Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2017/000106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Жаргалант сум 3-р баг Дулаан уул бугын бэлчирт оршин суух, Ажиндай овгийн Дадгарын Пүрэвсүрэн /РЕ56122871/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн, гэрч Д.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Пүрэвсүрэн нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 10 дугаар сараас эхлэн бригадын уналганы морь хариулж эхэлсэн, дараа жил нь хонь маллаад, нэг жил хонь маллаад буцаад адуугаа 1989 оныг дуустал малласан. Нийтдээ 12 жил мал малласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд малчинаар ажилласан улсын архивын лавлагааг үндэслэн ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үүгэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дадгарын Пүрэвсүрэн нь шүүхэд хандан “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Д.Пүрэвсүрэн нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 10 дугаар сараас эхлэн бригадын уналганы морь хариулж байгаад, дараа жил нь хонь малласан бөгөөд, нэг жил хонь маллаад буцаад адуугаа 1989 оныг дуустал малласан... гэж тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын лавлагаагаар 1977 оны 10 дугаар сараас 1977 оныг дуустал, 1980 оны 01 дүгээр сараас 1986 оныг дуустал, 1988 оны 4, 9 дүгээр саруудад ажиллаж байсан болох нь тогтоогдож байх Д.Пүрэвсүрэнг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож, 1978-1979 он, 1989 онуудад ажиллаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ажиндай овгийн Дадгарын Пүрэвсүрэн /РЕ56122871/-г Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 10 дугаар сараас 1977 оныг дуустал, 1980 оны 01 дүгээр сараас 1986 оныг дуустал, 1988 оны 4, 9 дүгээр саруудад ажиллаж байсныг тогтоож,  1978-1979 он, 1989 онуудад ажиллаж байсан болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА