Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 194

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

    Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг Чойбалсангийн 5-04 тоотод оршин суух, ЖЯ57021472 регистрийн дугаартай, Зэлмэ овогт Надмидын Пүрвээгийн хүсэлттэй

        Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Пүрвээ, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.Пүрвээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Намайг Надмидын Пүрвээ гэдэг. Би 1957 оны 2 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Миний бие 2017 оны 2 сарын 14-ний өдөр өндөр настны тэтгэвэртээ гарна.  Гэтэл Махкомбинатын даргын ажилд томилох тушаалд миний овгийг Надмид биш “Нанжид” хэмээн буруу бичсэнээс болж хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр дээрх овог нэр зөрөх болсон. Тэтгэвэр тогтоолгох материал бүрдүүлэхээр овог таарахгүй байна гэсэн. Миний бусад бичиг баримт болох цэргийн батлах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа зэрэг нь Надмидын Пүрвээ нэрээр олгогдсон байгаа. Гэтэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1991 оны 12 сарын 02-ны өдрийн “Ажилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” 183 дугаар тушаал дээр миний овгийг “Нанжид” гэж буруу бичсэн байна. Иймд уг тушаалын жинхэнэ эзэмшигч нь Надмидын Пүрвээ намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

     Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                         

    Нэхэмжлэгч Зэлмэ овогт Надмидын Пүрвээ нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1991 оны 12 сарын 2-ны өдрийн “Ажилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” 183 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

        Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1991 оны 12 сарын 2-ны өдрийн “Ажилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” 183 дугаар тушаалд “...Нанжидын Пүрвээ... “ гэж бичжээ.

       Нэхэмжлэгчийг ажилд томилсон Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1991 оны 12 сарын 2-ны өдрийн “Ажилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” 183 дугаар тушаал нь 1974 оны 6 сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэр, төрсөн он, зураг нь Н.Пүрвээгийн иргэний үнэмлэхний овог нэр, төрсөн он, зурагтай таарч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Зэлмэ овогт Надмидын Пүрвээг Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1991 оны 12 сарын 2-ны өдрийн “Ажилд томилох, өөр ажилд түр шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” 183 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ