Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0691

 

 

 

 

                                                  Э.Б-гийн нэхэмжлэлтэй

                                                                захиргааны хэргийн тухай

 

               

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч Э.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, Э.Б-гийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б-Од холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр: “... Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.3, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Э.Б-гаас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б-Од холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Э.Б давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаартай шийдвэрийг гомдол гаргагч Э.Б миний бие 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шуудангаас авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б-Оын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан.

Уг гомдлыг шүүх хүлээн авч уг зөрчлийн материалд цугларсан нотлох баримтад хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зөрчлийн материалд уг зөрчлийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй байгаа, энэ нь гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагдана. Мөн хохирлын асуудал яригдаж байгаа. Үүнийг зөрчлийн материалд ямар ч баримт байхгүй, шүүхийн шатанд бүрдүүлсэн. Хохирол дээр маргаан гарвал мэргэжлийн байгууллагаар нь тогтоолгож, шинжээчийн дүгнэлт гаргуулах хуулийн заалт байгаа, энэ ажиллагаа огт хийгдээгүй, ийм хууль зөрчсөн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д шийтгэл ногдуулсан байгааг шүүх нэмэлтээр уг зөрчлийн хэргийн дутуу ажиллагааг нөхөж хийгээд, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх боломжгүй.

Миний бие Говь-Алтай аймагт одоогоор ажилгүй хүүхдээ хараад сууж байгаа. Миний өмгөөлөгч Ж.М-д шүүхийн шийдвэр гардуулж өгөөгүй, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.4-д зааснаар өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1. Гомдол гаргагчаас “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.

Маргаан бүхий 1453212 дугаар шийтгэлийн хуудсаар Э.Б нь “... “М.Н.У” контентийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй “А.Т” гэх фэйсбүүк хуудсаар түгээсэн” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 5,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Тодруулбал, гомдол гаргагч Э.Б нь “А.Т” гэх фэйсбүүк хуудсыг хөтөлдөг болох нь түүний “... энэ фэйсбүүк хуудсыг би ажиллуулдаг, би хариуцдаг учраас би хариуцлага хүлээж таарах байх” гэх мэдүүлэг,  Оюуны өмчийн газарт гаргасан “... өөрийн албан ёсны хаяг болох “А.Т” гэсэн пэйж хуудсаа тодорхой хугацаанд идэвхтэй ажиллуулдаг, ... манай пэйж хуудсанд байршигдсан видео бичлэгийг өөрийн хаягаар албан ёсны Лүүк ТВ-ээр төлөн авсан” гэх өргөдөл, гэрч С.С-ийн “... бичлэгийг гүйлгэж харахад 5 үзэгдэл бүгд байсан, бүтнээрээ байсныг би өөрийн нүдээр харсан” гэх мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11е/1212 дугаар албан бичгээр Нийслэлийн Прокурорын газрын 26, 27, 28 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” зөвшөөрлийн хариуг хүргүүлсэн, уг албан бичгийн хавсралтад “А.Т” фэйсбүүк группийн админ “***” гэсэн нь гомдол гаргагчийн утасны дугаар байгаа зэрэг үйл баримтуудаар  нотлогдож байна.

Мөн гомдол гаргагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмчийн газарт гаргасан өргөдөлдөө “... манай пэйж хуудсанд байршигдсан видео бичлэгийг өөрийн хаягаар албан ёсны Лүүк ТВ-ээр төлбөр төлөн авсан ба энэхүү гомдлын дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай телевизийн пэйж хуудсанд байршуулсан видео бичлэг, зургийг хавсралтаар хүргүүлсэн болно” гэсэн, мөн шүүхэд гаргасан гомдолдоо “... би бүтэн нэвтрүүлэг өөрийн цахим хуудсанд нийтлээгүй талаар мэдэгдэж байсан, ... бүтэн уран бүтээл бус хэсэгчилсэн 3 минут орчим бичлэг байсан гэж тайлбарласан” гэсэн атлаа шүүх хуралдаанд “... би энэ талаар мэдэхгүй, бичлэгийг үзээгүй, огт байршуулаагүй, ... сиди дээрх бичлэгийг би сүүлд нэгтгэж нотлох баримтаар гаргаж өгсөн” гэж зөрүүтэй мэдүүлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд Э.Бг “А.Т” гэх фэйсбүүк хуудсанд “М.Н.У” контентийг байршуулаагүй, түүнийг зөрчил гаргаагүй гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд талуудын гаргасан “... “Х.П” ХХК болон Э.Б нар нь ямар нэгэн бизнесийн харилцаагүй” гэх тайлбараас үзвэл “Х.П” ХХК нь Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “М.Н.У” контентийг ашиглах онцгой эрхийг гомдол гаргагчид бүрэн эсхүл хэсэгчлэн шилжүүлээгүй байхад бүтээлийг нийтэлснийг /бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаас үл хамааран/ Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.5, 2.7, 2.8, 2.9-д тус тус зааснаар холбогдогч өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй бөгөөд гомдол гаргагчаас зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлохоор дээр дурдсан эрхээ хэрэгжүүлээгүй, тодруулбал, гомдол гаргагч “... “А.Т” гэх фэйсбүүк хуудсыг надаас гадна 3 хүн ажиллуулдаг” гэсэн атлаа энэ талаарх баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байна. 

 “М” ХХК-ийн менежментийн хурлаар “Х.П” ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий контентуудыг олон нийтэд түгээх зөвшөөрөл олгох гэрээний төлбөрийн жишиг үнийг захирлын тушаалаар батлахаар шийдвэрлэсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М.Н.У” контентийн барааны тэмдгийг эзэмшигч “Х.П” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаар албан бичгээр тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АБ/19/01 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан уг контентийн 1 удаагийн нэвтрүүлэх эрхийг 5 сая төгрөгөөр худалдахаар тогтоосон тарифыг ирүүлснийг үндэслэн хариуцагч хохирлын хэмжээг тогтоож, шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна. 

Гомдол гаргагч гомдолдоо “...хохирол дээр маргаан гарвал мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, шинжээчийн дүгнэлт гаргуулах хуулийн заалт байгаа, энэ ажиллагаа огт хийгдээгүй” гэх боловч нэгэнт гуравдагч этгээд “Х.П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тус компани өөрсдийн хийсэн бүтээлээ үнэлж, 1 удаагийн нэвтрүүлэх эрхийг худалдах үнийг тогтоосон байхад шинжээч томилж үнийн дүнг тодорхойлуулах шаардлагагүй.

2. Анхан шатны шүүх шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/4829 дугаартай албан бичгээр гомдол гаргагч Э.Б-д хүргүүлсэн байх тул түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчид шийдвэрийг дахин гардуулах шаардлагагүй, ийнхүү өмгөөлөгчид гардуулаагүй нь түүний шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг аливаа байдлаар хязгаарласан гэж үзэхгүй тул Э.Б-гийн “... миний өмгөөлөгч Ж.М-д шүүхийн шийдвэр гардуулж өгөөгүй, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Э.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

          ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН