| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2015/01218/и |
| Дугаар | 142/ШШ2017/00111 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2017/00111
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн Дөмөгийн задгай 2-2 тоотод задгайд оршин суух Зундуйн Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,
Хариуцагч: “Найдвар-Од” аудит ХХК-нд холбогдох
“Үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин үнэлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Эрдэнэсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг, Г.Наранбаяр, Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Эрдэнэсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Оюут багийн 2-23-61 тоот байранд үйл ажиллагаа явуулж байсан “Мөнгөн аяга” пабын байрыг “Найдвар-Од Аудит” ХХК-ийн үнэлгээнд одоогийн зах зээлд зарагдаж буй 3 өрөө байрны үнээр үнэлж буй нь зүйд нийцэхгүй байна. Миний үнэлүүлж буй байр нь үйл ажиллагаа явуулах чиглэлээр өргөтгөл сунгалт хийгдсэн, тохижилт засвар хийж, гадагш шат хаалга хийсэн, уг стандарт байр нь 4 өрөө байр, үйл ажиллагаа нь тогтворжиж тогтмол орлого олдог зэрэг давуу талтай.
Мөн “Найдвар-Од Аудит” ХХК-ийн захирал Б.Алтанпүрэв нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө, машин тоног төхөөрөмж үнэлэх эрхтэй. Барилга, цэвэр бохир, дулааны шугамын газар шорооны ажлын төсөв, өртөг зардал болон гүйцэтгэлд үнэлгээ хийх эрхгүй байж, иргэн З.Эрдэнэсүх миний 2009 онд 37 000 000 төгрөгний зардал гаргаж хийсэн 2640 м3 барилгын газар шорооны ажлыг өмгөөлөгч Оюунчимэгтэй үгсэн хуйвалдаж Хятадын иргэнээс авилга авч албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хүний хийсэн хөдөлмөр зардлыг үл ойшоон 10 сая төгрөг болтол унагаж Хятадын иргэний талд ажиллаж, жирийн иргэн намайг хохироож байна. Одоо би П.Алтанпүрэвийг “Хамоно” ББСБ-ын талд илтээр хандан ажиллаж үл хөдлөх хөрөнгийн маань үнийг илт унагааж намайг удаа дараа асар их хэмжээгээр хохироож байгаад би их гомдолтой байна. Гэвч байрны дуудлага худалдаа 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр явагдах болчихоод байна. “Найдвар-Од Аудит” ХХК-ийн үнэлсэн үнийг анхны дуудлага худалдаа 30 хувь бууруулж, 2 дахь дуудлага худалдаа нь 50 хувь бууруулж худалддаг хуулийн заалт байдаг юм байна. Иймд тус дуудлага худалдааг зогсоож дахин өөр үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байна. ...“Найдвар-Од Аудит” ХХК-ийг хариуцагчаар татсанаасаа татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын Орхон аймаг дахь салбар Арбитрын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15/01 дугаартай шийдвэрээр З.Эрдэнэсүхээс 70 418 371 төгрөг гаргуулж “Хамоно” ББСБ-д олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар үүсгэх тогтоол гарган, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгчийн өмчлөлийн Оюут багийн 23 дугаар байрны 61 тоотод байрлах 55,5 мкв бүхий Ү-2101008019 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1 хүний өмчлөлийн орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагу битүүмилж, хураан авсан. Төлбөр төлөгч З.Эрдэнэсүх нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор талуудаас дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад санал зөрүүтэй, тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 58/04 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар “Найдвар-Од Аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. Оюут багийн 23 дугаар байрны 61 тоотод байрлах 55,5 мкв бүхий Ү-2101008019 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1 хүний өмчлөлийн орон сууцыг шинжээч бие даан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний дүгнэлт гаргаж тус албанд ирүүлсэн. Шинжээчийн тайланг тус алба үнэлгээ гаргахтай холбогдсон зардлыг төлүүлэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч З.Эрдэнэсүхэд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлан танилцуулж тэмдэглэл хөтөлсөн болно. Төлбөр төлөгч З.Эрдэнэсүх нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд тус алба үнэлгээ хэрхэн тогтоосон талаар хариу тайлбарлах боломжгүй юм гэжээ.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хурдан, хуулийн хугацаанд явуулахын тулд нэхэмжлэгч З.Эрдэнэсүхийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Хариуцагч “Найдвар-Од Аудит” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтээр З.Эрдэнэсүхийн байрыг үнэлсэн. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад үнэ өсөх боломж байхгүй. Манайх 90 саяын үнэтэй байрыг төхөөрөмжлөгдсөн гэдэг утгаар нь 120 саяар үнэлсэн учир тогтоосон үнэлгээн дээрээ баттай зогсож чадна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Эрдэнэсүх хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Найдвар-Од Аудит” ХХК-нд холбогдуулан “Үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин үнэлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч З.Эрдэнэсүх нь “Найдвар-Од Аудит” ХХК-ийг хариуцагчаар татсанаасаа татгалзсан.
Харин хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.Эрдэнэсүхийн “үнэлгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин үнэлгээ хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч З.Эрдэнэсүх нь “Найдвар-Од Аудит” ХХК-ийг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
3.Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4597 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа эс биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА