| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0567/Э |
| Дугаар | 0779 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 0779
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Шүүгдэгч Я.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...т холбогдох 2008000000853 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд
- 1996 онд Баянзүрх дүүргийн шүүхийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
- 2010 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 01 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Я.... нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт байрлах бэлэн хувцас худалдан борлуулах лангуун дээр түр тавьсан байсан иргэн Б....ийн эзэмшлийн “Айпоне 11” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг 30 минутын орчим би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон" үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт байрлах бэлэн хувцас худалдан борлуулдаг лангуугаа нээгээд байж байтал гаднаас үл таних 40-45 орчим насны 1 эрэгтэй хүн орж ирээд манай лангууны хажууд ирэх шиг болоод буцаад гараад явчихсан. Тэгээд би лангуун дээр байсан гар утсаа авах гэтэл байхгүй байхаар нь саяхан орж ирсэн үл таних 3 эрэгтэй хүн аваад явчихлаа гэж бодоод араас нь гарч очоод нэг хүнийг нь шалгахад би тэр хүмүүстэй хамт яваагүй ямар гар утас яриад байгаа юм бэ? Би өөрөө гар утастай гэж хэлээд “Нокиа” маркийн гар утас харуулсан. Тэгээд би тэр хүнд итгээд буцаж лангуун дээрээ очоод өөрийн гар цүнхээ шалгаж үзэхэд миний гар утас байхгүй байсан. Хэсэг бодож үзэхэд би гар утсаа лангуун дээрээ тавьсан болохоо санаад араас нь буцаад гарахад нөгөө хүмүүс алга болчихсон байсан. Тэгээд би өдөр 14 цагийн орчим Барс-2 захын ойр орчмоор хайгаад явж байсан чинь миний гар утас алга болох үед манай лангуугаар орж ирээд гарсан ах байж байхаар нь ахаа би гар утсаа авъя гэж хэлсэн чинь би чиний гар утсыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг бодож байснаа би гар утсыг чинь Хархорин захын гадна хүнд зарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүнийг дагуулаад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,
2.Иргэний нэхэмжлэгч Ш....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11:00 цагийн орчим намайг өөрийн ажиллуулдаг Хар хорин захын гүүрэн доор байдаг ТҮЦ-нд сууж байхад 1 эрэгтэй хүн орж ирсэн. Нэг гар утас үзүүлээд энэ утсыг авах уу гэсэн. Би хэд вэ гэж асуухад 200,000 төгрөгөөр өгнө гэсэн. Үзэхэд Айпоне загварын цагаан өнгийн гар утас байсан. Би тэгэхээр нь хулгайн гар утас биш биздээ гэж асуусан чинь үгүй ээ миний утас байгаа юм гэж надэд хэлсэн. Тэгээд би 200,000 төгрөгөөр авахгүй ээ 50,000 төгрөгөөр авуул авъя гэсэн чинь за за гэж хэлээд надад 50,000 төгрөгөөр зараад мөнгөө аваад явсан юм. Тэгтэл 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цагдаа ирээд надад зарсан дээрх утсыг хурааж аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,
3.Шүүгдэгч Я....ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төв рүү цагны зай зарах санаатай орсон юм. Тэгтэл Драгоны 3 давхарт байрлах бэлэн хувцасны лангуун дээр Ай фонь-11 маркийн гар утас байхаар нь тэр утсыг нь хулгайлж аваад Хар хорин захын доор байрлах жижиг Түц-ны худалдагч эмэгтэйд 50,000 төгрөгөөр зараад Барс 2 захаас 0,5 граммын шим нэртэй архи авч ганцаараа уучихаад гэрлүүгээ харсан юм. Ийм л зүйл болсон юм. ...” гэх мэдүүлэг /хх 38 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4. “Тэнцвэр эстиймэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Айпоне-11 гар утас 2,200,000 төгрөг” /хх 27 х/,
5.Хохирогчид гар утасыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 41 х/,
6.Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 42 х/
7.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 44 х/
8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 х/
9.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 47-54 х/
10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 43 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Я.... нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт байрлах бэлэн хувцас худалдан борлуулах лангуун дээр иргэн Б....ийн түр тавьсан байсан өөрийн эзэмшлийн “Айпоне 11” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б....ийн “... гаднаас үл таних 40-45 орчим насны 1 эрэгтэй хүн орж ирээд манай лангууны хажууд ирэх шиг болоод буцаад гараад явчихсан. ... манай лангуугаар орж ирээд гарсан ах байж байхаар нь ахаа би гар утсаа авъя гэж хэлсэн чинь би чиний гар утсыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг бодож байснаа би гар утсыг чинь Хархорин захын гадна хүнд зарчихсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,
Иргэний нэхэмжлэгч Ш....гийн “...Тэгээд би 200,000 төгрөгөөр авахгүй ээ 50,000 төгрөгөөр авуул авъя гэсэн чинь за за гэж хэлээд надад 50,000 төгрөгөөр зараад мөнгөө аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,
Шүүгдэгч Я....ын “...Хар хорин захын доор байрлах жижиг ТҮЦ-ийн худалдагч эмэгтэйд 50,000 төгрөгөөр зараад Барс 2 захаас 0,5 литрийн Шим нэртэй архи авч ганцаараа уучихаад гэр лүүгээ харьсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 38 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
“Тэнцвэр эстиймэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “.. .Айпоне-11 гар утас 2,200,000 төгрөг” /хх 27 х/,
Хохирогч Б....т хулгайд алдагдсан гар утасыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 41 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд Б....ийн эд зүйл болох Айпоне 11 гар утсыг авсан шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Я.... нь иргэн Б....ийн эд зүйл болох Айпоне 11 гар утсыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 27 х/ 2,200,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Я.... бусдын эд зүйл болох гар утасыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Я....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Хохирогч Б.... Айпоне-11 загварын гар утсаа буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 41 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагчаас: Я....т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн.
Шүүгдэгч Я....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн хор уршиг их биш, хохирол, хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я....ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Я....т мэдэгдсүгэй.
4.Я....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол, хор уршиг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|