Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2017/00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоотод оршин суух, Сүмч овгийн Даваацэрэнгийн Наранцэцэг /ФД68032702/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-48 тоотод оршин суух, Чавх овгийн Сономын Эрдэнэбилэг /ФБ58012605/

Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8-р хороо 15-129 тоотод оршин суух, Боржигон овгийн Мөнх-Одын Ариунсанаа /ЧМ82122407/

Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 14-р хороо Хандгайтын 752 тоотод оршин суух, Боржигон овгийн Мөнх-Одын Ган-Од /ЧМ77072114/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-46-115 тоотод оршин суух, Дайлаа овгийн Мөнх-Одын Халиунаа /ФМ84011868/

Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол 36-37 тоотод оршин суух, Дайлаа овгийн Мөнх-Одын Солонго /ФМ86022864/ нарт холбогдох

“39 372 120 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч болон хариуцагч, хариуцагч М.Халиунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие талийгаач Мөнх-Одтой хамтран амьдарч байх хугацаандаа хувийн мэс заслын эмнэлэг байгуулах зорилгоор 1-5-59 тоот 3 өрөө байрыг худалдан авах болж, банкнаас зээл авахын тулд өөрийн өмчлөлийн 1-6-105 тоот 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Мөнх-Одын нэрийг оруулан байж уг байраа барьцаалан банкнаас зээл авч эмнэлэг байгуулан ажиллуулж байсан боловч Мөнх-Од өвчний учир 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан. Ингээд талийгаачийн өв залгамжлагч нар болох түүний эхнэр хүүхдүүд шүүхэд хандан миний өмчлөлийн болон эмнэлгийн байруудыг авахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцээд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр 1-5-59 тоот байрыг өв залгамжлагч С.Эрдэнэбилэг, М.Халиун, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарт олгохоор болсон. Иймд миний бие өөрөөс гарсан дараах зардлуудыг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1-5-59 тоот байрыг эмнэлгийн зориулалтаар засан сайжруулахад тохижуулахад гарсан зардал 15 сая төгрөг, 1-5-59 тоот байрны лизингэд сар бүр төлсөн банкны зээл, хүү 19 580 000 төгрөг, 1-5-59 тоот байрны гадаах шилэн хаалт, хаалга хийлгэхэд гарсан зардал 2 843 500 төгрөг, талийгаачийг нас барсны дараа түүний тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 1 471 000 төгрөг, 1-5-59 тоот байрны ус дулааны төлбөр төлсөн 477 620 төгрөг, нийт 39 372.120 төгрөгийг дээрх өв залгамжлагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Наранцэцэг нь С.Эрдэнэбилэгийн шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. С.Эрдэнэбилэг нь надаас 2015 оны 12 сараас 2016 оны 09 сар хүртэл хугацааны байрны төлбөр 412 200 төгрөг нэхэмжилжээ. Миний бие нь 1-6-105 тоот байрны өмчлөгч гэдгийг шүүх 2016 ны 07 сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр тогтоож өгсөн. Уг сөрөг нэхэмжлэлд аль байрны ямар ямар зардал ороод 412 200 төгрөг нэхэмжилээд байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие нь 1-5-59 тоот байранд талийгаачийг 2015 оны 01 сарын 08-нд нас барсан үеэс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, айлд түрээслэж нэг ч төгрөгний орлого олж байгаагүй болно. Гэсэн хэдий ч би 2015 оны байрны ус дулаан, СӨХ цахилгааны суурь үний төлбөрийг бүрэн төлсөн. Талийгаачийн өв залгамжлагч нар нь 1-5-59 тоот байрыг худалдан авахад зээлсэн Хаан банкин дахь зээлийг төлөхгүй байгаагаас миний өмчлөлийн 1-6-105 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээ банкны барьцаанаас чөлөөлөгдөхгүй байгаа бөгөөд хэзээ барьцаанаас чөлөөлөгдөх нь тодорхой бус байна. Уг 1-5-59 тоот байрыг талийгаач бид 2 хамтран амьдарч байх хугацаандаа худалдан авч шинээр бий болгосон бидний дундын өмч хөрөнгө гэдгийг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 1163 шийдвэрээр тогтоосон байгааг шүүх анхаарна уу. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч М.Халиунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралаан дээр тайлбарлахдаа: Миний нөхөр Л.Мөнх-Одтой 2009-2015 он хүртэл хамтран амьдарч байсан Д.Наранцэцэг нь эрээ цээргүй аашилж, нэхэх нэхэхгүй юм биднээс нэхэж шүүхийн шийдвэрийг ч үл тоомсорлож байна. Талийгаач надтай сурсан зангаараа ч тэр юм уу маш илэн далангүй зөвлөж ярилцдаг байсан. Эмнэлгээ бидэнд үзүүлээд 20 000 000 төгрөг боллоо. Өөр ч зөндөө юм хийх хэрэгтэй байна гэж ярьж байсан. Талийгаач хувийн эмнэлгээ засаж тохижуулахдаа өөрийн 2009 оноос 2015 он хүртэл 99 234 495 төгрөгийн цалин хөлс, 7 779, 142 60 төгрөгийн тэтгэвэр болон олсон орлогоосоо тохижуулсан болохоос Д.Наранцэцэгээс нэг ч төгрөг аваагүй. Д.Наранцэцэг нь Монгол хүмүүсийн уламжилж ирсэн ёс жаягыг ч тоогоогүй. Талийгаачийн 49 хоног дуусаагүй байхад лам нар юу ч битгий хөдөлгөөрэй гэсээр байтал эмнэлгийн доторхи тохижилт, тавилга, тоног төхөөрөмжүүдийг зарж, үрж арай хэтэрхий л ёс бус аашилж байсан. Тэгж өөрөө бүгдийг яарч сандран зарж үрж мөнгө төгрөг болгочихоод одоо надаас юуг нь нэхээд байгаа юм бэ. Ер нь хүмүүсийн хамт амьдарч байхдаа авсан зээл, хамтарч зээлдсэн зээлийн үлдэгдэлийг би төлөх шаардлагагүй биздээ. Би их гайхаж байна. Харин миний нөхөр, бурхан болоочийн тэгж их хөдөлмөрлөж өдөр шөнөгүй эмнэлэг дээр байж, жижүүр хийж, зээл авч босгосон хувийнх нь эмнэлгийн доторхи тоног төхөөрөмж болон эд хөрөнгө 20 000 000 төгрөгийг би Наранцэцэгээс нэхэх ёстой. Группын зээлийн үлдэгдэл 1 471 000 төгрөгийн хувьд чи хамтран амьдарч байхдаа авч идэж, ууж үрчихээд надаа яагаад нэхээд байгаа юм бэ. Гэвч энэ зээлийн үлдэгдлийг ч чи төлөөгүй оршуулгын тэтгэмж 620 000 төгрөг сарын группын мөнгө 207 300 төгрөг ажиллаж байсан байгууллагын тусламж, талийгаачийн унаж байсан 6075 УБ дугаартай машиныг зарсан 6 000 000 төгрөгийг бурхан болоочийн бие хөрж амжаагүй байхад чи хөөцөлдөж гарын үсгээ зуран авч байсан байна. Харин би хууль зүйн үндэслэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд талийгаач одоо ч гэсэн хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байгаа 1-6-105 тоот байрны талийгаачид оногдох хувийг чамаас нэхээгүй, давж заалдах гомдол гаргаагүй. Яагаад гэхээр талийгаачийн хүсэлтийг хүндэтгэсэн юм. Бичиг үсэг мэддэггүй хүнд ном бэлэглэв гэгч үлгэр болоод байна. Ер нь чамайг их мундаг хүүхэн бэ? хүний нөхөр салгаж суугаад ямар их жаргаагаа вэ гэж хэлэх хүн нэг ч олдохгүй байх. Ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэж чиний эхний нөхөр, чиний хүүхдийн эцэг Дугараа гэгч архинд орж Амарын хөшөөний дэргэд 2 Амар нэртэй болтлоо сууж чамд гомдсоор өнгөрсөн юм билээ. Дараа нь манай хүн. Би чамаас нөхрийнхөө амийг нэхэж байгаа шүү. Манай ард түмний ам дамжин яригдаж ирсэн хэлц үг цээрлэх зүйлд хүний амьдрал салгаж яг ийм байдалд оруулж явдаг эмсийг шулам төрөлтөн гэдэг байжээ. Иймд чамайг ухаараасай гэж хэлэхэд үр хүүхдүүддээ ээж шигээ ингэж бүү амьдар гэж захиж сургаж яваарай. Чиний амьдарч ирсэн байдлыг байдлыг хөндлөнгөөс харахад санаа зовмоор юм. Өмнөх шүүх хуралд би оролцож чадаагүй. Хурлын материалд чи учиргүй их зураг тавьсан байсан иймэрхүү зураг манай альбомоор дүүрэн байгаа. Ганцхан энэ зургыг хариу болгоё. Он сар өдөртэй ч юм байна. Чамд бурхан болоочтой хамт авахуулсан зургийг шүүхийн материалд өгөхөд харамсах юмгүй байгаа л даа. Харин бидэнд үдэгдээд явчих учир дахин олдохгүй болохоор маш эрхэм юм гэжээ.

Хариуцагч С.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зэст багийн 1-6-105 тоо байрыг 2016.01.22-ны өдрийн дугаар 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр хууль ёсны өвлөгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарт өвлүүлэхээр шийдвэрлэсэн боловч хамтран амьдрагч Д.Наранцэцэг нь өөрийн эзэмшилд дээрх байрыг одоог хүртэл байлгаж дээр нь уг байрны тогтмол зардлын төлбөрийг биднээс нэхэж байна. Д.Наранцэцэг нь уг байрыг эзэмшиж хувь хүмүүст болон энэ тэр газруудад түрээслэн ашиг орлого олж байна. Ер нь байрны мөнгөний тогтмол зардлыг харахад 3, 4, 5 сараас бусад сард нь түрээслэсэн байна. Д.Наранцэцэгийн биднээс нэхэмжилсэн 477 620 төгрөгний байрны тогтмол зардлын мөнгийг Д.Наранцэцэг өөрөө төлөх нь зүйн хэрэг. Яагаад гэхээр одоо болтол байрыг эзэмшилдээ байлгаж байна. Харин би Д.Наранцэцэгээс 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 09 сар хүртэл гарсан 412 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Ган-Од, М.Ариунсанаа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Наранцэцэгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.22-ны өдрийн 142/ШШ2016/01006 тоот шийдвэрээр талийгаач эцэг Л.Мөнх-Одын эмнэлгийн зориулалтаар ажиллуулж байсан 1-5-59 тоот байрыг өв залгамжлагч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонгоо, М.Ган-Од, М.Ариунсанаа нарт олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан уг байрыг худалдан аваад эмнэлгийн зориулалтаар засч тохижуулахад гарсан 15 000 000 төгрөгний зардал болон бусад зардал, уг байрны банкны зээлээд худалдан авсан тул түүнд төлсөн мөнгө зэргийг нэхэмжилжээ. Бид 2-ын зүгээс шүүх яаж шийднэ түүгээр болно. Маргаад мэтгэлцээд байх зүйл байхгүй гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарт холбогдуулан “1-5-59 тоот байрыг эмнэлгийн зориулалтаар зассан сайжруулахад тохижуулахад гарсан зардал 15,0 сая төгрөг, 1-5-59 тоот байрны лизингэд сар бүр төлсөн банкны зээл, хүү 19 580 000 төгрөг, 1-5-59 тоот байрны гадаах шилэн хаалт, хаалга хийлгэхэд гарсан зардал 2 843 500 төгрөг, талийгаачийг нас барсны дараа төлсөн түүний тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 1 471 000 төгрөг, 1-5-59 тоот байрны ус дулааны төлбөр төлсөн 477 620 төгрөг, нийт 39 372 120 төгрөгийг дээрх өв залгамжлагч нараас гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв. Хариуцагч М.Ариунсанаа, М.Ган-Од нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нотлох баримтаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1006 дугаартай талийгаач Л.Мөнх-Одын Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-5-59 тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нарыг тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-5-59 тоот байрыг эмнэлгийн зориулалтаар засан сайжруулах тохижуулахад гарсан зардал 15,0 сая төгрөг, 1-5-59 тоот байрны лизингэд сар бүр төлсөн банкны зээл, хүү 19 580 000 төгрөг, 1-5-59 тоот байрны гадаах шилэн хаалт, хаалга хийлгэхэд гарсан 2 843 500 төгрөгийн зардлууд нь талийгаачийн амьд сэрүүн байх үеийн буюу амьд байхад нь байранд хийсэн засварын зардал, мөн тухайн үеийн байрны лизингэд төлсөн зээл, зээлийн хүү гэж тайлбарласан.

Талийгаач Л.Мөнх-Одын өөрийнхөө өмчлөлийн 1-5-59 тоот орон сууцанд хийсэн засварын зардал, байрны зээлд төлсөн мөнгийг Д.Наранцэцэг өв залгамжлагч нараас шаардах эрхгүй.

Байрны засварын хувьд ямар хэмжээний материал орсон, түүнд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан /бараа материалын тоо, хэмжээ, авсан зарлагын баримт тооцоонууд г.м/ талаар баримтгүй, түүнчлэн энэ байранд засвар хийхэд нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн мөнгөөр засвар хийсэн байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн байрны зээл болон хүүд төлсөн 19 580 000 төгрөгийн шаардлагын хувьд талийгаач Л.Мөнх-Одын амьд байхдаа төлсөн байрны зээл хүүг Д.Наранцэцэг өөрийнхөө мөнгөөр төлж байсан гэж үзэх боломжгүй болно. Иймд дээрх шаардлагууд үндэслэлгүй.

Тэтгэвэрийн зээлийн үлдэгдэл 1 471 000 төгрөгийг Д.Наранцэцэг хаасан гэсэн боловч  баримтаар 1 280 000 төгрөг хаасан болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь талийгаач Л.Мөнх-Одын нас барсны дараа сарын 01, 02 дугаар сарын тэтгэвэр 414 600 төгрөг, оршуулгын тэтгэмж 620 000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн баримтуудаар нотлогдсон тул дээрх 1 034 600 төгрөгийг хасаж тооцон зөрүү 245 400 төгрөгийг өвлөгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин талийгаач Л.Мөнх-Одын Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-5-59 тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нар тогтоогдсон байх тул уг байрны ус дулааны төлбөр гэж 477 620 төгрөг нэхэмжилсэнээс   баримтаар нотлогдсон 446 190 төгрөг, нийт 691 590 төгрөгийг хангах боломжтой ч, хариуцагч М.Солонго нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор хилээр гарсан болох нь нотлогдсон тул М.Солонгод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийт 553 272 төгрөгийг С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Ариунсанаа, М.Ган-Од нарт тэнцүү хариуцуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, талийгаач Л.Мөнх-Одын Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-5-59 тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нар тогтоогдсон байх тул байрны ус дулааны мөнгө 477 620 төгрөгийг Д.Наранцэцэгээс шаардах эрхгүй гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 354 816 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 12 254 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа,  М.Ариунсанаа, М.Ган-Од нараас 17 248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-д заасныг баримтлан С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Ариунсанаа, М.Ган-Од нараас тус бүр 138 318 төгрөг гаргуулан Д.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлээс 38 818 848 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М.Солонгод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 354 816 төгрөг, сөрөг нэхэмжлэд төлсөн 12 254 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 17 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА