| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2015/01372/И |
| Дугаар | 456 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 456
2017 оны 01 сарын 02 өдөр Дугаар 181/ШШ2017/00044 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3-103 тоотод оршин суух, Шарнууд овогт Нацагийн Дэмүүл /РД:ДМ73082713/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл, 9 байранд байрлах, “Гэгээ-9” СӨХ-д холбогдох,
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 2,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Дэмүүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би “Гэгээ-9” СӨХ-ны нутаг дэвсгэрт 2010 оноос түрээсийн гэрээгээр чингэлэг байршуулж ирсэн. Гэрээгээ 1 жилээр хийдэг. Би 20 тонны 3 чингэлгийг сарын 1 бүр нь 75,000 төгрөг буюу жилийн нийт 2,700,000 төгрөгөөр байршуулж байсан. 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Гэгээ 9” СӨХ-ны захирал О.Сэлэнгэтэй гэрээ хийсэн. Би түрээсийн хугацааны төлбөрийг байнга урьдчилж өгдөг байсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 900,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 900,000 төгрөгийг тус тус төлж, бүтэн жилийн гэрээний төлбөрийг бүрэн төлсөн.
Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Газрын алба миний 2 чингэлгийг албадан нүүлгэсэн, 1 чингэлгийг би өөрөө нүүлгэсэн. Ингээд түрээсийн хугацаанд би газраа ашиглаж чадаагүй тул урьдчилж илүү төлсөн төлбөр 1,950,000 төгрөгөө шаардаж байна.
Түүнчлэн 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр газрын алба 2 чингэлэг ачсан бөгөөд тэдгээрийг буцааж авахад 500,000 төгрөгийг Газрын албанд төлсөн. Мөн чингэлэг зөөх, доторх эд зүйлсийг зөөхөд кран, портер, ачигч хөлсөлж 320,000 төгрөг төлж хохирсон тул энэ хохирлоо мөн шаардаж байна.
Иймд “Гэгээ-9” СӨХ-оос нийт 2,770,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч 3 чингэлэг байршуулсан гэж ярьдаг. Бодит байдал дээр 2 ширхэг байсан нь тогтоогддог. “Гэгээ-9” СӨХ-д 2,700,000 төгрөг төлсөн гэдэг. Энэ төлбөрүүд нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр биш. 2014 оны 9 дүгээр сард шилжүүлсэн 900,000 төгрөг нь 2014 оны 5 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарыг хүртэлх 2 чингэлгийн төлбөр. Энэхүү төлбөрийг түрээсийн гэрээний хугацаанд газар ашигласан 4 сараар тооцож үзвэл 2 чингэлгийн 4 сарын түрээсийн төлбөр нь 600,000 төгрөг болж байгаа. Иймд үлдэх 300,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Дэмүүл нь хариуцагч “Гэгээ-9” СӨХ-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу газрыг ашиглаагүйгээс үлдсэн хугацааны төлбөр 1,950,000 төгрөг, чингэлэг зөөж, ачсанаас өөрт учирсан хохиролд 820,000 төгрөг, нийт 2,770,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч “Гэгээ-9” СӨХ нь газар ашиглаагүй үлдсэн хугацааны төлбөрт 300,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Гэгээ 9” СӨХ-ны орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг сард 75,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай чингэлэг байршуулах зорилгоор түрээслүүлэх түрээсийн 2 гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч “Гэгээ 9” СӨХ нь газрыг түрээслэгч Н.Дэмүүлийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч Н.Дэмүүл нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.
Түрээсийн гэрээний үндсэн дээр Н.Дэмүүл нь газрыг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигласан, түрээсийн төлбөрт 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 900,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 900,000 төгрөг төлсөн, 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зөвшөөрөлгүй газарт чингэлэг байрлуулсан гэж Сүхбаатар дүүргийн газрын алба Н.Дэмүүлийн эзэмшлийн 2 чингэлгийг албадан нүүлгэсэн, Н.Дэмүүл 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр журмын хашааны төлбөрт 500,000 төгрөгийг төлж, 2 ширхэг чингэлгээ буцаан авсан үйл баримтууд талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2010 оноос хойш хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж, газар ашиглаж, 3 чингэлэг байршуулж ирсэн, төлбөрийг хариуцагчийн хүссэнээр урьдчилж төлдөг байсан, нийт 2,700,000 төгрөгийг бүрэн төлсөн байсан гэж тайлбарлаж, 3 чингэлэгийн доорх газрын 3 сар 10 хоногийн түрээсийн төлбөр 750,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,950,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
Түрээслүүлэгч “Гэгээ-9” СӨХ нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг хамарч үйл ажиллагаа явуулдаг болох нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2007 онд олгосон 82 тоот гэрчилгээгээр тогтоогдсон.
Харин орчны газраа ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 441.1-д заасны дагуу олж аваагүй болох нь Нийслэлийн газрын албаны 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01/423 тоот албан бичгээр тогтоогдож байх тул “Гэгээ 9” СӨХ нь орчны газраа ашиглах, улмаар уг газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулах эрхгүй байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч нь уг хэлцлийн үндсэн дээр авсан зүйлээ нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт гэж нийт 2,700,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон боловч түрээсийн гэрээнд төлбөрийг урьдчилан төлсөн талаар огт тусгаагүй, зохигчид 2010 оноос хойш түрээсийн гэрээ байгуулж ирсэн үйл баримтад маргаагүй тул шүүх 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 900,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 500,000 төгрөг, 400,000 төгрөг буюу нийт 1,800,000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр 3 чингэлэг байршуулж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Н.Дэмүүлээс төлсөн 900,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буцаан гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнээс өмнө байгуулсан гэрээтэй холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
“Гэгээ 9” СӨХ нь газар ашиглах эрхгүйгээ мэдсээр байж Н.Дэмүүлтэй хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас нэхэмжлэгч нь албадан нүүлгэсэн 2 чингэлгийг буцаан авах зорилгоор Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд 500,000 төгрөгийг төлж хохирсон нь тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг үндэслэн хариуцагчаас 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нь чингэлэг зөөх, доторх эд зүйлсийг зөөхөд кран, портер, ачигч хөлслөх зэрэгт 320,000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн энэ шаардлага нь нотлогдохгүй байх тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан “Гэгээ-9” СӨХ-оос 1,400,000 төгрөгийг гаргуулж Н.Дэмүүлд олгож, Н.Дэмүүлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,370,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА