Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 415

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Ц нарыг оролцуулан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж 5/1, Засгийн газрын 2 дугаар байр Д корпус

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/1774 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Улсын Их Хурлын Тамгын газраас зарласан Ш******* дугаар бүхий “Ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад оролцож, “Хамгийн сайн” саналаар үнэлэгдсэн тухай Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14/466 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдлийн дагуу бид шаардлага хангасан тоног төхөөрөмжийг бэлтгэн Тагнуулын байгууллагад хандаж аюулгүй байдлын гэрчилгээ авахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Уг бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан бидний зүгээс хүн хүч, материалын зардал гаргасан төдийгүй төлөвлөгөөт ажлууд хойшилж, бидний ажилд томоохон хохирол учрах болоод байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Сангийн яам Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан “Ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүнд:

Улсын Их Хурлын Тамгын газар нь Төрийн болон байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төрийн болон албаны нууцыг хамгаалах үүргийнхээ дагуу төрийн болон албаны нууцыг хамгаалах зориулалтаар ашиглах техникийн, программ хангамжийн хэрэгслийг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан гэж ойлгож байна. Ийм учраас Улсын Их Хурлын Тамгын газраас энэ төрлийн худалдаа эрхэлдэг байгууллагуудаас санал авч, харьцуулан манай байгууллагыг сонгон шалгаруулж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэлдээ Засгийн Газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын дагуу Тагнуулын байгууллагад хандаж аюулгүй байдлын гэрчилгээ авах шаардлага тавьсан ба тус журмын 6.4-т зааснаар Улсын Их Хурлын Тамгын газар нь тагнуулын байгууллагаас баталгаажуулсан мэдээллийн систем, сүлжээ, программ, техник хэрэгслийг төрийн нууцад хамаарах мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах үйл ажиллагаанд ашиглах ёстой байна.

Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан.

Иймд Сангийн яамнаас Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад гаргасан гомдлыг хүлээн авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу захиргааны байгууллагад хамаарах тул захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа энэ хуулийг баримтлах үүрэгтэй байна. Тухайлбал, Сангийн яам Улсын Их Хурлын Тамгын Газраас “Ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагааг хянан шалгаж, гаргасан шийдвэр болох манай байгууллагыг сонгож, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн 14/466 дугаар мэдэгдлийг нь хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох манай байгууллагын эрхийг зөрчиж шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, тус хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй болно.

Ийм учраас Сангийн яамны шийдвэр гаргах үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, улмаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, захиалгын дагуу хийж байгаа ажлыг зогсоосны улмаас одоогийн байдлаар манай компанид ойролцоогоор 662,054 /зургаан зуун жаран хоёр мянга тавин дөрвөн/ төгрөгийн хохирол учруулаад байгаа тул маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/1774 дүгээр албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Танай шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Б” ХХК-ийн гаргасан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/1774 тоот “Тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, нээлттэй тендер зарлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас зарласан Ш******* дугаар бүхий “Ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон “С” ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/277 тоот албан бичгээр гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно" гэж заасны дагуу холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн бөгөөд захиалагч буюу Улсын Их Хурлын Тамгын газар нь тус тендерийн нийлүүлэгчийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг харьцуулалтын аргаар зохион байгуулсан нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчсөн.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийн 55.3.1-т “Энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэсэн заалтыг үндэслэн дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу боловсруулан, нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг мэдэгдсэн болно.

Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаанд ашиглах хэвлэлийн эх бэлтгэлийн компьютер, зөөврийн болон ширээний компьютер, өнгөт принтер, дуу дүрсний нөөцийн систем, агааржуулалтын төхөөрөмж зэргийг худалдан авахтай холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд Улсын Их Хурлын Тамгын газраас нууцад хамаарах мэдээлэл шилжүүлэхгүй учир аюулгүй байдлын гэрчилгээ олгох шаардлагагүй талаар Тагнуулын ерөнхий газраас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07/666 тоот албан бичгээр Улсын Их Хурлын Тамгын газарт мэдэгдэж байсан нь нэхэмжлэлд дурдсан Улсын Их Хурлын Тамгын газар нь Төрийн болон байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төрийн болон албаны нууцыг хамгаалах үүргийнхээ дагуу төрийн болон албаны нууцыг хамгаалах зориулалтаар ашиглах техникийн, програм хангамжийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан гэж ойлгож байна гэдэгтэй нийцэхгүй байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, уг гомдлыг хянан шийдвэрлэх асуудлыг тусгайлан нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан тул тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдахгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Б” ХХК Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/1774 тоот албан бичгийг  хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэж маргадаг. Харин хариуцагчаас  “... сонгон шалгаруулах үйл ажиллагааг харьцуулалтын аргаар зохион байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 55 дугаар зүйлд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, уг гомдлыг хянан шийдвэрлэх асуудлыг тусгайлан нарийвчлан зохицуулсан тул тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдахгүй ...” гэх хариу тайлбарыг хийсэн. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/1774 тоот “Гомдлын хариу” албан бичиг нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас зарласан ШЗК-2008-01 дүгээр бүхий ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “С” ХХК-ийн гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн хянаж, захиалагчийг дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэн тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу боловсруулан нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг Улсын Их Хурлын Тамгын газарт мэдэгджээ. 

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгодог. 

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй хариуцагчийн 6-1/1774 тоот албан бичиг нь дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг Улсын Их Хурлын Тамгын газарт мэдэгдэж байгаагаараа дээрх тендерт оролцож, ирүүлсэн санал нь “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “Б” ХХК-ийн эрх, ашгийг хөндсөн, захиргааны актын шинжийг агуулсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захиргааны акт байна. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14/466 тоот албан бичгээр  “... танай ирүүлсэн санал ”хамгийн сайн” гэж үнэлэгдсэн. Иймд ... “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам” болон холбогдох бусад журмын дагуу тагнуулын байгууллагад хандаж аюулгүй байдлын гэрчилгээ ирүүлэхийг мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлж байжээ.  

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт ямар шаардлага хангасан байхыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэжээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд захиалагчийн шийдвэрт гомдол гаргах харилцааг хуульчилсан болохоос хариуцагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг хангах, бодит нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулах зэрэг ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргах эрхийг олгоогүй. 

Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршдог. Захиргааны үйл ажиллагааны хэлбэр нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэсэн хэлбэртэй байхаар хуульчилсан бөгөөд  хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаж, сонсох ажиллагааг явуулаагүй нь төрийн албаны ард түмэнд үйлчлэх, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байх тул энэ талаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.   

Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан. 

Мөн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн нууцад дараахь мэдээллийг хамааруулна:”, 13.1.5.а-д “төрийн тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээний бүтэц, зохион байгуулалт, программ хангамж, мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны зарчим, радио долгионы давтамжийн хуваарилалтын мэдээлэл” гэжээ. 

Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралтын 25-д  зааснаар  Улсын Их Хурал, түүний Тамгын газрын Мэдээлэл, холбооны сүлжээний бүтэц, зохион байгуулалт, программ хангамж, мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны зарчим, мэдээлэл нь төрийн нууцын маш нууц зэрэглэлд хамаарах бөгөөд нууцлах хугацаа нь 20 жил байна. Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын  6 дугаар зүйлд нууц мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах систем, сүлжээ, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулсан ба 6.8-д “Нууц мэдээлэл агуулж байгаа компьютер, бусад цахим мэдээлэл тээгч нь мэдээллийг нууцлах, хамгаалахад шаардлагатай программ хангамж, техник хэрэгслээр хангагдсан байна” гэж заасан. 

Иймд Улсын Их Хурлын Тамгын газрын албан хэрэгцээнд зориулан худалдан авах ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. 

Энэхүү үндэслэлээр хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “С” ХХК-ийн гомдлоор тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын Тамгын газарт мэдэгдэж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.  

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар захирамжаар байгуулагдсан  “Улсын Их Хурлын Тамгын газрын албан хэрэгцээнд зориулан худалдан авах ширээний компьютер, зөөврийн компьютерын техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, баримт бичиг боловсруулах, тендер хүлээн авах, нээх, хянан, үнэлэх, зөвлөмж, дүгнэлт гаргах үнэлгээний хороо нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тендер шалгаруулалтын онцгой журам болох харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах саналыг Үнэлгээний хорооны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар 100 хувь дэмжсэн . Улмаар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрээр  “...“Б” ХХК-ний баримт бичиг ерөнхий нөхцөлийг бүрэн хангасан 864,490,000 төгрөгөөр нийлүүлэхээр ирүүлсэн нь тендерийн материалын техникийн шаардлагыг бүрэн хангасан гэж гишүүд санал нэгтэйгээр дэмжин “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер мөн гэж үзлээ” гэснийг буруутгах боломжгүй юм. 

Мөн хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаанд ашиглах хэвлэлийн эх бэлтгэлийн компьютер, зөөврийн болон ширээний компьютер, ... зэргийг худалдан авахтай холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд Улсын Их Хурлын Тамгын газраас нууцад хамаарах мэдээлэл шилжүүлэхгүй учир аюулгүй байдлын гэрчилгээ олгох шаардлагагүй талаар Тагнуулын ерөнхий газраас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/666 тоот албан бичгээр  Улсын Их Хурлын Тамгын газарт мэдэгдэж байсан нь нэхэмжлэлд дурдсан Улсын Их Хурлын Тамгын газар нь Төрийн болон байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төрийн болон албаны нууцыг хамгаалах үүргийнхээ дагуу төрийн болон албаны нууцыг хамгаалах зориулалтаар ашиглах техникийн, програм хангамжийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан гэж ойлгож байна гэдэгтэй нийцэхгүй байгаа юм ...” гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй юм.   

Учир нь Тагнуулын ерөнхий газраас Улсын Их Хурлын Тамгын газарт хариу хүргүүлсэн 01/666 тоот албан бичиг нь Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаанд ашиглах хэвлэлийн эх бэлтгэлийн компьютер, зөөврийн болон ширээний компьютер, ... зэргийг худалдан авахтай холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд Улсын Их Хурлын Тамгын газраас нууцад хамаарах мэдээлэл шилжихгүй учир аюулгүй байдлын гэрчилгээ олгох шаардлагагүй талаар дурдсан, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаанд ашиглах төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах техник тоног төхөөрөмжүүдийг нээлттэй тендер зарлаж худалдан авах нь нууцад хамаарах мэдээлэл задрах, үрэгдэх, гаднын халдлагад өртөх, мэдээлэл олзлогдох өндөр эрсдэлтэй талаар дурдаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шууд сонгон шалгаруулалтаар худалдаж авч байхыг зөвлөсөн утгатай байна. 

Нэгэнт Улсын Их Хурлын Тамгын газрын албан хэрэгцээнд зориулан худалдан авах ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулахгүй тул гомдол гаргагч “С” ХХК-ийн тухайн тендертэй холбогдуулан гаргасан гомдлыг хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шийдвэрлэх эрхгүй юм. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн “... Улсын Их Хурлын Тамгын газар тухайн худалдан авалт нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд хамааралтай эсэхээ ч мэдэхгүй манайд тендерийн материалыг гомдлын дагуу хянуулахаар хүргүүлсэн, ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн хянаж, захиалагчийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэн тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу боловсруулан нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг Улсын Их Хурлын Тамгын газарт мэдэгдсэн...” гэх тайлбар хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн авах боломжгүй. 

Дээрх байдлаас дүгнэхэд маргаан бүхий Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/1774 тоот албан бичиг нь захиргааны актын формаль болон материаллаг шаардлагыг хангаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5.а болон Монгол улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл, Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг тус тус баталсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 246, 247 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар Улсын Их Хурлын Тамгын газрын албан хэрэгцээнд зориулан худалдан авах ширээний компьютер, зөөврийн компьютер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, нээлттэй тендер зарлахыг мэдэгдсэн   хариуцагч Сангийн яамны маргаан бүхий 1/1774 тоот албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5.а. дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/1774 тоот албан бичгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН