Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0002

 

Н.Д, Д.Г нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа.

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн.

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар.

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.Д.

Нэхэмжлэлийн шаардлага: ““В х ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг В х ХХК-д хүргүүлэхийг даалгах тухай”.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 664 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Ц.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, Ж.С нар.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж.

Хэргийн индекс: 128/2018/0481/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Д, Д.Г нараас нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “В х ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг В х ХХК-д хүргүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 664 дүгээр шийдвэрээр: ”Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Д, Д.Г нараас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “”В х ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг В х ХХК-нд хүргүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүгч барилга эргэлтийн цэгээ өөрчилснийг зөвшөөрсөн баримт байгаа тул түүнийг шалгах шаардлагагүй“ гэж хэлсэн үгээ хуралдааны тэмдэглэлд тусгуулаагүй хассан, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй, процессын хууль зөрчсөн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг /106.5/ зөрчсөн, .. бид барилгын суурь батлагдсан зургаас өөрчлөгдсөн, энэ нь зөвшөөрөлгүй байсан, ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн эсэх асуудлаар маргалдсан.

... Хариуцагч болон гуравдагч этгээдийн бичгээр ирүүлсэн болон шүүх хурлын үед амаар гаргасан тайлбарт, “хяналт тавих, шаардлага өгөх эрх үүрэг Хот байгуулалт, хөгжлийн газарт байхгүй” гэж хэлээгүй, ийм баримт гаргаж судлуулаагүй.

3.2. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад тайлбар өгөөгүй, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай огт тайлбарлаагүй, Барилгын эргэлтийн цэгийг өөрчилсөн нь зөвшөөрөлгүй байсан гэдгийг хариуцагч хурлын явцад зөвшөөрсөн.

3.3. Барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэх, барилгын ерөнхий төлөвлөгөөний ажлын зургийг хууль бусаар өөрчилсөн эсэх асуудлыг шалгаж, шаардлага хүргүүлэх ажил нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын харьяалан шийдвэрлэх асуудал биш болох нь тус тус тогтоогдож байх тул” гэсэн дүгнэлтийн нотлох баримт байхгүй.

3.4. Барилгын тухай хуулиар барьж буй барилгад хяналт тавих үүргийг нийслэлийн Засаг даргад /түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газарт/ оногдуулсан юм. ... Одоогоор ашиглалтад ороод 3 жил болсны дараа мэргэжлийн хяналтын байгууллага шалгана, үүнээс өмнө барилгын зөвшөөрөл олгосон нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар хариуцна гэдэг журам үйлчилж байна.

3.5. Шаардлагад барилгын суурийг дур мэдэн шилжүүлсэн гэснийг дурдахаас гадна барилгын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөнийг дурдаж барилга угсралтын ажлыг зогсоохыг шаардах ёстой юм. Хот байгуулалт, хөгжлийн газар өмнө нь шаардлага өгч байсан, хууль дахин зөрчсөн шинэ үйлдлийг нь үндэслэж дахин шаардлага өгөх ёстой. ... Шүүхийн шийдвэр хүчинтэй болбол нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өгсөн, өгч буй, цаашид өгөх шаардлагууд хууль бус гэсэн утга илэрхийлэх болж байна. Энэ нь Барилгын тухай хуультай зөрчилдөнө.

3.6. ... Ерөнхий архитекторын дүрмээр ерөнхий төлөвлөгөөний биелэлтэд Ерөнхий архитектор хяналт тавих үүрэгтэй байна. Барилгаа дур мэдэн шилжүүлж, өөрийнх нь баталсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн тухай мэдээллийг Хот байгуулалт, хөгжлийн газар шалгах үүрэгтэй, дүрмийн 3.1.18-д “Холбогдох хууль тогтоомж, норматив баримт бичиг, стандарт, дүрэм журам, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн барилга. зам, тээвэр, инженерийн шугам сүлжээний байршил, чиглэл (трасс), зураг төслийг өөрчлөх, хүчингүй болгох, барилгын ажлыг зогсоох зэрэг асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасан.

3.7. Шүүгч “ерөнхий төлөвлөгөөний ажлыг зургийг хууль бусаар өөрчилсөн эсэх асуудлыг шалгаж, шаардлага хүргүүлэх ажил нь хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын харьяалан шийдвэрлэх биш болох нь тогтоогдож байх тул” гэсэн үндэслэл хэрэглэх ёстой хууль, дүрмийг хэрэглээгүй байна. Бас ямар хууль дүрмийг үндэслэснээ бичээгүй байна. Шүүгч цээжний бангаар “тогтоогдож байна” гэсэн худал үндэслэл гаргажээ.

Иймд хэргийг анхан шатанд буцааж, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэгч Н.Д-ийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хяналаа.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Н.Д, Д.Г нараас “”В х” ХХК-д олгосон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “В х ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг В х ХХК-д хүргүүлэхийг даалгах тухай” гэж өөрчилснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдуулж, юуны түрүүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан асуудлыг тодруулах шаардлагатай байжээ.

4.1. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “”В х ХХК нь барилга барих явцдаа дур мэдэн барилгаа баруун зүгт 1.6 метр, хойд зүгт 1.8 метр шилжүүлснээс 53 дугаар байрны оршин суугчид барилгын норм дүрмийн дагуу баригдсан авто зам, явган хүний замаар явах эрх зөрчигдөж байна, ... эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, манай байр бохирын шугамаа засварлах, солих зай талбайгүй болж ... хүний эрхээ хязгаарлуулж байна“ гэж тодорхойлсон нь анхны буюу “хүчингүй болгуулах” шаардлагын үндэслэлээс өөрчлөгдөөгүй байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгохоор, мөн зүйлийн 106.3.4-д захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоохоор тус тус заасан.

4.3. Дээрх агуулгаас харвал захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл адил байх боломжгүй бөгөөд тухайн асуудлыг шүүх тодруулаагүй байна.

4.4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар В х ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянаагүй, “барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг”-ийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг В х ХХК-д хүргүүлэхийг даалгахаар шаардсанаас үзвэл хариуцагч төрийн захиргааны байгууллагын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг урд нэгэнт гаргачихсан актуудыг эс зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд анхан шатны шүүх “барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг В х ХХК-д хүргүүлэхийг даалгах” шаардлагууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэл мөн эсэхийг тодруулаагүй, улмаар түүнд нь дүгнэлт өгөөгүй байна.

4.5. Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Ч” гудамж, .... дугаар байрны оршин суугч иргэд байгаатай нь холбогдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тэрхүү зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх гэж байгааг тодруулж дүгнэлт өгөх учиртай.

4.6. Мөн нэхэмжлэлд дурдсан төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүй буюу шийдвэр гаргахгүй байгаатай холбогдуулан батлуулахаар шаардаж буй “барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг” гэх асуудлыг тодруулах, үүний дараа тэр нь нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөхөөр байна.

4.7. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны дараа шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, ялангуяа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн”, “гуравдагч этгээд “В х” ХХК барилгынхаа суурийг дур мэдэн шилжүүлж барьснаас оршин суугчид болон ойролцоох сургуулийн хүүхдүүд явганаар зорчих боломжгүй нөхцөл үүссэн”, “... дугаар байрны оршин суугчид бохирын шугамаа засварлах зай талбайгүй болсон” гэх үндэслэлүүд тэдгээрийн субьектив эрхтэй хэрхэн холбогдож байгаад зайлшгүй дүгнэлт өгсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх ёстой.

5. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүх эдгээр ажиллагааг хийгээгүй тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР