Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 216

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын ... байр

Гуравдагч этгээд: “Р” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “ “Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах”

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Б******* 2 дугаар багийн нутаг “Ц******* Г*******” нэртэй газарт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаагаа 1996 оноос хойш тогтвортойгоор явуулж байна. Гэтэл 2013 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь манай компанийг элдэв аргаар дарамтлан, хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулах болсон бөгөөд компанийн эзэмшлийн хайгуулын ....тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Ийнхүү Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй болохоор тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, Газрын тосны газарт өгөх боломжгүй, сунгуулах хүсэлтийн бүрдэл хангагдахгүй өнөөдрийг хүрсэн.

Энэ шалтгааны улмаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг хянан шийдвэрлээд:

1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэр гарсан. Тус шийдвэрээр /6 дугаар нүүр 21-30 мөр/ “Гэтэл хариуцагч хуульд заасан хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс ирүүлсэн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын ажлын төлөвлөгөө гэж ойлгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хайгуулын ....тоот лицензүүдийн Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн хайгуулын ....тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэж үндэслэж шийдвэрлэсэн. 

2. Уг шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргахад 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр давж заалдах журмаар хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0258 дугаар магадлал гаргасан. Уг магадлалд /6 дугаар нүүр 23-29/ ”Хэрэгт авагдсан баримтуудаар “Х” ХХК Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлуулахаар Орхонтуул сумын Засаг даргад хүргүүлсэн нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, уг төлөвлөгөөг хүлээн аваад хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга С.Э нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дүгээр албан бичгээр “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй танилцаад ... байгаль хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй талаар  “Х”  ХХК-д  мэдэгдсэн  нь  үүнийг  нотолж  байна” гэж шийдвэрийг хэвээр үлдээсэн.

3. Монгол Улсын Дээд Шүүх тус магадлалыг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хянаад 240 дүгээр тогтоол гаргаж, магадлалыг хэвээр үлдээсэн.

“Х” ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх маргаан эхлүүлэхээс авахуулан өнөөдрийг хүртэл энэхүү нөхцөл байдалтай холбоотой мэдээллүүдийг хүргүүлж, шүүхийн шийдвэр магадлалыг хүргүүлэх, хүсэлт гаргах зэргээр хандаж байсан болно. Үүнд: 

1. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/57 дугаар АМГ-ын Кадастрын хэлтэст “Сунгах хугацааг хойшлуулах тухай”

2. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14/62 дугаар АМГ-ын Кадастрын хэлтэст “Хүсэлт гаргах тухай” /Хүлээн авсан М.Д 12/01 16 цаг 25 минут/

3. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15/006 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Сунгах хугацааг хойшлуулах тухай”

4. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16/76 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Тусгай зөвшөөрлүүдийн тайлбар хүргүүлэх тухай”

5. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17/20 дугаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “....зөвшөөрлүүдийн тайлбар хүргүүлэх тухай” 

6. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17/25 дугаар “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга танаа “Хариу хүргүүлэх тухай”

7. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17/35 дугаар АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга танаа “X лиценз сэргээлгэх тухай” зэрэг албан тоотоор тухайн ....лицензүүдийн 2014 оны 11 сараас хойших бүхий л үйл явцын талаар тайлбар мэдээлэл явуулж, хүсэлт хүргүүлж байсан.

Гэтэл тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан нь өнөөдрийг хүртэл баталж гарын үсэг зурж өгөхгүй “Х” ХХК-ийн эрх ашгийг ноцтойгоор хохироосоор байна. 

Ашигт малтмал, газрын тосны газар нь тус хайгуулын талбайн тусгай зөвшөөрлийн   хугацааг   сунгахаас   татгалзахдаа   хугацаандаа   сэргээлгэх   хүсэлт 

бусад баримтаа өгөөгүй гэх бөгөөд хугацаандаа бүрдлийг хангаж, хугацаа сэргээлгэх хүсэлтээ өгөөгүй үндэслэл нь өөр төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс үүдэлтэй болно.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж, “Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ....тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын .... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Хужиртын адаг нэртэй газар 228 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ....дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр "Х” ХХК-д олгосон байна.

2. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Ц******* г******* нэртэй газар 1559 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр “Х” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна. 

“Х"   ХХК   нь   Ашигт   малтмалын   тухай   хуулийн   22   дугаар   зүйлийн шаардлагыг хангаж хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй тул дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт, малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККС-д хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

“Х” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгосон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулахтай холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94,1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд “Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Х” ХХК-иас тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ....тоот тусгай зөвшөөрлийг хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож дараах тайлбарыг хүргүүлж байна.

“Х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ....тоот тусгай зөвшөөрлийн “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г баталж өгсөнгүй гэсэн шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд өгчээ.

“Х” ХХК-ийн ....тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс буюу 3 жилийн өмнө дуусгавар болжээ.

“Х” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлүүдтэйгээ холбоотой “Сунгах хугацааг хойшлуулах тухай” гэх мэт албан бичгүүд хүргүүлсэн гэх боловч уг тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шүүх ажиллагаа явагдаж байгаа буюу “Шүүхийн маргаантай” гэсэн бүртгэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгүүлээгүй байна.

Манай компани нь “Х” ХХК-ийн “дуусгавар болсон” ... тоот талбайтай хэсэгчилсэн давхцалтай хэсэгт ... тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгаас зохих хууль журмын дагуу авсан. Энэ тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдөл өгөхөд давхцалыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүж “давхцалгүй” гэсэн хариуг Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газарт хүргүүлснээр ... тоот тусгай зөвшөөрлүүд олгогдсон юм.

Мөн бид ... тоот тусгай зөвшөөрлүүдийг авсан үеэс хойш нилээд хэмжээний геологи судалгааны ажлууд гүйцэтгэж зардал гаргачхаад байгаа билээ.

Иймд “Х” ХХК-ийн “эс үйлдэхүй” маргаан, “Шүүхийн маргаантай” гэсэн бүртгэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгүүлээгүй зэрэг нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул “тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ....тоот тусгай зөвшөөрлийг хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “ “Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ....тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоолгох, тусгай  зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон  тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг хуулийн хугацаанд сунгуулах боломжгүй байсан шалтгаан, нөхцөл байдлыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г баталж өгөөгүй хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой гэж маргадаг. 

“Х” ХХК нь  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор анх 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр  Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн хайгуулын ....тоот тусгай зөвшөөрлүүдийн     Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалган шийдвэрлэсэн нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0258 дугаар магадлал , Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор  хуулийн төгөлдөр болсон байна. 

Нэхэмжлэгчээс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/57 тоот албан бичгээр  “...гурвалсан гэрээг байгуулж ажиллаж эхэлсэн тохиолдолд Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны улсын байцаагч нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхөөр дарамт үзүүлж байгаа тул ....тусгай зөвшөөрлүүдийн эрхийг  сунгах хугацааг түр хойшлуулж өгнө үү”, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14/62 тоот албан бичгээр  “...орон нутгийн удирдлагын хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул лицензүүдийн сунгах эрхийн хугацааг хуулийн хүрээнд түр хойшлуулж өгнө үү” гэж дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг дуусгавар болохоос өмнө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст удаа дараа хандаж байсан нь тогтоогдож байна. 

Мөн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15/006 тоот албан бичгээр  “Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд ... “Х” ХХК-ийн ....дугаар лицензүүдийн сунгах хугацааг түр түдгэлзүүлж өгнө үү”, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16/76 тоот албан бичгээр  “...Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор 2014 онд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, энэхүү асуудал нь өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 728 дугаар магадлалыг хувилан хүргүүлж байна...”, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17/20 тоот албан бичгээр  “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын эс үйлдэхүйг тогтоолгохоор 2014 онд Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, энэхүү асуудал нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна”,  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17/25 тоот албан бичгээр  “...Орхонтуул сумын Засаг даргын “Х” ХХК-ийн хайгуулын ....дугаар лицензүүдийн Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгасан анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг ... нийт 13 хуудас материалыг хүргүүлж байна”, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17/35 тоот албан бичгээр  “...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 240 дүгээр тогтоол нийт 7 хуудас материалыг хүргүүлж байна” гэснээр “Х” ХХК-иас өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг хуулийн хугацаанд сунгуулах боломжгүй байгаа нь тухайн орон нутгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой талаар удаа дараа албан ёсоор мэдэгдэж байснаас гадна шүүхээр энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар тухай бүрд нь албан бичгээр мэдэгдэж байсан нь хангалттай тогтоогдож байна.  

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/373 тоот албан бичигт  “...орон нутгийн хөгжлийн сан буюу хөрөнгө оруулалтын санд 50 сая төгрөг буцалтгүйгээр байршуулах, сумын хөгжлийн сан буюу иргэдийг ажлын байраар хангах жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалттай хөнгөлөлттэй зээлийн дансанд 50 сая төгрөг буцалтгүйгээр байршуулах” гэсэн саналыг Засаг даргаас “Х” ХХК-д хүргүүлж байжээ. Энэ талаар нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газарт хандахад Уул уурхайн хэлтсийн дарга С.Баас  “...бичил уурхайгаар ашигт малтмалын олборлох гурвалсан гэрээ байгуулахыг аль нэг талаас шаардах эрхгүй, ... үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан зөрчилд ... асуудлаа мэргэжлийн хяналтын байгууллагад  тавьж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгч байжээ. 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар ... лицензийн 7 дахь жилийн төлбөрт 635,197 төгрөг, лиценз сунгуулах үйлчилгээний төлбөрт 1,000,000 төгрөг, ... лицензийн 7 дахь жилийн төлбөрт 4,343,297 төгрөг, лиценз сунгуулах үйлчилгээний төлбөрт 1,000,000 төгрөгийг хариуцагчийн Х Х Б 4040128.. тоот дансанд  тус тус тушаасан байна.   

Мөн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албанаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан тодорхойлолтод тус албаны эрх бүхий гурван албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба үүнийг нэхэмжлэгчээс 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичгүүдийн хамт өгсөн байна. Өргөдлийн 3-д  “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт хавсаргагдаагүй”, мөн өдрийн “Х” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан 14/55 тоот албан бичигт  “...манай байгууллагын эзэмшилд байдаг ....лицензүүдийн хугацаа энэ оны 12 дугаар сарын 01-нд дуусч байгаа тул “Х” ХХК-ийн К-11 маягтаар гаргасан өргөдлийг үндэслэн дээр дурдсан лицензүүдийн хугацааг сунгаж өгнө үү” гэх  хүсэлт гаргасныг “бүрдэл дутуу, хүлээн авах боломжгүй” гэж тэмдэглэсэн нь тогтоогдож байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс хязгаарлалтад бүртгүүлж өгөөч, шүүхэд хэрэг үүссэн ямар нэгэн нотлох баримт өгөөгүй, ... нэгэнт хугацаа дууссан бол манайх хугацаа сэргээх боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

Нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоосон шүүхийн шийдвэр, дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах хүсэлтээ 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17/35 тоот албан бичгээр  гаргасны хариуд хариуцагчаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/5786 тоот албан бичгээр  “дээрх тогтоолд ... ....тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан заалт байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөнджээ гэж шүүх дүгнэв.  

Тодруулбал, нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахад мөн хуулийн 22.1.3-д заасан “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” байхгүй учир “бүрдэл дутуу, хүлээн авах боломжгүй” гэж үзсэн. Гэтэл энэхүү төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга баталж өгөхгүй байгаа нь  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байна. Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс “Х” ХХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг бүрдүүлбэр хангасан байдлаар хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргах боломжгүй нөхцөл үүссэн. 

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тухайн сумын Засаг даргад хүргүүлж байсан, тухайн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал хариуцагчаас шүүхийн тогтоолд хариуцагчид даалгасан заалт байхгүй учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, ард түмэнд үйлчлэх төрийн албаны үндсэн зарчимд нийцэхгүй байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд “Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацааг сунгах өргөдлийг хариуцагч бүрдэл дутуу үндэслэлээр хүлээж аваагүйд бус харин нэхэмжлэгчээс байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг өргөдөлдөө хавсаргаж өгөх боломжгүй шалтгаанаа цаг тухайд нь хариуцагчид урьдчилан мэдэгдсээр байхад тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгосон, шүүхийн шийдвэрээр Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон байхад “Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн дуусгавар болсон хугацааг сэргээж, хугацааг сунгах өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхгүй байгааг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.   

Иймд 2014 оноос хойш Засаг даргын хууль бус эс үйлдэхүйтэй маргасаар өнөөдрийг хүртэл эрх нь зөрчигдөж байгаа “Х” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс “Х” ХХК-ийн буруутай үйл ажилл*******аас бус, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанийн ....хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн дуусгавар болсон хугацааг сэргээж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай компани нь “Х” ХХК-ийн дуусгавар болсон ...тоот тусгай зөвшөөрлийн талбайтай  давхцалтай ... тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгаас зохих хууль журмын дагуу авсан..” гэж тайлбарладаг. 

Гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “давхцалгүй” гэсэн хариуг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлснээр ... тоот тусгай зөвшөөрлүүд олгогдсон байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажилл*******д нэгдсэн хяналт тавих” чиг үүргийнхээ дагуу өргөдөл гаргасан талбай нь бусдын эзэмшил болон эзэмшиж байсан газартай давхцалтай эсэх, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нь ямар учир шалтгаантай болох шүүхээр маргаж байгаа эсэх талаар тодруулж, сайтар судлаагүй нь хариуцагчийн буруу байна. 

“Х” ХХК-иас 2014-2017 оны хооронд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг хуулийн хугацаанд сунгуулах боломжгүй байгаа нь тухайн орон нутгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой талаар удаа дараа албан ёсоор мэдэгдэж байснаас гадна шүүхээр энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар тухай бүрд нь албан бичгээр мэдэгдсээр байхад хариуцагчаас  “Х” ХХК-ийн эзэмшиж байсан ... тоот тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай ... тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 3 сард гуравдагч этгээд “Р” ХХК-д олгосон нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алины эрх ашгийг хөнджээ шүүх дүгнэв.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.14, 22 дугаар 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ....тоот тусгай зөвшөөрлүүдийн дуусгавар болсон хугацааг сэргээж, эдгээр тусгай  зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.  Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ДОЛГОРСҮРЭН