Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 109

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ70072537, Тогооч овогтой Дэмчигбалын Самданжамцад холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5.713.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Д.Самданжамц нь манай сумын Сум хөгжүүлэх сан-аас 3.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тэрээр гэрээний 2.2, 2.3, 2.11 дэх заалтуудыг зөрчиж зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөхгүй одоо нийт 5.713.200 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Бид удаа дараа албан мэдэгдэл өгч, шаардлага тавьсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Д.Самданжамцаас 5.713.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Д.Содномжамц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжилсэн 5.713.200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь тухайн зээлээ давс гаргаж зарж борлуулан, 2017 оны 10 дугаар сар хүртэл төлж барагдуулна гэжээ.

           Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Самданжамц нь 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд 5.713.200 төгрөгийг төлж дуусгах тул хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг даргань хариуцагч Д.Самданжамцад холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5.713.200 төгрөг гаргуулахгаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Самданжамц нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.713.200 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Самданжамцаас 5.713.200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 106.361 төгрөгийн 50 хувь буюу 53.180 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныгтус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Самданжамц нь 2017 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд 5.713.200 /таван сая долоон зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийг Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Самданжамцаас 53.180 /тавин гурван мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ГЭРЭЛТУЯА