Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00042 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.*******д хариуцагдах

            “14.906.950 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү оролцов.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.*******тэй 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн юм. Ингээд хариуцагч Ж.******* нь 2015 оны 11 cap хүртэл 5 хувийн хүүгээ төлж явж байсан боловч үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны зээлийн хүү 4.800.000 төгрөг, үндсэн зээл 10.000.000 төгрөг, Ж.*******г олж уулзах зорилгоор Цогтцэций сум, Даланзадгадын хооронд орон нутгийн шуудангаар 2 удаа явж ирж очиж араас нь хөөцөлдөж явсан өөрийн машиндаа бензин хийж явж ирсэн зэрэг зардал 106.950 төгрөг зарцуулсан учраас гаргуулах хүсэлтэй байна. Ж.*******тэй зээлийн гэрээгээр тохиролцсон 6 хувийн хүүг багасгаж 5 хувийн хүүгээр амаар ярьж тохиролцоод авч байсан. Энэ хүнийг боломжийг нь бодоод харж үзэж байсан боловч одоог хүртэл гэрээгээр тохирсон хүүгээ байтугай үндсэн мөнгөө өгнө гэж хэлж явсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд миний бие нурууны суулт өгч нуруундаа эмчилгээ хийлгэн мөнгөний шаардлага маш ихээр гарч энэ болгонд хариуцагч Ж.*******г олж уулзах, утсаар ярих, байгаа газарт очиж уулзах гэж маш их зардал чирэгдэл болж хохирсоор байна.

Иймд Ж.*******гээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү гэрээнд зааснаар 4.800.000 төгрөг, унааны зардал 106.950 төгрөг нийт 14.906.950 төгрөг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******ын нэхэмжпэлтэй иргэний хэргийн хариуцагч Ж.******* миний бие нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Д.*******ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийг зээлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус зээлийн гэрээнийхээ хугацаанд тогтмол хүүгээ төлж явсан нь үнэн болно. Ингээд би гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш үндсэн зээл болох 10.000.000 төгрөгнөөсөө Д.*******ын Хаан банкны данс руу cap бүр тогтмол “Б.*******аас” гэсэн гүйлгээний утгатайгаар төлөлт хийж ирсэн. Учир нь Б.******* нь манай гэр бүлийн хүн юм. Иймд би одоо нэхэмжлэгч Д.*******т 2.000.000 орчим төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа тул энэхүү үлдэгдлээ өгөх хүсэлтэй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******гээс 2.406.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.485 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53.461 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Миний бие Ж.*******тэй 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд 10.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Миний хувьд энэ 10.000.000 төгрөгийг их хөдөлмөрлөж байж олсон мөнгө юм. Гэрээний хугацаа дуусаад би мөнгөө нэхэхэд зээлийн хугацаагаа сунгаад явж байя, дуртай үед чинь гаргаад өгье гэхэд нь итгэж найдаад хүн чанар гаргаад өгснөөс *******д хүч хэрэглэж тулгаж өгөөгүй, мөнгөө үржүүлээд аривжуулаад өгөөрэй гэж хэлээд өгч байсан. Анх л гэрээний хугацаа дууслаа мөнгөө авъя гэхэд Ж.******* нь зээлийн гэрээгээ бичгээр сунгах боломжгүй хил дээр явж байна, Цогтцэций дээр байна, очих болохоороо гэрээгээ хийе, хүүгээ төлөөд явж байхад асуудалгүй биздээ, амаар ярилцаад гэрээний хугацааг сунгаад явж байя гэх зэргээр яриад эхний хэдэн сард хүүгээ сардаа багтаагаад төлөөд явж байхаар нь асуудал яриагүй байж байгаад хүүгээ өгөхөө болихоор нь мөнгөө авах гэж аймгийн төвд буюу 5-р баг, Зүүнсайханы 2 дугаар гудамжны 11 тоотод өдөр болгон шахуу очиж хашаа хавиар нь эргэлдэж байгаад сүүлд Цогтцэцийд дэлгүүрт ажиллаж байгааг нь мэдээд хэд хэдэн удаа уулзах гэж очсон. Ж.******* нь надаас зугатааж анхнаасаа гэрээ байгуулахгүй, увайгүй үйлдэл гарган зугатааж худлаа үнэн ярин өдийг хүргэчихээд миний бие арга ядан хуулийн байгууллагад үнэн учраа бичин хандахад шүүх Ж.*******г ийм үйлдэл хийсэн нь зөв гэж дүгнэн хэтэрхий нэг талыг барьж хохирсон намайг авч хэлцэлгүй шийдсэнд гомдолтой байна.

Хариуцагч Ж.*******, түүний нөхөр Б.******* нар нь өнчин өрөөсөн бие муутай надаар тоглон миний хөдөлмөрлөж хураасан мөнгийг инээж авчихаад мөн сайн дураар гэрээнийхээ хугацааг сунгахаар харилцан тохиролцож утсаар ярьж зовлон тооччихоод эцэст нь үндсэн мөнгөө төлж явж байсан гэж мэлзэж, ядарсан надад худлаа ярин хуурч мэхэлж явсандаа бантан шүүх хуралд ч суух нүүргүйгээр зугатаан алга болсон. Насны эцэст Ж.*******, Б.******* нар нь намайг хуурч мэхлэн надаар тоглож болно, харин үр хүүхэд үлддэг хорвоод хийсэн зүйлээ эргэн харж хүн чанар гаргах уу? хэдэн халтар төгрөгөөр хүн залилаад өнгөрөх үү гэдгээ тунгааж бодох болов уу гэж найдаж байна.

Ж.******* нь зээлийн гэрээний 4 дүгээр заалтыг зөрчин талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно гэсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацааг сунгах талаар ярихад сунгахгүй зугатааж, хуурч мэхлэн явсан үйлдлээс болсон. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө талын хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Ж.*******гийн 10.000.000 төгрөгөө одоогоор хэрэглэхгүй бол би хүүг нь төлөөд явж байя, мөнгөө хэрэг болсон үедээ аваарай гэж хэлснээр гэрээ хүчин төгөлдөр, хэлцэл хийгдсэн гэдэг нь тодорхой байгаа. Хуулинд хүүг заавал бичгээр байгуулна гэж заасан байгаа ч Ж.*******гийн хувьд анхнаасаа намайг хуурч зугатааж байсан гэдэг нь Ж.*******тэй шүүхийн гадаа уулзаж байхад ч “чи нэхэмжлэлээ татаад авчих, 02 дугаар сарын 01 хүртэл харчих харин би шүүхэд, нотариатад бичиг хийж өгөхгүй” илт зугатааж явсан нь харагдаж байсан.

Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу Ж.******* нь cap бүрийн 23-25-ны өдрийн хооронд хуанлын дагуу төлөлтөө миний дансруу хийгээд байгаа үйлдэл нь Д.*******, Ж.******* нарын хооронд хэлцэл хийгдсэн байна, тэр нь бодит үйлдлээр буюу дансны хуулгаар нотлогдон харагдаж байгаа юм. Ж.******* зугатаагаад утсаар ярих болохоороо зовлонгоо тоочиж, тэр болгоныг нь хүн чанар гарган нээрээ л болж бүтэхгүй байгаа бол яахав гэж явснаар эцэс сүүлд нь хуулиар далайлган ичих нүүргүй зан гаргаж иргэн намайг хохироож байгааг эргэн харж шүүн тунгааж шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00042 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэн иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт өгч Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж. *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 4,800,000 төгрөг, унааны зардал 106,950 төгрөг нийт 14,906,950 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн байгуулсан зээлийн гэрээг үндэслэн Ж.*******гийн хүсэлтээр гэрээний хугацааг амаар сунгасан учир зээлийн гэрээний дагуу хүүг Ж.*******гээс авсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний хугацаанд хүүг төлж ирсэн, гэрээний хугацаа дууссан 2014 оны 7 дугаар сарын 21-нээс хойш төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцож өгсөн, одоо 2,000,000 орчим төгрөг төлөх үлдэгдэлтэй гэж маргажээ. /хэргийн 26 дугаар тал/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд зээлд 1,700,000.0 төгрөг төлнө, ирж очсон унааны зардал 106,950 төгрөг нь зайлшгүй гарах зардал биш тул төлөхгүй гэж тайлбарласан байна. /хэргийн 62 дугаар тал/

2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээгээр Д.******* нь Ж.*******д 2014 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 20 хүртэл хугацаагаар, сарын 6 хувийн хүүтэйгээр 10,000,000 төлнө  төгрөгийг зээлүүлсэн, зээлдэгч Ж.******* нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор зээлсэн мөнгийг бүхлээр нь буюу хэсэгчлэн төлж дуусгахаар тохирсон байна. /хэргийн 04 дүгээр тал/

Ж.******* нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй учир зээлдүүлэгч Б.******* зээлсэн мөнгөө Ж.*******гээс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар Б.******* нь  2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 8,300,000 төгрөг хүлээн авсанаа зөвшөөрсөн байна.

Харин хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн гэрээг ан, эсхүл 10 сая төгрөгт хүүг 5 хувиар тооцохоор тохиролцсон баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсний дагуу нэхэмжлэгч Д.******* хүү шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийгдсэн гэж үздэг боловч хэрэгт зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээг сунгасан баримт, хүү тохирсон баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгээс өөр нотолгооны хэрэгслээр шаардлагаа нотлоогүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШЗ2017/00272 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.БЯМБАЖАВ                                                                                                   ШҮҮГЧИД                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                              Н.НАСАНЖАРГАЛ