Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 075

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Б.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хаан банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй 

Б.*******, М.******* нарт холбогдох 2012 оны 08-р сарын 22-ны өдрийн 2012/85 тоот, 2011 оны 08-р сарын 19-ний өдрийн 11/01 тоот Ажилтны хөнгөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулах, үндсэн зээлүүдийн үлдэгдэл 78,472,590,54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,734,459,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,672,07 төгрөг, нийт 91,220,721,94 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улсын тэмдэгтийн хураамжид 772,005 төгрөг гаргуулахыг тус тус хүссэн тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хаан банкны Завхан салбар шүүхэд гаргасан 16/697 тоот нэхэмжлэлдээ: Б.*******, М.******* нар нь тус банкны Завхан салбараас 2012 оны 08-р сарын 22-ны өдрийн 2012/85 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг жилийн 4,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай амины орон сууц барих зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав хороолол, Их Монгол улсын гудамж ******* дугаар байрны ******* тоот, орон сууцны зориулалттай 55,55 мкв талбайтай 2 өрөө байр барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авснаас хойш 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 27,932,772.98 төгрөг, хүүгийн төлбөрт 24,886,467.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,981.12 төгрөг, нийт 52,823,221.79 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний 7.1.1-д заасан нөхцлийг зөрчсөн тул банк зээлийн гэрээний дагуу 2016 оны 11-р сарын 7, 2016 оны 11-р сарын 16-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл өгч мөн удаа дараа 99990298 дугаарын утсаар холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 52,067,227.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,581,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,497 төгрөг, нийт 60,654,064.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Мөн шүүхэд гаргасан 16/696 тоот нэхэмжлэлдээ: Б.*******, М.******* нар нь тус банкны Завхан салбараас 2011 оны 08-р сарын 19-ний өдрийн 11/01 тоот зээлийн гэрээ байгуулан 49,117,000 төгрөгийн зээлийг жилийн 4,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай амины орон сууц барих зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн багш нарын ногоон байрны хашаан дотор 121700752 нэгж талбайн дугаартай, хувийн орон сууцны зориулалттай 500 мкв талбайтай газар, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 36 айлын орон сууцны урд Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 192 мкв талбайтай хувийн орон сууцыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.1.2 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авснаас хойш 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 23,594,636.48 төгрөг, хүүгийн төлбөрт 15,926,*******3.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 65,387.87 төгрөг, нийт 39,586,307.72 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний 7.1.1-д заасан нөхцлийг зөрчсөн тул банк зээлийн гэрээний дагуу 2016 оны 11-р сарын 7, 2016 оны 11-р сарын 16-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл өгч мөн удаа дараа 99990298 дугаарын утсаар холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 26,405,363.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,153,119.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,175.7 төгрөг, нийт 30,566,685.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос Завхан аймгийн Хаан банкны салбарын захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд орон сууц худалдан авах зориулалтаар ажилтны хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд 2016 оны 11-р сар хүртэл зээлээ төлсөөр ирсэн. 2016 оны 11-р сараас зээлийн хүүгийн нөхцөл эрс өөрчлөгдөж өссөний улмаас зээлээ төлж чадахгүй болоод байна. Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байгаа учир өөрийн боломж бололцоогоор үндсэн зээл болон 2016 оны 11-р сараас хойшхи хүүгээ төлж барагдуулна. Хаан банкнаас нэхэмжилж байгаа 2016 оны 02-р сарын 05-ны өдрөөс 2016 оны 11-р сарыг хүртэлх хүүг төлсөн учир дахин өндөр хүүгээр төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хаан банкнаас орон сууцны 2 зээл Б.*******тай хамтран авсан нь үнэн. Б.*******ын гаргасан хариу тайлбартай санал нэг байна. Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Завхан салбар нь Б.*******, М.******* нарт холбогдуулан 2012 оны 08-р сарын 22-ны өдрийн 2012/85 тоот, 2011 оны 08-р сарын 19-ний өдрийн 11/01 тоот Ажилтны хөнгөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ-нүүдийг хугацаанаас нь өмнө цуцлуулах, үндсэн зээлүүдийн үлдэгдэл 78,472,590,54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,734,459,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,672,07 төгрөг, нийт 91,220,721,94 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,005 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг тус тус гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүх хуралдаанд тайлбарласан тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд ХААН банкны нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан

Хариуцагч М.******* шүүх хуралдаанд Миний бие Б.*******тай санал нэг байна гэж тайлбарласан байна.

Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хаан банкны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлага болох Б.*******, М.******* нартай байгуулсан 2012 оны 08-р сарын 22-ны өдрийн 2012/85 тоот, 2011 оны 08-р сарын 19-ний өдрийн 11/01 тоот Ажилтны хөнгөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулах, үндсэн зээлүүдийн үлдэгдэл 78,472,590,54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,734,459,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,672,07 төгрөг, нийт 91,220,721,94 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагуудыг хариуцагч Б.*******, М.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 772,005 төгрөгийн 386,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 386,002 төгрөгийг, хариуцагч Б.*******, М.******* нараас 386,002 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банкинд олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ