Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 38

 

                                                           Ц.Г-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Ганбаатар,

хохирогч Г.Энхбаяр, түүний өмгөөлөгч Т.Булган,

шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч О.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Г-т холбогдох эрүүгийн 201725021175 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Жалиар овогт Ц.Г-, 1967 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зурагчин дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд оршин суух, ял шийтгэлгүй /РД: /,

            Ц.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Dream” бааранд хохирогч Г.Энхбаярын далан тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн хохирогч Г.Энхбаярын өмсөж явсан эрэгтэй хүний хар хөх өнгийн куртик 1 ширхэг, хар ногоон өнгийн судалтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй ажлын хэсэг дээр “made in japan” гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 10 см, ишний урт 10.5 см нийт 20.5 см хэмжээтэй, ишний бор модон хэсэгт цагаан өнгийн метал хадаастай, ажлын хэсгийн ир хэсэг нь арзгар, хөрөө шиг, үзүүр хэсэг нь шовх хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солих болохыг анхааруулж, хохирогч Г.Энхбаяр нь Ц.Г-аас өөрт учирсан гэм хорын төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Хохирогч Г.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Г-ыг 450 нэгжээр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байна. Учир нь мөрдөн байцаагч С.Дашням нь Ц.Г-ыг холбогдуулан шалгаж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг болгон өөрчилж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түүнд ял сонсгон тогтоол үйлдсэн байдаг. Гэтэл прокурор Н.Ундрах нь 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Ц.Г-т холбогдуулан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм. Ц.Г- нь бааранд өс хонзонгийн сэдэлтээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн миний зүүн далан тус газарт хутгалж танхайрсан. Ийм байхад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд ял завших боломжийг олгож байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлснээр танхайрах гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг биш болж тухайн хүний эрх зүйн байдал дээрдсэн хэдий ч энэ хүний хийсэн харгис, хэрцгий үйлдэлд хүлээлгэх хариуцлага нь хэтэрхий бага болжээ. Анхан шатны шүүх Ц.Г-ын хүн рүү хүйтэн мэс бариад дайрч хутгалж байгаа үйлдэлд нь бодитой дүгнэлт хийгээгүй бөгөөд түүний өөрийгөө хамгаалсан, хэргээс мултрах гэж зохиосон увайгүй худал мэдүүлгийг үндэслэл болгож, хэт нэг талын ашиг сонирхлыг хангаж хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хамгийн хөнгөн төрөл буюу торгох ялыг сонгож, доод хэмжээгээр нь ял оногдуулсан нь гэмт этгээдийг өөгшүүлсэн явдал болсон гэж үзэж байна. Ц.Г- нь сүүлийн 3 жилийн хугацаанд намайг удаа дараа согтуугаар зодож, хувцсыг маань урж байсан бөгөөд би тухай бүрд нь энэ хүнийг уучилж, юм саналгүй өнгөрөөдөг байсан.  Ял шийтгэл хүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилготой байдаг гэж би бодож байна. Иймд Ц.Г-т оногдуулсан ялыг өөрчлөн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.Энхбаярын өмгөөлөгч Т.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Ц.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч Г.Энхбаяртай урьд нь 2 удаа маргалдаж байсан боловч түүнийг зодсон удаагүй. Би тархины хүнд хагалгаанд 2 удаа орж байсан, гар муутай группэд байдаг. Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял миний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна...” гэв.

            Шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч О.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ц.Г-т оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна...” гэв.

            Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхэд байгаа...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ц.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ц.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Dream” бааранд хохирогч Г.Энхбаярын далан тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс Ц.Г-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журмыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр заажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоож өгчээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус зааснаас үзвэл прокурор яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн саналаа зохих хэргийн оролцогчид танилцуулж, гарын үсэг зуруулах ажиллагааг прокурорын хяналтын явцад хийсэн байх шаардлагатай ба уг санал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байна.  

            Ц.Г-ын холбогдсон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ.

            Гэтэл хэргийн материалыг судлахад прокурор хуульд заасан дээрх журмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй байх бөгөөд уг асуудлыг шүүх хянаж үзэлгүйгээр хэргийг ердийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Г-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ял шийтгэлийн талаар маргасан хохирогч Г.Энхбаярын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.