Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2017/00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 32-06 тоотод оршин суух, Дайртан овгийн Рэнцэнгийн Батхишиг /ФБ63081611/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Батхишиг, гэрч А.Баярсайхан, Т.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Р.Батхишиг нь 1989 оны 11 сарын 29-ны өдрөөс 2008 оны 01 сар хүртэл Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн цэвэрлэх байгууламжид хэвийн бус нөхцөлд 17 жил гаруй хугацаанд жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт хэвийн бус нөхцлөөр 17 жилээр гарах эрх нээлгэх гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа, тушаал, захирамж олдохгүй байгаа юм. 1989 оны 11 сарын 29-өөс авто тээврийн байгууллагаас цэвэрлэх байгууламжид 2008 оны 1 сар хүртэл ажиллах хугацаанд бохир ус шугам хоолойн засварчдыг тээвэрлэх, өдөр бүр бохир ус тунгаах төхөөрөмжид тунасан лаг болон хогийг устгалын цэг рүү хаяж зөөвөрлөх ажлыг тусгай чиргүүлээр чирж хийж гүйцэтгэж байсан тул цэвэрлэх байгууламжид хэвийн бус нөхцөлд 1989-2008 он хүртэл лаг тээврийн жолоочоор ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Рэнцэнгийн Батхишиг нь шүүхэд хандан “1989 оны 11 сарын 29-ны өдрөөс 2008 оны 01 сар хүртэл Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн цэвэрлэх байгууламжид лаг зөөврийн жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Р.Батхишиг нь 1989 оны 11 сарын 29-ны өдрөөс 2008 оны 01 сар хүртэл Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид лаг зөөврийн жолоочоор ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, гэрч А.Баярсайханы нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Т.Батсүхийн хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Р.Батхишигийн өөрийнх нь тайлбар, гэрч Т.Батсүхийн: “... Р.Батхишиг нь 1989 оноос Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламж дээр жолоочоор ажилласан. Р.Батхишигийн барьдаг машин нь путкатай бөгөөд араас нь зориулалтын чиргүүл чирж бохирын хаягдалыг талбай дээр буулгадаг байсан. Үндсэн харьяа нь Авто тээврийн байгуулага бөгөөд манай дээр томилолтоор ажилладаг, ээлжийн жолооч гэж байхгүй, дуудлагаар мөн ажиллдаг байсан. Өдөр бүр энэ ажлийг хийдэг байсан... “ гэсэн мэдүүлэг, гэрч А.Баярсайханы: “... Р.Батхишиг нь 1989 оноос манай цэвэрлэх байгууламжийн хэсэг дээр ажилласан. Ингэхдээ сараалжнаас гарсан хог, лагыг тусгай зориулалтын чарган дээр чирж хаядаг байсан. Ээлжийн жолооч гэж байхгүй, өглөө ирээд л энэ ажлаа хийнэ, үндсэн харьяалал нь Авто тээврийн байгууллага бөгөөд, манайд томилолтоор ажиллдаг байсан. Манай байгууллага 2008 онд зориулалтын машинтай болоод Р.Батхишиг нь буцаад Авто тээврийн байгуулагадаа очсон...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож  байна.

Иймд Рэнцэнгийн Батхишигийг 1989 оны 11 сарын 29-ны өдрөөс 2008 оны 01 сар хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллага болон Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн лаг зөөврийн жолоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дайртан овгийн Рэнцэнгийн Батхишиг /ФБ63081611/-ийг 1989 оны 11 сарын 29-ны өдрөөс 2008 оны 01 сарыг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллага болон Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн лаг зөөврийн жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА