Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 0780

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Д.Туяана,

Шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт ...ийн ...т холбогдох 2008018481041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, хамтран амьдрагч, 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуу овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           С.... нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч....гийн нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Ч....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ... гэдэг хүнтэй 2003 онд Дархан хотод анх танилцаад 2005 оноос хамт амьдарч эхэлсэн. Бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. Дундаасаа 6 хүүхэдтэй. ... 2020.05.01-ний өглөө 10 цагийн орчимд нөхөр ... хүүхдүүдийн хамт гэртээ амарч байтал гаднаас төрсөн ах ... 2 Сэржим нэртэй 0.75 л хэмжээтэй архи 2 шилийг барьж орж ирсэн. Бид 4 тэр авч ирсэн архийг хувааж ууцгаагаад байж байтал ... над руу чи энэ гэрийн мөнгө төгрөгийг барьдаг хамт мөнгө олдог юм байж чи мөнгөө зарцуулдаг гэж дайраад агсам тавиад шкафан дээр байсан сэнжтэй шилэн аяга аваад над руу шидэж миний баруун шанааг онож газар унаж аяга нь хагарсан. Тэгсэн ах ... нар гэрээс гараад яваад өгсөн. Тэгсэн зөрөөд дунд охин ... орж ирээд намайг хараад шууд цагдаад дуудлага өгсөн, тэгсэн ... гараад зугтаачихсан. Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт гэмтлийг ... шилэн аяга шидэж учруулсан. Харин зүүн хөхний хэсэгт цус хуралт гэмтлийг ... 2020.04.20-ны өдөр цээжин дээр тавчиктай хөлөөрөө 1-2 удаа дэвсэж учруулсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 35-36 х/,

2.Шүүгдэгч С....ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020.05.01-ний өдөр гэртээ эхнэр ...гийн хамт байж байтал цагийг нь санахгүй байна, гаднаас ...гийн ах ...ийн хамт 2 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид 4 авч ирсэн архийг нь хувааж ууцгаагаад нилээн халцгаасан. Тэгээд ... бид 2 мөнгөнөөс болж хоорондоо маргалдаад би уурандаа шилэн аяга аваад шидсэн чинь ...г оночихсон. Тэгсэн ... эхнэрээ дагуулаад яваад өгсөн тэгсэн араас нь цагдаа орж ирээд намайг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Шинжээчийн 5328 тоот дүгнэлт

   1.Ч....гийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт, зүүн хөхний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

   5.Ч....гийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой харин зүүн хөхний хэсэгт учирсан цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх 14 х/,

 

           4.Шинжээч эмч М.Золжаргалын: “Зүүн хөхний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,

5.Аюулын зэргийн үнэлгээ  “бага” гэх дүгнэлт /хх 52-53 х/

6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 43, 46 х/

7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44 х/

8.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 45 х/

9.Хохирогчийн “гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай бичгээр гаргасан баримт /хх 87 х/зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч С.... нь архидан согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч....гийн нүүрэн тус газарт аягаар шидэж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ч....гийн “... над руу дайраад агсам тавиад шкафан дээр байсан сэнжтэй шилэн аяга аваад шидэж миний баруун шанааг онож газар унаж аяга нь хагарсан. Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт гэмтлийг ... шилэн аяга шидэж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 35-36 х/,

Шүүгдэгч С....ийн “... ... бид 2 мөнгөнөөс болж хоорондоо маргалдаад би уурандаа шилэн аяга аваад шидсэн чинь ...г оночихсон. ...” гэх мэдүүлэг /хх 82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Шинжээчийн 5328 тоот дүгнэлт

   1.Ч....гийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт, зүүн хөхний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

   5.Ч....гийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой харин зүүн хөхний хэсэгт учирсан цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 14 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

С.... нь хохирогч Ч....гийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт, бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив шинжийг хангасан.

Шүүгдэгч С.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

            Шүүгдэгч С....ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... хамтран амьдрагч, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

Шүүгдэгч С...., хохирогч Ч.... нар хамтран амьдардаг  болох нь тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 35-36, 82 х/-ээр тогтоогдож байгаа тул дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдэл “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Ч.... хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 35-36 х/, гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 87 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: С....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            С....ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аюулын зэргийн үнэлгээ “бага” гарсан зэргийг харгалзан үзээд түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Алаг адуу овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С....ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С....т мэдэгдсүгэй.

 4.С....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ