Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0694

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

““С М С” ХХК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Э.Х, Н.Х, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, В.Г, М.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 650 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын дагуу ““С М С” ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 650 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай, хэмнэлттэй байх” зарчмууд, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.7.1-д заасныг баримтлан ““С М С” ХХК” ХХК-ийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мнэдийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дүгээр албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар зөвлөмж, дүгнэлтийн ЭМДЕГ/202102001 дугаартай “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан хэсэг, “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дүгээр албан бичиг, уг албан бичгийн дагуу “С” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДГ/202102001 дугаартай “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийг зохих журмын дагуу дахин үнэлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, С.Г, Э.Х нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч талаас “манай гаргасан алдаа татвартай холбоотой бөгөөд арифметик алдаа байсан тул залруулах боломжтой” гэж тайлбарлаж байгаа үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Арифметик алдаа гэдэгт цифр андуурах, эсхүл математик үйлдэл хийхдээ алдаа гаргахыг хэлэхээс бус, харин хуулиар, журмаар, цаашлаад зөвлөмжөөр зориуд нарийвчлан зохицуулсан, нягтлан бодогч болгоны үйл ажиллагаандаа ягштал баримталдаг, тусгайлсан томьёотой байсаар байхад, зориуд үнийг хамгийн бага гэж төөрөгдүүлэхээр хийсэн зориудын худал тооцооллыг хэлэхгүй ... тендерийн үнэ гэж гаргаж ирээд байгаа тендерт оролцсон үнэ нь өөрсдийнх нь зохиосон аргачлалаар тооцсон ч, мөн НӨАТ-ын тухай хууль, журам, аргачлалд заагдсан бэлэн томьёогоор тооцоолсон ч, тендерт оролцогч “С” ХХК-ийн үнийн саналаас өндөр гарсан байдаг ... ““С М С” ХХК” ХХК нь Монгол улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны үнийг тооцохдоо бүхэлдээ буруу бодсон бөгөөд тэр дундаа НӨАТ-ыг буруу тооцсон ... нэхэмжлэгчийн дээрх алдааг арифметик алдаа болон залруулах боломжтой орхигдуулсан жижиг хэмжээний зөрүү гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь Тендерийн төсөвт өртөгтөө багтаах зорилгоор зориуд санаатайгаар үнийг буруу бодож гаргасан нь ойлгомжтой байхад үүнийг арифметик алдаа буюу тооны энгийн үйлдлийн алдаа гаргасан гэж тайлбарлах боломжгүй ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.10-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.7.1-д заасны дагуу Тендерийн үнэлгээний хороонд арифметик болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, тендерт оролцогчдоос тодруулга авах боломжийг олгосон байхад ийнхүү тодруулга авч, арифметик алдаа эсэхийг нягталж тодруулаагүй байна гэж шүүх үзсэн нь буруу ... арифметик алдаа төдийгөөр хүлээн авч, залрууллаа ч гэсэн хамгийн бага үнийн санал байж чадахааргүй болохыг нь тооцоолж харсан тул ийм асуудлаар цаг алдах шаардлагагүй юм. Жижиг хэмжээний зөрүү гэж үзэхээргүй, хууль хэрэглээний алдаатай үнийн санал өөрөө хүчин төгөлдөр бус ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно гэж заасан. Энэ нь заавал шаардаж авах агуулгатай заалт биш бөгөөд нэхэмжлэгч нь НӨАТ-ын хууль, ТОӨЗ, Тендерийн маягтын барааны үнийн хуваарьт заасан аргачлалаар тооцоогүй, илт буруу тооцож тендерт оролцогчийн ерөнхий шаардлага хангаагүй нь нэгэнт тодорхой байхад заавал түүнийг тодруулах шаардлагагүй ... Эрүүл мэндийн яамны харьяа эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын боловсруулсан тендерийн техникийн нөхцөлөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тухайн тендер зарлагдсан бөгөөд зарлагдсан техникийн нөхцөлийн талаар нэхэмжлэгч ямарваа нэгэн санал гомдол аль нэг холбогдох газарт гаргаж байгаагүй ба үүгээрээ тендерийн техникийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ тухайд шүүх ойлгомжтой дүгнэж чадаагүйгээс, дараагийн ноцтой алдааг хийхэд хүрсэн байна.

Шүүх нь нэхэмжлэгчийн тендерийн материал тендерийн хамгийн эхний гол нөхцөл болох, тендерийн ерөнхий нөхцөлөө хангаж чадаагүй байгаа талаар ямарваа нэгэн дүгнэлт хийгээгүй, олж хараагүй, олж харахыг ч хүсээгүй байна ... гуравдагч этгээдийг шалгаруулсан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр үнэлгээний хороог дахин үнэлгээ хийх шийдвэр шүүх гаргасан ... хэрхэн дүйцүүлэн үнэлэх нь үнэлгээний хорооны өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Сангийн яамны гомдол хянасан албан бичгийг үндэслэн тендерт оролцогч, ерөнхий шаардлага хангасан, гуравдагч этгээдийн санал болгосон техникийн нөхцөлийг Тендерийн техникийн нөхцөлтэй дүйцсэнд тооцож үнэлсэн ... гуравдугаар шатлалын улсын хэмжээний эмнэлэг болох Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь эмчилгээ, оношилгоонд нэн их хэрэгцээ шаардлагатай байгаа энэхүү ангиографийн тоног төхөөрөмжийг 2 жилийн өмнө Эрүүл мэндийн яаманд захиалсан байдаг. Цар тахлын энэхүү хүнд цаг үед тус эмнэлгийг Улсын Онцгой комиссоос ковидын улмаас бүсийн эмнэлэг болгож өөрчилсөн. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хагалгааны өрөөг суллаж, 1,5 тонн гаруй жинтэй энэхүү томоохон аппаратын дагалдах хэрэгсэлтэй нь суурилуулах, тээвэрлэх, зөөвөрлөх, ашиглалтын шаардлага хангахуйц байдлаар суурилуулах их хэмжээний засварын ажлыг гуравдагч этгээд гэрээний дагуу хийж, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн байранд нийлүүлж, угсрахад бэлэн болчихоод байгаа билээ ... ангиографийн аппарат нэн шаардлагатай байгаа тухай Улсын Онцгой комиссоос удаа дараа анхааруулсаар байна. Энэ бодит байдлыг үндэслэн, эрх ашиг нь хөндөгдөж байгаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай манай хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзсанд гомдолтой байна ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар гаалиар орж ирж байгаа барааны үнэ дээр гаалийн албан татвар, очих цэг хүртэлх тээвэр, тээврийн даатгал, онцгой албан татвар болон бусад албан татварын нэмсэн дүнгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг тооцох ёстой байтал нэр төрлийн нийт үнэ буюу тендерт санал болгож буй эцсийн үнээсээ 10 хувийн Нэмэгдсэн өртгийн албан татвараа бодсон байгаа нь албан татвар тооцох ёсгүй үнэлгээнээс албан татвар тооцож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон ТОӨЗ-ын 15.7 дахь заалтыг зөрсөн байна.

Мөн тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтод ангиографийн тоног төхөөрөмж суурилуулагдах өрөөний засвар, тохижуулалтын ажлын үнийг тендерийн үнэд багтаан хийхээр заасан байтал нэхэмжлэгч ““С М С” ХХК” ХХК нь өөрийн санал болгож буй Нэмэгдсэн өртгийн албан татвараа буруу тооцсоноос гадна уг засвар, тохижуулалтын ажлын зардлыг тусгаагүй байна. Энэ нь ТОӨЗ-ны 15.9 (б) (3)-д заасныг зөрчсөн ... нэхэмжлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвараа буруу тооцсон нь тендерийн шаардлага хангахгүй гэдгийг нэгэнтээ Сангийн яамны хяналтаар тогтоогдсон тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үнэлгээний хороо Багц-1-ийн тендерийг шалгаруулсныг шүүх үндэслэл бүхий дүгнэж чадаагүй ... Сангийн яамны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3380 дугаар албан бичигт ““С М С” ХХК” ХХК нь гомдол гаргаагүй бөгөөд ... зөвшөөрсөн болох нь илтэд байтал үүнийг шалгаж дүгнээгүй “нэхэмжлэгч талаас манай гаргасан алдаа татвартай холбоотой байсан бөгөөд арифметик алдаа тул залруулах боломжтой” гэснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй ... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан тендерт оролцож багц-1, 2, 3-д шалгарсан бөгөөд тус гурван шалгарсан багцыг нийлүүлэн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЭМДЕГ/202102001/2021/49 дүгээр тендерийн нэг гэрээ байгуулсан ... гэтэл анхан шатны шүүхээс ... гэрээг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ... шүүх үүнийг нягтлаагүй гэрээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг илтэд зөрчиж шийдвэр гаргасан гэдгийг харуулж байна ... ЭМДЕГ/202102001 дугаартай “Бүсийн оношилгоо, эмчилгээ төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер шалгаруулах журам бол энэхүү тендерийн маргааныг шийдвэрлэх нэгэн үндсэн эх сурвалж болно. Тус журмын 12 дугаар зүйлийн 12.1-д тендерт оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендерт (а) ТОӨЗ-ны 13, 15 дугаар зүйлд заасны дагуу бэлтгэсэн тендерийн маягт болон үнийн хуваарь зайлшгүй байхыг шаардсан байх ба Үнэлгээний хороо тендерийг хянахдаа 31 дүгээр зүйлийн 31.1-ийн (г)-д заасанчлан, тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэхийг хянахаар заажээ. Ингээд 31.2-т зааснаар, ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а)-(д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж зохицуулсан. Эдгээр шаардлагыг нэхэмжлэл гаргаж буй этгээд болон гуравдагч этгээдийн тендер хангасан эсэхийг ч нягталж дүгнээгүй тул шүүхийн шийдвэр илтэд үндэслэлгүй болсон ... өмнө ялагчаар ““С М С” ХХК” ХХК-ийг шалгаруулахдаа “С” ХХК-ийн тендерийг шалгасан, техникийн үзүүлэлт ямар байгааг тогтоосон, эдгээр шалгуур нь дүйцэх хэмжээнд байсан учраас тендерийн үр ашигтай, хэмнэлттэй байх үндсэн зарчмыг бүрэн хангасан этгээд болох “С” ХХК-ийг шалгаруулсныг дүйцүүлээгүй байна гэж буруутгах үндэслэлгүй. Учир нь Сангийн яамны гомдол хянасан албан бичигт “С” ХХК-ийн техникийн үзүүлэлтийг дүйцүүлэн үнэлэх боломжтой байхад дүйцүүлэн үнэлээгүй байна гэж дүгнэсний дагуу Тендерийн үнэлгээний хороо өмнөх үнэлгээний хорооны хурал дээр /2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурал/ нэгэнт техник үзүүлэлтийн талаар хангалттай хэлэлцсэн байсан тул дүйцүүлэх эсэх дээр санал хураан шийдвэрлэснийг хэрхэн дүйцүүлсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн Шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүйг харуулж байна ... шүүхийн шийдвэр хэргийг бүх талаас нь бодитой нягтлаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байх тул тус шийдвэрийг хянан, хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч ““С М С” ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ““С М С” ХХК” ХХК нь “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дүгээр албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар зөвлөмж, дүгнэлтийн ЭМДГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 “Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан хэсэг, “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/830 дугаар албан бичиг, уг албан бичгийн дагуу “С” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 “Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерийг зохих журмын дагуу дахин зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон тоо хэмжээг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга баталсан байх бөгөөд Эрүүл мэндийн яамны 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1а/118 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж, компьютерт шаардлагатай 32,375.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулан ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж, улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 “Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерт /цаашид “тендерт” гэх/ нэхэмжлэгч ““С М С” ХХК” ХХК болон гуравдагч этгээд “С” ХХК оролцжээ.

Анх уг тендер шалгаруулалт  2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр явагдсан байх бөгөөд ““С М С” ХХК” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/695 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон байх бөгөөд гуравдагч этгээд “С” ХХК-ийн тендерийг “X-ray tubes-ийн focal spot (04/08, 03/1,0) зөрүүтэй, хөргөлтийн дээд хурд болон хөргөлтийн систем зөрүүтэй, өвчтөний орны эргэлт 1200 /50 зөрүүтэй байгаа нь дүйцүүлэн үнэлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан байна. Үнэлгээний хорооны уг шийдвэрийг гуравдагч этгээд “С” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гомдол гаргаснаар тус яамны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3380 дугаар албан бичгээр “... ““С М С” ХХК” ХХК үнийн хуваарьт нэмэгдсэн өртгийн албан татварыг нийт үнээс тооцсон нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 15.7-д заасантай нийцэхгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй ...” гэж тендер шалгаруулалтын 1 дүгээр багцыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасан байна.

 Сангийн яамны энэхүү “нэхэмжлэгч “Саммит медикал” ХХК-ийг үнийн хуваарьт нэмэгдсэн өртгийн албан татварыг нийт үнээс тооцсон нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 15.7-д заасантай нийцээгүй” гэж дүгнэснийг нэхэмжлэгч  “Саммит медикал” ХХК эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй байна.

Улмаар Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “С” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/830 дугаар албан бичгээр “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 01/831 дүгээр албан бичгээр “Саммит медикал” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн байх бөгөөд ийнхүү уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг нэхэмжлэгч “Саммит медикал” ХХК-ийн нэхэмжлэлээр хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.                                                                                                          

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг нээсний дараа тендерт оролцогч тус бүр нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, буюу ерөнхий болон санхүү, техникийн чадавхи, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерийн баримт бичиг болон хуульд заасан үзүүлэлт тус бүрээр хянан үзэж, захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тохиолдолд тендерээс татгалзах эрхтэй байх бөгөөд шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь “Тендерийн үнэ” байхаар, хуульд заасан шаардлагыг хангаж, үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэх хуулийн зохицуулалт мөрдөгдөхөөр байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” 01/585 /1хх-95/, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/664 /1хх-102/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Тодруулга хүргүүлэх тухай” 02/429 /1хх-97/ дугаар албан бичиг зэргээс үзэхэд тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ЭМДЕГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 Ангиографийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлттэй холбогдуулан Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасны дагуу тус газар хянаад захиалагчийг тендерийн баримт бичгийн хэрэгслүүд болон тэдгээрийн дагалдах хэрэгслүүдийн техникийн тодорхойлолтод тодорхой нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтийг тухайлан заасан, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй”, 11.1.4-д “энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэх гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн, улмаар Үнэлгээний хороо техникийн үзүүлэлтдээ “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн өөрчлөлтийг оруулж, энэ талаар оролцогчдод мэдэгдсэн, мөн тендерт оролцогчдоос тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтод тодруулга авахаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргасан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Тодруулга хүргүүлэх тухай” 02/476 /1хх-214/ дугаар албан бичгээр “... Техникийн тодорхойлолтын хувьд “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн нэмэлт тодруулгыг оруулсан нь тендерт ирүүлсэн саналыг дүйцүүлэн үнэлэх боломжтой гэж ойлгогдож байна” гэх тодруулгыг өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тендерт санал болгосон тоног төхөөрөмж нь Тендерийн техникийн үзүүлэлт, шаардлагад нийцсэн, гуравдагч этгээдийн тендерт санал болгосон тоног төхөөрөмжийг дүйцүүлэн үнэлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Үнэлгээний хороо ийнхүү гуравдагч этгээдийн ирүүлсэн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг дүйцүүлэн үнэлснийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “... манай ... аппаратууд нь ... тендерийн шаардлага, техникийн үзүүлэлтэд бүрэн нийцэж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар дүйцүүлэн үнэлэх шаардлагагүй тоног төхөөрөмж байтал дээрх үндэслэлийг дурдан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... “С” ХХК-ийн санал болгосон тоног төхөөрөмжүүдийг хэрхэн техникийн үзүүлэлтүүдтэй дүйцүүлсэн эсэх нь тодорхойгүй, өмнө ... тус компанийн тендерээс татгалзахдаа “X ray tubes focal spot 04/08.03/1.0 зөрүүтэй, хөргөлтийн дээд хурд болон хөргөлтийн систем зөрүүтэй өвчтөний орны эргэлт 120/5 зөрүүтэй өвчтөний орны эргэлт 120/5 зөрүүтэй байгаа нь дүйцүүлэн үнэлэх боломжгүй тул шаардлага хангахгүй” гэсэн атлаа үүн дээр огт тайлбар өгөлгүй уг дүйцүүлэх асуудлыг манай компанид хамаатуулан тайлбарлаж урьд гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосныг ... хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргасныг хүлээн авах мөн анхан шатны шүүхийн “... Сангийн сайдын 2012 оны 9 сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Тендерт үнэлгээний зааврын дагуу Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь үнэлгээний хуудсаар үнэлгээ хийгээгүй, хэдэн оноо өгч хэрхэн, юуг юутай дүйцүүлсэн нь тодорхой биш, дүйцүүлэх аргачлал, тооцсон тооцоолол огт байхгүй байгаа тул Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна ...” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн “... өмнө нь ““С М С” ХХК” ХХК-ийг шалгаруулахдаа “С” ХХК-ийн тендерийг шалгасан, техникийн үзүүлэлт ямар байгааг тогтоосон, ... нэгэнт техник үзүүлэлтийн талаар хангалттай хэлэлцсэн байсан тул дүйцүүлэх эсэх дээр санал хураан шийдвэрлэснийг хэрхэн дүйцүүлсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүйг харуулж байна ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно”, 9.1.1-д “импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж”, 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.2-т “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус хуульчилсан.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 15.7-д “Гэрээ болон бусад үндэслэлээр гүйцэтгэгчийн төлөх ёстой бүх татвар хураамжийг тендер хүлээж авах эцсийн хугацаанаас 14 хоногийн өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг үндэслэн тендерийн үнэд багтаасан байна”, 15.9-д “Үнийн хуваарьт дараах зүйлсийг тусад нь бичиж харуулна. Үүнд: (б) Монгол Улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны хувьд: 1. ТШӨХ-д захиалагчийн нэрлэсэн хилийн боомт хүртэлх СИФ/CIF/ үнэ, эсхүл захиалагчийн нутаг дэвсгэр дэх нэрлэсэн байрлал хүртэлх СИП /CIP/ үнэ, 2. гэрээ байгуулах эрх олгогдсоноор импортоор орж ирэх бараанд ногдох гаалийн, нэмэгдсэн өртгийн болон бусад албан татвар, 3. барааг орох боомтоос буюу нэрлэсэн байрлалаас ТШӨХ-д заасан эцсийн цэгт хүргэхэд шаардагдах хуурай газрын тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардал” гэж тус тус заасан байна.

““С М С” ХХК” ХХК, “С” ХХК нарын тендерийн баримт бичгээс үзэхэд ““С М С” ХХК” ХХК нь Philips Azuron 7 B20/15 загварын 2 толгойт ангиографийн аппарат санал болгож, ТОӨЗ-ны 15.9 (б) (1)-д заасан СИФ эсхүл СИП нэгж үнэ: 3,689,820,000 төгрөг, нэр төрөл бүрийн СИФ эсхүл СИП нийт үнэ (4x5): 3,689,820,000 төгрөг, ТОӨЗ-ны 15.9 (Б) (2)-д зааснаар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төлөх НӨАТ болон бусад татвар хураамж: НӨАТ 409,980,000 (гаалийн татвараас чөлөөлөгдөнө), нийт 4,099,800,000.00 төгрөгийн үнийн саналыг, “С” ХХК нь ХБНГУ-ын  Siemens үйлдвэрийн ангиограф /Biplane/-ийн тоног төхөөрөмжийг санал болгож, СИП нэгж үнэ: 3,220,338,983.05 төгрөг, СИП нийт дүн (4x5): 3,220,338,983.05 төгрөг, НӨАТ болон бусад албан татвар: 579,661,017 төгрөг, нийт 3,800,000,000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, ““С М С” ХХК” ХХК 4,099,800,000 төгрөг, “С” ХХК 3,800,000,000 төгрөгийн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс тус компанийн тендерт ирүүлсэн үнийн хуваарь дээр Нэмэгдсэн өртгийн албан татварыг буруу тооцсон эсэхтэй маргаагүй, харин “... манай гаргасан алдаа татвартай холбоотой байсан ... хуульд заасны дагуу арифметик алдаа гэж тооцож залруулах бүрэн боломжтой ... ” гэж тайлбарлан маргажээ.

Өмнө нь Сангийн яамны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3380 дугаар албан бичгээр “... үнийн хуваарьт нэмэгдсэн өртгийн албан татварыг нийт үнээс тооцсон нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 15.7-д заасантай нийцэхгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй ...” гэж тендер шалгаруулалтын 1 дүгээр багцыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасан, уг шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч үнийн асуудлыг буруу тооцоолсноо хүлээн зөвшөөрсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Захиалагч тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно”, 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан тул тендерт оролцогч тендерийн үнийн дүнг засах, захиалагчаас тендерт оролцогчтой үнийн талаар санал солилцох, үнийг өөрчлөх талаар шаардах хууль зүйн боломжгүй, тендерт оролцогчдыг шалгаруулах гол үзүүлэлт нь тендерийн үнэ байх тул нэхэмжлэгч компаниас нэгэнт тендерт ирүүлсэн үнийг “арифметик алдаа” бүхий үнэ гэж үзэх үндэслэлгүй энэ тохиолдолд хамгийн бага үнийн санал ирүүлсэн гуравдагч этгээд “С” ХХК-ийн тоног төхөөрөмжийг Үнэлгээний хороо өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дүйцүүлэн үнэлж, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосныг буруутгах үндэслэлгүй буюу “С” ХХК-ийг сонгон шалгаруулсан хариуцагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 “Ангиографийн тоног төхөөрөмжийн нийлүүлэх” тендерт гуравдагч этгээд “С” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хуульд нийцсэн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “С” ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЭМДЕГ/202102001/2021/49 дүгээр гэрээ байгуулсан нь үндэслэлтэй, эдгээр шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч ““С М С” ХХК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерээр 3 багц /Багц-1, Багц-2, Багц-3/ тендер зарлагдсан байх бөгөөд гуравдагч этгээд “С” ХХК тус 3 багц тендерт шалгарч, улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “С” ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЭМДЕГ/202102001/2021/49 дүгээр тендерийн нэг гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ тохиолдолд ““С М С” ХХК” ХХК нь уг тендерийн Багц-1-т оролцсон, уг тендерийн хүрээнд маргасан байхад анхан шатны шүүх “С” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай тус тус нийцээгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Мөн шүүхийн “нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гуравдагч этгээдээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийг татан оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй” нь үндэслэлтэй, Улсын хоёрдугаар төв эмнэлгийг татан оролцуулах хүсэлтийг шийдвэрлэсэн хэсэгт холбогдуулан гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хүлээн авах, эдгээр үндэслэлүүд нь шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэл болоогүйг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.8, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““С М С” ХХК” ХХК-ийн “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/831 дүгээр албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар зөвлөмж, дүгнэлтийн ЭМДГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 “Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан хэсэг, “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/830 дугаар албан бичиг, уг албан бичгийн дагуу “С” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДГ/202102001 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн Багц-1 “Ангиографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерийг зохих журмын дагуу дахин зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хүрэлбаатар, С.Ганхуяг, Э.Халиун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаран нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ