| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0648/э |
| Дугаар | 643 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 643
2020 07 03 2020/ШЦТ/643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Ц.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рэнцэн овгийн Цэвээний Нд холбогдох эрүүгийн 2009000000690 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 56 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой.радио телевизор засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Геологи 48-4-03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Рэнцэн овгийн Цний Н, регистрийн дугаар: /Л/,
Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 579 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Бөхбаатартай “Ижил төрлийн барааг ханш буулгаж зарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохих, баруун гарын тохойноос базах зэрэг үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун жавжинд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000000690 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би бага зэрэг архи уусан дэлгүүр рүү явж байтал Бөхбаатар мөн бараа явган хүний зам руу гаргаад тавьсан зарж байхаар нь би очоод чи аятайхан юм аа зар битгий барааны үнэ буулгаад бай адилхан ханшаар зар гэж хэлдэг байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би бага зэрэг архи уусан дэлгүүр рүү явж байтал Бөхбаатар мөн бараагаа явган хүний үам руу гаргаад зарж байхаар нь уур хүрээд нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,
Хохирогч Р.Бөхбаатар “...Н ирээд энэ газар чиний өмчийн газар юм уу гэсэн. Тэр үед би юу гэж хэлэх вэ гээд зогсож байсан Н шууд миний баруун нүд хэсэг рүү цохисон. Тэр үед нүд маналзаад явсан. ...Н миний нүд, эрүү хэсэг рүү гараараа цохисон юм. ...Миний биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун жавжинд цус хуралт гэмтлүүдийг Н гараараа цохиж учруулсан. Баруун тохойд зулгаралт гэмтлийг Н гараараа базаж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн №3164 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Р.Бөхбаатарын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дээд уруулын дотор талстад язарсан шарх, баруун завьжинд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 17-18 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Бөхбаатартай “Ижил төрлийн барааг ханш буулгаж зарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохих, баруун гарын тохойноос базах зэрэг үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун жавжинд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Бөхбаатарын мэдүүлэг, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3164 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Нгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ц.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Нг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-27 дугаар хуудас/-аар, хохирогч Р.Бөхбаатар нь хохиролд шүүхийн шатанд 1.000.000 төгрөг авсан ба шүүгдэгч Ц.Нтай эвлэрсэн талаар хүсэлтийг шүүхийн шатанд гаргаж өгсөн зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүгээс гаргасан үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Н нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч нь хохиролд 1.000.000 төгрөг авсан ба шүүгдэгч Ц.Нтай эвлэрсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Рэнцэн овгийн Цэвээний Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН