Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2017/00149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-22-23 тоотод оршин суух, Хотгойд овгийн Тэгшбаярын Ууганчимэг /ФА94071301/-ийн хүсэлттэй  

"Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Ууганчимэг, гэрч Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ууганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Тэгшбаяр овогтой Ууганчимэг 1994.07.13-нд төрсөн. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гэх мэт бүх бичиг баримт маань миний эцэг болох Тэгшбаяраар овоглосон байдаг. 2016.06 сард гэрлэлтээ батлуулах гэтэл иргэний бүртгэлд Намжилмаа овогтой гэж гарч ирсэн зөрчилтэй болж батлуулж чадаагүй. Иргэний бүртгэлийн архиваас шүүлгэхэд 2001 онд Намжилмаа үрчилж авсан байна гэсэн. Тухайн үед нас бага байсан тул юу ч мэдээгүй байсан. Одоо бичиг баримтын зөрчилтэй гээд ямарваа нэг төрийн үйлчилгээ авч чадахгүй хүндрэлтэй байна. Иймд би өөрийн эцэг болох Тэгшбаярын нэр дээр шилжих хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг минь цуцалж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ууганчимэг нь 2001 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ш.Намжилмаад  үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Т.Ууганчмэг нь нь 1994 оны 07 дугаар сарын 13-ний өдөр төрсөн байх ба 2001.05.14-ны өдөр ээжийнхээ ээж Ш.Намжилмаад үрчлүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, үрчилсэний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч Ш.Намжилмаагийн “...Т.Ууганчимэгийн аав, ээж нь гадаад явах гээд өөр дээрээ үрчилж авах гээд хөөцөлдөж явж байгаад болохгүй гэхээр нь тэгээд орхисон юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Т.Ууганчимэг нь дээрх үрчлэлтийн улмаас ямар нэгэн төрийн үйлчилгээнд хамрагдахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа байх тул 2001 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 0014 дугаарт бүртгэгдсэн Ш.Намжилмаад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

            Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70 200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасныг баримтлан 2001 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 0014 дугаарт бүртгэгдсэн Т.Ууганчимэгийг Ш.Намжилмаад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА