Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 10

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би Н.Гүнжлхамын нэхэмжлэлтэй Б.Баянмөнхөд холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Н.Гүнжлхам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Гүнжлхам нь 2001 оны 08 сард Базаррагчаагийн Баянмөнхтэй гэр бүл болж 2002 оны 09 дүгээр сарын 07-нд охин Анаргоог, 2004 оны 12 дугаар сарын 20-нд охин Баяржаргалыг төрүүлж 2008 оноос таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өргөдөл өгч 2010 оны 02 дугаар сард гэр бүлээ цуцлуулаад 2011 онд эвлэрч 2011 оны 12 дугаар сарын 20-нд охин Хонгорзулыг төрүүлсэн боловч Баянмөнх нь архи уух нь ихсэж гэрт байнга хэрүүл маргаантай байдаг болсон тул 2014 оны 04 сараас тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Баянмөнх нь хүүхдүүдтэйгээ уулзах нэрийдлээр байнга гэр лүү дайрч орж, гэр орон нэгжиж, утас шалгаж, ажил дээр ирж агсам тавьж, үхнэ гэж айлган сүрдүүлж, мөрдөн мөшгиж, хэл амаар гүтгэн доромжилж, согтуугаар биед халдаж, амгалан тайван байдал байнга алдагдуулж, мөнгө төгрөг нэхэж дарамтлан Цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгч 2 удаа баривчлагаанд явсан. Гэр лүү хулгайгаар орж хоол унд идэн гадуур худлаа ярьж, нэр хүнд унагааж, гэрийнх нь утсаар дарамтлан занаж хараан зүхэж байнга дарамталж байгаад 2016 оны 09 сард группийн мөнгөө сунгах нэрийдлээр 7 хоног байна гэж ирээд хүчээр гэр оронд байж, ажил төрөл хийхгүй, ямар ч дотно харьцаагүй хамт амьдрах боломжгүй болсон байгаа тул 2010 онд охин Баяржаргалыг эцгийнх нь халамжинд үлдээсэн шүүхийн захирамж гарсныг өөрчлүүлэн миний бие ээж Н.Гүнжлхамын нэр дээр болгуулан 3 хүүхэддээ хүүхдийн тэтгэмж тогтоолгуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 36 дугаар байрны 24 тоотод оршин суух ШЕ78032309 регистрийн дугаартай, Шарнууд овогт Намнандоржийн Гүнжлхам шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Б.Баянмөнхөд холбогдуулан хүүхдийн тэтгэвэр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байсан. Бид хоорондоо ярилцаж тохиролцон хүүхдийн асрамжийн асуудал болон тэтгэлэгийн талаар эвлэрэн ярилцсан тул  нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч Н.Гүнжлхам нь хариуцагч Б.Баянмөнхөөс хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Гүнжлхам нь хариуцагч Б.Баянмөнхөд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр  гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Уг захирамж нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гарсан тохиолдолд саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

          1.Нэхэмжлэгч Н.Гүнжлхамын нэхэмжлэлтэй Б.Баянмөнхөд холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Гүнжлхамаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний тавин хувь 35100 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч Н.Гүнжлхамд олгож, 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч нь энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ШҮҮГЧ                          Р.БАТБАЯР