Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 621

 

 

 

2020         06           29                                   2020/ШЦТ/621     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Отгонгэрэлийн Тт холбогдох эрүүгийн 2009000000812 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Рөүт Катеринг” ХХК-нд бармен ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 80-90 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Отгонгэрэлийн Т /РД:МН95101617/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 604 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зома рестораны үүдэнд тус газарт үйлчлүүлж байсан Э.Ганбаярыг агсам согтуу тавилаа гэх шалтгаанаар очиж унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009000000812 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Ганбаяр гэх хүн тооцоогоо хийхгүй байсан. Ер нь бол Ганбаяр гэх хүн жаахан агсан тавиад байхаар нь болиулах гэхэд намайг өшиглөөд байсан. Тэгэхээр нь би гараараа нэг удаа цохисон...уг бэртэл гэмтлийг Ганбаяр гэх хүн согтуу агсраад намайг өшиглөөд байхаар нь би гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж учруулсан...Ганбаяр гэх хүний мөрний гэмтлийг Ганбаяр гэх хүн намайг эргэж хараад бариад мордож унагахдаа бид 2 хамт унасан. Тэгэхэд учирсан байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

                 Хохирогч Э.Ганбаярын “...2020 оны 05 сарын 11-ний 18 цаг 50 минутын үед би ганцаараа Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зома нэртэй ресторанд үйлчлүүлээд гарахдаа харуул гэх танихгүй залуутай согтуу байхдаа бага зэрэг маргалдсан. Тэр үед уг рестораны бармен араас миний 2 гарыг бариад урагшаа дээрээс дараад уначихсан. Энэ үед би баруун мөрөөрөө газар унасан. Ингээд би доошоо хараад хэвтэж байх үед тэр залуу ноцолдож байгаад намайг дээшээ харуулж миний баруун гарыг хөшиж татаад 2 хөлнийхөө завсараар хийж өчсөн. Ингээд гарыг маань хөшиж байгаад болиод миний дээрээс босох үедээ хамар луу гараараа 1 удаа цохисон. Цохиулснаас болоод манарч байх үед дахиад ямар нэгэн зүйл хамар луу тас гээд буусан. Ямар ч байсан бармен залуу цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

                 Гэрч Э.Цогжаргалын “...манай бармен Т гарч ирээд гарыг нь ард нь барьчхаад хүмүүсийг цохиулахгүй гэж хамгаалсан. Тэгээд Ганбаяр, Т 2 ноцолдож унаад Т болий гээд гарыг нь тавьсан чинь нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь Т шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд тухайн залуу агсам согтуу тавиад орилж хашгираад байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн №5922 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

            1. Э.Ганбаярын биед хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зома рестораны үүдэнд тус газарт үйлчлүүлж байсан Э.Ганбаярыг агсам согтуу тавилаа гэх шалтгаанаар очиж унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Ганбаярын мэдүүлэг, гэрч Э.Цогжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5922 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул О.Тийг Хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч О.Тт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх О.Тт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Т  нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Э.Ганбаяр нь эмчилгээний зардалд 517.500 төгрөгийг авсан, гомдол саналгүй, шүүгдэгч Э.Ттай эвлэрсэн талаар хүсэлт /хх- 40 дүгээр хуудас/ гаргаж өгсөн, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Отгонгэрэлийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН