Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч: Э.Т- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005000000847 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Т-, ...., 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Теди төвд худалдагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Т- нь 2020 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн дотуур байрны гаднах зогсоол дээр хохирогч Б.Т-ын нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, хамарт зөөлөн эдийн цяцрал, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед найз О-йн төрсөн өдөр болж эхнэр Н-, О-, эхнэр А-, найз нь гэх Т- нартай 3, 4 дүгээр хорооллын Билэг их дэлгүүрт уулзаад ууж идэх юм аваад О-йн гэр болох БГД-ын 11-р хороо, МҮИС-н дотуур байранд очсон. Тэгээд бид нар тавуулаа сууж байхад гаднаас О-йн 3 найз нь ирээд бид нар 2 шил 1 литрийн виски хувааж ууцгаасан. Тэгээд шөнө 04 цагийн үед гараад би дуудлагын жолооч дуудаад гадаа хүлээгээд зогсож байхад О-йн найз Т- ирээд үгийн зөрүүгүй шууд хажуу талаас миний хамар руу 1 удаа цохиод, толгой руу 3 удаа цохисон. Тэгээд би өөрөөсөө холдуулаад түлхэхэд найз нь ирээд салгасан. Тэгээд миний хамарнаас цус гараад Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд, 1-р эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Тэгээд 1-р эмнэлгийн гадаа бөөнөөрөө зогсож байхад Т-тай юм яриад зогсож байхад дахиад хамар руу 1 удаа мөргөсөн. Тэгээд О- салгахад О- руу дайраад байсан. Тэгээд бид нар салаад явцгаасан. Бид нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй, яагаад намайг цохисныг мэдэхгүй байна. Т- надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар шөнө салхинд гараад буцаж гэрийн гадаа зогсоол дээр ирээд хоорондоо юм ярьцгаагаад зогсож байсан. Тэгэхэд Т-, Т- нар цаана юм яриад зогсож байсан. Би наана Ганхүү, О-, Золоо нартай юм яриад зогсож байхад Золоо харьлаа гээд явсан. Тэгээд удалгүй Т-, Т- нар хоорондоо зодолдоод Т-гийн хамарнаас цус гараад орилж байсан. Тэгээд бид нар очоод тэр хоёрыг салгаад би машинд унтаж байсан Н-ааг сэрээсэн. Тэр хоёрыг салгаад зогсож байхад Т- очоод Т-г цохиод авсан. Т- Н- нар гэмтлийн эмнэлэг яваад бид нар араас нь очоод бөөндөө 1-р эмнэлгийн гадаа очиход Т- машинаас бууж ирээд машинд сууж байсан Т-гийн нүүр рүү 1 удаа цохисон. Т- буугаад Т-гийн дух руу 1 удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Г.Н-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг машинаас гараад ирэхэд Т-гийн хамраас цус гараад доошоо тонгойгоод зогсож байсан. Тэгээд А-аас асуухад Т- тамхи асуухад хажуунаас нь Т- цохьсон гэж хэлсэн. Т- Т-г 1 удаа түлхсэн гэж хэлсэн. Өөр зодоон болоогүй. Миний ойлгосноор Т- нь манай нөхөр Т-г цохисон байсан. Тэр хоёр бие биенийгээ таньдаггүй байсан. Тэр өдөр танилцсан. Т- манай нөхөр Т-гөөс уучлалт гуйж эмчилгээний зардал 1.000.000 төгрөг өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Шинжээчийн 5541 тоот дүгнэлтэд: “...Б.Т-ын биед тархи доргилт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26-27/,

Яллагдагчаар Э.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед хохирогч Төрболдын биед учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Б.Т-той сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-46, 49, 51/, хохирогчийн хүсэлт /хх-н 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Э.Т- нь 2020 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн дотуур байрны гаднах зогсоол дээр хохирогч Б.Т-ын нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, хамарт зөөлөн эдийн цяцрал, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Т-ын: “...шөнө 04 цагийн үед гараад би дуудлагын жолооч дуудаад гадаа хүлээгээд зогсож байхад О-йн найз Т- ирээд үгийн зөрүүгүй шууд хажуу талаас миний хамар руу 1 удаа цохиод, толгой руу 3 удаа цохисон. Тэгээд би өөрөөсөө холдуулаад түлхэхэд найз нь ирээд салгасан. Тэгээд миний хамарнаас цус гараад Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд, 1-р эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Тэгээд 1-р эмнэлгийн гадаа бөөнөөрөө зогсож байхад Т-тай юм яриад зогсож байхад дахиад хамар руу 1 удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, гэрч Н.А-ын: “...Тэгээд удалгүй Т-, Т- нар хоорондоо зодолдоод Т-гийн хамарнаас цус гараад орилж байсан. Тэгээд бид нар очоод тэр хоёрыг салгаад би машинд унтаж байсан Н-ааг сэрээсэн. Тэр хоёрыг салгаад зогсож байхад Т- очоод Т-г цохиод авсан. Т- Н- нар гэмтлийн эмнэлэг яваад бид нар араас нь очоод бөөндөө 1-р эмнэлгийн гадаа очиход Т- машинаас бууж ирээд машинд сууж байсан Т-гийн нүүр рүү 1 удаа цохисон. Т- буугаад Т-гийн дух руу 1 удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч Г.Н-ы: “...Намайг машинаас гараад ирэхэд Т-гийн хамраас цус гараад доошоо тонгойгоод зогсож байсан. Тэгээд А-аас асуухад Т- тамхи асуухад хажуунаас нь Т- цохьсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, шинжээчийн 5541 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т- нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 55/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Т-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР