| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/0647/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/641 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/641
2020 07 02 2020/ШЦТ/641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Ш холбогдох 2009015950888 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 33 дугаар гудамж 42б тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны 96 тоотод түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт С.Ш . /РД: /,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч С.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 96 тоотод байх гэртээ хохирогч Ц.Дэлгэрмаагийн толгойн орой тус газарт нь пивоны стаканаар цохиж түүний эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ш 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 96 тоотод байх гэртээ хохирогч Ц.Дэлгэрмаагийн толгойн орой тус газарт нь пивоны стаканаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009015950888 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Шаравсэнгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол 96 тоотод эхнэр Болормаа, эхнэрийн хамаатны дүү Дэлгэрмаа нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өглөө болоход би согтсон байсан бөгөөд эрүүлжүүлэхэд ухаан орсон. Ингээд цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгчхөөд харихад эхнэр, дүү хоёр чи өглөө стаканаар цохиод Дэлгэрмаагийн толгойг хагалсан гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид нар хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгаас ажлаар Улаанбаатар хотод ирсэн ба хамаатны эгч Болормаагийн гэрт очоод 2020 оны 06 дугаар сарын 02-ны орой эгч болон нөхөр нь болох Шарав ах нарын хамт архи уусан юм. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өглөө босоод үлдсэн пивонуудаа уугаад байж байтал эгч нөхөртэйгөө маргалдаад байсан. Ингэж байгаад Шарав ах миний утас хаана байна гээд гартаа пивоны стакан бариад миний толгойны орой хэсэгт цохисон. Ингээд хажуу айлын хүн цагдаа дуудсан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Н.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэртээ өрөөндөө амарч байхад энэ айлд байсан Дэлгэрмаа, авгай нь болох Болормаа хоёр өрөөнөөсөө хоёулаа туслаарай гээд орилолдсон, тэгээд би юу болов гээд хаалга онгойлготол Дэлгэрмаагийн толгойноос цус гарсан өрөөнд орж ирсэн. Тэгээд түргэн, цагдаа хоёр дуудаад өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд би 103 дуудаад дараа нь цагдаа дуудсан. Дэлгэрмааг харахад толгойноос нь их цус алдсан байсан. Манай өрөөнд цус нилээн толгойноос нь гарсан. Тэрийг нь Болормаа цэвэрлэж арчсан. Би айлын хажуу өрөөг түрээсэлдэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн нөхрийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзана. Бид 3 манай гэрт хамт байж байгаад намайг өөр өрөө рүү орох хооронд Шаравсэнгэ стакан бариад ус буцалгагч руу явж байгаа харагдсан. Тэгээд буцаад гараад ирэх хооронд Дэлгэрмаагийн толгойноос цус гарчихсан байж байсан. Яг юу болсныг мэдэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6605 дугаартай дүгнэлтэд“... Ц.Дэлгэрмаагийн биед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-41 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Дэлгэрмаагийн “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009015950888 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Шаравсэнгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 96 тоотод байх гэртээ хохирогч Ц.Дэлгэрмаагийн толгойн орой тус газарт нь пивоны стаканаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хохирогч Ц.Дэлгэрмаа /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Н.Тунгалаг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, гэрч Д.Болормаа /хх-ийн 12 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч С.Шаравсэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6605 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Шаравсэнгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.Ш нь хохирогч Ц.Дэлгэрмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Шаравсэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч С.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шаравсэнгийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С.Ш ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.Ш ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шаравсэнгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ш д мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН