэхүү шийдвэр нь “үндэслэл бүхий байх” зарчмыг хангахгүй байна.

Улмаар Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрээ гаргах ёстой. Уг тогтоох хэсгийн 1-д үргэлжлүүлэн “Монгол улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3/г-д даалгасан заалтыг бус, өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэтрүүлэн хэрэгжүүлж, Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх агуулгад тодорхойлсон даалгасан үүргийг биелүүлээгүй Төрийн өмчийн хорооны “эс үйлдэхүй”-тэй холбоотой шаардлага нь нотлох баримтгүйн дээр, хэрхсэн асуудал нь тодорхой бус байдал нь нотлох баримтгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ба “үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

Харин “өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэтрүүлэн хэрэгжүүлж, Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” нэг дэх шаардлагын 2 дахь хэсэг нь хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбар нь агуулгын хувьд эрс өөрчлөгдсөнийг бидний мэдээлэл авах эрхэд бүдүүлгээр халдаж, Захиргааны хэргийн шүүх болон 112 нэхэмжлэгч нараар тохуурхсан үйлдэл нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсонд машид харамсаж байна. Энэхүү шийдвэр нь “үндэслэл бүхий байх” зарчмыг ноцтой зөрчсөнд машид гомдолтой байна.

2. Улмаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т НХХЯ-ны сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг тус тус үндэслэн, хууль бус байсан болохыг тогтоолгох” хэсгийг мөн л хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь мөн л “үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэхгүй байна.

Учир нь, шүүгч шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Сонгох боломж”-оо ашиглах бүрэн эрхийн хүрээнд Бэрхийн уурхайн харьяалалгүй иргэдэд нөхөн төлбөр олгосон гэх боловч энэ нь тус яамны сайдын дээрх тушаалыг үндэслэн аргачилсан зөвлөмжид нэг иргэнд 200,000 төгрөг олгохоор улс даяар зохион байгуулсан бөгөөд ижил нөхцөлтэй иргэдэд Дорнод аймагт 240,000 төгрөг, Хэнтийд 100,559 төгрөг, Улаанбаатарт 145,000 төгрөгийн нөхөн олговрыг ялгавартай өөр өөрөөр олгосон нь хавтаст хэрэгт авагдах нотлох баримтаар нотлогдож байгаа билээ. Засгийн газрын 07 дугаар тэмдэглэлийн танилцуулгад Хууль зүй, дотоод хэргийн яамны саналд Бэрхийн уурхайчид нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д “гагцхүү хариуцагчгүй болсон” нөхцөлд “нөхөн олговор”-ыг хэрэгжүүлэх боломжтой, энэ нөхцөлд Бэрхийн уурхайчид нийцсэн эсэхийг анхаарах гэсэн нь уг “Сонгох боломж” нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Энэ нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Мөн Д.А надад хүн тус бүрээс олгосон хууль ёсны итгэмжлэлийн дагуу төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэдэд учруулсан 3,181,748,988 төгрөг /гурван тэрбум нэг зуун наян нэгэн сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун наян найм/-ийн хохирол /УМХЕГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2858 дугаар 3 удаа магадлан хянасан баримтаас 112 иргэдийн нэрсийн түүвэр жагсаалтаар/-ыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, мөн 102 дугаар зүйлийн 102.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.7-д заасныг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газраас гаргуулан барагдуулж, зөрчигдсөн эрхийг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу сэргээн эдлүүлнэ үү гэсэн шаардлагаас манай нэр бүхий 112 нэхэмжлэгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх болон учруулсан хохирлыг Засгийн газраас барагдуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь “үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгох нөхөн төлбөр хэмээн үзэхээс өмнө Захиргааны хэргийн шүүх Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г заалтад даалгасан үүргийг биелүүлээгүй орхигдуулсан нь “эс үйлдэхүй” мөн эсэхийг тогтоох ёстой.

Yүний улмаас Бэрхийн уурхайн нэр бүхий 112 нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн үү гэдгийг бодит үнэнийг илрүүлэн тогтоох, тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн чухал асуудал юм.

Шүүхийн шийдвэрт Төрийн өмчийн хорооны “эс үйлдэхүй”-г үгүйсгэсэн нотлох баримтууд байхгүй байгаа бөгөөд Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г заалтад даалгасан үүргийг биелүүлсэн эсэх нь тодорхой бус зэрэг нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн хэрэг юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/0598 дугаар шийдвэрт гомдолтой бөгөөд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэргийг үндэслэн миний бие шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Миний бие болон эрх нь зөрчигдсөн нэр бүхий 112 иргэдээс төлөөлж нийслэл хотод буй нэхэмжлэгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны гомдлын хуралдаанд хууль ёсны эрхээ хамгаалах үүднээс биечлэн оролцох хүсэлтэй тул үүгээр уламжилж байна …” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэдийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд маргаанд хамаарах үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд тус тус нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох шаардлагатай бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тохиолдолд мөн хуулийн  53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т заасны дагуу тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Анх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “М” нэгдэл нь бүрэлдэхүүндээ харьяалагдах үйлдвэрийн газруудынхаа уурхайчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу 2 удаагийн нөхөн төлбөрийг хуулийн дагуу 2001, 2007 онуудад тус тус олгосон ба Бэрхийн уурхай нь уг бүрэлдэхүүнээс гарч, Монгол Улсын Засгийн газрын мэдэлд шилжсэн учраас дээрх хуулийн дагуу авах ёстой байсан дээрх нэр бүхий Бэрхийн 184 уурхайчид 2 удаагийн нөхөн төлбөрөө авч чадалгүй өдийг хүртэл хохирч, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл нэмэлтээр Улсын Их Хурлаар батлагдсанаас хойш хэрэгжихгүй 21 жил миний бие эдгээр нэр бүхий уурхайчдын зөрчигдсөн эрх, ашгийг сэргээн эдлүүлэхээр хөөцөлдсөөр 11 жил өнгөрөв ... Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлээр “... уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг нягтлан судлах ажлын хэсэг байгуулж, саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, ... тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудлыг судлан, санал боловсруулахыг ХНХ-ын сайд С.Ч-т тус тус даалгасан” боловч энэ үүргээ дахин хэрэгжүүлэлгүй орхигдуулж, өдийг хүрсэн .. Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолоор даалгасан ажлыг Төрийн өмчийн хороо нь хэрэгжүүлэлгүй орхигдуулсан бол мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас даалгасан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь дахин хэрэгжүүлэлгүй орхигдуулсан, удаа дараагийн эс үйлдэхүйн улмаас манай нэр бүхий 184 уурхайчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирсоор байна ...” гэсэн үндэслэлээр Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн нэр бүхий нийт 184 уурхайчдын “Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын “г” заалтаар Төрийн өмчийн хороонд даалгасан, мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлээр “1-д: Бэрхийн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг нягтлан судлах ажлын хэсгийг байгуулж, саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Ц.Ням-Осор/-т даалгасан” үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй орхигдуулсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удаа дараагийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Д.А надад хууль ёсоор хүн тус бүрээс олгогдсон  итгэмжлэлийн дагуу тус уурхай нь хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5 дугаар сар хүртэлх төрийн мэдэлд байх үед хуулийн дагуу нөхөн төлбөр авах ёстой байсан нэр бүхий нийт 184 уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт шаардагдах 4.804.894.734 төгрөг /дөрвөн тэрбум найман зуун дөрвөн сая найман зуун ерэн дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн/-ийг өнөөг хүртэл авч чадахгүй хохирч буй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 зэрэгт тус тус заасныг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим ёсоор дээрх нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, дээрх учирсан хохирлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. /6хх-50/

Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нийт 7 удаа өөрчилж, тодруулсан байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1. Одоо хүчин төгөлдөр Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 “г”-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг “... Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговрыг олгуулж, бүрэн хэрэгжүүлсэн” хэмээн хариуцагчид шүүхэд хариу тайлбар ирүүлсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д заасныг үндэслэн хариуцагчид нь энэхүү 74 дүгээр тогтоолын 3/г-д даалгасан заалтыг бус, өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэтрүүлэн хэрэгжүүлж, Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох,

2. Мөн НХХЯ-ны сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг тус тус үндэслэн хууль бус байсан болохыг тогтоолгох,

3. Д.А надад хүн тус бүрээс олгосон хууль ёсны итгэмжлэлийн дагуу төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэдэд учруулсан 3.181.748.988 төгрөг /гурван тэрбум нэг зуун наян нэгэн сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун наян найман/-ийн хохирол /УМХЕГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2858 дугаар 3 удаа магадлал хянасан баримтаас 112 иргэдийн нэрсийн түүвэр жагсаалтаар/-ыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар иргэдийн итгэлийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, мөн 102 дугаар зүйлийн 102.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн зүйлийн 106.3.7, 106.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас гаргуулан барагдуулж, зөрчигдсөн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу сэргээн эдлүүлэх, Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа харин магадлан хянах тухайн үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан бөгөөд одоо энэ нь 420000 төгрөг болж, даруй 2,2 дахин өсөж, өөрчлөгдсөн ба манай нэр бүхий 112 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт магадлан хянаж, баталгаажуулсан учраас шүүх тусгай мэргэжил шаардахааргүй, энгийн арифметик бодлогын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж, ... шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг үндэслэн эдгээр 19 иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож, дээрх нийт хохирлын хэмжээн дээр зөрүүг нэмж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “нэхэмжлэлийн шаардлагаас агуулгын хувьд зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлийн XV.5-ын 1-д заасан “1999-2004 оны хооронд Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, тэтгэмж тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягталж үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг даалгасан” үүргийг хэрэгжүүлээгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлж Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлоогүй асуудалд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэж, хамгаалагдах талаар болон захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн тухайд авч үзэж, нэг бүрчлэн тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагуудаас “Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 “г”-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг “... Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговрыг олгуулж, бүрэн хэрэгжүүлсэн” хэмээн хариуцагчид шүүхэд хариу тайлбар ирүүлсэн учраас ... хариуцагчид нь энэхүү 74 дүгээр тогтоолын 3/г-д даалгасан заалтыг бус, өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэтрүүлэн хэрэгжүүлж, Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч нар Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй буюу өөрөөр хэлбэл, нөхөн олговрыг анх тогтоохдоо 4000 төгрөгөөр тогтоосны улмаас нэхэмжлэгч иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээр уг нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3-ын “г”-д “бэрхийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу М нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажилласугай” гэж заажээ. 

Нэгэнт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дээрх Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3-ын “г”-д заасан үүргийг хэрэгжүүлэхдээ Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргасан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн маргасан хүрээнд холбогдох баримтыг цуглуулж, тэдгээрт үндэслэн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Тухайлбал, нэхэмжлэлийн тус шаардлагад зааж буй тогтоолын холбогдох заалтад 286 хүний асуудлыг шийдвэрлүүлэхээр заасан байх тул шүүх одоо нэхэмжлэл гаргаж буй иргэд уг тогтоолд заасан 286 иргэнд хамрагдаж байгаа эсэхийг тодруулахаас гадна тухайн үеийн Төрийн өмчийн хороо, түүний даргаас уг тогтоолын заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан эсэх,  М нэгдэл хариуцаж байх үед эдгээр иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн хариуцаж байсныг мөн шүүхээр уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэж, хамгаалагдах талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн маргаж буй хүрээнд уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Тодруулбал,

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Бэрхийн уулын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9, 58 дугаар зүйл, Монгол-Оросын хамтарсан “Монголроцветмет” нэгдлийн Зөвлөлийн ээлжит бус XXVI хурлын протоколын 6.2 дугаар заалтын дагуу Бэрхийн уулын үйлдвэрийг Монгол-Оросын хамтарсан “М” нэгдлийн бүрэлдэхүүнээс гаргаж, Монголын талд иж бүрнээр нь шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан уг тогтоолын 3 “г” дэх хэсгээр “Бэрхийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан,  мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу “М” нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллуулахаар тогтоож, Төрийн өмчийн хорооны 2001 оны 44 дүгээр тогтоолоор “Бэрх-Уул” ТӨХК болгон өөрчлөн байгуулж, улмаар Засгийн газрын 2002 оны 09 дүгээр тогтоолоор баталсан төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөрт заагдсаны дагуу Төрийн өмчийн хороо тус компанийн  хувьчлалын ажлыг зохион байгуулж, 2004 онд өмчлөх эрхийг “Эрдэнэс” менежментийн багт шилжүүлж, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.

Мөн “М” нэгдлийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд сар бүр 4000 төгрөг өгч байхаар шийдвэрлэж байсан байх бөгөөд Төрийн өмчийн хорооны дэд даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар тушаалаар тус компанийг төрийн мэдэлд байсан үеийн буюу 1999 оноос 2004 оны 05 дугаар сар  хүртэлх хугацаанд ажиллаж байсан нэр бүхий этгээдэд нөхөн төлбөр олгох асуудлыг судлан дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, тухайн нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй тул ажил олгогч шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргаж байжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлээр “Бэрх-Уул” төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагатай хамтран нягтлан үзэж, саналаа танилцуулахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт Бэрхийн уурхайчдад нөхөн төлбөр олгож байсантай холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4/68 /6хх-229/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Бэрхийн уурхайчдын нөхөн төлбөрийн талаар” танилцуулга /6хх-128/ зэрэг баримтууд авагдсан байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... М нэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу 2001, 2007 онуудад өөрийн бүрэлдэхүүнд буй үйлдвэрийн газруудынхаа ажилтнуудад 2 удаагийн нөхөн төлбөр олгосон. Бэрхийн уурхайчид нь Монгол Улсын Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, Монгол Улсын Засгийн газарт шилжсэн гэх шалтгаанаар энэ нөхөн төлбөрт хамрагдаагүй бөгөөд Төрийн өмчийн хороонд байгуулагдсан ажлын хэсгүүдэд болон тус шүүхэд хариуцагчдаас ирүүлсэн тайлбартаа “М” нэгдлийн 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар тушаалаар 2001 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал “4000 төгрөгийн нөхөн олговрыг олгуулсан”, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 3 “г” заалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэх ба энэ тухай санхүүгийн мөнгө шилжүүлсэн баримт байх боловч яг хэн, хэнд олгосон эсэх, нэрсийн жагсаалт тодорхой бус, хүлээн авч, өгсөн тухай гарын үсэг бүхий баримт байхгүй ...” гэх зэргээр маргасан байна.

Иймд анх Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Монголын талд иж бүрнээр нь шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан уг тогтоолын 3 “г” дахь хэсгээр ”Бэрхийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу “М” нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллуулахаар тогтоож шийдвэрлэж байсан, улмаар уг 286 хүний нэр бүхий зарим хүмүүст 2 удаагийн нөхөн төлбөрийг олгож байсантай тухайн үед нэхэмжлэгч тал маргаж байсан эсэх, одоо шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэгчээр оролцож буй хэдэн хүн нөхөн төлбөр авахаар маргаж байгаа, ийнхүү нөхөн төлбөр авахаар маргаж буй хүмүүсээс өмнө 2 удаа олгосон гэх нөхөн төлбөр олголтод хамрагдсан эсэх, авсан бол хэн хэн, хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авсан нь тодорхойгүй, байхад шүүх энэ талаар нэг бүрчлэн тулгаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ирүүлэх боломжийг нэхэмжлэгчид олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцэхгүй, эдгээр тодорхой бус асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа “НХХЯ-ны сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг тус тус үндэслэн хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлж, үндэслэлээ “... хариуцагчид шүүхэд болон ажлын хэсэг зэрэгт гаргасан хариу тайлбартаа болон Засгийн газарт танилцуулахдаа Засгийн газар нь 2001, 2003, 2007 онуудад хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд Бэрхийн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсээр ирсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар нөхөн төлбөр олгох боломжгүй юм гэх зэргээр тайлбар гаргадаг. Төрийн албан хаагчдын энэ тайлбар, үйлдэл манай иргэдийн хууль ёсны эрхийг хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулж, уурхайчдын зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхээс удаа дараалан татгалзаж байгаа учраас ... иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь ... хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхолтой байх ба ... Засгийн газраас учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх ...” гэх зэргээр тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд ямар төрийн байгууллагын, ямар албан тушаалтны хэзээ гаргасан тайлбар, үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн дээрх нэхэмжлэлийн үндэслэлд Засгийн газраас учруулсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тодорхойлсон хохирол нь нэхэмжлэгч нарын “... 112 иргэдэд учруулсан 3.181.748.988 төгрөг /гурван тэрбум нэг зуун наян нэгэн сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун наян найман/-ийн хохирол /УМХЕГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2858 дугаар 3 удаа магадлал хянасан баримтаас 112 иргэдийн нэрсийн түүвэр жагсаалтаар/-ыг ... Монгол Улсын Засгийн газраас гаргуулан барагдуулж, зөрчигдсөн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу сэргээн эдлүүлэх” гэж нэхэмжлэлийн 3 дахь шаардлагад тодорхойлсон хохирол нь нэхэмжлэлийн бусад шаардлагад дурдагдаж буй хохирлоос өөр тусдаа бие даасан хохирол эсэх, нийт хэчнээн хэмжээний хохирол нэхэмжилж байгаа эсэх буюу өөрөөр хэлбэл, уг хохирол нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлагад тодорхойлсон Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр 74 дүгээр тогтоолын 3/г-д даалгасан заалтыг бус, өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэтрүүлэн хэрэгжүүлж, Бэрхийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдлийн улмаас учирсан хохирол мөн эсэх буюу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 1, 2, 3 дахь шаардлага, тэдгээрийн үндэслэлдээ тодорхойлж буй “хохирол нөхөн төлүүлэх”-тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хоорондоо холбоо, хамааралтай эсэх, эсхүл тус тусдаа өөр хохирлыг нөхөн төлүүлэхээр маргаж байгаа эсэх зэрэг асуудлуудыг нарийн тодруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн 3 дахь шаардлагадаа “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа харин магадлан хянах тухайн үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан бөгөөд одоо энэ нь 420000 төгрөг болж, даруй 2,2 дахин өсөж, өөрчлөгдсөн ба манай нэр бүхий 112 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт магадлан хянаж, баталгаажуулсан учраас шүүх тусгай мэргэжил шаардахааргүй, энгийн арифметик бодлогын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж, ... шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг үндэслэн эдгээр 19 иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож, дээрх нийт хохирлын хэмжээн дээр зөрүүг нэмж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ магадлан хянаж, баталгаажуулсан тухайн үеийнхээс өсөж, өөрчлөгдсөн, мөн  нэр бүхий 112 иргэдээс 19 иргэний сарын дундаж цалин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа гэж тайлбарласан байхад шүүх энэ талаар тодруулаагүй, огт дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлоогүй, нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж тус тус зааснаар шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ