| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0870/З |
| Дугаар | 305 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 305
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч С.Н, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Н.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гэрч С.А нарыг оролцуулан С.Нийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: С.Н
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-.., Нийслэлийн нутгийн захиргааны ... байр
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газрын алба
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-.., Нийслэлийн нутгийн захиргааны ... байр
Гуравдагч этгээд: Н.Ц
Гуравдагч этгээд: Ц.Л
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 161 тоот захирамжийн Ц.Л холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Цийн нэр дээр ******* дугаар бүхий нэгж талбарт 369 м.кв газрыг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан болон Чингэлтэй дүүргийн газрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “Газрын тухай” хууль анх 1994 онд батлагдснаас хойш газрын харилцааг зохицуулах эрх зүйн шинэтгэл асар хурдтай, өргөн цар хүрээтэй хийгдсэн юм байна, олон олон хууль шинээр батлагдаж өнөөдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт, шинэчлэл байнгад хийгдсээр иржээ. Зах зээлийн үеийн нийгэм, улс төрийн хөгжлийн явцад, өнгөрсөн 25 жилийн хугацаанд Газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, түүний дарга цэргүүд ч байн байн өөрчлөгдөж, хуулийн хэрэгжилт ч тэр хэмжээгээр алдагдаж, магадгүй зөрчигдөж байсан нь миний энэ өчүүхэн хэрэг дээрээс тодорхой байх юм.
Хэдийгээр би хуульч, хуулийн байгууллагад олон жил ажилласан ч, хууль дүрмийг сахиж хэрэгжүүлж явсан болохоос ийм асуудалтай тулгарч байсангүй, холбогдох хууль тогтоомжийг нь ч нарийвчлан анхаарч анзаарч яваагүй юм байна. Хуулийн цоорхойгүй, ил тод заалтыг хөнгөхөн зөрчиж, мэхэлж аргалж, хувийн эрх ашигтаа нийцүүлэн бусдын эрх ашгийг амархан зөрчиж чаддагийг газрын албаны даамлуудын үйл ажиллагаанаас харж байна.
1. 1992 онд Хууль Зүйн яамны сайдын тушаалаар худалдаж авсан Жигжид дэх зуслангийн дүнзэн байшингийн доорх газарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаар захирамжаар анх ашиглах эрхийн зөвшөөрлийг авсан билээ. Энэ байшин одоо ч байж байна.
Чингэлтэй дүүргийн Газрын албанаас энэхүү захирамжийг “байхгүй, гараагүй” хэмээн Нийслэлийн Засаг даргадаа болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуурамч бичиг баримт үйлдэн өгч асуудлыг зөв шийдвэрлэх боломжийг хаах, эсвэл асуудлыг шийдвэрлүүлэхэд хүндрүүлж байлаа.
Нийслэлийн Засаг даргад өгсөн гомдол хүсэлтийг дээрх үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулалгүйгээр, зохих хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй, 2 сар болгож байгаад зөвхөн албан тоотоор хариу өгсөн юм. Уг нь заавал шүүх гэхгүйгээр шийдвэрлэх хуулиар олгогдсон эрх хэмжээ, бүрэн боломж байсан даа. Өнөөгийн нөхцөлд ажил хэргийн тийм чадвар чадамж нь алга, тийм хүсэл сонирхол ч алга байна лээ.
Арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн процессийн үйл ажиллагаа сайн явагдаж байгаа ч Чингэлтэй дүүргийн газрын албанаас өөрийн байгууллага дээрээ хадгалагдаж байгаа уг захирамжийн мэдээллийг үнэн зөвөөр хуулбарлаж өгөлгүй, “тийм захирамж гараагүй” хэмээн хуурамч албан бичиг өгч, шүүхийн шаардлагыг хангахгүй байснаас эцэст нь шүүхээс газар дээр нь бичиг баримтын үзлэг хийж байж уг 2001 оны захирамж үнэхээр байгааг гаргаж ирлээ.
Энэхүү захирамжийг “байхгүй” болгож харагдуулах сонирхол нь миний газрыг илт хууль бусаар, хуваагаад эхнэр, нөхөр хоёрт өгсөнтэй холбоотой байх үндэслэл ч ажиглагдаж байна.
2. Миний байшин байгаа, газрын хойт хэсгийг “өөрийн газар” хэмээн иргэн Н.Ц/нөхөр нь/ ******* дугаар бүхий нэгж талбартай, 369 м.кв газар эзэмших эрхтэйгээр Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд оруулж бүртгүүлсэн байна. ГЗБГЗЗГ-ын 1/594 тоот албан бичигт энэ талаар тодорхой бий.
Н.Цд ямар ч захирамж гараагүй /хувийн хэрэг ч байхгүй/ байгаа талаар Газрын албанаас ирүүлсэн албан бичигтээ дурдсан байгаа. Хэн хэрхэн мэдээллийн санд оруулсан нь тодорхойгүй. Интернетээс үзэхэд 2009 оны бүртгэл, Цийн регистрийн дугаартайгаа харагддаг юм.
Өөрөөр хэлбэл, байшинтай, захирамжтай миний газрыг Н.Цийн эзэмшлийн болгож, Засаг даргын захирамж шийдвэргүйгээр улсын бүртгэлд бүртгэж, Кадастрын мэдээллийн санд оруулсан нь дүүргийн газрын алба, түүний албан тушаалтны илт хууль бус үйл ажиллагаа болох нь тодорхой байна.
Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151 дүгээр захирамжаар дээрх 2001 оныхоо гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгуулж, 600 м.кв газар бүхий 01334.. тоот гэрчилгээг хүлээн авсан юм. Гэтэл миний 600 м.кв газрын урд талын хэсгээс Ц.Л гэгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамж гаргуулан 400 м.кв газрынх нь эзэмшигч болсон байсныг дөнгөж ноднин 2017 оны зун мэдсэн юм.
Хавтас хэрэгт цугларсан материал, нотлох баримтаас харахад Ц.Лын газрын хувийн хэрэгт өргөдөл, тойм зургаас өөр ямар ч бичиг баримт алга байна. Энэхүү өргөдөл болон тойм зураг нь дүүргийн Засаг даргын захирамж гарах үндэслэлтэй бичиг баримт болохгүй гэдгийг хэн ч хараад ойлгохоор байна. Тойм зураг дээр тэр хавийн төв болон туслах замыг харуулсан босоо хэвтээ 2 огтолцсон шулуун шугамын зураг, хэдэн үгс л байгаа. Эзэмших гээд байгаа эдлэн газрын талаарх ямар ч мэдээлэл байхгүй, хуулиар шаарддаг тухайн газрын ерөнхий хил, зааг, хэмжээ зэргийн тухайд ч огт дурдагдаагүй байна.
Миний газар дээр зөвшөөрөлгүй барьсан банзан амбаарын гарал үүслийн бичиг баримт ч байгаагүй.
Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн зөвшөөрөл авахад нийцсэн, хуулийн шаардлагыг хангасан бичиг баримт огт байхгүй байсан нь тодорхой байна.
Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтан нь Газрын тухай хууль болон ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан зохих хэд хэдэн үүргээ гүйцэлдүүлээгүй байж, Засаг даргынхаа захирамжийг гаргуулж чаджээ.
Газрын албаны ажилтан нь иргэний өргөдөлтэй танилцаад, шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж суурин болон хээрийн судалгаа хийх, өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх, бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах гэх зэрэг олон үүрэгтэй. Хуулийн хүрээнд гүйцэттэх ёстой энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бол энэ талаарх тэмдэглэл, баримт бичиг хувийн хэрэгт нь байх учиртай, огт байхгүй.
Иргэн хүний хагас дутуу учир дутагдалтай бичиг баримтыг хүлээн авсан, өргөдлийн хуулийн шаардлагыг хангуулах арга хэмжээ аваагүй /өргөдөл материалыг буцаах ч эрхтэй/, өргөдлийг газар дээр нь хянаж шалгаагүй, эдлэн газрын хил заагийн өгөгдөл, солбицлыг урьдчилсан байдлаар тогтоогүй, миний газартай давхцаж байгаа эсэхийг ч хянаж тодруулаагүй байж, хууль дүрмийг зөрчиж захиргааны актыг гаргуулсан байна.
Хууль тогтоомжийг зөрчиж, хуулийн шаардлагыг хангаагүй өргөдлөөр захирамж гаргуулсан Газрын албаны хууль бус үйлдэл, түүнд хяналт тавилгүйгээр Ц.Лд газар эзэмшүүлэхээр гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 161 тоот захирамжийг илт хууль бус, хүчин төгөлдөр бус акт гэж үзэхээс өөрцгүй байна.
Улмаар Ц.Л нь 6 жилийн дараа буюу 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр кадастрын зураглалаа хийлгүүлж, газрын мэдээллийн санд оруулсан, нөхөр Н.Цнь ч 2009 онд миний газрын хойт хэсгийг илт хууль бусаар газрын мэдээллийн санд оруулсан байгаа нь миний 600 м.кв газрыг бүгдийг нь хууль бусаар авах зорилготой байсныг тод илчилж байна.
Хэргийн материалаас харахад энэ асуудлыг 2003 онд анх гардан хийсэн хүн нь өнөөдөр албандаа байж л байна, дэвшээд даргын сэнтийд суусан байна. Тийм ч учраас надтай холбогдолтой бичиг баримтыг дарж нууж байсан байх. Нийслэлийн Засаг даргадаа хуурамч албан бичиг үйлдэж, шүүхийг хуурч мэхэлж үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаа нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, харин ч хуулийг ноцтой зөрчиж байгаа илэрхий үйлдэл. Хуулиар хариуцлага тооцох санкциуд ч уг нь бий.
Чингэлтэй дүүргийн Газрын албан дээр миний газартай холбогдолтой, 2001 оноос эхлэлтэй бүх бичиг баримт, хувийн хэрэг байх ёстой атал алга болсон байгааг би дээрх нөхдүүдтэй шууд холбон тайлбар өгч байгаа.
Миний гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, бусад бичиг баримт байх ёстой.
2001 оны хавар, би манай яамны мэргэжилтэн н.Атэй хамт, газрын албаны нэг ажилтныг дагуулаад газар дээрээ очсон. Тэр газрын ажилтан нь хэмжилт хийж, тэр хавийн газрын ерөнхий зураглал, н.А бид хоёрын байшин, газрын зургийг гараараа зурж авсан, тэр зураг ч байх ёстой. Газрын мэдээллийн санд бүртгээд гэрчилгээ олголоо гэж хэлж байсан.
Дүүргийн Засаг даргын захирамжийн 2 дахь заалтад заасан “Газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын бүртгэлд бүртгэн авч, хяналт тавьж ажиллахыг Газрын албанд даалгасугай” гэсэн үүрэг даалгаврын дагуу миний газрыг Газрын мэдээллийн санд бүртгэсэн гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Магадгүй хэн нэгэн нь энэ мэдээллийг дараа нь санаатайгаар устгасан болов уу” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Н нь дүүргийн Засаг даргын 2007 оны 151 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жигжид зусланд 600 талбай бүхий газрыг эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Газрын албаны мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэр дээр зураг үүсээгүй, хувийн хэрэгт кадастрын зураглал байхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан иргэн Ц.Лд дүүргийн Засаг даргын 2003 оны 161 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жигжид зусланд 400 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн, иргэн Н.Цд газар эзэмшүүлсэн захирамж байхгүй бөгөөд дүүргийн Газрын албаны мэдээллийн санд тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жигжид зусланд 369 м.кв талбай бүхий газрын мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч С.Нд 2007 оны 151 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жигжид зусланд 600 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зусланд иргэн С.Н нь дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/151 дугаар захирамжаар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн байна.
Тухайн газар нь Чингэлтэй дүүргийн газрын албанд нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй болно.
Иргэн Ц.Л нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/161 дүгээр захирамжаар 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшсэн байна.
Иргэн Ц.Лын нөхөр болох Н.Цийн нэр дээр газрын мэдээллийн санд 2009 онд 368 м.кв зураг орсон байдаг.
Тус газар нь дүүргийн Засаг даргын захирамж шийдвэр гараагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Н.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдагдсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байршилтай 400 м.кв газар нь тус дүүргийн Засаг даргын 2003 оны 161 тоот захирамжаар иргэн Ц.Л надад олгогдсон бөгөөд энэхүү байршилд баригдсан Зуслангийн зориулалтын байшин нь Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар Мэдээлэл технологийн хэлтэст “Жигжид /15102/, 3 дугаар хэрэг 32” дугаар бүхий бүртгэлтэй болно.
Харин иргэн С.Нээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дурдсанчлан манай гэр бүлийн талаас иргэн С.Нийн зуслангийн байшинд хэн нэгэн таньдаг хүнээр зуучлуулан амьдарч байсан удаагүй болно.
Иймд дээрх зуслангийн газрыг иргэн миний хувьд “Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах мөрдөж буй хууль эрх зүйн хүрээнд эзэмшин ашиглаж байгаа тул иргэн С.Нийн нэхэмжлэлд заагдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн хариу тайлбар өгч байгааг хүлээн авна уу.
Мөн нэхэмжлэлд дурдагдсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд нэгж талбарын дугаар *******-д байршилтай, 369 м.кв газар нь нэхэмжлэгч иргэн С.Нийн хууль эрх зүйн хүрээнд албан ёсоор эзэмшиж буй газар нь мөн бөгөөд иргэн Н.Цминий бие нь энэхүү газрыг эзэмших, ашиглах талаар дүүргийн газрын албанд ямар нэг хүсэлт гаргаж байсан удаагүй болно. Энэ бол миний хэлж баталж чадах хэзээ ч өөрчлөгдөхгүй туйлын үнэн үг болно.
Харин яагаад дээрх нэгж талбарт байршил бүхий газар нь иргэн Н.Цминий нэр дээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гараад тэрээр газрын мэдээллийн санд бүртгэгдсэнийг огтхон ч ойлгохгүй байгаа. Иргэн миний бодоход энэ бол тэр үед Чингэлтэй дүүргийн Газрын албаны тухайн асуудал хариуцсан мэргэжилтний өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан гаргаж болохгүй алдаа, туйлын хариуцлагагүй үйлдэл байна гэж л дүгнэж байна даа. Миний хувьд өөрийн нэр дээр тухайн газар ашиглах тухай ямар нэг хүсэлт гаргаагүй, хэн нэгнийг хохироох үйлдэл хийгээгүй, хууль эрх зүйн хүрээнд иргэний үүргээ биелүүлж явдаг, товчоор “шударга хөдөлмөрлөн амьдарч яваа иргэний хувьд хэн нэгэн албан тушаалтан ажлын хариуцлага алдсан хариуцлагагүй үйлдлээс хууль зөрчсөн зальтай, шударга бус үйлдэл хийсэн хүн болж гүтгэгдсэн нь гомдолтой байна.
Иймд иргэн миний хувьд дээрх зуслангийн газрыг ашиглах эзэмших талаар ямар нэгэн эрх зөрчигдсөн асуудал байхгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлд дээр дурдсанчлан иргэн С.Н өөрөө хууль ёсны эзэмшигч нь гэдэгтэй маргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь анх “Ц.Лд 400 м.кв газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 161 тоот захирамжийг хүчингүй болгох, Н.Цийн нэр дээр 369 м.кв газрыг мэдээллийн санд бүртгэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 161 тоот захирамжийн Ц.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Цийн нэр дээр ******* дугаар бүхий нэгж талбарт 369 м.кв газрыг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан болон Чингэлтэй дүүргийн газрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн өөрчилж, тодруулсан.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд хийсэн нэмэлт тайлбар, хэргийн бодит нөхцөл байдал зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 161 тоот захирамжийн Ц.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Н нь Хууль зүйн сайдын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 208 дугаар тушаалаар Жигжид зусланд байршилтай 11 тоот зуслангийн байшинг худалдаж авсны дараа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаар захирамж -аар нэхэмжлэгч С.Нд Жигжидэд 400 м.кв газрыг 4 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг баталгаажуулан олгосон байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151 дүгээр захирамж -аар нэхэмжлэгч С.Нд Жигжид зусланд 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж улмаар газар эзэмших эрхийн 01334.. дугаар гэрчилгээг олгожээ.
Харин гуравдагч этгээд Ц.Л нь газар эзэмших хүсэлтээ гаргаснаар тэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 161 дүгээр захирамжаар Жигжидэд 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх баталгаажсан боловч Ц.Лын газар эзэмших эрх 2008 дуусгавар болсон байх бөгөөд тухайн газар эзэмших эрхийг сунгасан дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байна.
Хэдийгээр Газрын тухай хуулиар Монгол Улсын иргэн байнгын оршин суугаа хаяг нь хаана бүртгэлтэйгээс үл хамааран хаана ч газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй хэдий ч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлага, хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 151 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар Газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэн авч, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын дэргэдэх Газрын албанд даалгасан байх боловч Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж тус тус заасан эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйг Чингэлтэй дүүргийн Газрын албаны хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа “...анх 2007 онд газрын албаны ажилтантай хамт маргаан бүхий газарт очин гар зургаар кадастраа хийлгэн өгч байсан, мөн миний газрын хувийн хэрэг байсан...” гэдэг боловч тэрээр 2007 онд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахдаа газрын кадастрын зураглал үйлддэг хувийн компаниар кадастраа хийлгэн, газрын мэдээллийн санд оруулж, өөрийн эзэмшил газраа баталгаажуулах ажиллагааг хийгээгүйг зөвтгөх боломжгүй хэдий ч төрийн байгуулллага, албан тушаалтны холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажилладаг гэдэгт итгэсэн иргэнийг буруутгах мөн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4-т тус тус заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас иргэний хууль ёсны газар эзэмших эрх зөрчигдөх ёсгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Нийн газрын хувийн хэргийг хариуцагч байгууллагаас нотлох баримтаар шаардахад байхгүй гэх үндэслэлээр ирүүлээгүй бөгөөд, шүүх Чингэлтэй дүүргийн газрын албаны архив, бичиг баримтын үзлэг хийхэд нэхэмжлэгч С.Нийн болон гуравдагч тэгээд Н.Цнарын газрын хувийн хэрэг байхгүй байсныг дурдах нь зүйтэй ба энэ нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12/22 дугаар албан бичиг , 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/360 дугаар албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.А гэрчийн мэдүүлэгтээ “би С.Нийн лагерт хэд хоног зусланд гарч байсан ба надтай уулзах гэж гуравдагч этгээдийн ээж ирж байсан ... түүний дараа гуравдагч этгээдүүд тухайн газарт байшин барьсан байсан ... мөн тухайн үед гуравдагч этгээдүүдийн ээжийн байрны нэг өрөөг нь түрээслэн амьдардаг байсан” гэх тайлбарыг хийсэн. Гэрч С.Аийн мэдүүлэг болон хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч С.Нтэй нэг ангид сурч байсан С.А нь гуравдагч этгээдүүдийн ээж Ц байрны нэг өрөөг түрээслэн амьдарч байсан бөгөөд С.Нийн зуслангийн байшинд гарч байх үед Ц С.Атай уулзахаар тухайн зусланд очиж байсан, цаг хугацааны хувьд эдгээр үйл баримтын дараа Ц бэр Ц.Л тухайн газарт 400 м.кв газрыг эзэмших болсон, мөн хүү Н.Цийн нэр дээр 369 м.кв газар газрын мэдээллийн санд бүртгэгджээ гэж үзэхээр боловч энэ нь нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан гаргасан газар эзэмших эрхтэй холбоотой маргааны үйл баримттай шууд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх газрын маргааны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 161 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ц.Лд олгосон 400 м.кв газрын нэхэмжлэгч С.Нийн 600 м.кв газартай давхцалтай хэсгээр хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд Н.Цийн нэр дээр ******* дугаар бүхий нэгж талбарт 369 м.кв газрыг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан болон Чингэлтэй дүүргийн газрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх талаархи харилцааг зохицуулсан бөгөөд 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг.
Гуравдагч этгээд Н.Цд газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй буюу газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж гараагүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн “... миний бие нь энэхүү газрыг эзэмших, ашиглах талаар дүүргийн газрын албанд ямар нэг хүсэлт гаргаж байсан удаагүй болно ... Харин яагаад дээрх нэгж талбарт байршил бүхий газар нь иргэн Н.Цминий нэр дээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гараад тэрээр газрын мэдээллийн санд бүртгэгдсэнийг огтхон ч ойлгохгүй байгаа ...” гэх тайлбар , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шийн шүүх хуралдаан дээр гаргасан “... Н.Цийн нэр дээр дүүргийн Засаг даргын захирамж болон ямар нэгэн эрх зүйн акт үүсээгүй ...” гэх тайлбар болон Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12/805 дугаар албан бичгээр нотлогдохоос гадна Н.Ц газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15/305 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Хэдийгээр гуравдагч этгээд Н.Цд газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх боловч гуравдагч этгээдүүд болох эхнэр нөхөр хоёрын эхнэр нь анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар 400 м.кв эзэмших болсон, нөхөр нь ямар нэгэн газар эзэмшүүлсэн захирамжгүй атлаа газрын мэдээллийн санд эхнэр Ц.Лын эзэмшиж буй газрын зэргэлдээ бүртгэгдсэн нь ойлгомжгүй бөгөөд үүнд нэхэмжлэгч С.Нийн төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа байсантай холбон тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй юм.
Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд үнэнчээр зүтгэхэд орших бөгөөд ил тод байх, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх тул хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын алба нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн хууль ёсны газар эзэмших эрхийг сэргээн тогтоож, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зөвтгөж, С.Нийн эзэмшил газрыг газрын мэдээллийн санд баталгажуулах нь зүйтэй байна.
Мөн маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийхэд болон 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр “... манай ар талын бор байшин эзэнгүй байхад хараад 17 жил болж байна ... эзгүй байшинг харж хамгаалдаг байсан ... байшинг нь цоожилсон байж байгаад хүний юм авсан болоод байхаар нь цоожоо аваад онгорхой үлдээсэн” гэх тайлбар хийж байсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж зааснаар гуравдагч этгээд Н.Цийн нэр дээр ******* дугаар бүхий нэгж талбарт 369 м.кв газрыг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан болон Чингэлтэй дүүргийн газрын мэдээллийн санд бүртгэсэн нь илт хууль бус болох нь тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 161 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Ц.Лд холбогдох хэсгийн /нэгж талбарын 18641325608366 дугаар бүхий 400 м.кв талбайтай газар/ нэхэмжлэгч С.Нийн эзэмшлийн 600 м.кв талбайтай газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Н.Цийн нэр дээр нэгж талбарын ******* дугаар бүхий 368.7 м.кв талбайтай газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 35100 / гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН