Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Австрали улс Виктория муж Мельбурн хот Бурвууд Ийст дүүргийн Сташин гудамжны 14-2 тоотод оршин суух Батбаярын Ариунаа /ФМ82052248/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг 11-175-41 тоотод оршин суух, Боржигон овгийн Данзандоржийн Бадрах /ФА82062119/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч Д.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Б.Ариунаа нь нөхөр Д.Бадрахтай 1997 онд танилцаж улмаар үерхэж байгаад тэдний дундаас хүү Тэмүүлэн 2001.02.20-нд төрсөн тул 2002 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Одоо хүү Б.Тэмүүлэн нь 15 настай эрүүл энх өсч бойжиж байна. Тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос салж одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба, нөхөр Д.Бадрах нь эхнэр авч, хүүхэдтэй болж өөр амьдралтай болсон байна. Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Д.Тэмүүлэнг эхийн асрамжинд үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй, эцгээс нь хүүхдэд тэтгэлэг нэхэмжлэхгүй болно” гэжээ.

Хариуцагч Д.Бадрах шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Бадрах нь Б.Ариунаатай 1997 онд танилцаж суугаад 2001 оны 02 дугаар сарын 20-нд хүүтэй болсон. 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Б.Ариунаагийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өөр хүнтэй гэр бүл болсон, нэг хүүхэд гарсан байгаа гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунаа нь хариуцагч Д.Бадрахад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Ариунаа, Д.Бадрах нар нь 2002 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2001 оны 02 дугаар сарын 02-нд хүү Б.Тэмүүлэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид таарч тохирохгүйн улмаас 2009 оноос хойш буюу 8 жилийн хугацаанд тусдаа амьдарсан байх ба, нөхөр Д.Бадрах нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон талаар талууд тайлбарлсан.    

Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэхгүй гэж буй байдал, тусдаа амьдраад 8 жил болсон, хариуцагч Д.Бадрах нь өөр гэр бүлтэй болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хүүхдийн асрамжийг эх Б.Ариунаад үлдээхээр гэрлэгчид тохиролцсон байна.

Иймд Б.Ариунаа, Д.Бадрах нарын гэрлэлтийг цуцалж, 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэнг эх Б.Ариунаагийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Ариунаа, Д.Бадрах нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэнг эх Б.Ариунаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА