Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2017/00150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11-р хороолол 16а-9 тоотод оршин суух, Урианхай хөх чоно овгийн Дамдингийн Батбаяр /ФА56031574/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Батбаяр, гэрч Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Батбаяр нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд барилгын хэсэгт барилгачинаар 1974.08.01-ээс 1979.08.10-ыг дуустал тасралтгүй 5 жил ажилласан. Дараа нь Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т томилолтоор ажиллахаар явсан. Иймд 1974.08.01-ээс 1979.08.10-ийг хүртэл ажиллаж байсан үеийн архивын баримт болон бусад материал олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул намайг 1974.08.01-ий өдрөөс 1979.08.10-ий өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд барилгын хэсэгт барилгачинаар ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дамдингийн Батбаяр нь шүүхэд хандан “1974.08.01-ний өдрөөс 1979.08.10-ий өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Д.Батбаяр нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,  О.Батчулуун, С.Цэдэвсүрэн нарын тодорхойлолт, гэрч Г.Сэр-Одын тайлбар, хүсэлт гаргагч Д.Батбаярын өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд Дамдингийн Батбаярыг Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд 1974 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Урианхай хөх чоно овгийн Дамдингийн Батбаяр /ФА56031574/-г Говь-Алтай аймгийн Бугат сумын “Социализмын зам” нэгдэлд барилгын туслах ажилтнаар 1974 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА