Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 659

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Гүнсэл,

Шүүгдэгч: М.О- нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 1810012490284 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.О-, 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.О- нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд уулын бэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Х-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж бусадтай хардаж, улмаар төмөр багажаар цохиж, эрүүл мэндэд нь “...биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы суганы урд шугамаарх хугарал, баруун дал, мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн гадна иргэн Т.Б-г мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар цохиж, зодож, эрүүл мэндэд нь “..биед гайморын хөндийн урд хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн чихэнд шарх, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Айлофт шөнийн цэнгээний газарт иргэн Т.Ө-ыг найз охинтойгоо хардаж, цохиж, зодож эрүүл мэндэд нь “...доод эрүүний хоёрлосон далд хугарал, тархины доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, баруун нүдний алимны салст, доод уруулын дотор салст, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Лакс” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Г.Н-тэй маргалдаж, улмаар цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед зүүн гайморын хөндийн урд хананд хугарал, хамрын зүүн хажуу хананд хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс шөнийн цэнгээний газрын үүдэнд Э.Э-ийг найз эмэгтэйтэйгээ хардсаны улмаас цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, уруулд өнгөц шарх бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Кристалл” шөнийн цэнгээний газарт иргэн Д.С-ыг үл тоолоо гэх шалтгаанаар цохиж, зодож эрүүл мэндэд нь “...биед 1 шүдний эмтрэл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн бугалга, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүүнд цус хуралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кристалл” шөнийн цэнгээний газарт иргэн Т.У-ыг шалтгаангүйгээр цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед хамрын ясны хугарал, цус хуралт, дээд уруулын салстын цус хуралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир титэм зочид буудлын үүдний танхимд Э.М-той маргалдан цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, доод зовхинд зулгаралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Х-аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал миний салсан нөхөр М.О- над руу залгаад “гадаа чинь ирчихсэн байна” гэж дуудахаар нь би гэрээс гараад очтол М.О-, О- гэх найзтайгаа явж байсан. Тэгээд намайг дагуулаад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байдаг гэр рүүгээ дагуулж явсан. О- бид хоёртой хамт явж байгаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү моллын хажууханд буугаад үлдсэн. Бид хоёр цааш явж байтал М.О- намайг хүнтэй хардаж, хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж байгаад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын хойно байдаг Богд уулын бэлд хүнгүй газар аваачиж байгаад миний гуя, гар хөл рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байснаа машиныхаа багаажнаас Т үсэг хэлбэртэй дугуй тайлдаг түлхүүр гаргаж ирснээ намайг цохиж зодсон. Би тухайн үед О-д зодуулснаас болж хөдөлж чадахгүй болсон. Тэгсэн чинь намайг Дүнжингаравын тэр хавьд байдаг зочид буудалд аваачсан. Би тухайн зочид буудалд нүүр гараа угаачихаад О-ыг намайг гэрт хүргээд өг гэж гуйж байгаад орой 17 цагийн үед гэр рүүгээ хүргүүлсэн юм. М.О- миний зүүн талын хавирга, баруун дал, мөр, цээж зэрэг газар руу маш олон удаа гараараа болон Т үсэг хэлбэртэй дугуй тайлдаг том түлхүүрээр цохисоноос болж шинжээч эмчийн 6321 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл миний биед учирсан. Би цохиулж байхдаа өөрийнхөө толгой болон биеийн зарим хэсгийг гараараа хаасан. Үүнээс болж миний баруун гарын шуу бугалгад хөхрөлт үүссэн. Надад одоо гомдол санал байхгүй, эмчилгээний зардал О-аас нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг / хх 1-н 54-55/,

Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс баарны хажууд байдаг Титан гэх караокед суухаар орсон. Би гадаа нь тамхи татаад байж байтал танил Бямбасүрэн “лакс” баарны гадна тамхи татаад зогсож байхаар нь би “сайн байна уу, баярын мэнд хүргье” гээд гар барьтал цаахан талаас нь М.О- гэх залуу ...Ээгий мөн үү гээд намайг барьж аваад цохиж зодсон. Би тухайн үед зугтах гэж оролдож байгаад газар унасан чинь миний толгой нүүр хөл хэсэг рүү хөл гараараа цохиж зодсон. Бид хоёр хоорондоо эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг / хх 2-н 134-135/,

Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...О- намайг дуудсан тэгэхээр нь яваад очтол “чи намайг дуудаж байхад ирсэнгүй, намайг үл тоож байна” гэж надад уурлаж миний цээж рүү баруун гараараа нэг удаа цохисноо хоёр хацар руу баруун зүүн гараараа ээлжилж цохиод байхаар нь би хоёр гарыг нь бариад автал миний зүүн талын шанаа хэсэг рүү толгойгоороо маш хүчтэй мөргөсөн. Энэ үед миний зүүн талын дээд араа хугарч эмтэрсэн. Тэгсэн чинь манай баарны зохион байгуулагч Төгөлдөр бид хоёр дээр ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би баарнаас гараад зугтаасан чинь миний араас намайг хөөж KFC-н гадна барьж аваад газар унагааж байгаад миний нүүр болон гэдэс хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байж байтал Төгөлдөр ах араас гүйж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд О- намайг цохиж зодохоо больсон. О- миний зүүн талын хацар руу толгойгоороо мөргөснөөс болж 1 шүд эмтэрсэн, баруун зүүн шанаа руу хоёр гараараа ээлжилж цохисноос болж зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар зэрэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 197-198/,

Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Цэнгэл О- хоёр муудалцаад байх шиг чимээ сонсогдохоор нь эргээд хартал тэр хоёр заамдалцчихсан байж байхаар нь очоод салгах гэтэл намайг барьж аваад шууд л цохиж, зодож байснаа хутга гаргаж ирээд над руу далайхаар нь би өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхсэн чинь миний зүүн чихийг хутгаараа шүргээд зүсчихсэн. Нэг ухаан орсон гэмтлийн эмнэлэг дээр явж байсан. Эмчилгээний зардлыг О-аас нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 19-20/,

Хохирогч Т.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...О- гэх залуу надтай зөрөхдөө намайг мөрөөрөө мөрлөхөөр нь би зүгээр үү гэсэн чинь М.О- шууд л үгийн зөрөөгүй миний баруун нүд, эрүү, шанаа руу баруун гараараа 3 удаа цохисон. Хамгаалагч залуу юу болсон бэ гэж асуухаар нь намайг нэг залуу зодчихлоо, намайг зодсон залуу текний хажууд зогсож байна гээд гараараа заасан заатал хамгаалагч тухайн залууг хараад наад залууг чинь М.О- гэдэг юм, манай бааранд ер нь бол орж ирдэг гэж хэлэхээр нь би хамгаалагч залуутай О- дээр очоод чи яагаад намайг цохиж, зодож байгаа юм гэхэд над руу уурлаж дахин миний нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохисон, тэгсэн хамгаалагч залуу О-ыг надаас салгасан. Надад одоо гомдол, санал байхгүй, эмчилгээ хийлгэсэн мөнгийг О-аас нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 116-117/,

Хохирогч Г.Н-мөрдөн байцаалтад өгсөн: “...миний урд О- гэх залуу зогсож байхаар нь хажуугаар нь зөрөх гэтэл намайг хашаад холдохгүй байхаар нь би холд гэтэл холдохгүй байсан. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл О- миний зүүн талын хацар, нүд рүү баруун гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь миний хамраас цус гарч хамар хавдсан. Надад одоо ямар нэг гомдол байхгүй, О-аас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 209-210/,

Хохирогч Т.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тус баарны бие засах өрөө рүү орох санаатай явж байтал замд О- гэх залуу надтай таарсан. Тэр залуу үгийн зөрөөгүй миний хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. Би хамраа дараад доош тонгойтол миний нүүр лүү хөлөөрөө өшиглөж хамар руу баруун гараараа дахин цохисон. Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардлыг О-аас нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 17-18/,

Хохирогч Э.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А-тай маргалдаж байсан залуу миний нүдний шил рүү цохиж миний нүдний шил хагарч зүүн нүдний доод зовхи зүсэгдэж гэмтсэн. Тухайн залуу намайг ямар шалтгааны улмаас цохих болсон талаар би сайн мэдэхгүй байна. ...М.О- гэх залуу миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохисноос болж шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтэл миний биед учирсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 84, 85/,

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чука би чамайг битгий бичээд залгаад бай гэж зөндөө хэлсэн биздээ гээд барилцаж аваад араас нь 2-3 удаа өшиглөсөн, гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгахад нөгөө залуу зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 137/,

Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хардалтын аястай юм ярьж маргалдсан тэгээд тэр залуутай түлхэлцэж байгаад тэр залуугийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, мөн өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 140/,

Гэрч Б.О-мөрдөн байцаалтад өгсөн: “...О- гэх залуу манай зөөгч С-ыг гарах хаалганы хажууд зодоод байсан. Би араас нь гартал М.О- С-ыг хөөгөөд KFC-н булангаар эргэж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 199/,

Гэрч Ч.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Чука гэх залуу манай найз Б-г учиргүй хоёр гараараа нүүрэнд нь ээлжлэн цохиж, хоёр хөлөөрөө ээлжлээд Б-гийн нүүрэнд өшиглөөд байсан. Тэгээд Б-г газар унаад байхад хүртэл Чука гэх залуу Б-г өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг / хх 3-н 29-30/,

Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн залуу манай найз М-ын нүүр хэсэгт нь цохиод М-ын нүдний шил нь хагарч нүднээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 88/,

Шинжээчийн 6321 дугаартай дүгнэлтэд: “...Л.Х-аагийн биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы суганы урд шугамаарх хугарал, баруун дал, мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 107/,

Шинжээчийн 3299 тоот дүгнэлтэд: “...Э.Э-ийн биед тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, уруулд өнгөц шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 2-н 144/,

Шинжээчийн 9051 тоот дүгнэлтэд: “...Д.С-ын биед 1 шүдний эмтрэл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн бугалга, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 2-н 204/,

Шинжээчийн 9765 тоот дүгнэлтэд: “...Т.Б-гийн биед гайморын хөндийн урд хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн чихэнд шарх, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 3-н 34/,

Шинжээчийн 10242 тоот дүгнэлтэд: “...Т.Ө-ын биед доод эрүүний далд хугарал, тархины доргилт баруун нүдний гадна булан, доод зовхи, баруун нүдний алимын салст, доод уруулын дотор салст, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх 3-н 128/,

Шинжээчийн 1161 тоот дүгнэлтэд: “...Т.Ө-ын биед доод эрүүний хоёрлосон далд хугарал, тархины доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, баруун нүдний алимны салст, доод уруулын дотор салст, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүн гараараа цохих, хөлөөрөө өшиглөхөд дээрх гэмтлүүд үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна. Т.Ө-ын биед үүссэн гэмтлүүдээс доод эрүүний далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнийлуха тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн нэмэлт дүгнэлт / хх 3-н 130-131/

Шинжээчийн 7454 тоот дүгнэлтэд: “...Г.Н--н биед зүүн гайморын хөндийн урд хананд хугарал, хамрын зүүн хажуу хананд хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 3-н 218/,

Шинжээчийн 1394 тоот дүгнэлт: “...Т.У-ын биед хамрын ясны хугарал, цус хуралт, дээд уруулын салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 4-н 30/,

Шинжээчийн 3543 дугаартай дүгнэлтэд: “...Э.М-ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх 4-н 95-96/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...ажиллагааг эхэлж гэрэл зураг бүхий тэмдэглэлийг хохирогчид үзүүлж “2019 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө таны биед халдаж гэмтэл учруулсан хүнийг заана уу гэхэд хохирогч Т.Ө- ....8 дугаартай хүн байна гэснээр ажиллагааг дуусгав. ...Г.Н- 7 дугаартай зургийг зааж 2019 оны 6 дугаар сарын 14-ний үүрээр Лакс баарны гадна намайг цохиж зодсон залуу энэд байна гэж хэлээд 7 дугаартай М.О-ы зургийг заав. ...би хараад л мэдэж байна. Компьютерийн дэлгэц дээр байгаа 4 хүний баруун талаасаа 2 дахь хүн буюу зураг 3 гэсэн хүн байна гэж заав” гэжээ /хх 3-н 120-121, 211-212, 4-н 19-22/,

Яллагдагчаар М.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг кристал бааранд үйлчлүүлж байхдаа Д.С- гэх залууг цохиж зодсон. Би тухайн үед Д.С-ын яг хаана нь цохисныг сайн санахгүй байна. Ямар ч байсан С-ыг гараараа цохиж, зодсон. Шинжээч эмчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг би учруулсан. ...Би 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кристал бааранд үйлчлүүлж байхдаа Ууганбаяр гэх залууг цохиж зодсон. Би тухайн үед маш их согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Маргааш нь манай найз Х- чи Кристал бааранд Ууганбаяр гэх хүнийг зодсон гэж надад хэлсэн. Тэгээд би Ууганбаяр гэх залууг зодсоноо мэдсэн. Ууганбаярын биед учирсан шинжээчийн дүгнэлт дэх гэмтлийг би учруулсан. ...Би 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс бааранд үйлчлүүлж байхдаа найз охин Бямбасүрэнг Э- гэх залуутай хардаж улмаар Э- гэх залууг цохиж зодсон. Би тухайн үед Э-ийн бие рүү гараараа 1-2 удаа цохиж биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан. Би Э-ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан гэж хүлээн зөвшөөрч байна. ...Би 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс бааранд үйлчлүүлж байхдаа Г.Н- гэх залууг цохиж зодсон. Тухайн асуудал болоод их удсан болохоор би Ням-Эрдэнийн биеийн аль хэсэг рүү нь, яг хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан бүх гэмтлийг би Ням-Эрдэнийн биед учруулсан. ...Би 2019 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин их дэлгүүрийн урд Б-гээс зочид буудлын мөнгө гуйтал надад өгөхгүй байсан, үүнээс болж би Б-г гараараа цохиж зодсон. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг би Б-гийн биед учруулсан. ...2019 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд үйлчлүүлж байхдаа Т.Ө-ыг найз охин Н-тэй хардаж, Т.Ө-ыг цохиж зодсон. Би Ө-ыг гараараа цохиж зодсон. Шинжээч эмчийн дүгнэлтэнд тусгагдсан бүх гэмтлийг би Ө-ын биед учруулсан. ...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг очир титэм зочид буудалд М-ыг гараараа цохиж зодсон. М-ын найз нь намайг цохисоноос болж би М-ыг зодсон. Тухайн үед би М-ын шанаа руу нь цохисон, шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан бүх гэмтлийг би М-ын биед учруулсан. ...2018 оны 5 дугаар сарын 08-ны шөнө хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Богд уулын бэлд найз охин Л.Х-ааг цохиж зодсон. Би Халиунааг хардсанаас болж цохиж зодсон. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан бүх гэмтлийг би Халиунаагийн биед учруулсан...” гэсэн мэдүүлэг / хх 1-н 172-173/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н, 2-н 190, 3-н 10, 113, 199-200, 4-н 77/, хохирогчийн өргөдөл /хх1-н 35, 3-н 11, 4-н 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 96-105/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 1-н 121-123/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 1-н 124-132/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 1-н 133-134/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 192-193, 195-218, 2-н 21-23, 67-73, 223-227, 3-н 57-58, 61-75, 94-97, 163-169, 172, 175-181, 189-191, 237-244/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 2-н 122, 180-181, 3-н 1, 4-н 1, 54-55, 74/, хохирлын баримтууд /хх 3-н 147-151, 233/, хохирогч Т.Ө-ын өвчний түүх /хх 3-н 153-162/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-н 78/, хохирогч нарын хүсэлт /хх 4-н 135-140/,    

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч М.О- нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд уулын бэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Х-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж бусадтай хардаж, улмаар төмөр багажаар цохиж, эрүүл мэндэд нь “...биед зүүн талын 4, 5 дугаар хавирганы суганы урд шугамаарх хугарал, баруун дал, мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Х-аагийн: “...М.О- намайг хүнтэй хардаж, хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж байгаад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын хойно байдаг Богд уулын бэлд хүнгүй газар аваачиж байгаад миний гуя, гар хөл рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байснаа машиныхаа багаажнаас Т үсэг хэлбэртэй дугуй тайлдаг түлхүүр гаргаж ирснээ намайг цохиж зодсон. Би тухайн үед О-д зодуулснаас болж хөдөлж чадахгүй болсон. ...М.О- миний зүүн талын хавирга, баруун дал, мөр, цээж зэрэг газар руу маш олон удаа гараараа болон Т үсэг хэлбэртэй дугуй тайлдаг том түлхүүрээр цохисоноос болж шинжээч эмчийн 6321 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл миний биед учирсан. Би цохиулж байхдаа өөрийнхөө толгой болон биеийн зарим хэсгийг гараараа хаасан. Үүнээс болж миний баруун гарын шуу бугалгад хөхрөлт үүссэн” гэсэн мэдүүлэг / хх 1-н 54-55/, шинжээчийн 6321 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн гадна иргэн Т.Б-г мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар цохиж, зодож, эрүүл мэндэд нь “..биед гайморын хөндийн урд хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн чихэнд шарх, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Б-гийн: “...Цэнгэл О- хоёр муудалцаад байх шиг чимээ сонсогдохоор нь эргээд хартал тэр хоёр заамдалцчихсан байж байхаар нь очоод салгах гэтэл намайг барьж аваад шууд л цохиж, зодож байснаа хутга гаргаж ирээд над руу далайхаар нь би өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхсэн чинь миний зүүн чихийг хутгаараа шүргээд зүсчихсэн. Нэг ухаан орсон гэмтлийн эмнэлэг дээр явж байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 19-20/, гэрч Ч.У-ын: “...Чука гэх залуу манай найз Б-г учиргүй хоёр гараараа нүүрэнд нь ээлжлэн цохиж, хоёр хөлөөрөө ээлжлээд Б-гийн нүүрэнд өшиглөөд байсан. Тэгээд Б-г газар унаад байхад хүртэл Чука гэх залуу Б-г өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг / хх 3-н 29-30/, шинжээчийн 9765 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Айлофт шөнийн цэнгээний газарт иргэн Т.Ө-ыг найз охинтойгоо хардаж, цохиж, зодож эрүүл мэндэд нь “...доод эрүүний хоёрлосон далд хугарал, тархины доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, баруун нүдний алимны салст, доод уруулын дотор салст, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Ө-ын: “...М.О- шууд л үгийн зөрөөгүй миний баруун нүд, эрүү, шанаа руу баруун гараараа 3 удаа цохисон. Хамгаалагч залуу юу болсон бэ гэж асуухаар нь намайг нэг залуу зодчихлоо, намайг зодсон залуу текний хажууд зогсож байна гээд гараараа заасан заатал хамгаалагч тухайн залууг хараад наад залууг чинь М.О- гэдэг юм, манай бааранд ер нь бол орж ирдэг гэж хэлэхээр нь би хамгаалагч залуутай О- дээр очоод чи яагаад намайг цохиж, зодож байгаа юм гэхэд над руу уурлаж дахин миний нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохисон, тэгсэн хамгаалагч залуу О-ыг надаас салгасан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 116-117/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн 1161 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Лакс” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Г.Н-тэй маргалдаж, улмаар цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед зүүн гайморын хөндийн урд хананд хугарал, хамрын зүүн хажуу хананд хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий...” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Н-: “...О- миний зүүн талын хацар, нүд рүү баруун гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь миний хамраас цус гарч хамар хавдсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 209-210/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн 7454 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс шөнийн цэнгээний газрын үүдэнд Э.Э-ийг найз эмэгтэйтэйгээ хардсаны улмаас цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, уруулд өнгөц шарх бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Э-ийн: “...М.О- гэх залуу ...Ээгий мөн үү гээд намайг барьж аваад цохиж зодсон. Би тухайн үед зугтах гэж оролдож байгаад газар унасан чинь миний толгой нүүр хөл хэсэг рүү хөл гараараа цохиж зодсон” гэсэн мэдүүлэг /хх 2-н 134-135/, гэрч С.Б-гийн: “...Чука би чамайг битгий бичээд залгаад бай гэж зөндөө хэлсэн биздээ гээд барилцаж аваад араас нь 2-3 удаа өшиглөсөн, гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 2-н 137/, гэрч Э.Б-гийн: “...хардалтын аястай юм ярьж маргалдсан тэгээд тэр залуутай түлхэлцэж байгаад тэр залуугийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, мөн өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 140/, шинжээчийн 3299 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

2018 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Кристалл” шөнийн цэнгээний газарт иргэн Д.С-ыг үл тоолоо гэх шалтгаанаар цохиж, зодож эрүүл мэндэд нь “...биед 1 шүдний эмтрэл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн бугалга, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, хүзүүнд цус хуралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.С-ын: “...О- ...миний цээж рүү баруун гараараа нэг удаа цохисноо хоёр хацар руу баруун зүүн гараараа ээлжилж цохиод байхаар нь би хоёр гарыг нь бариад автал миний зүүн талын шанаа хэсэг рүү толгойгоороо маш хүчтэй мөргөсөн. ...би баарнаас гараад зугтаасан чинь миний араас намайг хөөж KFC-н гадна барьж аваад газар унагааж байгаад миний нүүр болон гэдэс хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байж байтал Төгөлдөр ах араас гүйж ирээд бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 197-198/, Гэрч Б.Отгон-Эрдэний: “...О- гэх залуу манай зөөгч С-ыг гарах хаалганы хажууд зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 199/, шинжээчийн 9051 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кристалл” шөнийн цэнгээний газарт иргэн Т.У-ыг шалтгаангүйгээр цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед хамрын ясны хугарал, цус хуралт, дээд уруулын салстын цус хуралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.У-ын: “...би тус баарны бие засах өрөө рүү орох санаатай явж байтал замд О- гэх залуу надтай таарсан. Тэр залуу үгийн зөрөөгүй миний хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. Би хамраа дараад доош тонгойтол миний нүүр лүү хөлөөрөө өшиглөж хамар руу баруун гараараа дахин цохисон” гэсэн мэдүүлэг /хх 4-н 17-18/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн 1394 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир титэм зочид буудлын үүдний танхимд Э.М-той маргалдан цохиж, зодож, эрүүл мэндэд нь “...биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, доод зовхинд зулгаралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.М-ын: “...А-тай маргалдаж байсан залуу миний нүдний шил рүү цохиж миний нүдний шил хагарч зүүн нүдний доод зовхи зүсэгдэж гэмтсэн. ...М.О- гэх залуу миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохисноос болж шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтэл миний биед учирсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 84, 85/, гэрч Г.А-ын: “...тухайн залуу манай найз М-ын нүүр хэсэгт нь цохиод М-ын нүдний шил нь хагарч нүднээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 88/, шинжээчийн 3543 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.О-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр түнээс олон хүнд” учруулж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр түүнээс олон хүнд” учруулж үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.О- нь хохирогч нартай маргалдан хохирогч Л.Х-, Т.Б-, Т.Ө-, Г.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Э.Э-, Д.С-, Т.У-, Э.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Х-, Т.Б-, Т.Ө-, Г.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Э.Э-, Д.С-, Т.У-, Э.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.О-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.О-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 8 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хорих ялд шилжүүлж, нийт 01 жил 11 сар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 8 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Мөн шүүгдэгч М.О- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн, нийт 10.450 нэгж буюу 10.450.000 төгрөгөөр тогтоож, цагдан хоригдсон 85 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нийт 9.175 нэгж буюу 9.175.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж , 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх... шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9.175 нэгж буюу 9.1750.000 төгрөгийн торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, биечлэн эдлэх ялыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3-т “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 жилийн хорих ялаас илүү хорих ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч М.О-ы насанд хүрээгүй хүүхэд болох 2018 оны 8 дугаар сарын 22-нд төрсөн О.Чулуунбаатар, 2013 оны 8 дугаар сарын 17-нд төрсөн Н.Энхмэнд нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хан-Уул дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1909011690467, 1805039230659, 1909032840339, 1909024270340, 1905004600666, 2005010690545 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр түүнээс олон хүнд” учруулж үйлдсэн гэм буруутайд,

- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр түүнээс олон хүнд” учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.О-ыг 01 жил 8 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил 8 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 90 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 11 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9.175 нэгж буюу 9.175.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, 01 жил 8 сар 2 хоног хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 01 жил 11 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 02 хоногийн хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.О-д оногдуулсан 3 жил, 7 сар, 02 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М.О-ы цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч М.О-ы насанд хүрээгүй хүүхэд болох 2018 оны 8 дугаар сарын 22-нд төрсөн О.Чулуунбаатар, 2013 оны 8 дугаар сарын 17-нд төрсөн Н.Энхмэнд нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хан-Уул дүүргийн засаг даргад үүрэг болгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1909011690467, 1805039230659, 1909032840339, 1909024270340, 1905004600666, 2005010690545 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болон тус хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР