Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 537

 

 

 

 

 

 

 

   2020           5            27                                 2020/ШЦТ/537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ч-ын От холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Т овогт Ч-ын О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудлаас Б.Г-ийн итгэмжлэн өгсөн “Камел” нэртэй тамхийг завшиж бусдад 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Оын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сараас хойш З-гийнд амьдарч эхэлсэн. З-гийнх Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны голд байрлах “Чандмань заяа” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Тэр дэлгүүрээ ажиллуулангаа дэлгүүртээ давхар амьдардаг.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Замын-Үүдэд танилцсан танил ах Г- над руу залгаад маргааш өглөө завтай юу, завтай бол вагоноос тамхи аваад Нарантуул зах руу хүнд хүргээд өгчихөөч гэж асуусан. Би завтай таны явуулсан тамхийг тосоод хүргээд өгье гэж хэлсэн. Энэ талаар би З-д хэлэхэд ямар учиртай тамхи юм болдоо, 3-4 хоног эргэлдүүлчихээд өгчихөж болохгүй юм болов уу гэхээр нь би болох байх аа юу ч гэсэн маргааш тамхийг нь аваад ирье гэж хэлсэн. Яг тэр үед З-гийн дэлгүүрийн бараа нь бараг л дуусч байсан юм.

Ингээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө эрт босоод Улаанбаатар төв вокзал орж 09 цагийн орчим ирдэг Замын-Үүдээс ирсэн вагон тоссон. Г- ах над руу залгаад сүлдний 500 дугаартай вагоноос аваарай гэсэн болохоор сүлдний 500 гэсэн дугаартай вагоны үйлчлэгч дээр очоод Г- ахын явуулсан 50 блок тамхийг авсан. Г- ахын явуулсан тамхийг аваад шууд З-гийнд очоод үзэхэд Камел нэртэй тамхинууд байсан. Тэгээд тэр өдрөө байх 18 блок тамхийг нь З- бид хоёр авч гараад шууд Натур худалдааны төвийн архи, ундааны бөөний төв дээр очиж бараагаар солиулах гэхэд нэг төрлийн их хэмжээний тамхи байна шүү дээ, олон төрлийн тамхи байвал бараагаар солиод өгч болно гэсэн. Тэгэхээр нь Нарантуул захын тамхи зардаг хүмүүс дээр очиж 18 блок тамхийг зарах гэхэд бэлэн мөнгөөр авч чадахгүй ээ, өөр тамхинуудаар солиулвал болно гэхээр нь 1 блокийг нь 24,500 төгрөгөөр тооцож бодоод Парламент, Эссэ, Майлд севен тамхинуудаар сольсон. Нийтдээ 441,000 төгрөгөөр тооцож сольсон. Солиулсан тамхинуудаа аваад Натурын Бөөний төв дээр очиж 441,000 төгрөгөөр тооцож архи, пиво, ундаа зэрэг бараанууд авч З-гийн дэлгүүрт авчирч зарж борлуулсан. Яг дээрх байдлаар 2 удаа 16 блок, 14 блокоор нь Нарантуул зах дээр очиж солиулаад Натур дээр очиж архи, пиво, ундаагаар солиулаад З-гийн дэлгүүрт тавьж зарсан. Нийтдээ 48 блокийг нь дээр хэлсэнчлэн борлуулсан. Харин 2 блок тамхийг нь би хувьдаа хэрэглээд дуусгачихсан.

Би Г- ахын явуулсан 50 блок тамхины 2 блокийг л хувьдаа хэрэглэсэн тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр 48 блок тамхины үнийг З- хариуцах ёстой...” гэх мэдүүлэг /хх-н 97-99/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-ийн өгсөн:

“...Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг юм аа тэнд амьдраад 16 жил болж байгаа юм. Нарантуул захын өргөтгөлийн лангууны тамхины борлуулагч Ж-д урьд нь зээлсэн байсан 1 хайрцаг Камел нэртэй тамхи буюу 50 блок 1,300,000 үнэ бүхий тамхийг явуулах ажилтай байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчим хуучны танил болох О луу залгаж маргааш өглөө вагон тосоод хүнд тамхи хүргээд өгөх боломжтой, завтай байна уу гэж асуухад тэгье би завтай байгаа тамхийг чинь хүргээд өгье гэсэн юм. Тэгэж хэлэхээр нь би орой вагоны үйлчлэгчид өгчихөөд аль вагон гэдгийг нь эргээд чам руу хэлье гэж тохирсон. Би орой нь 20 цаг 35 минутанд Замын-үүдээс хөдөлдөг Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний сүлдний дугаар нь 500 дугаартай вагоны үйлчлэгч болох нэг эмэгтэйд нөгөө 50 блок тамхиа өгч явуулсан. Галт тэргэнд тамхиа өгч явуулчихаад О луу тэр оройдоо хэлэхээ мартчихаад маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Оын 95004015 дугаарын утас руу нь залгаж холбогдоод би Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний сүлдний дугаар нь 500 дугаартай вагоны үйлчлэгчид тамхиа өгөөд явуулчихлаа чи тосож аваад Нарантуул захын Өргөтгөлийн 186 дугаар лангуун дээр байдаг Ж- гээд эмэгтэйд хүргээд өгчихөөрэй гэж хэлсэн.

Эргээд 10 цаг 40 минуын орчим О луу залгаж явуулсан тамхийг минь авсан уу гэхэд авчихаад явж байна гэж хэлсэн. 12 цагийн үед Ж- руу залгаад нэг хүн чамд тахи аваачиж өгсөн үү гэж асуухад хүргэж ирээгүй гэсэн. Тэгээд О тэр өдрөөс хойш утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.З-гийн өгсөн:

“...Ч.Оын авчирсан 50 блок камел нэртэй тамхины 48 блокийг нь хэрэглэсэн маань үнэн. 2 блок тамхийг нь О өөрөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-32/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 35-37/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 65/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  Ч.О нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудлаас Б.Г-ийн итгэмжлэн өгсөн “Камел” нэртэй тамхийг завшиж бусдад 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Оын “...Би Г- ахын явуулсан 50 блок тамхины 2 блокийг л хувьдаа хэрэглэсэн тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр 48 блок тамхины үнийг З- хариуцах ёстой...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Г-ийн “...Ж-д урьд нь зээлсэн байсан 1 хайрцаг Камел нэртэй тамхи буюу 50 блок 1,300,000 үнэ бүхий тамхийг явуулах ажилтай байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчим хуучны танил болох О луу залгаж маргааш өглөө вагон тосоод хүнд тамхи хүргээд өгөх боломжтой, завтай байна уу гэж асуухад тэгье би завтай байгаа тамхийг чинь хүргээд өгье гэсэн юм. ... 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Оын 95004015 дугаарын утас руу нь залгаж холбогдоод би Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний сүлдний дугаар нь 500 дугаартай вагоны үйлчлэгчид тамхиа өгөөд явуулчихлаа чи тосож аваад Нарантуул захын Өргөтгөлийн 186 дугаар лангуун дээр байдаг Ж- гээд эмэгтэйд хүргээд өгчихөөрэй гэж хэлсэн.

Эргээд 10 цаг 40 минуын орчим О луу залгаж явуулсан тамхийг минь авсан уу гэхэд авчихаад явж байна гэж хэлсэн. ...О тэр өдрөөс хойш утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг,

 

иргэний хариуцагч Б.З-гийн “...Ч.Оын авчирсан 50 блок камел нэртэй тамхины 48 блокийг нь хэрэглэсэн маань үнэн. 2 блок тамхийг нь О өөрөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.Оыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 35-37 дугаар талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн баримтаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид нийт 1300,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс 1,250,000 төгрөгийн хохирол төлсөн баримт гаргаж өгсөн бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Оыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овогт Ч-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Оыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдөд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ