| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0481/Э |
| Дугаар | 465 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 465
2020 7 07 2020/ШЦТ/465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагч Н.Пүрэвтогтох,
Шүүгдэгч О.Ш, Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн О.Ш, Н.Гнарт холбогдох эрүүгийн 1910024350636 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... ХХК-д багш ажилтай, ам бүл 4, ............ нарын хамт, ................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, О.Ш /РД:............./,
2. Монгол улсын иргэн, ...... оны ..дугаар сарын .........-ны өдөр ..... аймагт төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, ............. ХХК-д ашиглалт хариуцдаг ажилтай, ам бүл 4, ээж, дүү, хүргэний хамт....................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Н.Г/РД:........../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “MJ” баарны гадна Н.Ганзоригтой маргалдан толгой болон бие рүү нь гараараа цохиж, өшиглөн биед нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстанд цус хуралт, гадна хэсэгт зулгаралт, баруун дээд 7-р дугаар шүдний эмтрэл, баруун сарвуу дунд хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд цус хуралт, бүсэлхий, зүүн сарвуу, чигчий хуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Гнь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “MJ” баарны гадна С.Өнөболдтой маргалдан, түүнийг хөлнөөс нь өргөж унагаан, биед нь дух, зүүн хөмсөг, зовхи, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.Ш шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Хохирогч Н.Ганзоригт эмчилгээнд 680.000 төгрөгийг төлж өгсөн. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин ийм зүйлд холбогдохгүй гэв.
2. Шүүгдэгч Н.Гшүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйсан, дахин ийм зүйлд холбогдохгүй. Хохирогч С.Өнөболд надаас хохиролд юм нэхэмжлээгүй. Прокурортой сайн дураараа ял тохирсон гэв.
3. Хохирогч С.Өнөболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Миний араас дуудаад би эргээд хартал 2 хөлнөөс өргөөд нүүрээр газар унагаахад зүүн талын шанаа халцарсан.. Надад учирсан гэмтлүүдийг Н.Гучруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 83х/,
4. Гэрч Э.Анх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд “...С.Өнөболд газар уначихсан, дээр нь караокед маргалдаад байсан залуу гарчихсан, С.Өнөболдын куртикнээс барьчихсан газар чирээд байсан. Хаана нь цохисныг нь сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 х/
5.Гэрч Ө.Сундуй мөрдөн байцаалтан шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад салаад явсан. Миний харсанаар С.Өнөболдыг Н.Гзодсон. Н.Ггэх залууг О.Ш зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 х/,
6. Гэрч О.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай найз нараас тухайн үл таних залууг О.Ш зодож биед нь гэмтэл учруулсан юм. Манай найз С.Өнөболдыг тухайн үед хэрүүл маргаан хийсэн Н.Ггэх залуу араас нь тэврээд газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 х/,
7. Гэрч Ц.Мөнхтэмүүлэн мөрдөн байцаалтан шатанд мэдүүлэхдээ: “...Надтай хамт явсан Н.Ганзоригийг О.Ш гэх залуу зодсон. С.Өнөболд гэх залууг манай найз Н.Гараас нь тэврээд газар унагаагаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 х/,
8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12556 дугаартай “....Н.Ганзоригийн биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстанд цус хуралт, гадна хэсэгт зулгаралт, баруун дээд 7-р шүдний эмтрэл, баруун сарвуу дунд хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт, бүсэлхий, зүүн сарвуу, чигчий хуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 х/,
9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12563 дугаартай “...С.Өнөболдын биед дух, зүүн хөмсөг, зовхи, шанаанд зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч О.Ш, Н.Гнарын дээрх үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч О.Ш, Н.Гнар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Ш, Н.Гнарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Ш, Н.Гнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Ш, Н.Гнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ш, Н.Гнар нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Ш, Н.Гнарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР