| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0429/э |
| Дугаар | 642 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 642
2020 07 03 2020/ШЦТ/642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Г.Цогтгэрэл,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Гэрч Е.Энхтөр
Хохирогч Н.Мөнх-Од, хохирогчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алимаа,
Шүүгдэгч: Э.ЗЗЗ, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэл овогт Энхжаргалын ЗЗЗт холбогдох эрүүгийн 1909038130106 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Демси трейд ХХК-нд менөжер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 27 дугаар байрны 1006 тоотод оршин суух хаягтай, урьд 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 14 жил 10 сар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /үлдсэн нь 02 жил 04 сар 24 хоног/ /1хх 225-250, 2хх 1-9/, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хүрэл овогт Энхжаргалын ЗЗЗ, /РД:Ш/
Холбогдсон хэргийн талаар /2020 оны 03 сарын 31-ны өдрийн 299 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Э.ЗЗЗ нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна хохирогч Н.Мөнх-Одыг “...мөнгө нэхлээ, машинд суулгасангүй...хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя...” гэж хэллээ гэж шалтаглан баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Э.ЗЗЗ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...та 2 яах гээд байгаа юм мөнгө төгрөг бол өгч чадахгүй гэсэн чинь өндөр залуу нь наад хүүхнүүдтэй чинь караоке оръё гэхээр нь би манай эхнэр дүү нар явж байгаа гэсэн чинь чамайг ер нь энд чинь алаад хаяна гээд над руу дайраад байхаар нь та 2 нилээн согтуу байна боль гэсэн чинь учир зүггүй л над руу дайраад өндөр нь хувцсаа тайлж шидээд зодолдъё гээд байсан. Өндөр залуу нь миний цамцнаас зуураад цамцны товч ханз татаад савчуулаад байсан. Та 2 больчооч дээ гэсэн чинь наад хүүхнүүдээ авчих караоке оръё гэж дахиад хэлэхээр нь манай эхнэр, дүү нар явж байгаа гэж хэлсэн. Тэгтэл өндөр залуу нь тэгээд яадаг юм юун сүртэй юм гэсэн. Намхан залуу нь мөн адил юун сүртэй юм наад хэдийг чинь аваад явъя гэхээр нь өндөр залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод хажууд зогсож байсан намхан сахалтай залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед тэр 2 хоёулаа арагшаа савж унасан. Өндөр залуу нь босож ирээд алнаа чамайг гээд дайрсан. Намхан залуу нь босож ирэхгүй байхаар нь очоод сэрээх гээд хацар луу нь зөөлөн алгадсан чинь сэрэхгүй байхаар нь түргэн дуудсан....тэр 2 залуу өөрсдөө биднийг удаан хугацаанд өдөөн хоргоож, ёс бус үг хэллэг хэлж ийм байдалд хүргэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 121 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Мөнх-Одын “...Чоко баарнаас гараад 04 цаг өнгөрч байхад Энхтөртэй хамт гарсан. Баарны гадаа цагаан цамцтай махлаг эрэгтэй Энхтөртэй муудалцаж байсан, би боль гэсэн. Тэр 2 бие биенээ түлхэлцээд байсан. Би өөрийн утаснаасаа найз Бадрал руу залгасан. Утсаар ярьж байхад цагаан цамцтай залуу толгой руу цохисон. Би манараад түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Тэгээд хагалгаанд орсноос хойш санаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Е.Энхтөрийн “...шууд эхлээд намайг цохисон би саваад газарт унасан. Тэгсэн чинь нөгөө залуу Мөнх-Одыг шууд дахиж цохисон Мөнх-Од газарт унасан ба би босоод Мөнх-Одыг босгох гэсэн чинь босохгүй ухаангүй, сэрэхгүй байсан. Бааранд бүжиглэсэн эмэгтэй машин дотроос бид нар явлаа гэхээр нь баяртай гээд машинаас бага зэрэг зайтай зогсож байгаад хэлсэн чинь тарган залуу ирээд нэг юм хэлэхээр нь чи хол бай гэсэн чинь шууд миний нүүр лүү цохихоор нь би урдаас нь эсэргүүцсэн чинь дахиад нүүр лүү гараараа цохиход би гараа тулаад хойшоо унасан. Мөнх-Од миний хажууд зогсож байхад тэр залуу Мөнх-Одын нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь Мөнх-Од хойшоо саваад газар унасан. Би босгох гэсэн чинь ухаан алдсан байсан. Тэр залуу Мөнх- Одын цээжин дээр нь дараад байсан боловч ухаан ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Гэрч О.Алимаагийн “...би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиход Мөнх-Од Гавал тархины мэс заслын тасагт хэвтэж байсан, би ороод ээж нь ирлээ гэсэн чинь нүдээ нээж нэг харчихаад буцаад нүдээ аньсан, унтаа байдалтай байсан. Ерөөсөө юу ч яриагүй. Эмч хэлэхдээ ер нь бол хагалгаанд орно, биеийн байдлыг нь харж байгаад шийднэ гэж хэлсэн. Танай хүүхдийн тархинд бүх төрлийн гэмтэл байгаа, цус хуралт, цус харвалт, гавлын ясны цууралт, тархины хальсны урагдалт гэх мэт бүх төрлийн гэмтэл байна гэж хэлсэн. Энэ нь зүгээр унасан биш, хүчтэй цохилтоос гавлын яс цуурсан байх, мэргэжлийн хүн цохисон байх, тархи их няцралтай байна гэж хэлсэн...10 дугаар сарын 16-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт гавлын ясны доорх цус хуралтыг авах хагалгаанд орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч Л.Адъяасүрэнгийн “...машин ирээд зогсохоор нь бид нар довжооноос буугаад 2 машины дундуур ороод явах гэсэн чинь нөгөө намхан залуу миний гарнаас бариад авсан. Би гараа татсан чинь тавихгүй намайг чирээд манай найзтай хамт явцгаая л даа гээд байсан. Харсан чинь нөгөө өндөр залуу цаана зогсож байсан. тэгж л тэр хоёр найзууд хамт явж байгаа юм байна гэж ойлгосон....Ерэнбаатарыг машинд суулгаад хаалгаа хаах гэсэн чинь нөгөө өндөр залуу хаалга хаалгахгүй буцаагаад онгойлгосон. Тэр 2 залуу манай нөхөртэй юм яриад энд тэндээс нь татаад байсан. тэгсэн чинь манай нөхөр пиджакаа тайлаад хайраа үүнийг цааш нь тавьчих, урчих гээд байна гээд надад өгөхөөр нь хүүеээ наад залуу чинь яах гээд байгаа юм бэ гэсэн чинь зүгээр зүгээр би зохицуулна наад хэдийгээ гаргаж болохгүй шүү гэж хэлээд хаалга хаасан....Ерэнбаатар Ундрахад чиний араас ирсэн гэсэн чинь Ундрах юу яриад байгаа юм тэгвэл би бууя гэхээр нь би үгүй ээ хэрэггүй гэж хэлээд байж байтал л жолоочийн хаалга руу шахаад ороод ирсэн. Тэгээд би буугаад иртэл намхан залуу нь дээшээ хараад газар хэвтэж байсан өндөр залуу манай нөхөртэй ноцолдоод байж байсан. Би намхан залуугийн хажууд зогсож байтал манай нөхөр ирээд хөөе хөөе гээд хацрыг нь зөөлөн цохисон чинь ямар ч хариу үйлдэл байхгүй болсон чинь нөхөр 103 дууд гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 115-116-р хуудас/
Гэрч Ю. Одгэрэлийн “...гадаа гарахад нөгөө 2 залуу гадаа зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явья караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. тэр үед ЗЗЗ машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу бид нарыг хамт явъя гээд хоргоосоор л байсан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. бид нар арай гэж хаалга онгойлгоод сууцгаасан. Тухайн үед би эрүүл байсан, ЗЗЗ ч бас эрүүл байсан. Бид нар суугаад ЗЗЗ суух гэсэн чинь суулгахгүй 10.000 төгрөг өгөөч гэж байгаа сонсогдсон. Тэгснээ хамт явъя гэхээр нь ЗЗЗ цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл нэг залуу нь ЗЗЗын хоолойг боогоод машин луу шахаад байгаа харагдахаар нь хүүе гарч салгая гээд хаалгаа нээсэн чинь ЗЗЗ та нар оролцоод яах вэ би зохицуулъя гэсэн бид нар ч за за ЗЗЗ эрүүл юм чинь зохицуулчих байх гэж бодоод бид нар буугаагүй. Удаагүй нэг залуу нь манай найзыг унагаачихлаа би прокурор найздаа хэлж та нарыг үгүй болгоно гээд муухай орилоод байхаар нь бид нар буусан чинь нэг нь газар унасан нөгөө нь орилоод найзыгаа сэгсрээд байсан...” гэх мэдүүлэг/ хх- 39 дүгээр хуудас/
Гэрч З.Ижилбилэгийн “...Бүжгийн талбай дээр 2 залуу танилцъя хамт бүжиглэе гээд татаж чангаагаад бүжиглүүлэхгүй байхаар нь бид нар гарцгаасан. Гадаа гарахад нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. тэр үед ЗЗЗ машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу мөнгө байна уу хажууд тамхи зарж байгаа хүнд мөнгө өгье гээд хоргоосоор л байсан....бид нар суугаад ЗЗЗ суух гэсэн чинь суулгахгүй, машины хаалга онгойлгох гээд байсан. тэгснээ хамт явъя гэхээр нь ЗЗЗ цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл өндөр залуу нь ЗЗЗын хоолойг боогоод машин луу шахаад байсан. тэгтэл ЗЗЗ намхан залуугийн өөдөөс нь гараараа 1 удаа цохисон чинь тэр залуу саваад газар унасан. Тэгээд ЗЗЗ өндөр залуугийн өөдөөс нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх- 40 дүгээр хуудас/
Гэрч Б.Ундрахын “...гадаа гарахад л нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Гарахад л тэр 2 хоёулаа мөнгө нэхээд хамт цаашаа явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. тэр үед ажлын газрын эгчийн нөхөр болох ЗЗЗ машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу дахиад мөнгө байна уу хажууд тамхи зарж байгаа хүнд мөнгө өгье буян хийе гээд хоргоосоор л байсан....ЗЗЗ ах машинаа авах гээд явсан байхад өндөр залуу нь Адъяасүрэн эгчийг араас нь татаад унагаасан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. бид нар арай гэж хаалгаа онгойлгоод сууцгаасан. ЗЗЗ ах бид нарыг суулгаад хаалгаа хаах гэсэн чинь хаалгахгүй байсан. Арай гэж хаагаад ЗЗЗ ах суух гэсэн чинь суулгахгүй машины хаалга онгойлгох гээд байсан нилээн удсан. Тэгснээ хамт явъя гэхээр нь ЗЗЗ цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл өндөр залуу нь ЗЗЗын хоолойг боогоод машин луу шахаад байгаа харагдсан. Тэгээд Ижилбилэг 00 орно гээд буусан ирэхгүй болохоор нь би араас нь буусан чинь намхан залуу нь газар унасан, ЗЗЗ ах хажуу тийш нь харуулаад хэвтүүлж байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 122 дугаар хуудас /
Гэрч О.Ерэнбаатарын “...нэг харсан чинь Адъяасүрэнг нэг эрэгтэй гарнаас нь татаад байгаа харагдахаар нь би очоод яах гээд байгаа юм гэж хэлээд салгаад машиндаа сууцгаасан. Суугаад би нөгөө хэдээс энэ 2 залуу яах гээд байгаа юм гэсэн чинь манай хэд суух гээд байгаа юм биш үү гэсэн. Тэр үед ЗЗЗ нөгөө хоёрын дундуур ороод хаалга хаах гээд байсан, нөгөө 2 залуу хаалгахгүй байхаар нь би буух уу гэсэн чинь хэрэггүй ээ ЗЗЗ эрүүл юм чинь учраа олох байх гэсэн. Нилээн хэсэг хугацааны дараа ЗЗЗ цонхоор костьюмаа оруулаад тавьж байсан. нэг харсан чинь нэг залуу нь уначихаар нь би буугаад харсан чинь нэг залуу нь газар дээшээ хараад унасан, нөгөө залуу нь орилж чарлаад би прокурор найзтай хүн шүү хараарай та нар гээд байсан....тэр 2 залуу нилээн согтолттой, гуйваад машин налж унаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас /,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №12287 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. 1. Н.Мөнх-Одын биед гавлын орой, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, аалзан хальс доор цус харвалт, зулайн орой болон зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэвтэр гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №4 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12287 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Н.Мөнх-Одын биед гавлын орой ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дээд ханын далд хугарал, зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.
5. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн нүдний ухархайн дээд ханын далд хугарал, зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бүгд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
7. Дээрх учирсан гэмтэл нь нүүрэн тус газраа цохиулж арагш унах үед үүсэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг гэх СиДи хоосон, бичлэг байхгүй байв... гэх дүгнэлт шинжээч эмч С.Чулуунсүх, Т.Сэлэнгэ, Б.Даваасүрэн...” гэжээ /хх-ийн 85 дугаар хуудас/,
Б.Батдорж эмчийн тодорхойлолт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30, 127-р хуудас /
Эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди бичлэг
Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...энэ гэмтлүүд нь толгойн тус газар мохоо зүйлээр нэг газар олон удаа болон нэг удаа цохих цохигдох үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас /
Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх /хх 62-79
дугаар хуудас /
Сэргээн засах клиникт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1хх-ийн 138-146 дугаар хуудас
/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1хх-ийн 210 дугаар хуудас /,
Хохирогч Н.Мөнх-Одын хохирол, гэмт хорын төлбөр нэхэмжилсэн баримтууд /1хх-ийн 176-203 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.ЗЗЗ нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна хохирогч Н.Мөнх-Одыг “...мөнгө нэхлээ, машинд суулгасангүй...хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя...” гэж хэллээ гэж шалтаглан баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.ЗЗЗын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээс гадна хохирогч Н.Мөнх-Одын мэдүүлэг, Гэрч Е.Энхтөр, О.Алимаа, Л.Адъяасүрэн, Одгэрэл, З.Ижилбилэг, Б.Ундрах, О.Ерэнбаатар нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №12287 дугаартай дүгнэлт,шинжээч эмч Б.Батдоржийн тодорхойлолт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх, Шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 4 дугаартай дүгнэлт, Сэргээн засах клиникт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохиролын баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч Н. Мөнходыг цохиж биед нь хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ч шүүгдэгчийн зүгээс санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж байна.
Хохирогч Н. Мөнходын “ байрны гадаа цагаан цамцтай махлаг эрэгтэй Энхтөртэй муудалцаж байсан. Би боль гэсэн. Тэр хоёр бие биенээ түлхэлцээд байсан. Би өөрийн утаснаасаа найз Бадрал руу залгасан. Утсаар ярьж байхад цагаан цамцтай залуу толгой руу цохьсон. Би манараад түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Л. Адъяасүрэнгийн “ ..машин ирээд зогсохоор нь бид нар довжооноос буугаад 2 машины дундуур ороод явах гэсэн чинь нөгөө намхан залуу миний гарнаас бариад авсан. Би гараа татсан чинь тавихгүй намайг чирээд манай найзтай хамт явцгаая л даа гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Ю. Одгэрэлийн “ ..гадаа гарахад нөгөө 2 залуу гадаа зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явья караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. тэр үед ЗЗЗ машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу бид нарыг хамт явъя гээд хоргоосоор л байсан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. бид нар арай гэж хаалга онгойлгоод сууцгаасан” гэх мэдүүлэг, гэрч З. Ижилбилэгийн “...бүжгийн талбай дээр 2 залуу танилцъя хамт бүжиглэе гээд татаж чангаагаад бүжиглүүлэхгүй байхаар нь бид нар гарцгаасан. Гадаа гарахад нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан...тэгтэл өндөр залуу нь ЗЗЗын хоолойг боогоод машин луу шахаад байсан. тэгтэл ЗЗЗ намхан залуугийн өөдөөс нь гараараа 1 удаа цохисон чинь тэр залуу саваад газар унасан. Тэгээд ЗЗЗ өндөр залуугийн өөдөөс нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ундрахын “...гадаа гарахад л нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Гарахад л тэр 2 хоёулаа мөнгө нэхээд хамт цаашаа явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан.....ЗЗЗ ах машинаа авах гээд явсан байхад өндөр залуу нь Адъяасүрэн эгчийг араас нь татаад унагаасан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. Бид нар арай гэж хаалгаа онгойлгоод сууцгаасан. ЗЗЗ ах бид нарыг суулгаад хаалгаа хаах гэсэн чинь хаалгахгүй байсан. Арай гэж хаагаад ЗЗЗ ах суух гэсэн чинь суулгахгүй машины хаалга онгойлгох гээд байсан нилээн удсан. Тэгснээ хамт явъя гэхээр нь ЗЗЗ цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл өндөр залуу нь ЗЗЗын хоолойг боогоод машин луу шахаад байгаа харагдсан..” гэх мэдүүлэг, гэрч О.Ерэнбаатарын “...нэг харсан чинь Адъяасүрэнг нэг эрэгтэй гарнаас нь татаад байгаа харагдахаар нь би очоод яах гээд байгаа юм гэж хэлээд салгаад машиндаа сууцгаасан....” гэх мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хохирогч Н. Мөнходын зүгээс шүүгдэгч Э. ЗЗЗ болон түүний эхнэр Л. Адъяасүрэнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төрийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтанд оруулсан зэрэг зүй бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдоогүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч нь гэрч Е. Энхтөртэй маргалдсаны улмаас хохирогч Н. Мөнходыг утсаар ярьж байхад нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хүнд гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 239 дугаартай дүгнэлтээр: Э. ЗЗЗ нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна гэжээ.
Шинжээчийн 239 дугаартай дүгнэлт нь зөвхөн шүүгдэгч Э. ЗЗЗ болон түүний эхнэр гэрч Л. Адъяасүрэн нарын асуумжын дагуух хариултыг үндэслэн гаргасан ба шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлтийн агуулгад нийцээгүй[1], дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж тусгаагүй, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж дүгнэлт гаргасан[2] зэргээр шинжээч эмч нар нь холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, илт үндэслэл муутай дүгнэлт гаргасан байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар дээрх дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах боломжгүй гэж үзээд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч нь хохирогч Н.Мөнх-Одын биед хүнд хохирол санаатай учруулснаа хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.ЗЗЗын үйлдэл нь “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.ЗЗЗын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Э.ЗЗЗыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.ЗЗЗыг улсын яллагч болон өмгөөлөгч нарын саналыг харгалзан эрүүгийн хуульд заасан хамгийн хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгож хэрэглэсэн болно. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.ЗЗЗ нь 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 14 жил 10 сар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /үлдсэн нь 02 жил 04 сар 24 хоног/ байна. Шүүгдэгчийн шүүхээс оногдуулсан тэнссэн хугацаа 2020 оны 03 сарын 20-ны өдөр дуусахаар байна. Шүүгдэгч нь тэнссэн хугацаа дуусахад 5 сар 10 хоног дутуу байхад буюу шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.ЗЗЗын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000.000 / арван сая/ төгрөгийг төлөх боломжтой талаар илэрхийлсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.ЗЗЗ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах эмчилгээний зардлыг дараах байдлаар нэхэмжилсэн байна. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алимаа нь хохирогчийг эмнэлэгт сахиж, эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсонтой холбоотой гарсан төлбөрт – 6245160 төгрөг, эм эмчилгээ болон шатахууны зардалд – 14.241.434 төгрөг, гар утасны мөнгө – 839200 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд – 14.942.900 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой нөхөн төлбөрт – 6.316.774 төгрөг, өмгөөлөгчийн хөлс - 800.000 төгрөг нийт 43.385.468 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар холбогдох баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг нэг бүрчлэн судалж дараах байдлаар шийдвэрлэлээ.
Хохирогч Н. Мөнх-од нь 2019 оны 10 сарын 10- 10 сарын 30-ны өдөр хүртэл 20 хоног Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мэс засалд орж эмчилгээ хийгдсэн болох нь эмчлүүлэгчийн өвчний түүхээр тогтоогдож байна. Иймд хохирогчийн эм, эмчилгээ болон шатахуун, зогсоолын төлбөрт зарцуулсан 14.241.434 төгрөг нэхэмжилсэнээс хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан 10.114.341 төгрөгөнд холбогдох нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтын шаардлага хангахгүй, эрүүл мэндэд учирсан хохиролтой хамааралгүй хоол хүнсний зүйл худалдан авсан гэх бусад зардлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хүүхдээ эмнэлэгт асарч сувилсантай холбоотой гарсан сахиурын мөнгө нэхэмжилж Тайширын хүлэг ХХК-ны захиралын тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн боловч хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин хөлсийг олгосон талаарх баримтыг ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч Н. Мөнходод 2020 оны 01 сараас 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоож, сард 174000 төгрөгний тэтгэмж авдаг болох нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ / 420.000/ -ний зөрүүгээр 6 сарын хугацааны нөхөн төлбөр (420.000- 174.000)* 6 = 1.476.000 гаргуулахаар шийдвэрлэж, цаашид гарах төлбөрийг тухай бүр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Н. Мөнх-одын гэмт хэрэг үйлдэгдэх үед ярьж байсан гар утсыг газар унах үед хажууд нь явж байсан үл таних эмэгтэй авч байгаа нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул тухайн үйлдлийг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тусд нь шалгаж тогтоон шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгаж, гар утасны төлбөрт нэхэмжилсэн 839000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгөнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.
Хохирогчийн нэхэмжлэлээс нийт 12.099.551 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н. Мөнходод олгон, 3.251.209 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлээс үлдэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж хохирогч нь шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээхээр тогтов.
Шүүгдэгч Э. ЗЗЗ нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эмчилгээний зардалд 3.695.000 / гурван сая зургаан зуун ерэн таван мянга / төгрөгийг төлсөн, үлдэх 8404551 / найман сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуун тавин нэг / төгрөгийг шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч болон хуууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар тайлбарлаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхийн ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хүрэл овогт Энхжаргалын ЗЗЗыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2. 3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ЗЗЗыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.ЗЗЗт 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 сарын 07-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгч Э. ЗЗЗт 2 /хоёр/ жил 04 /дөрөв/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ЗЗЗт оногдуулсан 2 /хоёр/ жил 04 /дөрөв/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. ЗЗЗт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. ЗЗЗт оногдуулсан 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шүүгдэгч Э.ЗЗЗ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Э.ЗЗЗт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 .1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ЗЗЗ нь хохирогч Н. Мөнх-одод 12.099.551 / арван хоёр сая ерөн есөн мянга таван зуун тавин нэг / төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 3251209 / гурван сая хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун ес / төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нь хэлэлцэхгүй орхиж цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.ЗЗЗт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН
[1] Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8
[2] Шүүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2