Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

2020              6            22                                      2020/ШЦТ/418

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч П.Энхболд,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны ..... дүгээр  сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “............ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг, ....................................................торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Э.Б /РД:......../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Бнь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “UB town” хотхоны 81в байрны урд гражид байсан иргэн Ц.А-гийн “Infiza” маркийн унадаг дугуйг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Э.Бшүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би  гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, би гэмшиж байна гэв.  

 

2. Хохирогч Ц.Амөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “UB town” хотхоны 81в байрны урд гражид байсан миний унадаг дугуйг Э.Баваад явсан байсан. Дугуйгаа олж авсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16х/,

 

3.  Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын эхээр манай нөхөр надтай маргалдаж гарч яваад гэртээ ирж хоноогүй юм. Тэгээд би өглөө 10 цагийн үед гар утас руу нь залгахад хөгшин настай эрэгтэй хүн аваад энэ гар утсыг олсон гэж хэлсэн. Яг хаанаас олсон талаар нь би асуугаагүй. Тэгээд би үдээс хойш гар утсыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

4. Гэрч Т.Б  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өглөө гэрээсээ гараад алхаж яваад “UB town” хотхоны 81в байрны урд гражны үүд хэсгээс гар утас олсон юм. Тэр үед манай байрны залуу унадаг дугуйгаа хулгайд алдсан гээд явж байсан. Тэгээд камерын бичлэг шүүж байхад би гар утас олсон талаараа хэлсэн. Дараа нь надад унадаг дугуй хулгайлсан хүн гар утсаа хаясан талаар сүүлд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

 

5. Дамно ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “...2019 онд Солонгос улсаас худалдаж авсан Инфиза нэртэй унадаг дугуй нь 539.019 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 29х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Э.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч Э.Бнь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан тэнсэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Ц.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Бийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Э.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Боногдуулсан тэнсэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган хадгалж,  шүүгдэгч Э.Бнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР