Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 88

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би Д.Балжмаад холбогдох "300000 төгрөг гаргуулах тухай" М.Энхтуяагийн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч М.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Балжмаа нь Эрдэнэхүүгийн Мөнхтулгын өмгөөлөгчийн хөлсийг 2016 оны 9 сарын 01-ний өдөр төлнө гэж тохирсон боловч одоог хүртэл төлөөгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Балжмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дэмбэрэл овогтой Балжмаа миний бие нь өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх нэхэмжилж буй мөнгийг 2017 оны 02 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч М.Энхтуяа нь хариуцагч Д.Балжмаад холбогдуулан “300000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч Д.Балжмаа нь нэхэмжлэгч М.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Дэмбэрэлийн Балжмаа нь “300000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч М.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11150 төгрөгийн тал хувь 5575 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 5575 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Д.Балжмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 5575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Энхтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ