Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00073/И |
Дугаар | 073 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 073
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Л.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн. Би ******* сумын 8-н жилийн дунд сургуулийг 1980 онд төгсөөд 1984 оны 05-р сарын 25-наас 1987 оны 07-р сарын 07-ныг дуустал Завхан аймгийн *******т архи, амтат ус хийгчээр ажиллаж байсан. 1985 онд нөхөр Б.*******тай гэр бүл болж 1987 оны 07-р сарын 16-наас 1990 он хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн ******* үйлчлэгчээр ажиллаж байсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, хүнсний үйлдвэрт ажилд орсон тушаалын бичилт 1 жилийн дараа хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд намайг 1983 оны 01-р сарын 01-нээс 1983 оны 10-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд туслах ажилтнаар, 1984 оны 05-р сарын 25-наас 1987 оны 07-р сарын 07-ныг дуустал Завхан аймгийн *******т архи, амтат ус хийгчээр, 1987 оны 07-р сарын 16-наас 1990 он хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн ******* үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь 1983 оны 01-р сарын 01-нээс 1983 оны 10-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд туслах ажилтнаар, 1984 оны 05-р сарын 25-наас 1987 оны 07-р сарын 07-ныг дуустал Завхан аймгийн *******т архи, амтат ус хийгчээр, 1987 оны 07-р сарын 16-наас 1990 он хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн ******* үйлчлэгчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Л.******* нь 1983 оны 01-р сарын 01-нээс 1983 оны 10-р сарын 01-н хүртэл, Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд туслах ажилтнаар, 1987 оны 07-р сарын 16-наас 1989 оны 12-р сарын 30-н хүртэл тус нэгдэлд ******* үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь 1984 оны 06-р сарын 05-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, цалингийн цэс зэрэг баримтаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч 1984 оны 05-р сарын 25-нд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Завхан аймгийн хүнсний үйлдвэрийн архи, амтат усны цехэд амтат ус хийгчээр ажилд орсон болох нь БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн харьяа Завхан аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1984 оны 05-р сарын 25-ны өдрийн ******* дугаартай Ажилд томилох тухай тушаалаар, 1987 оны 07-р сарын 07-ны өдөр тус ажлаас гарсан нь мөн даргын 1987 оны 07-р сарын 07-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.*******г дээрх жилүүдэд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.*******гийн ...******* 1982 онд 10-р анги төгссөн. Ээж нь 6-р ангид байхад нас барсан юм. Уг нь ******* сумын хүн юм. Ээж нь нас барсан болохоор Цагаанчулуут суманд ээжийнхээ ах, дүү нарыг бараадаж ирсэн юм. 1983 онд Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд туслах ажилчин хийдэг байсан. Дараагаар нь аймгийн *******т ажиллаж байсан. 1985 онд ******* гэж манай нэгдэлд нярав хийж байсан хүнтэй гэр бүл болсон. 1987 оны үед буцаад Майн нэгэн нэгдлийн буудал, талхны цехэд үйлчлэгч хийдэг байсан. Тэгээд 1990 оноос хойш нэгдэл тараад мал дээр гарсан байх. Би Майн нэгэн нэгдлийн клубт үйлчлэгч хийдэг байсан юм. Бид нар нэг дороос цалин авдаг байсан юм. Тухайн үед Майн нэгэн нэгдлийн дарга нь байсан. Орлогч нь гуай байсан. Нэгдэл 1991 онд тарсан. Тэгээд би нар ажилгүй болсон... гэсэн,
гэрч Н.ын ... Энэ хүн манай сумын хүүхэд юм. Багаасаа л манай сумд байж байгаад нэгдлийн ажлыг хийгээд явдаг байсан. Туслах ажил хийж байсан. Тэгээд Завхан аймгийн хүнсний үйлдвэрт ажилтнаар нилээн олон жил ажиллаж байгаад манай сумын ******* гэдэг хүнтэй сууж Цагаанчулуут сумд 1987 онд ирж Майн нэгэн нэгдэлд туслах ажилтнаар ажилласан. Яагаад гэхээр ******* нь манай сумын нэгдэлд нярав хийдэг байсан учраас нөхрийгөө дагаад нэгдэлд ирж ажилласныг сайн мэдээд байна. Он, сар, өдрийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Насанд хүрээд нэгдэлд туслах ажил хийж байгад хувьчлал явагдтал буюу 1990 он хүртэл ажилласан байх ёстой. Нэгдлийн даргаар дарга байсан. Боловсон хүчин нь гэж байсан. Дунд нь харин Завхан аймаг орж хүнсний үйлдвэрт ажилласан. *******г хэддүгээр анги төгссөнийг нь сайн мэдэхгүй байна. Аавгүй, төрүүлсэн ээж , өсгөсөн ээж нарынхаа хамт л байдаг байсан... гэсэн,
гэрч Д.ын ... Би 1978 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд тракторын жолоочоор орсон. Тэгэхэд ******* 10-р анги дөнгөж төгссөн гээд л манай нэгдлийн цехэд туслах ажилтнаар нэг жил гарантай ажиллаж байгаад алга болчихсон юм. Тэгсэн 1987 онд манай сумын *******тай гэр бүл болчихсон буцаад сумдаа ирж Майн нэгэн нэгдэлдээ ажилласан. Нэгдлийн ******* үйлчлэгч, мөн цехэд туслах ажилтан гээд янз бүрийн л ажил хийдэг байсан. Нэгдлийн хий гэсэн ажил болгоныг л хийдэг байсан. Би 1994 онд ажлаасаа гарсан. Намайг ажиллаж байх үед ******* 1992 онд шиг санагдаад байна ажлаасаа гарсан. 1992 оноос хойш бол улсууд ажилгүй болж эхэлсэн шүү дээ. Нэгдэлд дөнгөж нэг жил гаруй ажиллаад алга болсон юм. Тэгсэн аймаг орж ирээд хүнсний үйлдвэр хавьцаа ажиллаж байгаа гэж дуулдаж байсан. Энэ талаар он сарыг нарийн сайн мэдэхгүй. Ямар ч байсан *******тай суугаад 1987 онд нэгдэлдээ ирж байсныг тод санаж байна. Намайг ажиллаж байх үед нэгдлийн даргаар дарга байсан санагдаад байна... гэсэн мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л.*******г 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1983 оны 10 дугаар сарын 01-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд туслах ажилтнаар, 1984 оны 05 дугаар сарын 25-наас 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Завхан аймгийн *******т архи, амтат ус хийгчээр, 1987 оны 07 дугаар сарын 16-наас 1989 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн ******* үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ