| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0592/э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 622
2020 06 29 2020/ШЦТ/622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: М.Ч нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Мөнхцэцэгийн Чд холбогдох эрүүгийн 2009013380792 дугаартай хэргийг 2020 оны 6 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1973 оны 10 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо 35-445 тоотод оршин суух хаягтай, 1996 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 265 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, 2002 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 194 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхцэцэгийн Ч, /РД: ХЛ73102412/,
Холбогдсон хэргийн талаар /2020 оны 06 сарын 09-ний өдрийн 213 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч М.Ч нь согтуүруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны сарын 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо 35-445 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох насанд хүрээгүй Э.Цолмон, Э.Нармандах, ээж Л.Мөнхцэцэг нарт байнга, агсан тавьж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед эгч Минжээгийн том хүүхэд болох 17 настай дүү Цолмонг уурлаж загнаад заамдаж авсан. Тэр үед дүү Цолмон гэрээс гарч гүйгээд цагдаа дуудсан ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүү Цолмонд хандаж новшоо гэж хэлээд чанга дуугаар орилж хэрцгийгээр агсан согтуу тавьдаг юм. ...Хутга барьдаг асуудал ганц хоёр удаа л дайрч байсан. ...сүүлийн үед архи уусан үедээ ихэвчлэн ар гэртээ агсан согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа энэ миний буруу. ...Би ахиж архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй, архи ууж агсам тавьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Цолмонгийн “Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн орчим нагац ах М.Ч гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирээд орон дээрээ хэвтсэн М.Ч нь манай Нармандахад хандаж удирдлага олоод ир гээд хэлсэн, тэр үед удирдлага эмээд байсан учир эмээ Мөнхцэцэг өгөхгүй гэсэн дүү Нармандах Ч дээр очоод эмээ Мөнхцэцэг нь удирдлага өгөхгүй гэнээ гэж хэлсэн. Тэгэхэд Ч нь уурлаад дүү Нармандах руу босож ирээд чи муу битгий өдөөд байгаараа гээд уурлаад дайраад байсан учир би хажуу талын өрөөнөөс гарч ирээд Чд хандаж болиоч ээ гэж хэлэхэд Ч нь над руу чи яахын гээд над руу дайрсан. Ч ах бид хоёр барьцалдаж авч зууралдах үед эмээ Мөнхцэцэг болиоч гээд бид хоёрыг салгасан. Тэрний дараа би тайвшрах гээд гэрээсээ гартал нагац ах Ч араас хутга бариад гараад ирсэн учир би хол зугтаагаад хашаанаасаа гараад 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. ...Нагац ах Ч архи уусан үедээ ширүүн зан ааштай болдог, над руу болон манай дүү рүү хандаж та нар битгий өдөөд байгаарай. дэмий шүү, мөнгө өг, олж ир, тамхи олж ир гээд загнаж уур уцаартай хэлдэг. ...Нагац ах Ч нь манай дүү 13 настай эрэгтэй дүү рүү үл ялих зүйлээр шалтаглан загнаж зандардаг. ...Миний санаж байгаагаар Ч ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийт 6 удаа агсам тавьж байсан. Хамгийн ихдээ 4 сард 2 удаа агсан тавьсан. ...надад болон манай дүү Наранмандахад нагац ах Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загинах, чанга дуугаар ширүүн харьцдаг. Бид нарыг маргалдах үед өөр харсан хүн байхгүй, бид дөрөв л гэртээ байсан. Би 4 сард 2 удаа 102 дугаарын утсанд дуудлага өгч байсан. Нагац ах Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж манай гэрийн хутганы тавиур дээр байсан хар өнгийн иштэй жижиг хутгыг аваад гэрээс гарч ирэхдээ биедээ нуусан гарч ирсэн. Би байшингийн цонхоор харсан байсан учир хашаанаасаа гараад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Нармандахын “...нагац ах М.Ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4-5 удаа агсам согтуу тавьж ийм үйлдэл гаргаж байсан. Нагац ах Ч нь 3 сард нэг удаа, 4 сард 2 удаа агсам тавьж байсан. Нагац ах Ч намайг 3 сард нэг удаа хөлөөрөө өшиглөж байсан тэрнээс болж миний биед учирсан гэмтэл байхгүй. ...Нагац ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг чанга дуугаар зандарч пизда минь тамхи олж ир чүдэнз олж ир гээд загнадаг. Бид нарыг маргалдах үед өөр харсан хүн байхгүй, бид дөрөв л гэртээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч, хохирогч Л.Мөнхцэцэгийн “...тухайн өдөр би ажилтай байсан. манай хүүхэд болох Ч нь архи ууж гэртээ ирээд дүү нараа ална хядна гэж хэлээд хутга шүүрч авсан сурагтай байсан. Тэгээд зээ хүү Цолмон цагдаа дуудаад өгчихсөн байсан. ...Манай хүү архи уусан үедээ ахархаж дүү нар луугаа дэмий шүү, ална шүү гэж хэлдэг, согтуу уурласан үедээ намайг эзэнгүй үед дүү нар руугаа сүүлийн үед агсарч дайрдаг болсон. Намайг байхгүй үед янз бүрийн зүйл болчихвий гэж эмээж байгаа. Миний бодлоор Ч нь дүү нараа нэг удаа ална гэж хутга шүүрч авсан зүйл байгаа. Өмнө нь архины эмчилгээнд болон шар хадны архины эмчилгээнд удаа дараа хэвтүүлж байсан үр дүнгээ өгч засарч өгөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Ч нь согтуүруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны сарын 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо 35-445 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох насанд хүрээгүй Э.Цолмон, Э.Нармандах, ээж Л.Мөнхцэцэг нарт байнга, агсан тавьж, догшин авирлаж, тарчлаасан болох нь шүүгдэгч М.Чын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Мөнхцэцэг, насанд хүрээгүй хохирогч Э.Цолмон, Э.Нармандах нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч М.Ч нь согтуурч сэтгэл хөөрлийн үедээ өөрийн хүч, эрхшээлдээ оруулах, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эх Л.Мөнхцэцэг, дүү нарын бие, сэтгэл санааны эсрэг байнгын шинжтэй харгис, хэрцгий үг хэлж, үйлдэл хийн тэдгээрийн халдашгүй байх эрхийг зөрчжээ.
Шүүгдэгч М.Чын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул М.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Чыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх М.Чд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасанаар 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Чд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Чын цагдан хоригдсон 4 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн Чыг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүний эсрэг байнга айлган сүрдүүлж догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Чын цагдан хоригдсон 04 /дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн хар иштэй хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН